Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/265

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

ХХ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч, хяналтын прокурор П.Итгэл,

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Ц.Ч-, Ц.Б- нарын өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Ц.Ч-, Ц.Б-, Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ХХ аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэвэгмидийн Ц.Ч-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б- нарт холбогдох 1838000280207 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Ц.Ч-, 

2. Монгол улсын иргэн, Ц.Б-, 

3. Монгол улсын иргэн, Б.Б-, 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ч- нь шүүгдэгч Ц.Б-тай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2017 оны 10 дугаар сарын эцэс 11 дүгээр сарын эхээр Завхан аймгийн Их-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Улаан хавчуу” гэх газарт нэг тооны, ХХ аймгийн ХХХ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хавцгайтын бугат” гэх газарт хоёр тооны, мөн Завхан аймгийн Их-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хадатын ар” гэх газарт нэг тооны ховор амьтны жагсаалтанд багтсан халиун буга тус тус агнаж хууль бусаар ан агнах гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ц.Б- нь шүүгдэгч Ц.Ч-ой бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2017 оны 10 дугаар сарын эцэс 11 дүгээр сарын эхээр Завхан аймгийн Их-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Улаан хавчуу” гэх газарт нэг тооны, ХХ аймгийн ХХХ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хавцгайтын бугат” гэх газарт хоёр тооны, мөн Завхан аймгийн Их-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хадатын ар” гэх газарт нэг тооны ховор амьтны жагсаалтанд багтсан халиун буга тус тус агнаж хууль бусаар ан агнах гэмт хэрэгт,

Мөн гэрч Д.Чулуундорж, С.Мөнхбат нарыг гэмт хэргийн талаар зохих байгууллагад мэдээлэхгүй байлгах зорилгоор тэдний дансанд тус бүр 1.000.000 төгрөг шилжүүлж гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор шан харамж өгч гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 1838000280207 дугаартай хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгч худал мэдүүлэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Ч- нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2017 оны 10 дугаар сарын 29-өөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны хооронд ХХ аймгийн ХХХ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хавцгайтын бугат” гэх газарт хоёр тооны бугыг эхлээд гэрэлтүүлж, буудаж агнасан, дараа нь Завхан аймгийн Их-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хадатын ар” гэх газарт шүүгдэгч Ц.Б-тай бүлэглэн нэг тооны бугыг гэрэлтүүлж, буудаж агнасан, мөн Завхан аймгийн Их-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Улаан хавчуу” гэх газарт шүүгдэгч Ц.Б-тай бүлэглэн нэг тооны бугыг үргээлгийн аргаар, буудаж агнан хууль бусаар ан агнах гэмт хэргийг,

Шүүгдэгч Ц.Б- нь шүүгдэгч Ц.Ч-ой бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2017 оны 10 дугаар сарын 29-өөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны хооронд эхлээд ХХ аймгийн ХХХ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хавцгайтын бугат” гэх газарт хоёр тооны бугыг эхлээд гэрэлтүүлэг хийж, агнасан. Завхан аймгийн Их-Уул сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хадатын ар” гэх газарт нэг тооны бугыг гэрэлтүүлж, буудан агнасан, мөн Завхан аймгийн Их-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Улаан хавчуу” гэх газарт нэг тооны бугыг үргээлгийн аргаар буудаж агнан хууль бусаар ан агнах гэмт хэргийг, мөн гэрч Д.Чулуундорж, С.Мөнхбат нарыг хууль бусаар ан агнасан гэмт хэргийнхээ талаар зохих байгууллагад мэдээлэхгүй байлгах зорилгоор тэдний дансанд тус бүр 1.000.000 төгрөг шилжүүлж гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг,

Шүүгдэгч Б.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүгийн 1838000280207 дугаартай хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн мэдүүлэгт /хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/ гэрчээр мэдүүлэг өгснөөс зөрүүтэйгээр “би 3 буганы хэргийг нь айсандаа болоод худлаа хүлээсэн” зэрэг /хавтаст хэргийн93-94 дүгээр хуудас/ зориуд худал мэдүүлэг өгч “гэрч худал мэдүүлэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, ул мөр, эд мөрийн баримт, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 10-20 дугаар хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 21-41 дүгээр хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 ширхэг эврийг нь тайрч авсан бугын толгой, 1 ширхэг бугын арьс, 1 ширхэг гөрөөсний шийр, нийт 102 сантиметрийн урттай, магазины таг хэсэг дээр кол 403, замагны урд хэсэгт Т үсэгтэй, гол төмрийн харааны хойд хэсэгт N үсгэн тэмдэгтэй, хүрэн бор хуй модыг төмрөөр бөгжилсөн винтов маркын буу 1 ширхэг/, /1-р хх-ийн 44, 47-50, 54-55 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримт устгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг, /бугын толгой 4 ширхэг, бугын арьс 4 ширхэг, гөрөөсний шийр 1 ширхэг/,

- Шүүгдэгч Ц.Ч- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Ниссан террано маркын 54 01 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 59-60 дугаар хуудас/,

- Гэрч Б.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 61-65 дугаар хуудас/,

- ХХ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “эр халиун буга 4 толгой, 13.200.000*4=52.800.000 /тавин хоёр сая найман зуун мянга/ төгрөг, бор гөрөөс 1 толгой 660.000 /зургаан зуун жаран мянга/ төгрөг, байгаль орчинд учирсан нийт хохирол 53.460.000 /тавин гурван сая дөрвөн зуун жаран мянга/ болж тогтоогдлоо” гэх дүгнэлт /1-р хх-ийн 122-123 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.Ч- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тогтохбаярын Мижиддорж /РУ87021013/ гэх хүний эзэмшлийн Ниссан Террано маркын 1995 онд үйлдвэрлэгдсэн, хар ногоон өнгийн 54 01 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /1-р хх-ийн 129 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ц.Б-ас гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэнийг нотлох Доржготовын Чулуундоржийн ХААН банкны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 154 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ц.Б-ас гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэнийг нотлох Д.Чулуундоржийн ХААН банкны 5502105203 дугаартай данснаас 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1.500.000 төгрөгийн гүйлгээ хийсэн зарлагын мэдүүлгийн баримт /1-р хх-ийн 157 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.Б-ас гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг үйлдсэнийг нотлох Санжрагчаагийн Мөнхбатын ХААН банкны 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 158 дугаар хуудас/,

- Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны сүүлээр санагдаж байна. Манайх өвөлжөөндөө орчихсон байсан юм. Чинээ, Тулгаа ах хоёр манайд машинтай ирсэн. Оройны 22 цагийн үед чоно гэрэлтүүлнэ гэрэл бариад өг гээд Мижиддорж бид хоёрыг аваад явсан юм. Бид дөрөв Хавцгайтын эхийн модыг гэрэлтүүлж явсан. Би гэрэлтүүлгийг барьж явсан. Тэгээд явж байхад буга гэрэлд орж ирэхэд Чинээ ах машинаас буугаад нэлээд хэд буудсан. Тэгээд машинаас буугаад очиход хоёр буга буудагдсан байсан. Уг хоёр буганы толгойг нь тасдаж, чив, сүүлийг нь салгаж аваад бид нар хөдөлсөн юм. Тэгээд дахин гэрэлтүүлэг хийгээд явж байхад буга гэрэлд орж ирсэн. Машинаас Тулгаа, Чинээ хоёулаа гараад буудаад байсан. Яваад очиход нэг буга агнагдсан байсан. Тэгээд нөгөө буганыхаа толгой, чив, сүүлийг нь салгаж аваад бид нар шууд Тулгаагийн гэрт ирсэн. ...Тэгээд нөгөө гурван буганыхаа толгойг машинаас гаргаж ирээд Чинээ эврийг нь хөрөөдөж авсан. ...Тэгээд бид нар Тулгаагийн гэрээс хөдлөхдөө нөгөө гурван буганыхаа толгойг машинд ачиж аваад Булангаад өгсөөд Дундах гэдэг газар модон дотор асганд Чинээ аваачиж хийсэн. Тэгээд Их-Уул сум руу үүр цайх гэж байхад орж ирээд буцаад Их-Уул сумын төвөөс гараад “Хонгор” гэдэг нэртэй газраад өгссөн юм. “Хонгор” өгсөөд Баянбат ахынд очсон. Тэр шөнө бид нар чоно гэрэлтүүлээд чоно орж ирээгүй юм. Тэгээд Баянбат ахынд хоносон юм. Өглөө “Хонгор”-ын ам уруудаад Хүрэл ах, Ганбат нарыг мод үргээж өг гээд авсан. Тухайн газрын нэрийг нь мэдэхгүй байна. Үргээлгэнд Ганбат, Хүрэл ах, Мижиддорж бид нар явсан юм. Сууринд Чинээ, Тулгаа хоёр суусан. Тэгээд мод үргээж явж байхад буун дуу гарсан. Модноос гараад Чинээ, Тулгаа хоёр дээр очиход нэг гөрөөс агнасан байсан. ...Тэгээд ахиад мод үргээхээр болж урьдын адил бид дөрөв үргээлэг хийж нөгөө хоёр сууринд суусан. ...үргээлэг хийгээд модон дотор орилоод явж байхад буун дуу гурван удаа дуугарсан. Би модноос гарч ирж байхад нэг буга агнагдсан байсан. Тэгээд харахад Чинээ дээр хоёр залуу ирж байгаа харагдсан. Тэгээд тэр хоёр залуу буга буудсан байна гэж ярьж байгаад яваад өгсөн. ...Тэгээд тэр алсан бугаа модноос чирч оруулж ирээд толгойг нь тасдаад машиндаа бүтнээр нь ачаад бид нар хөдөлсөн. Замдаа Ганбат, Хүрэл ах хоёрыг гэрт нь буулгаж өгөөд “Хонгор”-оод өгсөөд ХХХ сумын 1 дүгээр багийн нутаг “Мухар суваг” гэдэг газар ирээд Чинээ, Тулгаа нар нөгөө бугыг хутгаар задлаад өвчсөн. Намайг бие засч байх үед Чинээ буганы толгойг аваад мод руу орсон. Удаа ч үгүй модноос эврийг нь аваад гараад ирсэн. Тэгээд тэндээсээ хөдлөөд Мижиддорж бид хоёрыг манайд буулгаж өгчихөөд Чинээ, Тулгаа нар явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90 дүгээр хуудас/,

“Чинээ, Тулгаа ах, Мижиддорж бид дөрөв “Хавцгайтын эх”-ээс гурван бугын толгой машиндаа ачаад Тулгаа ахынд ирэхэд өглөө үүр цайж байсан. Тулгаа ахынд ороод Мижиддорж бид хоёр шууд унтсан. Унтаж байгаад үдээс хойш сэрэхэд Чинээ, Тулгаа ах хоёр Завхан аймгийн Их-Уул сум руу явна гэхээр нь Мижиддорж бид хоёр цуг явна гээд машинд суусан юм. Машинд суугаад би нөгөө гурван бугын толгойг харахад эврийг нь угаар нь тайраад хөрөөдөөд авчихсан харагдсан. Тэгээд бид нар “Баянбулаг” өгсөөд “Ухаа хадны зоо”-нд гараад Чинээ, Мижиддорж нар машинаас буугаад нөгөө гурван бугын толгойг хаясан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 92 дугаар хуудас/,

- Гэрч Х.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэр машинтай хоёр залуучууд сууринд суусан юм. Тэгээд үргээлэг хийгээд модон дотор явахад буу нэг удаа дуугарсан.Модноос гараад очиход нэг бор гөрөөс буудчихсан сууж байсан. Тэр гөрөөсөө тэндээ өвчиж авсан. Тэгээд бид нар “Улаан хавчуу” гэдэг нэртэй газарт очиж үргээсэн бид гурав үргээж нөгөө хоёр суурин суусан юм. Тэгээд үргээгээд явж байхад буун дуу гурван удаа дуугарсан. Модноос гараад сууж байсан хоёр залуу дээр манай нутгийн Чулуундорж, Мөнхбат нар ирчихсэн сууж байсан. Тэгээд нөгөө Чулуундорж, Мөнхбат нар буга алсан байна зохих хуулийн байгуулллагад хэлнэ гээд ярилцаад сууж байсан. Тэгээд нөгөө Чулуундорж, Мөнхбат нар матна гэж хэлээд мотоцилио унаад явсан. Нөгөө залуучууд алсан буганыхаа толгойг тасдаад бугыг бүтнээр нь ачаад намайг замд гэрт буулгаж өгчихөөд яваад өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73 дугаар хуудас/,

- Гэрч Д.Чулуундоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгж явж байхад хоёр хүнтэй тааралдаад наагуур чинь үхэр үзэгдэж байна уу гэж асуухад үхэр харагдахгүй байна гэсэн. Удаа ч үгүй модон дотор хүмүүс орилоод үргээлэг хийж байгаа бололтой байсан. Би уулын орой дээр суучихсан дурандаж байхад доод зураанаас дөрвөн буга гарч ирсэн. Тэгээд дурандаад байсан чинь хоёр, гурван удаа буун дуу гарсан. Ахиад модноос нөгөө буганууд гарч ирэхдээ гурван буга болоод гараад ирсэн. Тэгээд би нөгөө буун дуу гарсан газар ирэхэд таньдаг хүнээс Хүрэл ах, ХХХ сумаас явж байгаа гэсэн гурван танихгүй залуучууд байсан. Та арай буга алчихсан уу гэхэд буга алаагүй гээд хэлэхгүй байсан. Хэсэг бид нар ярьж сууж байгаад би босоод мод өгсөөд явах гэсэн чинь нэг залуу нь араас ирж уулзаад би тэсэхгүй буудчихсан юм аа гэж хэлсэн. ...2017 оны 12 дугаар сарын 02-ны үед байх миний 98124721 гэсэн дугаарын утас руу Тулгаа гэдэг залуу яриад “за миний хөгшин, залуу хүмүүс байна, амьдралыг минь бодоод нэг удаа битгий хэлээч” гэж ярьсан. Тэгээд ярьснаас хойш удаа ч үгүй миний ХААН банкны данс руу 980.000 төгрөг орж ирсэн. ...Дансаа өгчих гэхээр нь ХААН банкны 5502105203 дугаартай дансаа өгчихсөн чинь 2017 оны 12 дугаар сарын 20-ны барагцаанд миний дансанд 1 сая төгрөг орсон байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-86 дугаар хуудас/, мөн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч С.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 10 дугаар сарын яг хэдэн байсныг тодорхой сайн санахгүй байна. Би малаа оторт явуулах гэж Завхан аймгийн Их-Уул сумын төвөөс 4 дүгээр багийн нутаг “Хонгор” гэдэг газарт байдаг хадам аав Доржготовынд очиж хоносон юм. Маргааш өглөө “Улаан хавчуу” гэх газар руу Чулуунбаттай мотоцикльтой малд явсан юм. Тэгээд “Улаан хавчуу”-гийн тэр хавьд явж байхад буун дуу гарахаар нь очсон чинь ах дүү гээд хоёр танихгүй залуу сууж байсан. Тэр хоёр бид хоёрыг очиход чононд явж байгаа гээд ярьж байсан. Тэгээд хараад сууж байхад халиун буга агнасан харагдаж байсан. ...Тэгээд би хэлдэг газар нь хэлнэ хориотой ан агнасан байна гэж хэлсэн юм. ...дүү нь гээд залуу над руу утсаар ярьсан юм. Утсаар ярихдаа та дансныхаа дугаарыг өгчихөөч гэхээр нь би эхнэр Сувдаагийн ХААН банкны дансны дугаарыг өгсөн юм. Тэгээд хэд хоногийн дараа байх 2017 оны 12 дугаар сард юм 1.000.000 төгрөг орж ирсэн юм. Тэгээд мөнгө хийснийхээ дараа дүү нь гээд залуу над руу ярьсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78 дугаар хуудас/, болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

- Гэрч З.Хүрэлбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд үргээлэг хийж байгаад буун дуу гарсан. Тэгээд модноос гараад ирэхэд нэг бор гөрөөс буудчихсан сууж байсан. Тэр гөрөөсийг машин барьж явсан залуу буудсан гэж ярьж байсан. Тэгээд дараа нь “Улаан хавчуу” гэдэг мод руу гурван чонын мөр орсон байхаар нь очиж үргээсэн. Бид гурав үргээсэн. Нөгөө хоёр машинтай залуучууд сууринд суусан юм. Мод үргээгээд явж байхад буун дуу гарсан. Тэгээд би модноос гарч ирэхэд нөгөө хоёр машинтай залуу суучихсан, манай нутгийн хоёр залуу Мөнхбат, Чулуундорж хоёр модны хаяагаар юм эрээд байгаа бололтой харагдсан. Тэгээд Мөнхбат, Чулуундорж нар та нар буга буудсан байна гэж ярьж байсан. Тэгээд алсан бугаа бүтнээр нь машиндаа ачаад намайг замд гэрт буулгаад тэр залуучууд “Хонгор” дээшээ өгсөөд явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-76-р хуудас/,

- Гэрч Б.Б-ын худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэнийг нотлох, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа дахин өгсөн: “...надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих болон залруулах зүйл байна. Би гурван буганы хэргийг айсандаа болоод худлаа хүлээсэн. Намайг гурван буга агнасан хэргийг хүлээ гэж хэсгийн төлөөлөгч Идэрцэнгэл, хэсгийн цагдаа Сайнжаргал нар дарамталсан. Тэгээд намайг эзэнгүй газар хаяна гэж айлгасан. Надаас ХХХ суманд байцаалт авсан бөгөөд авсан байцаалтаа надад танилцуулаагүй байж намайг гарын үсэг зур гэж гарын үсэг зуруулсан. Юун дээр гарын үсэг зуруулж байгааг би мэдээгүй. Намайг 2-3 өдөр авч явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Мижиддоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 11 дүгээр сард санагдаж байна. ...Тэгээд Чинээ, Тулгаа нар Б.Б- бид хоёрыг мод үргээж өгөөч гэж гуйсан юм. Тэгээд бид нар шөнийн 23 цаг болж байхад машинтай хөдлөөд Завхан аймгийн Их-Уул сум орж айлд очоогүй шууд сумаас гарсан. Тэгээд Их-Уул сумын нутаг “Хонгор” гэх газар Ганбаатар бил үү Ганбат гэдэг айлд өглөө гэгээ орчихсон байхад очсон юм. Тэгээд Б.Б- бид хоёр мод үргээж өгсөн юм. Яг ямар нэртэй газар байсныг би мэдэхгүй байна. Сууринд Чинээ ах, Тулгаа ах хоёр суусан юм. Тэгээд мод үргээгээд явж байхад буу дуугарсан. Модноос гараад намайг очиход нэг гөрөөс агначихсан байсан. Тэгээд дахиад нэг мод үргээсэн. Тэр модыг үргээгээд явж байхад бас буун дуу гарсан. Модноос гараад яваад очиход нэг буга буудчихсан байсан. Намайг модноос уруудаж ирж байхад хоёр хүн ирж байсан. Тэр хоёр хүнийг би танихгүй хүмүүс байсан. Тэгээд тэр хоёр хүн Чинээ ахтай уулзаж байгаад явцгаасан. Тэр хоёр хүн явсны дараа нөгөө агнасан бугыг Б.Б-, Чинээ, Тулгаа гурав машинд ачсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96 дугаар хуудас/,

