Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 1208

 

   Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч /томилолтоор/ Ц.Ганцэцэг, шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Т овогт Ц С холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00714 0341 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Ц.С нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахмад А.А албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хавирч унаган хүч хэрэглэсэн, хавирч унаган хүч хэрэглэх явцдаа хуйхны зөөлөн эдийн няцрал, хуйхны цусан хураа бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.   

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.  

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 2-3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор А.А мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-12/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.Ц мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 13-14/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.С мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15-17/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Д мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-20/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-23/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.А мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-25/, Батлан Хамгаалах Эмгэг судлал Шүүх эмнэлгийн амбулаторийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №10 дугаартай дүгнэлт /хх-н 28/, мөрдөн шалгах ажиллагаанд Ц.С яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 38-39, 90-91/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 43/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.С нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахмад А.А албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хавирч унаган хүч хэрэглэсэн, хавирч унаган хүч хэрэглэх явцдаа хуйхны зөөлөн эдийн няцрал, хуйхны цусан хураа бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.         

            Шүүхээс шүүгдэгч Ц.С 2019 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахмад А.А албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэх явцдаа түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.А өгсөн: “.....” гэх мэдүүлэг /хх-н 10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Б өгсөн: “......” гэх мэдүүлэг /хх-н 22/,

Батлан хамгаалахын Эмгэг судлал, Шүүх эмнэлгийн амбулаторийн шинжээч эмч С.Наранцэцэгийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний 10 дугаартай:

 1. А.А хуйхны зөөлөн эдийн няцрал, хуйхны цусан хураа гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл болно.

3. Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдахгүй...” гэх дүгнэлт /хх-н 28/,

           Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.С яллагдагчаар өгсөн: “....” гэх мэдүүлэг /хх-н 39/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

            Иймд шүүгдэгч Ц.С хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч А.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөрт 800.000 төгрөг авсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүхээс шүүгдэгч Ц.С ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т овогт Ц С хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, мөн эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Шүүгдэгч Ц.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр,  

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Ц.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3300 /гурван мянга гурван зуу/ нэгж буюу 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С оногдуулсан 3300 /гурван мянга гурван зуу/ нэгж буюу 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

             7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.