Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Даваажавт холбогдох эрүүгийн

хэргийн тухай    

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                            Н.Цогтбаяр

            Хохирогчийн өмгөөлөгч                   Ц.Бат-Эрдэнэ

            Ялтны өмгөөлөгч                              Г.Энхбаяр

            Ялтан                                                 Д.Даваажав

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан;

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Даваажав, түүний өмгөөлөгч Г.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн, Д.Даваажавт холбогдох 201503000387 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1953 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дамбын Даваажав /РД:АИ53050718/.

 

Д.Даваажав нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг Даш Овоо гэх газарт өөрийн хүргэн Ө.Авирмэдтэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газар нь сүхний иш модоор цохиж санаатай алсан гэмт  хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Д.Даваажавт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Боржигон овогт Дамбын Даваажавыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Д.Даваажавт 6 /зургаа/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Д.Даваажавт оногдуулсан 6 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Д.Даваажавын цагдан хоригдсон 1  хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож;

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сүхний иш мод 1 ширхэг, улаан өнгийн хавтгай хүрз 1 ширхэг зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж;

Энэ хэргийн улмаас хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдан;

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Даваажавт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Даваажавын гаргасан давж заалдах гомдолд:

 

Архангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 77 тоот шийтгэх тогтоолоор Д.Даваажав намайг хүнийг санаатайгаар алсан гэм буруутгаж ял шийтгэснийг би зөвшөөрөхгүй байна. Миний бие нь хүргэн Авирмэдийг санаатайгаар амь насыг нь бүрэлгэж хорооё гэсэн ямар ч зорилго байгаагүй. Тухайн хэрэг болдог цаг хугацаанд хүргэн маань гэр бүлийн хүн болох миний охин Д.Төмөр-Очир, хадам ээж болох миний гэр бүлийн хүн Эрдэнэчимэг нарыг зодсон байсан ба намайг ороод болиулах гэхээр намайг доромжилж урдаас өшиглөж улмаар хүрзээр цавчиж намайг зодсон үйлдлээс болж уурын мунхагаар ийм хэрэг хийчихлээ. Би энэ хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байгаагаар барахгүй охин хүүхдээ хар залуугаар нь хань ижилгүй болгон 2 хүүхдийг нь өнчрүүлсэндээ залуу сайхан хүний амийг хороосондоо маш их харамсаж тэрхэн үед зодуулаад өнгөрөхгүй яав даа гэж харамсаж сууна. Би нэг хэсэг хугацаанд өөрийн мэдрэлгүй болтлоо уурлаж бухимдсан байсан. Нэг мэдэхэд л толгой руу нь цохичихсон байсан. Миний зүрх муу байдаг. Энэ байдал ч бас нөлөөлчихсөн гэж харамсах юм. Хохирогч Авирмэдийн ар гэр болох 2 хүүхэд, эхнэр Төмөр-Очирын хамт миний бие харж хандаж байсан. Д.Төмөр-Очир нь уушиг муу, сүрьеэ өвчнөөр 70 хувийн групптэй. Эмнэлэгт 80 гаран хоног хэвтэж эмчлүүлсэн. 2 хүүхдийг нь хөгшин бид хоёр л хоргоож асарч байсан. 2 хүүхэд ч эмнэлэгийн хяналтанд байсан. 2 хүүхдийг нь манай хөгшин бид хоёроос өөр харж хандах хүнгүй байдаг.

Мөн манай хөгшиний бие даралт ихсэх өвчнөөс болоод хүний асаргаанд байх шаардлагатай. Би өөрөө даралт ихсэх өвчний 3 дугаар зэрэг, зүрхний зүүн ховдолын томрол, элэгний архаг үрэвсэл зэрэг өвчний оноштойгоор эмчилгээнд хамрагддаг. Одоо цагдан хорих байранд эмч байхгүй учир ямар ч эмчилгээ хийгдэхгүй байгаа тул бие муу байна. Гэсэн хэдий ч би өөрийн хийсэн үйлийг үүрч л байна. Миний гол гомдоод байгаа зүйл хүргэн Авирмэдээ санаатай алсан гэж үзсэнд л гомдолтой байна. Түүнээс биш би Авирмэдийн амь насыг хохироогоогүй гэж гомдохгүй юм. Санаатай алаагүй шүү гэдгийг ойлгуулмаар байна. Иймээс миний хэргийг хянаад хэргийн зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлэж өгнө үү. Хохирогч талын хохирлыг бүрэн барагдуулсан. Хохирогч нар гомдогүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байдлыг харгалзан миний ялыг хөнгөлж өгнө үү. Миний бие гар чичрээд өөрөө бичиж чадахгүй учир цагдан хорих байранд өмгөөлөгчөө дуудан ирүүлж өмгөөлөгчөөрөө бичүүллээ. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцоно гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Г.Энхбаярын гаргасан давж заалдах гомдолд:

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 77 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэн Д.Даваажавыг бусдыг санаатай алсан гэм буруутайд тооцон түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар ял халдаасныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь Д.Даваажавын үйлдсэн гэх гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй ба харин хохирогч Авирмэдийн удаа дараагийн үргэлжилсэн байдлаар өөрийнх нь болон гэр бүлийн гишүүдэд нь хохирол учруулахаас үүдэлтэй сэтгэл санааны хүнд дарамтанд орж хоромхон зуур санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй үедээ үйлдсэн хэрэг тул хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр гомдол гаргаж байна. Шүүх хуралд биечлэн оролцож дэлгэрэнгүй тайлбар хийнэ гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

              Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна.

