Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 652

 

 

 

 

 

 

  2019          06            26                                     2019/ШЦТ/582

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,  

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Хохирогч: Б.Б ,

Шүүгдэгч: О.О , түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.О-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805063920575 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.О, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч О.О  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB нэртэй караоке дотор иргэн Б.Б ыг түлхэж унагасны улмаас Б.Б-ы эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.О-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бааранд найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаад гарч ирээд манай найз хүүхэн 2 залуу тамхилж байгааг хараад очоод хамт тамхилж байхад тэр 2 залуу “хамт явж дуулах уу” гэж хэлэхээр нь хамт явсан. Бид хэд караокед хамт сууж байгаад Б.Б  зочид буудалд орох талаар ярихаар нь би “цаашаа бай” гээд түлхсэн...” гэв.

Хохирогч Б.Б ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...О.О Т тэй танилцаад хамт караокед орсон. Намайг хүчтэй түлхсэний улмаас би хүчтэй унасан. Би эмнэлэгт ухаан алдсан байдалтай очсон. Би хохирол төлбөртэй холбоотой 750.000 төгрөгийн баримт гаргаж өгснөөс одоо 500.000 төгрөг нэхэмжилж байна. Би ямар нэгэн гадны хүчний нөлөөгүйгээр толгойдоо гэмтэл автал унахгүй гэж үзэж байгаа” гэв.

Хохирогч Б.Б ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Улаанбаатар палас төв дотор бид 4 хамт караокед орсон. Караокед бид 4 хамт нэг шил архи уугаад сууж байсан түүнээс цааш юу болсныг санахгүй байна. Нэг сэрсэн эмнэлэг дээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

Гэрч Г.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Өрөөний дотор хэсэгт үүдэнд зогсож байсан шар үстэй, урт шаргал куртиктэй эмэгтэй газар хагас суухаар нь өндөр нуруутай цагаан сорочиктой эрэгтэй босоорой гэж хэлэхэд нөгөө шар үстэй эмэгтэй “чи цаашаа бай” гэж орилоод нөгөө эрэгтэйг гараараа түлхсэн, тэгэхэд нөгөө цагаан сорочиктой ах хаалгаар гараад хаалганы гадна талд байдаг чулуун баганыг дагзаараа мөргөөд шууд газар унасан. Би унангуут нь тэр ахын эрэгтэй найзтай нь хамт очиход багана мөргөж унасан ах хурхирсан хэвтэж байсан. Тэр үед хажууд зогсож байсан, найз нь гэх залуу хиймэл амьсгаа хийгээд хамгаалагчийг дуудаад түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,

Гэрч С.Т ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б бид хоёр үргэлжлүүлээд буудал оръё нэг бол эндээ ууя гэхэд Т зөвшөөрсөн санагдаж байна, О нь жаахан эсэргүүцээд явцгаая, одоо болно оо, би явмаар байна гэхэд хоёр найз хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд Т хаалганы хажуу буланд суусан шиг санагдаж байна. Наан нь О нь Туулыг татсан ба Б наанаас нь очсон санагдаж байна гэнэт хаалга онгойгоод хүмүүс хүн уначихлаа гэж орилсон ба би энэ үед куртикээ өмсөөд цүнхээ үүрч байсан. Тэгээд гараад ирсэн чинь Б караокений өрөөнөөс гараад газар уначихсан байхаар нь би ухаантай үгүйг нь шалгахад ухаангүй юм шиг байхаар нь хиймэл амьсгаа хийж эхэлсэн ба караокены хамгаалагч ирж тусалсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/,

Гэрч Б.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 1 номерийн өрөөний хаалганы баруун гар талын ширээн дээр сууж байхад эрэгтэй, эмэгтэй хүмүүс маргаж байгаад шар үстэй эмэгтэй нь “чи цаашаа яв” гэх шиг болоход хар куртиктэй өндөр туранхай хөх өнгийн костюмтай эрэгтэй хойшоо саваад толгойгоороо хаалганы урд байдаг баганыг дагзаараа мөргөөд гулсаад газар саваад уначихсан. Би яг хэн түлхсэнийг нь бол хараагүй. Шар үстэй эгч л цаашаа яв гэхдээ түлхчих шиг болсон. Хойшоогоо нилээн хүчтэй саваад дагзаараа хана мөргөөд унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тэр үед баганын хойд талд сандал дээр зүүрмэглээд сууж байхад юм унах чимээ гарахаар нь би өндийгөөд харахад нэг залуу хаалганы урд талын баганыг дагзны доод хэсэг буюу толгойнх нь хойд талаараа цохьсон байдалтай хүзүү нь таталт өгсөн дээшээ хараад хэвтэж байсан... Надад 1 дугаарын өрөөнд байсан хүмүүс хэрэлдэж маргалдаж байгаа зүйл анзаарагдаагүй, бүгд л согтуу хүмүүс байсан. Миний хальт сонссоноор явна, явахгүй гээд чанга, чанга яриад байсан. Караокений зүгээс бол уг хүмүүст манайх хаах болчихсон та нар гарна уу гээд хэлчихсэн байсан. Тэгээд гарахыг нь хүлээж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 55-56/,

