Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01633

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/04040 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

 

*******ын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолын хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******аас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* дугаартай шинжээч томилох тухай тогтоол үйлдэж миний өмч болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* байр ******* тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг мөн дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол ******* байр ******* тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн байна.

1.2. Ийнхүү үнэлүүлэхдээ төлбөр төлөгч *******, ******* нараас үнийн санал авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан шаардлага хангасан гэж үзэж шинжээч томилсон байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагч талуудаас үнийн санал авахаас гадна өмчлөгчөөс үнийн санал авахаар заасан байдаг.

 

1.3. ******* уг заалтыг орхигдуулан өмчлөгч буюу бие даасан шаардлага гаргах эрхтэй *******гаас үнийн санал авалгүйгээр шинжээч томилох тухай тогтоол үйлдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэх тухай 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаартай шийдвэрээр *******, ******* нараас 236,725,993 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж ******* ХХК-ийн барьцаалбарт бүртгэгдсэн төлбөр төлөгч ******* болон гуравдагч этгээд, өмчлөгч *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай бүртгэлтэй******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол, *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах 199.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ******* тогтоолоор битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа тогтоож, төлбөр төлөгч, өмчлөгч нарт танилцуулж гарын үсэг зуруулсан.

2.3. Төлбөр төлөгч нар нь тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн гэрчээр *******, ******* нарт эрх үүргийг тайлбарлан байлцуулж, төлбөр төлөгч, өмчлөгч нарт танилцуулан 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 161-18261200/05 дугаар тогтоолоор******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар хороолол, *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах 199.7 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг хураасан.

2.4. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч нараас үнийн санал авахад уг орон сууцыг 467,013,400 төгрөгөөр үнэлсэн. Харин төлбөр авагч ******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлбөр төлөгч нарын үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгож өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсний дагуу тус газраас 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилсон. ******* ХХК-ийн шинжээч ******* уг орон сууцыг 297,778,033 төгрөгөөр үнэлсэн.

2.5. Хөрөнгийн үнэлгээний тухай мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч нараас үнэлгээний мэдэгдлийг хүлээн аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу бие даан худалдан борлуулах нэг сарын хугацааг авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******ын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр авагч ******* ХХК-д барьцаалагдсан төлбөр төлөгч *******ийн болон гуравдагч этгээд өмчлөгч *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *******4 дугаартай,******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах 109.72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг, төлбөр төлөгч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай,******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах 77.02 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *******, 18261200/02 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 18261200/04 дугаар тогтоолоор******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах 77.02 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 161-18261200/05 дугаар тогтоолоор******* дүүргийн ******* дүгээр хороо, 13 дугаар хороолол, *******, ******* дугаар байрн, ******* тоот хаягт байрлах 109.72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хураасан.

4.2. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч *******, ******* нараас үнийн санал авахад******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, Энхтайваны ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах 109.72 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 367,013,400 төгрөгөөр үнэлсэн тухай 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр ирүүлснийг төлбөр авагч 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4-161/9559 дугаар албан бичгээр үнийн саналыг зөвшөөрөх боломжгүй хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт ирүүлсэн ба өмчлөгч *******, ******* нар үнийн санал ирүүлээгүй.

4.3. Тус газраас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* тоот тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн шинжээч *******аар тогтоолгоход******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах 77.02 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 205,915,357 төгрөгөөр,******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, Энхтайваны ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах 109.72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 297,778,033 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4-241/11512, 4-241/11513, 4-241/11511 дугаар мэдэгдлийг өмчлөгч, төлбөр төлөгч, төлбөр авагч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.

4.4. Төлбөр төлөгч *******, ******* нар нь дээрх маргаан бүхий үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд уг асуудлаар 2024 онд******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж,******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/02700 дугаар шийдвэрээр *******, ******* нарын нэхэмжлэлтэй *******т холбогдох******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах 109.72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц,******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах 77.02 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1577 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

4.5. Гэтэл анхан шатны шүүх урьд нь шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан үйл баримт тодорхой, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасан үндэслэл байсаар байхад хуулийг буруу хэрэглэн, *******гийн нэхэмжлэлийг хангаж хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй, давж заалдах гомдолтой холбоотой тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан *******ын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03232 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 235,391,088 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгохоор,******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, Энхтайваны ******* дугаар байр, ******* тоот од байрлах ******* өмчлөлийн,******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* ******* дугаар байр, ******* тоот од байрлах *******гийн өмчлөлийн орон сууцнууд барьцаалагдсан болохыг дурдаж шийдвэрлэсэн./хх23-27/

 

3.1. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ГХ2017/00782 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн ******* 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ./хх21-22, 28/

 

3.2. Шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах 109.72 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц,******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах 77.02 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнуудыг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн *******, 18261200/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 18261200/04 дугаар тогтоол, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 18261200/05 дугаар тогтоолоор хураасан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна. Энэ талаар гомдол гаргаагүй.

 

4.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2024/02700 дугаартай шийдвэрээр *******, ******* нарын *******т холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн *******4 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 5в-д Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн өмчлөлийн битүүмжилж хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнийн санал авах талаар талуудад мэдэгдсэн байх ба ... төлбөр авагч тал нь шинжээч томилуулж битүүмжилж хураагдсан хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргажээ гэсэн дүгнэлтийг, 5г-д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул *******аас барьцааны зүйл болох хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг, мөн хэсгийн 5е-д ******* нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4-241/11513, 4-241/11512 дугаартай албан бичгээр хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлсэн байна гэсэн дүгнэлтийг тус тус хийсэн байна.

 

5. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 4-241/11513, 4-241/11512 дугаартай албан бичгээр хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлсэн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхад анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4-161/7421 дугаартай Үнийн санал ирүүлэх тухай албан бичгийг *******д гардуулсан баримт байхгүй гэх үндэслэлээр *******ын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч байгууллага нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр *******ыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн.

 

Тодруулбал, төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь хөрөнгийн үнийн талаар санал нийлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар шинжээч томилж эд хөрөнгийн үнэлгээг гаргуулах зохицуулалтай, өмчлөгч ******* нь хөрөнгийн үнийн талаар санал гаргаагүй нь шинжээч томилоход саад болохгүй.

 

7. Нэхэмжлэгч нь өөрийгөө бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа түүнд хамаарахгүй гэсэн үндэслэлийг нэхэмжлэлд дурдсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасан хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гомдол гаргах эрх нь шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг мэдээгүй байсан бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдэд хамаарах бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч томилсон тогтоолтой холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэх албан бичгийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр, үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчид тус тус хүргүүлж байсан байх тул нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор шүүхэд гаргана.

 

8. Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлэн шүүхэд гомдол гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж буруу дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/04040 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан *******ын 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шинжээч томилох тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР