Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01642

 

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/04324 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******од холбогдох,

 

18,070,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******, ******* нар нь *******од холбогдуулан *******аас төлөөлөн зээлдэж өгсөн зээл, зээлийн хүү 14,400,000 төгрөг, түүний өмнөөс төлсөн бусад зээлийн төлбөр 3,724,000 төгрөг, нийт 18,124,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өөрчилсөн.

1.2. 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээлдсэн 10,000,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг хүүгийн хамт 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлж үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өнөөг хүртэл төлөөгүй. Бид бизнесийн түншээсээ зээлдсэн тул түүний итгэлийг алдахгүйн тулд хүүг нь төлсөөр ирсэн. Өмнө зээлдсэн мөнгө болон 4,000,000 төгрөгийг хүүгийн хамт авахаар түүнтэй удаа дараа холбогдсон боловч мөнгө өгөөгүй.

1.3. Хүү *******ын ******* аймгийн ******* суманд байрлах орон сууцыг шинэ загвараар засварлаж, ажлын хөлсөнд 4,000,000 төгрөгийн зээлийн төлбөр тооцохыг бид зөвшөөрч, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүү *******ыг Улаанбаатар хот руу засварын материал авъя гэхээр нь явуулсан. Хүү *******, *******ын хамт засвар хийхэд шаардлагатай бүх материалыг 35,000,000 гаруй төгрөгөөр худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл засвар хийж өгөөгүй. Одоо нэгэнт засварыг хийж өгөхгүй нь тодорхой болсон тул орон сууцыг засварлах үүргээ биелүүлээгүй гэж үзэж Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх заасныг үндэслэн барилгын материал худалдан авсан мөнгө болох 35,100,000 төгрөгийн хүүг банкны зээлийн нэг жилийн хүү 15 хувиар 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сар хүртэл 2 жилийн хугацаагаар тооцон 10,530,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулахаар нэхэмжилсэн.

1.4. Иймд зээлдэж авсан 10,000,000 төгрөгийн үлдэгдэл 4,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр автомашиных нь зээлийг нэг сар төлсөн 990,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн 400,000 төгрөг, мөн оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн 350,000 төгрөг, хүү *******ын дансаар 2022 оны 08 дугаар сард шилжүүлсэн 500,000 төгрөг, нийт 2,240,000 төгрөг, БНХАУ руу үзэсгэлэн худалдаанд явахдаа замын зардалд хэрэглэхээр авсан 1,200,000 төгрөг, түүний эзэмшлийн автомашины даатгалыг төлсөн 100,000 төгрөг, орон сууц засварлах үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирол 10,530,000 төгрөг, нийт 18,070,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь *******аас 10,000,000 төгрөг авсан, 7,000,000 төгрөгийг буцааж төлсөн тул одоо 3,000,000 төгрөгийг төлж барагдуулна.

2.2. Байр засаж өгнө гэсэн гэх зүйл ярьж байна энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Баримтгүй зүйл ярьж байна.

2.3. БНХАУ руу явсан, автомашины засварын төлбөрт төлсөн гэх баримт хэрэгт байхгүй байна.

2.4. ...манай хүүгийн байрыг засах гээд 35,000,000 төгрөгийн зээл авсан гэж байна. Энэ мөнгө 10,000,000 төгрөгийг авч, өгөхөөс өмнө нэхэмжлэгч өөрийнхөө бизнесийн эргэлтийн хөрөнгө гэж зээл авсан, эргэлтийн хөрөнгөөс хүүгийнхээ байрны засварын мөнгөнд зарцуулсан гэж тайлбарлаж байна. Бараа авсан гэж байна, барааг ******* гэх хүн авсан уу, нэхэмжлэгч талд байгаа юу гээд ойлгомжгүй зүйл ярьж байна. Эргэлтийн хөрөнгийн зээлтэй холбоотой асуудал байхгүй.

2.5. Иргэний хуульд зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж заасан. Бичгээр байгуулаагүй бол хүү, алданги авах эрхээ алдана гэж заасан. Мөнгө зээлсэн, одоо надад хүү өг гэх зүйл ярихгүй, зээлийн гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан. Хариуцагч нь 3,000,000 төгрөгөө төлнө гэдгээ хэлсэн. Хариуцагчаас хүү, алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******оос 4,340,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас 13,730,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 84,390 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дээрх байдлаар өөрчилсөнтэй холбогдуулан шүүх хуралдаан дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ыг жинхэнэ нэхэмжлэгч биш гэж үзэн нэхэмжлэгч *******аар солиулах хүсэлт гаргасан. Хүсэлтийн гол үндэслэл нь хэрэгт авагдсан дээрх баримтуудыг нотлох баримт болгох зорилготой байсан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд нэхэмжлэгчээр солих үндэслэлгүй гэж үзэн захирамж гаргалаа гэж танилцуулаад шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн.

4.2. Шүүхээр хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн талаар тодорхой тайлбарлахдаа зээлийн гэрээний үүргийн үлдэгдлийг ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөнд тооцуулахаар хариуцагч ******* өөрөө хүсэлт гарган уг үүргээ биелүүлэхийн тулд түүний хүү *******ыг 2022 оны 08 дугаар сард Улаанбаатар хотод дуудан аваачиж, өөрөө барилгын материалаа сонгон 35,000,000 гаруй төгрөгөөр материал авахуулсан. Энэ үедээ түүнээс 500,000 төгрөг дансаар шилжүүлэн авсан зэргийг тодруулж, эдгээр баримтаа 2024 оны 06 дугаар сард нотлох баримт болгон хэрэгт гаргаж өгсөн гэж мэдүүлснээр нэхэмжлэгч *******ы эрх ашгаас илүү *******ын эрх ашиг хөндөгдсөн гэж үзэхээр байсан.

4.3. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өөрчилсөн. Гэтэл өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулсан эсэх нь тодорхойгүй, хэрвээ гардуулсан бол хариу тайлбар гаргаагүй. Ийнхүү хариу тайлбар гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцохоор хуульчилсан байхад энэ талаар дүгнэлт хийсэнгүй. Нөхцөл байдал ийм байхад *******ын дансны хуулгыг хэрэгт баримтаар гаргаж өгснийг тус мөнгийг нэхэмжлэгч нараас шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, мөн хэрэгт авагдсан барилгын материал худалдан авсан зарлагын баримт падаан зэргээр талуудын хооронд ажил гүйцэтгэх хүсэл зориг илэрхийлэгдэж, уг хүсэл зориг хүчин төгөлдөр болсон гэж дүгнэх үндэслэлгүй гэсэн нь шүүхийн шийдвэр маргааны бодит байдлыг тогтоох, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

4.4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал бид зээл авсан бөгөөд тус зээлийн хүүг өөрсдөө төлж байсан учраас тус зээлийн хүүг хариуцагчаар төлүүлэх хүсэлтэй байна гэж тайлбарласан. Зээлийн гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд бичгээр байгуулсан тохиолдолд хүү, алданги тооцох эрхтэй гэж холбогдох хууль, тогтоомжид заасан. Талуудын хооронд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдаагүй. Мөн нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дурдсан. Ажил гүйцэтгэх гэрээндээ гэрээний үүргийг хангах тухай тусгасан гэх бичгийн нотлох баримт байхгүй. Нэг удаа 10,000,000 төгрөг шилжүүлсэн гэх баримт байдаг. Тус мөнгийг 1-2 сарын дараа 5,000,000 төгрөг, 2,000,000 төгрөгийн 2 удаагийн гүйлгээгээр нийт 7,000,000 төгрөгийг авсан данс руугаа буцаан шилжүүлсэн. Үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөөгүй гэх асуудал байгаа. Анхан шатны шүүх авч ашигласан мөнгө 4,000,000 гаруй төгрөг байгаа болохыг тооцож гаргасан ба тус мөнгийг буцаан төлөх нь үндэслэлтэй гэж зөв дүгнэсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******од холбогдуулан 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээлдүүлсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 4,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн 990,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 400,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 350,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сард шилжүүлсэн 500,000 төгрөг, БНХАУ руу үзэсгэлэн худалдаанд явахдаа авсан 1,200,000 төгрөг, автомашины даатгал төлүүлсэн 100,000 төгрөг, орон сууц засварлах үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 10,530,000 төгрөг, нийт 18,070,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээлдүүлсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,000,000 төгрөг байгаа тул уг дүнгээр төлнө, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нар нь хариуцагчид 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэдэгт хариуцагч маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт зөв болжээ.

 

4. Анхан шатны шүүх хариуцагчийн нэхэмжлэгч нарт буцаан төлсөн 3,000,000 төгрөгийг 10,000,000 төгрөгөөс хасаж тооцон нэхэмжлэгч нарын хариуцагчаас үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 3,000,000 төгрөгийн хэмжээнд хангаж, зээлийн хүү шаардсан 1,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нар хариуцагчаас хүү шаардах эрхгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцсэн байна.

 

5. Нэхэмжлэгч нар нь хариуцагчийн хүсэлтээр түүнд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 990,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 400,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 350,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сард шилжүүлсэн 500,000 төгрөг, БНХАУ руу үзэсгэлэн худалдаанд явахад нь 1,200,000 төгрөг, автомашины даатгал төлөхөд нь 100,000 төгрөг, нийт 3,540,000 төгрөгийг шилжүүлсэн гэх үндэслэлээр хариуцагчаас 3,540,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.

5.1. Хэрэгт цугларсан нотлох баримтаар *******ын эзэмшлийн ХААН банкин дахь ******* тоот дансны хуулгаар нэхэмжлэгчээс хариуцагчид 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 990,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 350,000 төгрөг, нийт 1,340,000 төгрөг шилжсэн болох нь тогтоогдсон, уг баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн хариуцагчаас 3,540,000 төгрөг гаргуулах шаардлагыг 1,340,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч тухайн харилцааг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн харилцаа гэж дүгнэсэн нь алдаатай болсон байна.

5.2. Хуульд зааснаар үүсэх үүрэг буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн үндэслэл нь бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд хамааралтай.

5.3. Нэхэмжлэгч нь нар нь хариуцагчийн хүсэлтээр дээр дурдсан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх үндэслэлээр буцаан шаардаж байгаа тохиолдолд талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж үзнэ.

5.4. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг баримталсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

6. Нэхэмжлэгчийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол гаргуулах шаардлагыг шийдвэрлэхдээ анхан шатны шүү Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлаагүй нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

7. Нэхэмжлэгч нар нь хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 10,530,000 төгрөг гаргуулахаар шаардсан, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар зохигч талууд зээлийн гэрээний үүргийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээр сольсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон тохиолдолд үүрэг дуусгавар болох зохицуулалттай бөгөөд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээр сольсон бол зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэг дуусгавар болох ёстой.

Хэргийн баримтаар талууд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээр сольсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн зэрэгцээ нэхэмжлэгч нар зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байх тул зохигч талууд зээлийн гэрээний үүргийг ажил гүйцэтгэх гэрээний үүргээр сольсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэгч нарын гаргасан хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 10,530,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

 

8. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй.

8.1. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нь нэхэмжлэгч *******ыг *******аар солиулах хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх хүсэлтийг хангаагүй, 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулсан эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлийг давж заалдах гомдолдоо тусгажээ.

2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д гардуулсан баримт хавтаст хэргийн 209 дүгээр талд авагдсан, талууд өөрчилсөн шаардлагын талаар шүүх хуралдаанд мэтгэлцсэн байх тул өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулсан эсэх нь тодорхойгүй, гардуулсан бол шаардлагыг гардаж аваад хуульд заасан хугацаанд тайлбар гаргаагүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцох ёстой гэх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

8.2. 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч *******ыг *******аар солиулах хүсэлтийг нэхэмжлэгч ******* гаргасан байх ба ******* нь мөн өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч *******ыг *******аар солиулах хүсэлтийг гаргаж буй үндэслэлээ нэхэмжлэлд дурдсан мөнгөний зарим хэсэг *******аас гарсан, ******* нь орон сууц засаж өгнө гэж барилгын материал авахуулаад засварыг хийж өгөөгүйгээс ******* хохирсон гэж тайлбарласан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдох нэхэмжлэлийг *******ы болон *******ын нэхэмжлэлийн шаардлага гэж тус тусдаа гаргаагүй, нэхэмжлэгч *******тай хамтран гаргасан тул анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан мөнгөний зарим хэсэг *******аас гарсан, ******* нь орон сууц засаж өгнө гэж барилгын материал авахуулаад засварыг хийж өгөөгүйгээс ******* хохирсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч *******ыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгч солих хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/04324 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ...492 дугаар зүйлийн 492.1 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Б.УУГАНБАЯР