 

              Хэрэгт авагдсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 66 дугаар  шинжээчийн дүгнэлтэд хохирогч Ө.Авирмэдийн биед учирсан гэмтлийг шинэ гэмтэл, хуучин гэмтэл, нас барсны дараа үүссэн гэмтэл гэж ялгасан байх ба 3.А-д заасан баруун чамархай, духны гол, зулайн урд хэсэг, зүүн чамархайд хуйхан доорхи болон ясны хальсан доорхи хар хүрэн цус хуралт, баруун зажлуурын булчинд хар хүрэн цус хуралт...духны голд баруун дээрээс зүүн доошоо бага зэрэг ташуу чиглэсэн, духны зүүн дээд хэсэгт бага зэрэг ташуу чиглэлтэй, хамрын угт 2 ш хар хүрэн цусархаг тав тогтсон зулгаралт, хамрын нурууны дунд хэсэг болон угаар хүрэн ягаан, зүүн нүдний дээд зовхины дотор талаар хөхөлбөр цус хуралт, баруун гарын шууны урд дээд хэсэгт, бугуйн үений ар дээд хэсэгт хүрэн ягаан цус хуралт, зүүн мөрний доод хэсэгт, зүүн гарын бугалганы урд доод хэсэгт, шууны гадна доод хэсэгт, бугуйн үений орчмоор жижиг жижиг хүрэн ягаан шинэ цус хуралтууд, баруун далны орчимд бага зэрэг хонхойсон хар хүрэн гадаргуутай шинэ зулгаралт гэмтлүүдийг шинж байдлаараа шинэ гэмтлүүд бөгөөд нас барахаас 1-3 хоногийн өмнө үүссэн, 3.Б-д заасан тохойн үений орчим болон нодгоны хонхорын гадна талаар хуучин зурагдсан мэт хари хүрэн тав бүхий зулгаралт, цээжний баруун дээд хэсэгт баруун хөхний толгойноос эгц дээш, зүүн дээшээ, зүүн хөхний толгойноос баруун дээш бага зэрэг ташуу чиглэлтэй шар хүрээ бүхий хөхөлбөр хүрэн ягаан цус хуралтууд, өвчүүний бүдэрхийний дээд талд доороос дээшээ чиглэлтэй орчиндоо шар хүрээ бүхий хуучин зулгаралт гэмтлүүдийг хуучин гэмтлүүд гээд шинж байдлаараа үүсээд 3-8 хоносон, 3.В-д заасан баруун талын 2-р хавирга эгэмний дунд шугамаар, зүүн талын 2, 3, 4, 5, 6-р хавирганы эгэмний дунд шугамаар нэг шууд хугарал гэмтлийг шинж байдлаараа нас барсны дараа үүссэн гэж дүгнэжээ.

 

              Мөн хэрэгт авагдсан өвчний түүхийн төгсгөлийн эпикризэд ...сэхээн амьдруулах арга хэмжээг авсан боловч үр дүн өгөлгүй байсаар нас барав... гэсэн байна.

 

              Шинжээчийн дүгнэлтэд заасан, хохирогчийн биед учирсан дээрх гэмтлүүдийг хэн, хэн учруулсан болохыг мөрдөн байцаалтын шатанд ялгаж тогтоогоогүй, сэхээн амьдруулах ямар арга хэмжээ авсан, тэр арга хэмжээнээс үүдэн шинжээчийн дүгнэлтийн 3.В-д заасан гэмтэл учрах эсэх нь тодорхойгүй, энэ талаар мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн байна.

 

              Өвчтөнд сэхээн амьдруулах ямар арга хэмжээ авсан талаар эмчлэгч эмч, сувилагч нараас гэрчийн мэдүүлэг авах, тухайн арга хэмжээ авсны улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтийн 3.В-д заасан гэмтэл учрах эсэх талаар дахин шинжээч томилон дүгнэлт гаргуулах, хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг хэн хэн учруулсан болохыг тогтоох шаардлагтай бөгөөд эдгээр ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

              Давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул ялтны болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болно.

             

              Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 318 дугаар зүйлийн 318.2.1-т тус тус заасныг удирдлага болгон;

                       

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 77 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-т зааснаар хэргийг прокурорт очтол Д.Даваажавт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-т зааснаар магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ. ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                Б.НАМХАЙДОРЖ

                             

                                                                                   М.МӨНХДАВАА