- Гэрч Б.Б-ын худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэнийг нотлох гэрч Г.Идэрцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын цагдаагийн кабоны өрөөнд 183800028 дугаартай хэрэгт гэрч Б.Б-аас мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахад иргэн Чинзориг, Ц.Б- нартай хамт явж гэрэлтүүлэг, үргээлэг хийж 4 буга агнасан талаар мэдүүлсэн. Уг мэдүүлгийг авахад Б.Б-ыг дарамталсан, айлган сүрдүүлсэн зүйл огт болоогүй. Албаны өрөөнд эрх, үүргийг нь тайлбарлан өгч, өмгөөлөгчтэй байцаалт өгөхийг нь хүртэл сануулж мэдүүлэг авсан. Гэрч Б.Б- нь ямар учраас намайг дарамталж мэдүүлэг авсан талаар ярьсныг мэдэхгүй байна. Өөрийнх нь ярьсан зүйлийг бичиж, мэдүүлгийн тэмдэглэлийг өөрт нь уншуулж гарын үсэг зуруулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 113 дугаар хуудас/,

-Гэрч Б.Б-ын худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэнийг нотлох гэрч С.Пүрэвдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ХХ аймгийн ХХХ сумын нутаг дэвсгэрт халиун буга агнагдсан байна гэх дуудлагын дагуу хэсгийн төлөөлөгч Идэрцэнгэл, хэсгийн цагдаа Сайнжаргал, байгаль орчны хяналтын улсын байцаагч Бат-Амгалан бид дөрөв хэргийн газрын үзлэг хийхээр явсан. Ингээд замаараа иргэн Б.Б-ын гэрт нь очиж аваад Завхан аймгийн Их-Уул сум орж нэг хоносон. Ингээд Б.Б- надад ярихдаа 2017 оны 10 дугаар сарын сүүлчээр Ц.Ч-, Ц.Б-, Мижиддорж нарын хамт машинтай шөнөөр гэрэлтүүлэг хийж явж ХХХ сумын “Бугын толгой”, “Хацгайтын” гэх газруудад гурван буга агнаад агнасан буганыхаа толгойг нь тасдаад машиндаа ачаад Баттулгын гадаа шөнө ирсэн. Тэнд уг гурван буганы толгойн эврийг нь тайрч авсан. Тэр шөнөдөө гурван буганы толгойг ачаад бид дөрөв Завхан аймгийн Их-Уул сум руу явсан. Завхан аймгийн Их-Уул сум орчихоод “Хонгор” багийн нутагт нэг буга, нэг гөрөөс агнасан талаар Б.Б- дахиж надад ярьсан юм. Үүний дагуу хэсгийн төлөөлөгч үзлэг хийсэн. Б.Б- машин дотор сууж байхдаа нэгэнт л хэрэг хийчихсэн учраас би болсон зүйлийг үнэнээр нь ярина гэж хэлж байсан. Тэгээд би хэргийн газарт үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчээр оролцсон. Баасандоржийн зааж өгсөн газруудад амьтны яс, бугын арьс, сэг зэм байсан. Үүнийг үзлэгээр хураан авсан. ...Бүгдийг нь Ц.Ч-ыг буудсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115 дугаар хуудас/,

- ХХ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, шинжээч Х.Бат-Ирээдүйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Шинжилгээнд ирүүлсэн 4 тооны амьтны толгой нь энгийн нүдээр харахад буга амьтны толгой байсан. Уг дөрвөн ширхэг бугын толгойны эврийг тайрч авсан байдал харагдсан. Уг дөрвөн толгой нь эр бугын толгойнууд байсан. Бугын эм нь эвэргүй байдаг юм. Уг дөрвөн ширхэг арьсаар бол эр эмийг тогтоох боломжгүй. Зөвхөн толгойгоор нь эр эмийг нь тогтоож болно. Уг шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг бугын толгой, 4 ширхэг арьсыг харахад халиун буганы толгой, арьс мөн байсан. ...Толгойны хэмжээ, эвэрний тавыг харахад нас гүйцсэн эр бугын толгой байсан. ...Бугын насны байдал бол экологи эдийн засгийн үнэлгээнд ялгаа байхгүй. Зөвхөн эр, эмээр нь хохирлын хэмжээ ялгаатай байдаг. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар тогтоосон ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр халиун эр буга 6.600.000 төгрөг. Эм халиун буга нь 7.500.000 төгрөг байхаар тогтоосон байдаг. Буга агнагдсан ХХ аймгийн ХХХ сумын 1 дүгээр баг “Бугын толгой”, Завхан аймгийн Их-Уул сумын 4 дүгээр багийн нутаг “Хонгор”, тус сумын 3 дугаар багийн нутаг “Хадатын ар” гэх нутаг дэвсгэр нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг уу? гэх асуултад “Дээрх газрын байршил тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-118 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Дашренчингийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хууль бусаар агнагдсан халиун буга агнасан хэрэгт халиун буганд шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ. Амьтны аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөн нөхөн төлүүлж нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

