Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2020/0234

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2020/0234

Улаанбаатар хот

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн

Т Ч Л-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Болормаа, П.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Т Ч Л-гийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдох холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаар шийдвэрээр: ”Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2009 он)-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.4, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль(2015 он)-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Ххх овогтой Өлзийсүрэн /Wulziisuren/-г гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Т Ч Л түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Т Ч Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс хэргийн бодит үйл баримт тогтоогдож, зөв дүгнэлт хийгдсэнгүй.

Мөн Улсын бүртгэлийн үйл ажиллагаа нь үнэн зөв, бодитой байх заавал биелүүлэх шинжтэй байх гэсэн үндсэн зарчимтай нийцсэн байна. Түүнчлэн хуульд заасан шаардлагыг хангасан баримт бичигт үндэслэн маргаан бүхий бүртгэлийг хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн боловч Улсын бүртгэл хууль зөрчиж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн болох нь хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харагддаг юм. Улсын бүртгэлийн ерөнхий хууль бүртгэл үнэн зөв бодитой байхыг шаардаж байгаа. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6 дахь хэсэгт заасны дагуу нягталж шалгаагүйгээс болж ийм асуудал болсон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Т Ч Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 06 дугаар сарын 28/-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж И-С К ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ххх овогтой Өлзийсүрэнг бүртгэсэн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан байх бөгөөд Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 6/5166 дугаар хариуг авсны дараа мөн оны 07 дугаар сарын 26-ны өдөр ”И-С К ХХК” -ийн гүйцэтгэх захирлаар Ххх овогтой Өлзийсүрэнг бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Т Ч Л өөрийн үүсгэн байгуулсан ”И-С К ХХК” ХХК-ийн эзэмшлийн 11 хувийг П.Э-д 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр худалдаж, улмаар тус компани 2 хувьцаа эзэмшигчтэй болсныг улсын бүртгэлийн байгууллагад мөн оны 11 дүгээр сарын 12-ны өдөр бүртгүүлсэн бөгөөд энэ асуудалд нэхэмжлэгчээс маргаагүй байна.

Улсын бүртгэлийн байгууллага хуульд заасан бүртгэл хийхээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд аливаа бүртгэлийг хийхээс татгалзах эрхгүй. Хариуцагчийн маргаан бүхий бүртгэлийг хийсэн үйл ажиллагаа Улсын бүртгэлийн ерөнхий (2009 оны) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчимд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь Улсын бүртгэлийн ерөнхий (2009 оны) хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” гэж зааснаар хуулийн этгээдийн улсын бүртгэл хийлгэх хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргахдаа мөн зүйлийн 11.5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж заасны дагуу нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахаар байна.

Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015 оны) хуулийн 23 дугаар зүйлд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд тавигдах шаардлагыг зааж хуульчилсан байх бөгөөд 23.1.1-д “нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт” гэж, 23.1.2-т “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл” гэж, 23.1.3-д “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр” гэж, 23.1.4-д “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт” гэж, 23.1.5-д ”шаардлагатай тохиолдолд итгэмжлэл” гэж, 23.1.6-д “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж, мөн 23 дугаар зүйлийн 23.3-т “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:” 23.3.1-т “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 23.3.2-т “эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр”, 23.3.3-т “дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт”, 23.3.4-т “Иргэний хуульд заасан холбогдох гэрээ”, 23.3.5-д “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж тус тус заажээ.

Тухайн үед Улсын бүртгэлийн байгууллага “И-С К” ХХК-ийн гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн талаар бүртгэлийг хийхэд үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Т Ч Л, П.М нарын гарын үсэг бүхий Хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Компанийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын иргэн Ө-г томилсугай. Тус гүйцэтгэх захирал W нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боловч хувьцаа эзэмшихгүй байхаар тогтоосугай ...” гэх Т/02 дугаар тогтоол[1], УБ-05 маягт[2] /Тан чун лэйгийн гарын үсэг компанийн тамга бүхий/,  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг үндэслэсэн байх тул Ххх овогтой Өлзийсүрэнг тус компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.  

 “И-С К” ХХК -аас 2015 оны 02 дугаар сарын 23, 24-ний өдрийн 79[3],81[4] дүгээр албан бичгүүдээр компанийн ажилтан Х.Б-ыг хөрөнгө оруулагч Т Ч Л-ийн хөрөнгө оруулагчийн карт шинээр авах, хүлээн авах ажилд томилон ажиллуулах болсон талаар хандаж байсан, гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөлд үүсгэн байгуулагч Т Ч Л гарын үсэг зурж компанийн тамга дарагдсан, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хавсаргагдсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарт дурдсан “итгэмжлэлгүй этгээд өргөдөл гаргасан байхад шалгаагүй” гэх агуулга бүхий үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхнаасаа энэ  үндэслэлээр шүүхэд маргаагүй, тухайн үед бүртгэлийг хийхэд гаргасан баримтууд хуурамч болох нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдсон байсан гэж маргаагүйг, мөн шүүхэд энэ талаарх баримтыг гаргаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хуульд нийцээгүй, хуурамчаар бүрдүүлсэн баримтыг үндэслэн хийгдсэн” гэж тодорхойлон “бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар шаардсан байх боловч тухайн үед маргаан бүхий бүртгэлийг хийхэд бүртгүүлэгчээс гаргасан нотлох баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн болохыг тогтоосон эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр байсан гэх үндэслэл тогтоогдоогүй байсан байх тул хариуцагч улсын бүртгэлийн байгууллагыг “И-С Компани” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ххх овогтой Ө -г бүртгэхээс татгалзах байсан гэж үзэх, мөн хуурамч бичиг баримт бүрдүүлж компанийн гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн гэх үйл баримтыг нягтлан шалгах чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүйн дээр нэхэмжлэгчээс тухайн үед улсын бүртгэлийн байгууллагад гаргасан баримтууд хуурамч болохыг тогтоосон баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх “И-С К ХХК” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ххх овогтой Өлзийсүрэнг бүртгэсэн улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий бүртгэлийг хариуцагч төрийн захиргааны байгууллага хийх үед Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-д заасан “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон” нөхцөл байдал үүсээгүй байсантай хэргийн оролцогчид маргаагүй бөгөөд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын “Ө байнга оршин суух эрх авахын тулд хуурамч баримт бичиг үйлдэн 2015 онд хувьцаа эзэмшигчдийн хурал болсон мэтээр баримт бүрдүүлэн хууль зөрчсөн” гэх үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5/387 дугаар мэдэгдлийг тухайн үед “баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр” гэж үзэх, улмаар цаг хугацааны хувьд 2015 оны бүртгэл хийх үед үүссэн нөхцөл гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх боловч маргааны үйл баримтад хамаарах хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 


[1] Хэргийн 1 дэх хавтсын 39 дэх тал.

[2] Хэргийн 1 дэх хавтсын 38 дахь тал.

[3] Хэргийн 1 дэх хавтсын 42 дахь тал.

[4] Хэргийн 1 дэх хавтсын 41 дэх тал.