Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2025/0115

 

 Х.Ж-ийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын ерөнхий аудитор,

Монгол Улсын ерөнхий аудиторын дэргэдэх

тусгай шалгалтын комисст холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   М.Батсуурь

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                      П.Соёл-Эрдэнэ

      Ц.Цогт

Илтгэгч шүүгч:         Д.Батбаатар

Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0341 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2025/0574 дүгээр магадлалтай,

Хэргийн оролцогчид: нэхэмжлэгч Х.Ж- (цахимаар), түүний өмгөөлөгч Х.Бакен (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-, өмгөөлөгч А.Базар нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 001/ШХТ2025/0515 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын ерөнхий аудиторын дэргэдэх Тусгай шалгалтын комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд явуулсан тусгай шалгалтын дүн, мөн комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Ажилд томилуулахаар санал болгох тухай” *** дүгээр тогтоол, Монгол Улсын ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ж.А-ийг албан тушаалд томилох тухай *** дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон мөн хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс томилгоо хийх, дээрх зохицуулалтын хүрээнд томилгоо хийх боломжгүй тохиолдолд дээрх албан тушаалд удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлаж, зохион байгуулахыг Монгол Улсын ерөнхий аудиторт даалгах;

2.Хэргийн нөхцөл байдал: *** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор өндөр насны тэтгэвэрт гарч сул орон тоо үүсэж, улмаар Монгол Улсын ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан удирдамжийн дагуу дээрх албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, Ж.А- тэнцэн түүнийг *** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд томилсон.

3.Нэхэмжлэгчээс “... мэргэших зарчим хэрэгжээгүй, би төрийн албанд 36 жил, үүнээс төрийн аудитын газарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа, *** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторыг чөлөөтэй байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан бөгөөд, тус албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг авах талаар нийтэд ил тод мэдээлээгүй, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан ... шатлан дэвших зарчмыг хэрэгжүүлээгүй, Ж.А- нь тус албан тушаалд заасан шаардлага хангаагүй, түүнчлэн *** аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн боловсролын салбарын төсвийн мэргэжилтнээр ажиллаж байсан байсан” гэж,

4.Хариуцагчаас “... *** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөнөөр тус албан тушаалд сул орон тоо гарсан бөгөөд сул орон тоо нөхөх сонгон шалгаруулалтыг Монгол Улсын ерөнхий аудиторын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *** дүгээр тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын удирдах болох гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөн тусгай шалгалтын журам”-д заасны дагуу зохион байгуулж, дарааллыг нөхсөн. Ж.А- нь Монгол Улсын ерөнхий аудиторт хандан Төрийн аудитын байгууллагад ажиллах хүсэлтээ 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн бөгөөд тухайн албан тушаалд судлагдаж байсан, сонгон шалгаруулалт оролцож, тэнцсэн тул Ж.А-ийг томилсон” гэж,

5.Гуравдагч этгээдээс “... *** аймаг дахь Төрийн аудитын газрын даргын албан тушаалын тусгай шалгалтад оролцож, шалгалтын үр дүнгээр холбогдох хууль, журмын дагуу уг албан тушаалд томилогдон ажиллаж байгаа” гэж тус тус маргажээ.

6.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

6.1.Төрийн аудитын байгууллага нь сул орон тоо нөхөх тусгай шалгалтыг холбогдох журмуудын дагуу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан. Энэ шалгалтад Ж.А- оролцон тэнцсэн байх бөгөөд Х.Ж- оролцоогүй тул түүнийг уг албан тушаалын тодорхойлолтын мэргэших хэсэгт заасан тэргүүн түшмэл болон адилтгах мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх шаардлагыг хангасан эсэх асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй байна.

6.2.Х.Ж- нь уг албан тушаалд томилогдох эрх үүсээгүй тул маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэхгүй.

6.3.Ж.А- нь Төрийн аудитын байгууллагад ажиллах хүсэлтээ 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Ерөнхий аудиторт ирүүлсэн бөгөөд сул орон тооны шалгалтыг үндэслэн тухайн албан тушаалын шаардлагыг хангасан гэж үзэн томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1-д заасантай нийцсэн байна.

6.4.Нэхэмжлэгч Авлигатай тэмцэх газарт хандсан нь урьдчилан шийдвэрлэх журмаар гаргасан гомдол гэж үзэх боломжгүй. Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй. Зөвлөлийн шийдвэрийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гардан авсан байна.

6.5.Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалыг Ж.А-д хүлээлгэн өгсөн актад Х.Ж- гарын үсэг зурж, үүнтэй маргаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

7.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүнд:

7.1.Сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтын зарыг холбогдох журмуудын дагуу шалгалтын бүртгэл эхлэхээс ажлын 10 өдрийн өмнө цахим хуудсаар зарласан гэдэг нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин нэхэмжлэгч нь сул орон тоо гарахыг мэдэж байсан бөгөөд шалгалтын бүртгэл эхэлсэн өдөр болон шалгалт явагдсан өдрүүдэд тус албан тушаалд ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. Үүнээс үзвэл, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн сул орон тоо болон сонгон шалгаруулалтыг мэдэх, оролцох эрхийг хариуцагч нар зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

7.2.Нэхэмжлэгчийн гаргасан албан тушаалд дэвшүүлэн ажиллах хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйтэй маргаагүй.

7.3.Сонгон шалгаруулалт нь журмын дагуу явагдаж Ж.А- томилогдсон нь байх тул хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй гэж дүгнэн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

8.Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

8.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэлийн тухайд:

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлээгүй. Маргаан бүхий орон тоонд томилогдсон Ж.А-ийн маргааны үйл баримтад хамаарах хувийн байдлыг тогтоосон ямар нэг үйл баримт авагдаагүй. Тухайлбал, түүний төрийн албанд анх томилогдсон тушаал, сургууль төгссөн диплом, мэргэшсэн сургалтад хамрагдсан үнэмлэх, сертификат, төрийн албаны нөөцөд авагдсан эсэх талаар холбогдох баримтуудыг гаргуулж, үнэлж хэргийг хянан шийдвэрлэх ёстой байсан.

8.2.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн тухайд:

Ж.А-ийг хуулийн шаардлага хангасан гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй. Тэрээр 2008 оноос Засаг даргын Тамгын газар, 2015 оноос мөн газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн боловсролын салбарын мэргэжилтнээр ажиллаж байсан. Төрийн аудитын байгууллагын системд огт ажиллаж байгаагүй, удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан. *** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахдаа зарын нийтэд хүргээгүй, зөвхөн хязгаарлагдмал хүрээнд Ж.А-ийг оруулж, тэнцүүлж, томилуулсан нь холбогдох хууль, журмын заалт зөрчсөнийг анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаартай албан бичигт огт дүгнэлт хийгээгүй.

8.3.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн тухайд:

Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын сул орон тоонд зөвхөн Ж.А- бүртгүүлж орсон байтал, шүүхээс тус маргаан бүхий орон тоонд 7 хүн бүртгүүлснээс Ж.А- хамгийн өндөр оноо авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Үлдсэн 6 хүн өөр албан тушаалд бүртгүүлж оролцсон байдаг. Мөн тус орон тоонд ажиллаж байсан М.Х- нь тэтгэвэрт гарах үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх нь тодорхой байсан тул түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан миний бие тухайн албан тушаалд дэвшин ажиллах хүсэлтээ холбогдох баримтын хамт Монгол Улсын Ерөнхий аудиторт хүргүүлсэн. Гэвч сонгон шалгаруулалтын бүртгэл эхэлснийг мэдээгүй. Хүсэлт явуулсан тул надад мэдэгдэх байх гэсэн хүлээлттэй байсан.

8.4.Бусад асуудлын талаар:

Би төрийн албанд 36 жил ажилласан. Төрийн аудитын газарт 18 жил тасралтгүй ажилласан. Маргаан бүхий албан тушаалд томилогдон ажиллах шаардлагыг бүрэн хангаж байгаа. Гэтэл зарыг нийтэд зарлалгүй нууцаар явуулж, шаардлага хангахгүй хүнийг томилж ажиллуулснаар ганц миний эрх ашиг биш төрийн албанд чадахуйн зарчмын дагуу ажиллаж байгаа бусад төрийн албан хаагчдын шударгаар өрсөлдөх боломжийг хаасан хууль бус шийдвэр байлаа.

9.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр гаргасан тайлбартаа “... анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

10.Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр гаргасан тайлбартаа “... нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд багтаан урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээ аваагүй буюу Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаагүй. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг биелүүлээгүй, хуульд заасан хугацаанд багтаан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй талаар анхан шатны шүүх дүгнэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тус дүгнэлтийг үгүйсгээгүй. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд багтаан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй тул түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй. Харин нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

11.Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Тогтоогдсон үйл баримтын тухайд:

12.Монгол Улсын ерөнхий аудиторын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн *** дүгээр тушаалаар *** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторыг чөлөөтэй байх хугацаанд аудитын менежер Х.Ж-ээр 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсэн. Тухайн хугацаанд *** аймаг дахь төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс чөлөөлөгдсөнөөр уг албан тушаалын сул орон тоо үүссэн.

13.Сул орон тоог нөхөхөөр Монгол Улсын ерөнхий аудитор 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Төрийн аудитын байгууллагын удирдах гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулах удирдамж”-ийг баталснаар Монгол Улсын ерөнхий аудиторын дэргэдэх Тусгай шалгалтын комиссын даргаас мөн өдөр комиссын бүрэлдэхүүн, оролцогчдын шалгалтын цагийн хуваарийг баталж, 12 дугаар сарын 25-ны өдөр сонгон шалгаруулалтыг явуулсан.

 14.Монгол Улсын ерөнхий аудиторын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаар тушаалын хавсралтаар “төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс төрийн аудитын зөвлөх түшээ эсхүл төрийн захиргааны эрхэлсэн түшмэл болон түүнтэй адилтгах албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх” тусгай шаардлагыг хангасан байхыг шаардсан албан тушаалын сонгон шалгаруулалтад тухайн үед аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Боловсролын салбарын төсвийн мэргэжилтний албан тушаал буюу төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд ажиллаж байсан Ж.А- оролцон тэнцэж, Монгол Улсын ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаар тушаалаар *** аймаг дахь төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс томилогджээ.

Хууль хэрэглээний тухайд:

15.Төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно”, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэх заалтын дагуу эхний ээлжинд байгууллага дотроо ажиллаж байгаа иргэдийн дунд сонгон шалгаруулалт явуулж, дэвшин ажиллах боломж олгох ёстой. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2024/0040 дүгээр тогтоолд дээрх хуулийн хэрэглээг тайлбарласан.

16.Хуулийн дээрх зохицуулалтыг Монгол Улсын ерөнхий аудиторын 2021 оны *** дүгээр тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын журам”-ын 2.2-д Төрийн аудитын байгууллагын удирдах албан тушаалын сул орон тоог дараах дарааллаар нөхнө: 2.2.1.шатлан дэвшүүлэх зарчмын дагуу төрийн аудитын байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, 2.2.2.бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдаас, 2.2.3.удирдах, гүйцэтгэх албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” гэж тодорхой тусгажээ. 

17.Гэсэн атлаа хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудитораас *** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг эхний ээлжинд шатлан дэвших зарчмын дагуу төрийн аудитын байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын дунд бус бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын хүрээнд явуулсан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн тул энэ талаарх нэхэмжлэгчийн “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт хэрэгжээгүй” гэх гомдол үндэслэлтэй.

18.Үүнээс гадна нэхэмжлэгчийн “маргаан бүхий албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалт нээлттэй явагдаагүй” гэх гомдол үндэслэлтэй, тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх албан тушаалын сул орон тоо гарсан талаар хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, Монгол Улсын ерөнхий аудиторын 2021 оны *** дүгээр тушаалын “Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын журам”-ын 2.4-т заасны дагуу маргаан бүхий сул орон тоог нөхөх зарыг шалгалтын бүртгэл эхлэхээс ажлын 10 өдрийн өмнө цахим хуудсаар олон нийтэд мэдээлээгүй байна

19.Хариуцагч дээрх байдлаар сонгон шалгаруулалтад зайлшгүй баримтлах нээлттэй ил тод байх, тэгш шударга оролцоог хангах зарчимыг зөрчсөн нь төрийн албанд 36 жил үүнээс төрийн аудитын байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байгаа аудитын менежэр нэхэмжлэгчийн маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцохтой холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

20.Анхан болон давж заалдах шатны шүүх маргаан бүхий албан тушаалын сул орон тоо гарсан болон сул орон тоог нөхөх шалгалтын талаар нийтэд мэдээлж, зарласан нөхцөл байдал тогтоогдоогүй талаар зөв дүгнэсэн боловч “*** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын дүн, мөн комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Ажилд томилуулахаар санал болгох тухай” *** дүгээр тогтоол, Монгол Улсын ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Ж.А-ийг албан тушаалд томилох тухай” *** дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн маргаан бүхий сул орон тоо, сонгон шалгаруулалтыг мэдэх, сонгон шалгаруултад оролцох эрхийг хариуцагч нараас зөрчсөн гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт үндэслэлгүй.

21.Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0341 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2025/0574 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ж-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын ерөнхий аудиторын дэргэдэх Тусгай шалгалтын комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын дүн, мөн комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Ажилд томилуулахаар санал болгох тухай” *** дүгээр тогтоол, Монгол Улсын ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Ж.А-ийг албан тушаалд томилох тухай” *** дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, *** аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг хууль тогтоомжид нийцүүлэн зарлаж, зохион байгуулахыг Монгол Улсын ерөнхий аудиторт даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.БАТСУУРЬ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                           П.СОЁЛ-ЭРДЭНЭ

Ц.ЦОГТ

Д.БАТБААТАР