- Хохирогч Б.Бат-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ХХ аймгийн ХХХ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дундахын мод”-ны захад шувуу эргэлдээд байхаар нь бид нар очиход нэг бугын зэмдийг шувуу идэж байсан. Уг буганы толгой байхгүй болохоор нь ойролцоо газраар үзлэг хийж үзэхэд модны гүн хэсэг рүү уг буганы толгойг хаясан байсан. Уг толгойг олж авахад эврийг нь хөрөөдсөн байсан. Тухайн буганы зэмдний хажууд нэг ширхэг гөрөөсний хөл байсан. Тэгээд үзлэгийн зураг аваад бид нар хөдөлсөн” гэх  мэдүүлэг /1-р хх-ийн 69-70 дугаар хуудас/,

- Гэрч Б.Б-ын худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэнийг нотлох гэрч Б.Бат-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Хэсгийн төлөөлөгч Идэрцэнгэл, хэсгийн цагдаа Сайнжаргал, жолооч Мөнх-Эрдэнэ нарын хамт ХХ аймгийн ХХХ сумын 1 дүгээр баг руу явж Б.Б-ын мэдүүлэг шалгах ажиллагааг хийхэд оролцсон. Тухайн үед хэсгийн төлөөлөгч Б.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийхдээ айлган сүрдүүлсэн, дарамталсан зүйл байхгүй. Б.Б- өөрөө хэрэг ийм болсноос хойш үнэнийг хэлье гээд буга агнагдсан газруудыг өөрөө зааж өгсөн. Уг агнасан газруудын газар орны байршлыг Б.Б- заасан. Би хэргийн газрын үзлэгт оролцсон. Буга агнагдсан байна гэх мэдээллийг аваад Б.Б-аар заалгаж хэргийн газарт очиж үзлэг хийсэн санагдаж байна. Тухайн үед Б.Б- хаанаас буудсан, буга хаана очиж үхсэн газрыг ч бас зааж байсан. Мөн хэн хэдэн удаа буудсан гэдгийг ярьж байсан. ...Б.Б- ярихдаа Ц.Ч- манайд ирээд чононд явах гэж байна, чоно үргээгээд өг гэж намайг авч явсан.Тэгээд Завхан аймгийн Их-Уул сумын нутаг Хонгорын “Улаан хавчуу” гэл үү “Нарийн хавчуу” гэл үү нэг газрын нэр хэлээд мод үргээгээд гараад ирсэн чинь нэг буга, нэг гөрөөс агнасан байсан. Бусад бугыг нь гэрэлтүүлж агнасан гэж ярьж байсан. Ингээд буга агнасан газруудыг нь заалгахад ХХХ сумын “Бугын толгой” гэх газарт 2 буга, “Хавцгайтын эх”-нд нэг буга агнасан талаар өөрөө зааж өгөөд Ц.Ч-, Ц.Б- хоёрыг буудсан гэж ярьж байсан. Тэгээд агнагдсан бугануудын толгойг асганд нуусан байхыг зааж өгөөд толгойнуудын эврийг Тулгаагийн гэрийн гадаа аваачиж тайрч аваад энд авчирч хаясан гэж ярьж байсан. Үүнийх нь дагуу өөрөөр нь заалгаж хэргийн газрын үзлэгийг хийсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-208 дугаар хуудас/,

- Гэрч Б.Б-ын худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэнийг нотлох гэрч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Хэсгийн төлөөлөгч Б.Б-ыг дарамталсан, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Б.Б- өөрөө л жаахан айж сандарсан бололтой харагдаж байсан. Буга агнасан гэх газарт өмнө нь хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч Бат-Амгалан нар очсон бололтой буга агнагдсан газруудыг мэдэж байсан. Тэгээд буга агнагдсан газруудад очоод машинаас буугаад Б.Б- заагаад хоорондоо юм яриад хэсгийн төлөөлөгч зураг дараад байсан. Тухайн үед би машинд сууж байсан болохоор юу яриад байгааг нь мэдээгүй. Тухайн үед миний мэдэж байгаагаар 3 газарт очсон санагдаж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 211 дүгээр хуудас/,