Гэрч Н.Э ын мөрдөн байцаалтад өгсөн: “...хэсэг байж байгаад чанга, чанга яриад нэг эмэгтэй хүн дургүйцээд байгаа юм шиг байдалтай чимээ гараад хамгаалагч тэр үед очоод харахаар тэнд байсан хүмүүс бүгд л зүгээрээ зүгээр асуудалгүй гээд байсан. Бид нар анх эхлээд харахдаа эхнэр, нөхөр байна гэж бодож байсан учир гайгүй байх гээд явахыг нь хүлээж байсан. Б бид хоёр сандал дээр сууж байхад гэнэт эмэгтэй хүн зүгээр байгаач бил үү, болиоч бил үү, тавиач бил үү үг хэлээд чанга дуугараад орилсон. Б болон би хөөе хүн уначихлаа шүү дээ гэж орилсон. Тэгэхэд өрөөнөөс нэг залуу гарч ирээд хөөе миний найз зүгээр үү гээд байсан. Харин өрөөнд шар үстэй эмэгтэй хаалгаар хараад зогссон, түүний хажууд хар үстэй жижигхэн биетэй эмэгтэй нь газар суучихсан байж байсан. Тэр үедээ шар үстэй хүүхэн нь жижиг биетэй хар үстэй хүүхнээ чи цаашаа бай гээд байсан ба нөгөө залуучууд руу очих гэхээр нь чи яах гээд байгаа юм бэ, түлхчихлээ шүү дээ ийшээ бол гээд бие, биенээ түлхээд зууралдаад байсан. Тэгээд Б болон уг өрөөнөөс гарч ирсэн эрэгтэй хамтраад уг залууд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 61/,

Мөрдөгчийн илтгэх хуудсанд: “...зөөгч гэх эмэгтэй орох ба зөөгч орсоноос хойш 1 минут орчмын дараа хаалга онгорхой хаалганы баруун талд зогсож байсан хохирогч Б хойшоо савж унаж байгаа...” бичлэг байв гэжээ. /хх-н 46/,

Шинжээчийн 655 тоот дүгнэлт: “...Б.Б ы биед их тархины аалзан хальсны доорх тархмал цус харвалт, цээжинд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-н 35/,

 Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-8/,  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 39-45, 70-74/, Өвчний түүх /хх-н 76-84/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн согтолтын зэргийг тогтоолгох шинжилгээ хийлгэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэнийг хангалттай нотлох баримтуудаар тогтоогоогүй тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх энэ зарчмын хүрээнд гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлэг, хэрэгт хамааралгүй гэрч болох тухайн баарны зөөгч Г.О-ийн мэдүүлэг, мөрдөгчийн илтгэх хуудас болон шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн үйлдлийн улмаас нь хохирогчид хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн үед хохирогчийн хэр зэргийн согтолттой байсан, өөрийн биеийн тэнцвэрийг хадгалж чадаж байсан эсэхийг мөрдөн байцаалтын туршилт болон шинжээчийн дүгнэлтээр тогтоох боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Хэдийгээр хэрэгт камерийн бичлэг хураан авсан боловч энэ бичлэг нь ажиллахгүй болсон талаар болон хохирогч нь онгорхой хаалгаар унаж байгаа бичлэг байсан талаар илтгэх хуудсанд дурдагдсан байна.

Тухайн хэргийн үйл баримтыг тодорхой мэдүүлсэн гэрч Г.О-ийн мэдүүлгийг няцаасан баримт байхгүй байна.

Шүүгдэгч О.О  нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB нэртэй караоке дотор иргэн Б.Б ыг түлхэж унагасны улмаас Б.Б ы эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Б ы: “...Улаанбаатар палас төв дотор бид 4 хамт караокед орсон. Караокед бид 4 хамт нэг шил архи уугаад сууж байсан түүнээс цааш юу болсныг санахгүй байна. Намайг хүчтэй түлхсэний улмаас би хүчтэй унасан. Нэг сэрсэн эмнэлэг дээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/, гэрч Г.О-ийн: “...Өрөөний дотор хэсэгт үүдэнд зогсож байсан шар үстэй урт шаргал куртиктэй эмэгтэй газар хагас суухаар нь өндөр нуруутай цагаан сорочиктой эрэгтэй босоорой гэж хэлэхэд нөгөө шар үстэй эмэгтэй “чи цаашаа бай” гэж орилоод нөгөө эрэгтэйг гараараа түлхсэн, тэгэхэд нөгөө цагаан сорочиктой ах хаалгаар гараад хаалганы гадна талд байдаг чулуун баганыг дагзаараа мөргөөд шууд газар унасан. Би унангуут нь тэр ахын эрэгтэй найзтай нь хамт очиход багана мөргөж унасан ах хурхирсан хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16/, гэрч С.Т ийн: “...Т хаалганы хажуу буланд суусан шиг санагдаж наан нь О нь Туулыг татсан ба Б наанаас нь очсон санагдаж байна гэнэт хаалга онгойгоод хүмүүс хүн уначихлаа гэж орилсон ба би энэ үед куртикээ өмсөөд цүнхээ үүрч байсан. Тэгээд гараад ирсэн чинь Б карарокений өрөөнөөс гараад газар уначихсан байхаар нь би ухаантай үгүйг нь шалгахад ухаангүй юм шиг байхаар нь хиймэл амьсгаа хийж эхэлсэн ба караокены хамгаалагч ирж тусалсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22/, гэрч Б.Н-гийн: “...Би 1 номерийн өрөөний хаалганы баруун гар талын ширээн дээр сууж байхад эрэгтэй, эмэгтэй хүмүүс маргаж байгаад шар үстэй эмэгтэй нь “чи цаашаа яв” гэх шиг болоход хар куртиктэй өндөр туранхай хөх өнгийн костюмтай эрэгтэй хойшоо саваад толгойгоороо хаалганы урд байдаг баганыг дагзаараа мөргөөд гулсаад газар саваад уначихсан. Би яг хэн түлхсэнг нь бол хараагүй. Шар үстэй эгч л цаашаа яв гэхдээ түлхчих шиг болсон. Хойшоогоо нилээн хүчтэй саваад дагзаараа хана мөргөөд унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/, гэрч Б.Б-ын: “...Би тэр үед баганын хойд талд сандал дээр зүүрмэглээд сууж байхад юм унах чимээ гарахаар нь би өндийгөөд харахад нэг залуу хаалганы урд талын баганыг дагзны доод хэсэг буюу толгойнх нь хойд талаараа цохисон байдалтай хүзүү нь таталт өгсөн дээшээ хараад хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 55-56/, гэрч Н.Э ын: “...хэсэг байж байгаад чанга, чанга яриад нэг эмэгтэй хүн дургүйцээд байгаа юм шиг байдалтай чимээ гараад хамгаалагч тэр үед очоод харахаар тэнд байсан хүмүүс бүгд л зүгээрээ зүгээр асуудалгүй гээд байсан бид нар анх эхлээд харахдаа эхнэр, нөхөр байна гэж бодож байсан учир гайгүй байх гээд явахыг нь хүлээж байсан. Б бид хоёр сандал дээр сууж байхад гэнэт эмэгтэй хүн зүгээр байгаач билүү, болиоч билүү, тавиач билүү үг хэлээд чанга дуугаар орилсон. Б болон би хөөе хүн уначихлаа шүү дээ гэж орилсон тэгэхэд өрөөнөөс нэг залуу гарч ирээд хөөе миний найз зүгээр үү гээд байсан. Харин өрөөнд шар үстэй эмэгтэй хаалгаар хараад зогссон түүний хажууд хар үстэй жижигхэн биетэй эмэгтэй нь газар суучихсан байж байсан. Тэр үедээ шар үстэй хүүхэн нь жижиг биетэй хар үстэй хүүхнээ чи цаашаа бай гээд байсан ба нөгөө залуучууд руу очих гэхээр нь чи яах гээд байгаа юм бэ, түлхчихлээ шүү дээ ийшээ бол гээд бие, биенээ түлхээд зууралдаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 61/, шинжээчийн 655 тоот дүгнэлт, мөрдөгчийн илтгэх хуудас, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.О-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.О  нь согтуурсан үедээ хохирогчийг түлхсэний улмаас хохирогч газар унан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ хохирогчийг түлхсэн үйлдлийг болгоомжгүй үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б ы биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Б.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт 750.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн боловч, 500.000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс 500.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч О.О-ий үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь О.О  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч О.О-ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй, тодорхой эрхэлсэн ажил, цалин орлогогүй зэргийг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.О-ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О  нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О эс 500.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б д олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР