Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 214/МА2025/00013

 

Х*******-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваагийн даргалж хийсэн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Х*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.П*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 14,178,000 /арван дөрвөн сая нэг зуун далан найман мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Хишигдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н******* нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.Х*******-ийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга: ...Г.П******* нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ТШ/БУ-2016/116 тоот 2016 оны хаврын тариалалтад дизель түлш олгох зээлийн гэрээг байгуулан 475,000 мянган төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Энэхүү зээлийн гэрээний 2.6-д зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцоход нийт зээлийн 50 хувиас их гарч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг баримтлан 50 хувиар тооцоход 237,500 төгрөг,

-2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ТШ/БУ-2017/86 тоот Түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 1,980,000 төгрөгийн зээл авсан ба урьдчилгаа 50 хувь буюу 990,000 төгрөгийг төлсөн. Энэхүү зээлийн гэрээний 4.2-д зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцсон ба Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг баримтлан 50 хувиар тооцоход 495,000 төгрөг,

-2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр УХБ-БУ2017/050 тоот Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулан 1,176,000 төгрөгийн зээл авсан ба урьдчилгаа 30 хувь буюу 61,200 төгрөгийг төлсөн. Хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцсон ба Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг баримтлан 50 хувиар тооцоход 57,400 төгрөг,

-2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ҮР/БУ-2017/33 тоот Үр тариа болон тэжээлийн ургамлын үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан 13,820,000 төгрөгийн зээл авсан ба урьдчилгаа 5,312,000 төгрөгийг төлсөн. Хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцсон ба Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг баримтлан 50 хувиар тооцоход 3,984,000 төгрөг болж байна.

Иймд Г.П******* нь 2011 оноос эхлэн Тариалан эрхлэлтийг дэмжих сан-аас удаа дараа зээлийн дэмжлэг авч байсан.

2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 9,452,800 (есөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга найман зуу) төгрөгийн үндсэн төлбөр, 4,726,400 (дөрвөн сая долоон зуун хорин зургаан мянга дөрвөн зуу) төгрөг алданги, нийт 14,178,000 (арван дөрвөн сая нэг зуун далан найман мянга) төгрөгийг Г.П*******гээс гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Г.П******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Г.П******* миний бие нь 2016 оноос Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Булган аймаг дахь сантай гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрийг төлж гэрээнд заасан дизель түлш, үр, ургамал хамгааллын бодис зэргийг зээлээр авч, үлдэх төлбөрийг нь дараа төлөх нөхцөлтэйгөөр худалдан авч үйл ажиллагаандаа ашигласан.

Эхний жил газар тариалан эрхлэх туршлага муутай, зарим бэлтгэл бүрэн хангагдаагүй байсны улмаас олигтой ургац авч чадаагүй тул дараа жилийн ургацаас үлдэгдэл төлөлтийг хийхээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхантай тохиролцсон. Гэтэл 2017 онд манай талбай үерт автагдаж ямар ч ургац авч чадаагүй учир гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийг төлж чадаагүй. Төлбөр тооцоогоо хэрхэн хийх талаар асуудал тавихад аймгийн ХАА-н газрын мэргэжилтэн Энхбаяр танайх байгалийн гамшигт нэрвэгдсэн тул Онцгой байдлын дүгнэлт хүлээж байна. Элдэв төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл үүсэж магадгүй гэсэн хариулт өгч байсан. Тэгээд 7-8 жил чимээгүй болсон тул тэр дагуу төлбөрөөс чөлөөлөгджээ гэсэн ойлголттой өдий хүрсэн болно.

Гэрээнд үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа тухайн жилдээ дуусахаар тохиролцсон боловч нэхэмжлэгч төлбөрийн үлдэгдлийн талаар нэхэмжлэлгүй 8 жил гаруй хугацаа өнгөрсний дараа шүүхэд хандаж байгааг хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дээрх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж маргажээ.

 

4.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* нь хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй буюу талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай заасан. Тиймээс үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой зээлийн үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэсэн хугацааг хэрэглэх боломжтой байсан, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжтой байсан гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлажээ.

 

6.Хэрэгт авагдсан бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Булган салбар, Г.П******* нарын хооронд

-2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ТШ/БУ-2016/116 тоот 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ,

-2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр УХБ-БУ2017/050 тоот Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ,

-2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ТШ-БУ 2017/085 тоот Түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ,

-2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ҮР-БУ 2017/33 Үр тариа болон тэжээлийн ургамлын үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулагджээ.

 

7.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж дизелийн түлш, ургамал хамгааллын бодис, үр тариа болон тэжээлийн ургамлын үр авсан талаар маргадаггүй.

 

8.2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ТШ/БУ-2016/116 тоот 2016 оны хаврын тариалалтад дизелийн түлш олгох зээлийн гэрээ-ний үлдэгдэл төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны дотор бэлэн мөнгөөр болон хүнсний улаан будаагаар төлж, гэрээний хугацаа дуусгавар болох байсан байна.

Мөн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн УХБ-БУ2017/050 тоот Ургамал хамгааллын бодис зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ТШ-БУ2017/085 тоот түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ҮР/БУ-2017/33 Үр тариа болон тэжээлийн ургамлын үр зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийг бэлэн мөнгөөр болон хүнсний улаан будаагаар 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж гүйцэтгэхээр тус тус харилцан тохиролцсон байна.

Худалдан авагч төлбөрийн үлдэгдэл үнийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлөхөөр гэрээнүүдэд заасан байна.

 

9.Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу үндсэн төлбөрт 9,452,800 төгрөг, алданги 4,726,400 төгрөг, нийт 14,178,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй боловч талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

Тодруулбал хариуцагч нь гэрээнд заасан төлбөр гүйцэтгэх үүргийг 7 жил 5 сарын хугацаагаар зөрчсөн байхад нэхэмжлэгч 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Г.П*******д холбогдуулан 2017 онд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байна.

 

Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа байх ба ерөнхий болон тусгай хөөн хэлэлцэх хугацаа байна гэж тодорхойлжээ. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 3 жил гэж хууль тогтоогчоос тодорхойлсон байдаг.

 

10.Зохигчийн хооронд 2016 болон 2017 онд худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед Г.П*******гийн нэгж талбарын 6******* дугаартай, Б******* сумын Б******* багийн ******* гэх газарт байрлах, тариалангийн зориулалттай, 200 м2 газрыг барьцаалсан тухай гэрээнд заасан боловч улсын бүртгэлд барьцаалсан тухай бүртгэл хийгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэгж талбарын 6******* дугаартай, Б******* сумын Б******* багийн ******* гэх газарт байрлах, тариалангийн зориулалттай, 200 м2 газрыг барьцаалсан гэж үзэхгүй.

Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг шүүх хангахгүй.

 

11.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хуралд ...Г.П*******тэй жил бүр манай ажилтан очиж уулзаж байсан. 2018 оноос төлөх боломжгүй гэсэн хариу өгч тооцоо нийлсэн актад гарын үсэг зураагүй... гэж тайлбарласан байх бөгөөд энэ талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүний тайлбар нотлогдохгүй байна.

 

12.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасныг баримтлан хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжтой байсан гэжээ.

Хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар нэхэмжлэгч хэтрүүлсэн байвал шүүх, арбитр хугацааг сэргээж болдог. Хүндэтгэн үзэх шалтгааныг хуульд тодорхой зааж өгөөгүй хэдий ч үүнд онцгой нөхцөл шалтгаанууд байх боломжтой. Тухайлбал: хүнд өвчин, бие хамгаалах чадваргүй байдал, урт хугацааны гадаад томилолт, онц байдал гэх мэт. Эдгээр нөхцөл байдлуудыг тодорхой нотлох баримтад тулгуурлан тогтоох шаардлагатай. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлснийг сэргээлгэх тухай хүсэлт гаргаагүй, энэ талаархи баримт хэрэгт байдаггүй болохыг дурдах нь зүйтэй.

 

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2.-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэж хуульчилсан байх тул анхан шатны шүүх тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах алдааг гаргасан болохыг дурдаж, энэхүү алдааг дахин гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

-Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн нэхэмжлэгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 205 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан БАРИМТ №33 загвараар шүүхэд нэхэмжлэлээ бичиж ирүүлээгүй байхад иргэний хэрэг үүсгэж, ажиллагаа хийсэн,

- Хариуцагчийн хариу тайлбарыг мөн тогтоолын 2 дугаар хавсралтад заасан БАРИМТ №34 загварын дагуу бичүүлж хэрэгт хавсаргаагүй,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1-д тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ гэж заасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн,

759 дүгээр зүйлийн 759.2-т энэ хуулийн 759.1-д заасан шийдвэр нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсэгтэй байна гэснийг зөрчиж шүүхийн шийдвэрийг удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох гэсэн бүтцээр буюу ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шийдвэрийн загвараар бичсэн,

759 дүгээр зүйлийн 3-т шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулна гэж заасан байхад шүүхийн шийдвэрийг 15 хоногийн дараа хэргийн оролцогчид гардуулсан.

7511дүгээр зүйлийн 1-д тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 14 хоног гэж буруу бичсэний улмаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд зааснаас 5 хоног хэтрүүлсэн байна.

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3-т анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ гэж заасан байхад анхан шатны шүүх хэргийг 13 хоног хэтрүүлж давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.

 

Анхан шатны шүүхийн дээр дурдсан процессын шинжтэй алдаа нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөөгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай. гэж, 4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Л. АРИУНЦЭЦЭГ

 

Л. ХИШИГДЭЛГЭР