- Гэрч Т.Сайнжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Хэсгийн төлөөлөгч Идэрцэнгэл нь Б.Б-ын мэдүүлэг шалгах ажиллагааг хийхдээ айлган сүрдүүлж, дарамталсан зүйл огт байхгүй. Б.Б- өөрөө л буга агнагдсан газруудыг зааж өгсөн. ...Анх сумын төвөөр гурван буганы толгой байна гэсэн мэдээлэл тараад уг мэдээллийг шалгахаар миний бие байгаль орчны улсын байцаагч Бат-Амгалан, байгаль хамгаалагч Пүрэвдорж нарын хамт ХХХ сумын 1 дүгээр багийн нутаг “Дөрөлжийн дундах” гэх газар руу явсан. Ингээд бид нар эхний өдрөө буга агнагдсан газрыг хайсаар яваад асган дотроос 3 бугын толгой олсон. Гэхдээ тухайн толгойнуудын эврийг нь хөрөөдөөд авчихсан байсан. Тэгээд харанхуй болчихоор нь буцаж сумын төв рүү ороод маргааш нь дахин буганы сэг зэм хайсан боловч олдоогүй учир буцаж сумын төв рүү орсон. Үүний маргааш нь дахин сумын төвөөс гараад толгой олдсон газар руу очихоор явж байтал модны хаяанд шувуу эргэлдээд байхаар нь очтол толгойгүй бугын сэг зэм байсан. Тэгээд цаашаа мод руу нь ортол эвэргүй толгой нь хэвтэж байсан. Ингээд нэг бугын сэг зэм, 4 толгойтой болоод гурван сэг зэмийг нь хайсан боловч олоогүй. Үүний дараагаар хэсгийн төлөөлөгч Идэрцэнгэл, байгаль хамгаалагч Пүрэвдорж, байгаль орчны улсын байцаагч Бат-Амгалан нарын хамт бугын хэрэг шалгаж яваад Завхан аймгийн Их-Уул сумын нутаг “Хонгор” гэх газарт очиж Б.Б-тай уулзсан. Тухайн үед Б.Б- энэ доошоо гэж гараараа заагаад нэг буга, нэг гөрөөс үргээлэг хийж буудсан гэхээр нь үргээлэг хийсэн хүмүүстэй нь очиж уулзаад хэсгийн төлөөлөгч гэрт нь орж мэдүүлэг авсан. Тэгээд Завхан аймгийн Их-Уул сумын төв орж дахин хоёр хүнтэй уулзах шаардлага гарсан тул сумын төв рүү орсон. Тэр хоёр хүн нь буга, гөрөөс агнасан байхад нь таарсан хүн юм шиг байсан. Тэгээд тэндээ хоноод хэсгийн төлөөлөгч нөгөө хоёр хүнээсээ Завхан аймгийн Их-Уул сумын хэсгийн төлөөлөгчийн албан өрөөнд мэдүүлэг авсан. Тэгээд Их-Уул сумаас ХХХ сум руу буцаж явах замдаа Б.Б- нь Ц.Ч-, Ц.Б- нарын агнасан гэх нэг тооны буга, нэг гөрөөсний сэг зэм байгаа газрыг зааж өгч очсон. Тэгээд тэндээсээ хөдлөөд Б.Б-аар заалгаж ойролцоо агнагдсан хоёр бугын сэг зэм байгаа газарт очсон. Тэр хоёр бугын сэг зэм нь толгойгүй байсан. Тэндээс хөдлөөд 4 дэх бугын сэг рүү яваад шөнө болоод харанхуй болчихсон учраас ололгүй шууд сумын төв рүү явсан. Тэгээд маргааш нь очиж нэлээд хайж байж бас толгойгүй бугын сэг зэм олсон. Үүний дараа 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэрчийн мэдүүлэг шалгах ажиллагааг газар дээр нь хийхээр хэргийн газруудад очсон. Б.Б-ын хувьд өөрөө л бугын сэг зэм байгаа газрыг зааж өгсөн. Тэгээгүй бол эзгүй ууланд бугын сэг зэм хаана байгаа гэдгийг бид нар олох боломжгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 213-214 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ц.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 20-д нэлээд гарчихсан байсан санагдана. Би ХХ аймгийн ХХХХ сумаас ХХ аймгийн ХХХ сум руу өөрийн эзэмшлийн 54 01 УБХ улсын дугаартай Ниссан террано маркын тээврийн хэрэгсэлтэй явсан. Ингээд ХХ аймгийн ХХХ сумын 1 дүгээр багийн нутаг “Тойроотын ам” гэх газарт оршин суух өөрийн төрсөн дүү Баттулгын гэрт нь очсон. Тэгээд машин эвдрээд Баттулгын гэрт нь хоёр хоносон. ХХХХгөөс машины сэлбэг ирээд машинаа янзлаад Завхан аймгийн Их-Уул сум руу өөрийн төрсөн дүү Ц.Б-, дүүгийн хадмууд болох Б.Б-, Мижиддорж нарын хамт явсан. Ингээд Завхан аймгийн Их-Уул сум ороод Отгоо гэх айлд очиж ногооны үлдэгдэл мөнгө авахаар очсон боловч гэрт нь хүн байгаагүй. Тэгээд буцаад гарах болсон чинь Завхан аймгийн Их-Уул сумын 4 дүгээр багийн нутаг “Хонгор” гэх газарт чонотой байна, үдэш болгон хот руу ороод байна гэхээр нь чононд явахаар болсон. Тэгээд “Хонгор” гэх газарт очсон. Тухайн газарт надтай хамт явж байсан Б.Б-ын хамаатных нь ах гэх айлд очиж нэг хоноод өглөө нь мод үргээхээр ярилцаад өглөө нь бид дөрөв дээр нэмэгдээд Б.Б-ын ах гэх хүн нэмэгдээд бид тав Б.Б-ын ахынх нь зүүн урд талд байрлах ой мод руу явсан. Ингээд Ц.Б- бид хоёр сууринд суухаар болоод Мижиддорж, Б.Б-, Б.Б-ын ах гэх хүн гурав үргээлэг хийсэн. Тэгээд эхний ойгоос үргээлэг хийхэд юм гарч ирээгүй. Хоёр дахь модыг үргээхэд ойгоос нэг буга гараад ирэхээр нь нэг удаа буудсан. Тэгсэн чинь тэр буга уначихаад эргээд босч ирээд салганаад байхаар нь нэгэнт буудчихсан юм чинь амьтан тамлаад яахав гэж бодоод дахиад буудсан чинь тэр дороо уначихсан. Миний буудсан сум тухайн буганы цээжин хэсэгт хоёулаа оносон байсан. Тэгээд намайг буга дээр очоод байж байсан чинь нутгийн бололтой хоёр хүн мотоцикльтой ирсэн. Тэгээд тэр хоёр хүн буга алчихлаа, зохих байгууллагад хэлнэ, цагдаа шүүх дуудна гээд байсан. Тэгээд нилээн удаан тэнд ярьж сууж байснаа тэр хоёр залуу хуулийн байгууллагад мэдэгдэнэ гэж хэлээд явчихсан. Тэр хоёр залууг байхад үргээлэгний бүх хүмүүс цугларчихсан байсан юм. Тэгээд бөөнөөрөө ярилцаж байгаад машиндаа хийгээд ачаад явахаар болсон. Би буга алахын өмнө мөн ойгоос гөрөөс гараад ирэхээр нь буудаж алаад арьсыг нь өвчөөд махыг нь жиргээд машин руугаа хийсэн. Тэгээд ХХХ сумын нутаг руу орж ирээд бугаа модны хаяанд хаячихсан. Тэр буганаас юу ч аваагүй. Тэгээд би тэр шөнөжингөө давхиад ХХХХгийн төв рүү орж ирсэн. ...Буу манай дүү Баттулгын нэр дээр бүртгэлтэй байдаг. ...Машиныг нь би Улаанбаатарын хүнээс аваад удаагүй байсан. Нэр дээрээ шилжүүлж аваагүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ц.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны хэдэн сарын хэдний өдөр байсан талаар мэдэхгүй байна. Манай төрсөн ах Ц.Ч- нь ХХХ сумын 1 дүгээр багийн нутагт орших манай гэрт Трино маркын тээврийн хэрэгсэлтэй очсон. Тэгээд манайд очихдоо машин нь эвдэрсэн гэж хоёр хоноод ХХХХгөөс сэлбэг нь ирээд машинаа янзлаад Завхан аймаг руу явахаар болсон. Тэгээд Чинзориг ахыг Завхан аймаг руу явж хүнээс мөнгө авна цуг явах уу гэхээр нь зөвшөөрөөд хамт явсан. Тэгээд манай хадмын гэрт нь очиж Б.Б-, Мижиддорж хоёрыг аваад Завхан аймгийн Их-Уул сум орсон. Тэгээд уулзах хүн нь байхгүй Завхан аймгийн Их-Уул сумын нутаг “Хонгор” гэх газарт нэг айлд очиж хоносон. Тэр хүний нэрийг мартчихсан байна. Тэгээд маргааш өглөө нь босоод явах гэж байсан чинь тэр айлын хүмүүс энэ хавиар хээрийн амьтан ихтэй байгаа гэхээр нь чононд явахаар болоод ой руу явцгаасан. Тэгээд явж байтал замд малд явж байсан Хүрлээ гэх хүн таараад тэр хүнийг хамт мод үргээгээд өгөөч гэсэн чинь за ч гэхгүй, үгүй ч гэхгүй байсан. Тэгээд Ц.Ч- ах бид хоёр сууринд суугаад харин Мижиддорж, Б.Б-, Хүрэлээ гэх хүн гурав үргээлэг хийхээр болсон чинь Хүрлээ гэх хүн үргээлэг хийхгүй яваад өгсөн. Тэгээд Мижиддорж, Б.Б- хоёр үргээлэг хийсэн. Тэгээд намайг сууринд сууж байхад хоёр удаа буун дуу гарсан. Тэгээд байж байтал нутгийн хүмүүс гэх хоёр хүн ирээд бид нар бөөндөө дээшээ өгсөөд ах дээр очсон. Тэгсэн чинь манай ах би модон дотор гөрөөс явж байна гэж андуураад буудчихсан чинь буга буудчихсан байна. Тэгээд тийчлээд байхаар нь гүйцээгээд буудчихлаа гэсэн. Тэгсэн чинь тэр хоёр хүн машиныг чинь шатаана, бүгдийг чинь ална гээд та нарыг хуулийн байгууллагад мэдэгдэнэ гэж байснаа та нар наадахаа хурдан аваад зайл гэсэн. Тэгээд бид нар тэр бугыг машин дээрээ ачаад буудаж алсан газраасаа жаахан холдуулаад хаячихсан. Бид нар хоёр модонд үргээлэг хийсэн бөгөөд эхний үргээлэг хийхэд ойгоос гөрөөс гарч ирсэн. Тэгээд манай ах Ц.Ч- мөн буудаж агнасан. Тэгээд арьсыг нь өвчөөд махыг нь жиргээд авсан. Харин бид нар агнасан буганаас огт юу ч аваагүй. ...Тухайн хоёр иргэн бид нарыг буга агнасан байна гэдгийг мэдчихээд цагдаад өгнө гэж айлгаж сүрдүүлээд нэг нэг сая төгрөг өгчих тэгэхгүй бол цагдаад хэллээ шүү гээд байсан. Тэгээд эхэндээ мөнгө олдохгүй байсан бөгөөд манай эхнэр рүү ч утасдаад, манай ээж рүү ч утасдсан байсан. Тэгээд тэр хоёр хүнд нэг нэг сая төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Ч-ын хувийн байдлыг тодорхойлсон:

- ХХ аймгийн ХХХ сумын Сангийн далай багийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Тус сумын 1 дүгээр багийн иргэн Цэвэгмэд овогтой Ц.Ч- нь ам бүл 2, 1 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эцэг, тус багийн малгүй өрх болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /1-р хх-ийн 139 дүгээр хуудас/,

- Ц.Ч- /РУ82051913/-ын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 140 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ц.Ч-ын эзэмшлийн 00395822 гэрчилгээний дугаартай, Г-1723005312 бүртгэлийн дугаартай 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, гэрчилгээний 0005001010 дугаартай, Ү-1723005382 бүртгэлийн дугаартай 45 м.кв үл хөдлөх хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 198, 201-204 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Ц.Ч-ын өмчлөлийн ХХ аймгийн ХХХХ сумын 13 дугаар багийн 09 дүгээр гудамжны 22 тоотод байрлалтай хашаа, байшин үнэлсэн тайлан /1-р хх-ийн 221-223 дугаар хуудас/,                                                                                                                

- Цагдаагийн Ерөнхий газрын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Ц.Ч-ын жолоочийн лавлагаа, мэдээлэл,

- Шүүгдэгч Ц.Ч- нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 150 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Ц.Ч-ын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тус шүүхэд гаргасан: “Миний бие Цэвэгмэд овогтой Ц.Ч- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэм буруугийн хувьд маргах зүйлгүй өөрийн хийсэн гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Мөн миний бие байгаль орчинд 13.200.000 төгрөгийн хохирлыг учруулсан болно. Би улсад учруулсан хохирлоо төлж барагдуулна. Энэ хугацаанд өөрт байгаа эд хөрөнгө болох хашаа байшингаа зарж барагдуулна гэж бодож байтал хашаа байшин маань зарагдаагүй байна. Иймээс би энэ хохирлыг ямар нэгэн аргаар барагдуулах болно” гэх хүсэлт 1-р хх-ийн 185 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Баттулгын хувийн байдлыг тодорхойлсон:

- Шүүгдэгч Ц.Б- нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 138 дугаар хуудас/,

- Торгууд овогт Ц.Б- /РУ87030918/-ын иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1-р хх-ийн 151 дүгээр хуудас/,

-Шүүгдэгч Ц.Баттулгын ХААН банкны 5098020889 дугаартай дансны 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдлыг тодорхойлсон:

- Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхний хуулбар, “РУ96042619 регистрийн дугаартай Хангай овогтой Б.Б- нь ХХ ХХХ сумын 1 дүгээр баг Сангийн далайд оршин суудаг” гэх оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Б- нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 5 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хууль ёсны, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн, галт зэвсгийн үзлэг тооллогыг Цагдаагийн байгууллага хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нар нь  Монгол улсын төрийн хамгаалалтад байгаа ховор амьтан болох 4 тооны халиун буга агнаж, экологи эдийн засагт хохирол учруулсан үр дагаварт зориуд хүргэж, хууль бусаар ан агнах үйлдэл хийснийг дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, үргэлжилсэн үйлдлээр, шунахайн сэдэлттэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Ч-, Ц.Б- нарын гэм буруутай үйлдлээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон халиун буга агнасан нь Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан эр халиун буганы экологи эдийн засгийн үнэлгээ болох 6.600.000 төгрөгийг хоёр дахин өсгөсөн мөнгөн дүн болох нийт 52.800.000 төгрөгийн буюу “их хэмжээний” хохирол учирч түүний улмаас байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан байна.

