Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/269

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Ууганбаяр,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгч Г.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Н-ад холбогдох эрүүгийн 1938005600319 дугаартай хэргийг  2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Н-, 

Шүүгдэгч Г.Н- нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ХХ аймгийн Х сумын 2 дугаар багт эхнэр Г.У-ийн хамар луу гараараа цохиж, гэдэс рүү нь өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Н- нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ХХ аймгийн Х сумын 2 дугаар багт хохирогч Г.У-ийн хамар луу гараараа цохиж, гэдэс рүү нь өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Г.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр би хонь эргүүлээд ирсэн чинь манай нөхөр “яв, зайл” гээд дарамтлаад хувин саваар нүүлгээд байхаар нь хажуу айл руугаа орооод байж байтал араас орж ирээд үснээс үсдээд нүүр ам руу шууд цохиод элэг рүү өшиглөөд эхэлсэн. Тэгэхээр нь би гарж зугтаатал араас мориор хөөгөөд цулбуураар ороолгоод “гэртээ харь” гэж хөөөгөөд байсан. Тэгэхээр нь би буцаад гэр лүүгээ ортол дахиад толгой руу зодож цохиж эхэлсэн. Тэгээд нэг сэрсэн чинь эмнэлэгт сэрсэн байсан...Би тухайн үед түүнийг архи уучихсан байхыг хараад уурлаад түүнтэй маргалдсан...Үүнээс л болж миний гэмтэл учирсан. Гэхдээ энэ асуудал болсноос хойш нөхөр Г.Н- маань надаас уучлалт, гуйж дахиж ийм асуудал гаргахгүй гэдгээ амласан байгаа...Г.Н- бид хоёрын дунд гэр бүлийн хэрүүл маргаан гарахын хувьд гардаг байсан. Гэхдээ зодож, цохидоггүй байсан...Нөхөр Г.Н- маань барагтаа л архи уугаад байддагүй, тухайн өглөө найз ирээд л дагуулж яваад уучих шиг боллоо...Миний биеийн байдал гайгүй байгаа. Одоо өвдөж зовиурлах зүйл огт алга байна. Би гомдолгүй байна. Надад нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй. Харин нөхөрт маань холбогдох хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү....гэх мэдүүлэг /хх-ийн 8-13-р тал/

Шүүгдэгч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж, эхнэр Г.У-ээсээ уучлалт гуйж, түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа...Эхнэр Г.У-ийн маань биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг зодож учруулсанаа хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        8 дугаар сарын 13-ны өдрийн 413 дугаартай: ...Г.У-ийн биед тархины доргилт, хамар яс болон зүүн талын 9 дүгээр хавирганд хугарал бухий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. Г.У-ийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнген зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.....гэх дүгнэлт /хх-ийн 19-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.Н- нь 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ХХ аймгийн Х сумын 2 дугаар багт хохирогч Г.У-ийн хамар луу гараараа цохиж, гэдэс рүү нь өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Г.Н- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р тал/-аар тогтоогдож байна.

Хавтаст хэргийн 38-р талд хохирогч Г.У-, шүүгдэгч Г.Н- нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Г.Н-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Г.Н-ад Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Г.Н- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн 1938005600319 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Н- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938005600319 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР