Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 09  өдөр                                            Дугаар 120/ШШ2017/0014                                                              Өмнөговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, Ерөнхий шүүгч С.Отгонцэцэг, В.Цэрэнрагчаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Өмнөговь аймгийн *******д холбогдох “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/13 дугаартай тогтоолын нэхэмжлэгч компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-17038, MV-19036 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3/02 дугаар тогтоолын нэхэмжлэгч компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-17038, MV-19036 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт ашигт малтмалын ашиглалтын MV-17038, MV-19036

 

D:\Захиргаа\Ч.БАЯРМАА\Шийдвэр төсөл\shiidver.docx

дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг.

            Тусгай зөвшөөрөл эзэмших хугацаанд Өмнөговь аймгийн иргэдийн Хурал болон Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээ, тусгай хамгаалалт, улсын тусгай хамгаалалтад авах утга бүхий тогтоолуудыг удаа дараа гаргаж, нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байсан тул манай компани 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх 2015 оны 06 сарын 29-ний өдрийн 05 дугаар шийдвэрээрээ хариуцагч нарын гаргасан захиргааны актуудыг хүчингүй болгосны дотор Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2005 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3/5 дугаар тогтоолын 1 дэх заалт буюу манай компанийн эзэмшил бүхий MV-017038, 11187Х тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон юм.

            Гэтэл хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 9/13 дугаартай тогтоол гарган, 1 дэх заалтаар нь шүүхийн шийдвэрээр манай компанид холбогдох хэсэг нь нэгэнт хүчингүй болсон 2005 оны 3/5 дугаар тогтоолд өөрчлөлт оруулан, 2 дахь заалтаар нь 119035 га газрыг 10 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хамгаалалтад авахдаа манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцуулан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн төдийгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа хууль бус явдал болсон байна.

Бид энэхүү тогтоолыг 2017 оны 04 сарын 24-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албан дээр биеэр уулзан, архивласан баримтаас үзэж хуулбарлан авснаар мэдсэн болно.

Иймд хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 9/13 дугаартай тогтоолын манай компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдийн талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.

Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3/02 дугаар  тогтоолоор дээр дурдсан манай компанийн хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж буй талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.

Уг захиргааны актыг гаргахдаа манай компанид мэдэгдээгүй, газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай хууль тогтоомж болон Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийнн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлд заасан “Сонсох” ажиллагааг явуулах заалтуудыг зөрчсөн, зөвхөн өөрт эрх олгосон, төрөл, ангилал заасан хуулийн заалтуудыг баримталж хууль зүйн үндэслэлгүй буюу хууль бус захиргааны актыг гаргаж, бидний эрх, хууль ёсны сонирхлыг ноцтой хөндлөө .

Нэхэмжлэгчийн эзэмшил бүхий тусгай зөвшөөрлүүдийн солбицолд дурдсан талбайг орон нутгийн тусгай хэрэгцээ, орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар Ашигт малтмалын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу ашигт малтмалыг ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх хязгаарлагдаж байгаа тул Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3/02 тоот хууль бус захиргааны актын “Сауд Гоби Коал Транс” ХХК-ийн MV-17038, MV-19036 дугаартай ашиглалтын талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “к”-д “...нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх...” гэж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээг заасан байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” гэж заажээ.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04- ний өдрийн 9/13 дугаар тогтоол нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан захиргааны акт юм.

Мөн нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий бүхий талбайг хамруулан орон нутгийн тусгай хамгаалалтад авах болсон үндэслэл нь Ашигт малтмалын газрын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 6-1056 дугаар мэдэгдлийн дагуу[1] Кадастрын системд бүртгэлтэй тусгай хэрэгцээний газрын бүртгэлийг цэгцэлж, дахин бүртгэх ажлын хүрээнд  хийгдсэн юм.

Иймд “Саус Гоби Коэл Транс” ХХК-ийн гаргасан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын тодорхой хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

Хариуцагч     Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3/02 тоот тогтоол нь ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд хуулинд заасан бүрэн эрхийн хүрээнд гаргасан албан ёсны, хүчин төгөлдөр захиргааны акт юм.

Уг тогтоолыг дараах зүйлүүдийг үндэслэн хуулийн дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан. Үүнд:

        Хөвд, Хуршуут орчмын газар нутагт байгалийн өвөрмөц тогтоц бүхий баянбүрдүүд, булаг шанд, газар тариалангийн бүс нутаг хамрагддаг. Хуршуутын газар тариалангийн газар нь тус суманд байдаг цорын ганц газар нь бөгөөд эндээс 3 байгууллага, 20 гаруй өрх төмс хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалж | амжиргаагаа залгуулан сум орон нутгийн хүнсний ногооны хэрэгцээг хангадаг.

        Хөвд, Хуршуутын орчимд нийт 31 малчин өрх 8756 толгой мал маллаж амьдрал ахуйгаа залгуулдаг. Мөн тус бүс нутагт Монгол улсын улаан номонд бүртгэгдсэн Потанины улаан тулам, Монгол мөнх харгана, цагаан гоёо зэрэг нэн ховор ургамал, эмийн чухал ач холбогдолтой 6 төрлийн эмийн ургамал ургадаг. Монгол улсын улаан номонд бүртгэгдсэн нэн ховор элдэв навчит улиас-тоорой  мод, одой хайлаас, Сибирийн хармаг, цагаан модот заг, олон цэцэгт сухай, гялгар Дэрс, Цагаан бургас зэрэг говийн унаган мод ургамалтай.

         Монгол улсын улаан номонд орсон хулан адуу, хар сүүлтий, янгир ямаа, аргаль хонь гэх мэт нэн ховор болон ховор амьтад, улаан номонд бүртгэгдсэн хулан жороо, жороо тоодог гэх мэт дэлхийд ховордсон ан амьтад, шувуудын амьдрах таатай нөхцөл бүрдсэн экологийн чухал ач холбогдолтой газар юм.

      Хөвд Хуршуут орчмын булаг шанд, худгууд Тост уулын энгэрээс салаалсан олон хуурай сайруудын бэлчир газарт байгаа бөгөөд эдгээр булаг шанд нь уул уурхайн үйл ажиллагааны нөлөөгөөр ундарга нь багасах, хатаж ширгэх магадлалтай.

            Тухайн газар нутгийг хамгаалалтад авах талаар нутгийн иргэд, Төрийн бус байгууллага, Багийн иргэдийн Нийтийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдөөс ирүүлсэн саналыг үндэслэсэн болно.

           Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д  “дараах тохиолдолд, сонсох ажиллагааг хийхгүй байж болно”, 28.1.1-д ”нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол" 28.1.3-д “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд” гэж заасан тул Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхгүй байна.

          Тус сумын нутаг дэвсгэрт 7 компани уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 6 нь нүүрс олборлож байна. Мөн тус суманд ашиглалтын 24, хайгуулын 13 тусгай зөвшөөрөл байгаа нь нэг сумын нутаг дэвсгэрт хэт олон тусгай зөвшөөрөл олгогдож, сумын иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заагдсан “...Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах...” эрх нь ноцтойгоор зөрчигдөж байна гэж үзэж байна.

           Иймд “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч ******* гаргасан дүгнэлтдээ: “...Хариуцагч  байгалийн эко системийг хамгаалах гэж тайлбарлаж байгаа боловч ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь булаг шанднаасаа 20 гаруй километр зайтай байх тул тусгай хамгаалалтаас чөлөөлөх нь зүйтэй...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/13 дугаартай тогтоолын нэхэмжлэгч компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-17038, MV-19036 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3/02 дугаар тогтоолын нэхэмжлэгч компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-17038, MV-19036 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад  “...тогтоолуудын нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн солбицол бүхий талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан бөгөөд энэ хүрээнд маргааныг хянан шийдвэрлэлээ.  

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/13 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын MV-019036 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбайтай бүхэлдээ, MV-017038 дугаартай талбайтай хэсэгчлэн[2], Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3/02 дугаар тогтоол нь тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь хамруулан “байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий байгалийн иж бүрдэл нөөц газраар орон нутгийн тусгай хамгаалалтад” авахаар тус тус шийдвэрлэжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2”к”-д “...нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх эрхтэй...”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “...нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын гормтыг тогтоох...” гэж заасан тул аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ асуудлаар шийдвэр гаргах эрхтэй эсэх талаар маргаагүй, харин шийдвэр гаргахдаа хууль тогтоомжоор тусгайлан заасан журмыг баримталсан эсэх, хуульд нийцсэн эсэх,  үндэслэлтэй эсэх талаарх маргааны хүрээнд хянаж үзээд, маргаан бүхий захиргааны актууд хууль, тогтоомжид нийцээгүй байна гэж шүүх үзлээ.

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/13 дугаар тогтоолын тухайд:

Захиргааны хэргийн анхан шатны 12 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 05 дугаар шийдвэрээр тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2005 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3/5 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “*******” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг хамруулан орон нутгийн тусгай хамгаалалтад авсан хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж, хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Гэтэл Хурлаас шүүхийн шийдвэрээр холбогдох хэсэг нь хүчингүй болсон тогтоолд өөрчлөлт оруулах замаар нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг дахин орон нутгийн тусгай хамгаалалтад хамруулж, захиргааны акт гаргажээ.[3]

Нэхэмжлэлд заасан маргааны үйл баримт нь өмнө захиргааны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн захиргааны үйл ажиллагаа, маргааны зүйлтэй ижил боловч, дахин шинээр гаргасан захиргааны актад маргасан байх тул “... хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа...” гэж үзэх үндэслэлгүй.

Маргаан бүхий захиргааны актыг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж буй “*******” ХХК-д мэдэгдээгүй, төрийн байгууллага албан тушаалтан мэдэгдэх зарчмаа хэрэгжүүлээгүй нь хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...Ашигт малтмалын газарт л тогтоолыг хүргүүлэх хуулийн заалттай учир мэдэгдэх шаардлагагүй гэж үзсэн...” гэсэн тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж хариуцагч маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь заалтаар “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, түүний хилийн зааг, хамгаалалтын горимыг тогтоох”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн /к/ заалтаар “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх” эрх хэмжээ олгогдсон боловч энэ хэргийн хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/13 дугаар тогтоолоор газар нутгийнхаа тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрт заасан алдааг зөвтгөөгүй, хуульд заасан журмыг баримтлаагүй байна.

 Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 12.1.4-д “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” гэж заасны дагуу орон нутгийн өөрөө удирдах байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авахын тулд Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлахаар зохицуулжээ.

Гэтэл хариуцагч Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь орон нутгийн тусгай хамгаалалтад тодорхой хэмжээний газрыг авахдаа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-д  “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох”, 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан “... тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгох, ... газар зохион байгуулалтын зураг, төслүүдийг мөн зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар боловсруулж, газар зохион байгуулалт хийх, түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 28 дугаар тогтоолоор баталсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын 11-16-д “... тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгохтой холбогдсон газар зохион байгуулалтыг аймгийн газрын алба хариуцан бэлтгэл ажлыг хангаж, судалгааны ажил хийж гүйцэтгэн, холбогдох саналыг газар зохион байгуулалтын баримт бичгийн хамт боловсруулах...”-аар журамласныг мөрдөөгүй, уг шийдвэр нь Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.5-д заасан шаардлагад нийцээгүй байна.

 Өөрөөр хэлбэл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/13 дугаар тогтоолоор “*******”ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг хамруулан орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргахдаа холбогдох газрын алба газар нутгийг тусгай хамгаалалтад авахтай холбоотой газар зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж, судалгаа, дүгнэлт санал боловсруулан, Засаг даргад танилцуулах журмыг мөрдөөгүй байна.

Тухайн газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар аймгийн газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөнд тусгаагүй[4],  мөн хариуцагч холбогдох судалгаа шинжилгээний ажил хийгдсэн гэж “Ирвэс хамгаалах сан” ТББ, Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэнгийн тодорхойлолт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн “Голден стар ченс” ХХК-д гаргасан дүгнэлт зэрэг баримтыг[5]  шүүхэд ирүүлсэн боловч эдгээр нь хаяглагдсан этгээд тодорхойгүй, өөр байх бөгөөд маргаан бүхий захиргааны актыг гаргахтай холбогдуулан хийгдсэн судалгаа, дүгнэлт мөн гэдгийг хариуцагч нотолж чадаагүй болно.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс аймгийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/13 дугаар тогтоолоор  Нарийн сухайт орчмын газар нутгийг “...байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий байгалийн иж бүрдэл нөөц газраар” орон нутгийн тусгай хамгаалалтад авсан боловч энэхүү зорилго нь судалгаагүй, хийсвэрээр тодорхойлогдсон, зөвхөн манай компанийн үйл ажиллагааг зогсооход чиглэгдсэн үйл ажиллагаа байсан гэх маргаан үндэслэлтэй байх ба энэ нь уг хуралдаанаас  маргаан бүхий захиргааны актаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан  Нарийн сухайт орчмын (нэхэмжлэгч “*******” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай хил залгаа) газар нутгаас ашигт малтмалын ашиглалт явуулах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтаас чөлөөлж шийдвэрлэсэн 2015 оны 9/14 дугаар тогтоол[6], хуралдааны тэмдэглэлээр тогтоогддог бөгөөд тухайн газар нутгийг тусгай хамгаалалтад авах нийгэм, экологийн зайлшгүй шаардлагатай байсан гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх үндэслэл болоод зогсохгүй ийнхүү ялгавартай байдлаар тогтоосон байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн  Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “...шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх” төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцэхгүй байна.

Мөн хариуцагч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий бүхий талбайг хамруулан орон нутгийн тусгай хамгаалалтад авах болсон үндэслэлээ Ашигт малтмалын газрын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 6-1056 дугаар мэдэгдлийн дагуу[7] Кадастрын системд бүртгэлтэй тусгай хэрэгцээний газрын бүртгэлийг цэгцэлж, дахин бүртгэх ажлын хүрээнд  хийгдсэн гэх тайлбар үндэслэлгүй.

Учир нь уг мэдэгдэлд “...тусгай хэрэгцээний газруудыг хуульд нийцүүлэн шийдвэр гаргах, хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй давхцуулж авсан тусгай хэрэгцээний талбайнуудын давхцлыг арилган бүртгэх болсныг мэдэгдье...” гэж заасан, тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор байгуулагдсан дээрх ажлыг судлах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгаа нь захиргааны акт гаргах үндэслэлийг нотлохгүй байна.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3/02 дугаар тогтоолын тухайд:

Тус тогтоолоор нэхэмжлэгч “*******”ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-17038, MV-19036 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын цэгүүдээр буюу бүхэлд нь хамруулж, орон нутгийн тусгай хэрэгцээнд авч шийдвэрлэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 12.1.4-д “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” гэж заасан бөгөөд орон нутгийн өөрөө удирдах байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авахдаа Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлахаар зохицуулж, Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д  “... тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгох, ... газар зохион байгуулалтын зураг, төслүүдийг мөн зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар боловсруулж, газар зохион байгуулалт хийх…” гэжээ.

Гурвантэс сумын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн а/35 дугаар захирамжаар Тост, Урт багийн нутаг дэвсгэрт байрлах Хөвд, Хуршуут орчмын газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах судалгаа, хийж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулан, энэхүү ажлын хэсэг тус газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар дүгнэлт гарган, улмаар сумын Засаг дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар санал уламжилсан боловч уг газар нутгийг 2017 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авах талаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байжээ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ээлжит бус хуралдаан зарлан, орон нутгийн тусгай хамгаалалтад газар авах тухай хэлэлцэхээр тогтоосон боловч хуралдааны эхний асуудлаар 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулж, “*******”ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн хязгаараар 43153,96 га газрыг тусгай хамгаалалтад авахаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулж[8], тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэжээ.

Түүнчлэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нь орон нутгийн тусгай хэрэгцээнд газар авах тухай шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулах хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа “*******” ХХК-д мэдэгдээгүй буюу сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлээгүй, тэдэнд тайлбар, санал хүсэлтээ гаргах боломж олголгүйгээр шийдвэрлэсэн нөхцөл байдлууд тогтоогджээ.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт, гэрээ батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, тайлбар, санал авах ажиллагааг явуулах талаар зохицуулсан.

Хариуцагчаас “...төлөөлөгчийн олонхи нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тул сонсох ажиллагаа хийхгүй гэж шийдвэрлэсэн...” гэж тайлбар гаргасан  

боловч захиргааны байгууллагаас “сонсгох” ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй тул шийдвэр гаргах ажиллагааг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

Учир нь захиргааны актыг батлан гаргахаас өмнө дээрх хуулиар зохицуулсан ажиллагааг захиргааны байгууллага хийх бөгөөд Хурлын хуралдаанаас өмнө эдгээр ажиллагаанууд хийгдсэн байх учиртай бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т “...нийтийн ашиг сонирхлын үүднээс үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол;” гэж зааснаар тухайн үүссэн нөхцөл байдлын улмаас захиргааны шийдвэр нэн даруй гаргахгүй бол нийтийн ашиг сонирхол, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учирч болзошгүй тохиолдолд хойшлуулшгүй арга хэмжээ авч шийдвэр гаргахаар байна.

Хариуцагч ******* нэн даруй шийдвэрлэх шалтгаан нөхцөл байдлаа тодорхойлж, нотолж чадаагүй болно.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасны дагуу сонсох ажиллагаа хийхгүй байх нь эрх ашгийг нь хөндсөн өөр этгээд байхгүй байх тохиолдлыг зохицуулсан тул энэ үндэслэлээр сонсох ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзсэн гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэх тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хариуцагч хэрэгжүүлээгүй байна гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлүүдээр Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/13 дугаар, тус аймгийн Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3/02 дугаар тогтоолуудын нэхэмжлэгч компанийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-17038, MV-19036 дугаартай тусгай зөвшөөрлийн  солбицол бүхий талбайд хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 ”к”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийг тус тус баримтлан Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/13 дугаар тогтоолын, Гурвантэс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3/02 дугаар тогтоолын нэхэмжлэгч “*******” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-17038, MV-19036 дугаартай тусгай зөвшөөрлийн  солбицол бүхий талбайд хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ч. БАЯРМАА

                                    ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                         С.ОТГОНЦЭЦЭГ

                                ШҮҮГЧ                   В.ЦЭРЭНРАГЧАА

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 75 дугаар хуудас

[2] 2 дугаар хавтаст хэргийн 64 дүгээр хуудас

[3] 1 дэх хавтаст хэргийн 13 дугаар хуудас

[4] 2 дугаар хавтаст хэргийн 42-49 дүгээр хуудас

[5] 2 дугаар хавтас хэргийн 234-247 дугаар хуудас

[6] ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 дүгээр хуралдааны тэмдэглэл, мөн өдрийн 9/14 дүгээр тогтоол

[7] 2 дугаар хавтаст хэргийн 75 дугаар хуудас

[8] Гурвантэс сумын ИТХ-ын 2017 оны 03 дугаар хуралдааны тэмдэглэл