Хохирогч нараас нэхэмжилсэн 4 тооны эр халиун буганы экологи эдийн засгийн үнэлгээ болох 52.800.000 төгрөгийг гаргуулахдаа шүүгдэгч Ц.Ч-оос 26.400.000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг, шүүгдэгч Ц.Б-ас  26.400.000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг тус  тус гаргуулж, ХХ аймгийн ХХХ сумын Засаг даргын Тамгын газарт 26.400.000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг, Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газарт 26.400.000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Б.Дашрэнчингийн нэхэмжлэлээс гөрөөсний үнэ болох 660.000 төгрөгийн хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна. Учир нь гөрөөс агнах нь Зөрчлийн тухай хуульд заасан “Амьтны тухай хууль зөрчих” зөрчил учир энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, хор уршигт хамаарахгүй болно.

ХХ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “эр халиун буга 4 толгой, 13.200.000*4=52.800.000 /тавин хоёр сая найман зуун мянга/ төгрөг, бор гөрөөс 1 толгой 660.000 /зургаан зуун жаран мянга/ төгрөг, байгаль орчинд учирсан нийт хохирол 53.460.000 /тавин гурван сая дөрвөн зуун жаран мянга/ болж тогтоогдлоо” гэх дүгнэлт /1-р хх-ийн 122-123 дугаар хуудас/ болон ХХ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, шинжээч Х.Бат-Ирээдүйн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 117-118 дугаар хуудас/ зэргийг үнэлж хэргийг хянан шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж ажиллгааны зардалгүй байна.

  1. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ч-, Ц.Б-, Б.Б- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2017 оны 11 дүгээр сарын 30, 2017 оны 12 дугаар сард үйлдэгдсэн,

Шүүгдэгч Б.Б-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Худал мэдүүлэх” гэмт хэрэг нь цаг хугацааны  хувьд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн энэ гэмт хэрэгт эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулах ялын төрөлд хорих ялгүй, ...нэг сараас нэг жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах заалттай байна.  “эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжэээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” бол яллагдагчаар татаж болохгүй гэх хуулийн зохицуулалтад хамаарагдаж байх тул шүүгдэгч Ц.Баттулгын, шүүгдэгч Б.Б-ын дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох тухай прокурорын санал, дүгнэлтийг хүлээн авч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Ч-, Ц.Б- нарын хувийн байдал гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээсэн, шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг шүүх харгалзан шүүгдэгч Ц.Ч-, Ц.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын төрлийн сонгож, уг хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Ч-ийн хувийн байдалд “ам бүл 2, 1 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эцэг, тус багийн малгүй өрх” гэх ХХ аймгийн ХХХ сумын Сангийн далай багийн Засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 139 дүгээр хуудас/, урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 150 дугаар хуудас/, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт /1-р хх-ийн 185 дугаар хуудас/, Шүүгдэгч Ц.Б-н хувийн байдлын хувьд боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 138 дугаар хуудас/ зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ урьдаас төлөвлөж үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй ба ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй болно.

Шүүгдэгч Ц.Ч-, Ц.Б- нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлснийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгчид болон улсын яллагч нарын гаргасан саналыг тус тус харгалзан үзсэнийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүжилсэн шүүгдэгч Ц.Ч-ын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн 000501010 дугаартай ХХ аймгийн ХХХХ сумын 13 дугаар багийн 9 дүгээр гудамжны ...тоот байршилтай 45 м.кв хувийн сууц, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаартай ХХ аймгийн ХХХХ сумын 13 дугаар багийн 9 дүгээр гудамжны .. тоот хаягт байршилтай 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, ХХ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэлд шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гол төмрийн дугааргүй, /102 сантиметрийн урттай, магазины таг хэсэг дээр кол ..., замагны урд хэсэгт Т үсэгтэй, гол төмрийн харааны хойд хэсэгт N үсгэн тэмдэгтэй, хүрэн бор хуй модыг төмрөөр бөгжилсөн/ винтов буу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон даруйд ХХ аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг ХХ аймгийн Цагдаагийн газарт, харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Ниссан террано” маркийн ... улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хураан авч худалдан борлуулж хохирол төлбөрт нь тооцохыг ХХ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж байна.

Шүүгдэгч Ц.Ч-, Ц.Б-, Б.Б- нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч нар нь баривчлаж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Ч-, Ц.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр  шүүгдэгч Цэгмэдийн Баттулгыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр  шүүгдэгч Ц.Ч-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч тус бүр гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүлйин 4-т зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /102 сантиметрийн урттай, магазины таг хэсэг дээр кол ..., замагны урд хэсэгт Т үсэгтэй, гол төмрийн харааны хойд хэсэгт N үсгэн тэмдэгтэй, хүрэн бор хуй модыг төмрөөр бөгжилсөн/ винтов буу 1 ширхэгийг ХХ аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг ХХ аймгийн Цагдаагийн газарт,

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Ниссан террано” маркийн ... улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хураан авч, худалдан борлуулж, хохирол төлбөрт нь тооцохыг ХХ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Ч-ын /Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний ... дугаартай/ ХХ аймгийн ХХХХ сумын 13 дугаар багийн 9 дүгээр гудамжны ...тоот байршилтай 45 м.кв хувийн сууц, /Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ....дугаартай/ ХХ аймгийн ХХХХ сумын 13 дугаар багийн 9 дүгээр гудамжны ... тоот хаягт байршилтай 600 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хэвээр үлдээж, ХХ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэлд шилжүүлсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ч-оос 26.400.000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг, шүүгдэгч Ц.Б-ас  26.400.000 /хорин зургаан сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж, ХХ аймгийн ХХХ сумын Засаг даргын Тамгын газар, Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгосугай.

9. Хохирогч Ч.Д-с гөрөөсний хохирол болох 660.000 төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР