| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2024/05365/И |
| Дугаар | 210/МА2025/01712 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/01712
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05032 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-т холбогдох,
Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Хүүхдийн төв номын санд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өрнө дахины танхимын номын санч, мэдээллийн ажилтнаар ажилд орж, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, ямар нэг алдаа дутагдал гаргаагүй.
Гэтэл захирал ******* нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б/16 дугаартай тушаалаар намайг номын санчийн албан тушаалын мэргэжлийн шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй байна.
Анх ажилд ороход шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж, зохих журмын дагуу шалгуулж, энэ ажилд тэнцэнэ гэж удирдлагын зүгээс үзсэний үндсэн дээр ажилд авсан.
Мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд, ******* захирлын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/16 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь ******* Өрнө дахины танхимын номын санчийн ажлын байрны тодорхойлолтын албан тушаалд тавих тусгай шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон учраас түүнийг ажлаас чөлөөлсөн.
Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус заасныг баримтлан ******* захирлын 2024.06.21-ний өдрийн Б/16 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т дүгнэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.
2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажилд ороход шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж, зохих журмын дагуу шалгуулж, энэ ажилд тэнцэнэ гэж удирдлагын зүгээс үзсэний үндсэн дээр тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан.
Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасны дагуу ажилтан мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг тогтоогоогүй.
4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т дүгнэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.
Учир нь, намайг анх ажилд ороход ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй, өгөөгүй атлаа шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр боловсруулж, баталсан албан тушаалын тодорхойлолтыг нотлох баримт болгон гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл, энэ ажлын байрны тодорхойлолтыг намайг ажлаас халагдахаас 1 сарын өмнө боловсруулж баталсан.
Анх ажилд ороход мэргэжлийн хувьд номын санч, мэдээллийн ажилтан, нийгмийн ухааны салбарын мэргэжил эзэмшсэн байх, мэргэшлийн хувьд номын сангийн мэргэшлийн 3, түүнээс дээш сарын сургалтад хамрагдсан байх гэсэн шалгуур шаардлага байхгүй байсан ба дээд боловсролтой, англи хэлтэй, олон нийттэй харьцах чадвартай зэргийг харгалзан энэ албан тушаалд ажиллуулсан.
2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/16 тоот тушаалын үндэслэл нь албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангахгүй гэснээс мэргэшлийн шаардлагын талаар огт дурдаагүй байдаг.
4.3. Анхан шатны шүүх Соёлын яамны Хяналт үнэлгээ дотоод аудитын газрын илтгэх хуудсыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Энэ илтгэх хуудас нь улсын байцаагчийн дүгнэлт, шаардлага биш.
4.4. Хөдөлмөрийн тухай 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан үндэслэлээр миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай 80 дугаар зүйлийн 80.4-т заасан 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ гэснийг зөрчсөн.
Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч ажлын байрны тодорхойлолттой танилцсан боловч баримт нь олдохгүй байгаа. Ажлын байрны шаардлагыг хангаж ажиллах ёстой ч энэ талаар сургалтад хамрагдаагүй. Хуульд заасан хугацаанд мэдэгдлийг өгсний үндсэн дээр ажлаас чөлөөлсөн.
Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
3. ******* нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд ******* Өрнө дахины танхимын сан хөмрөгчөөр ажилласан байна.
Тэрээр 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Газарчин дээд сургуулийг ашигт малтмалын баяжуулалтын технологич инженер мэргэжлээр суралцан төгссөн байна.
3.1. Соёлын яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10/1167 тоот албан бичгээр ирүүлсэн хяналт шалгалтын тайланд дурдсанаар, номын санч-сан хөмрөгчийн албан тушаалд номын санч-мэдээллийн ажилтан мэргэжилтэй, нарийн мэргэжлийн сургалтад хамрагдсан байх шаардлагыг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ажлын байрны тодорхойлолтод тусгажээ.
Энэ нь хэрэгт авагдсан 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн номын санч-сан хөмрөгчийн ажлын байрны тодорхойлолтын тусгай шаардлагатай нийцэж байна.
Нэхэмжлэгч нь шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгаа боловч энэхүү шаардлага нь түүнийг ажилд авах үед ч тавигдаж байсан нь баримтаар тогтоогдсон тул холбогдох гомдлыг хангахгүй орхив.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг тухайн ажил, албан тушаалд томилогдох үед дээрх шаардлага анхнаасаа байсан тул нэхэмжлэгч нь энэ талаар мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй.
3.2. Улмаар ******* захирлын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлжээ.
3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд зөв тогтоожээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах болохыг заасан.
Энэ эрх хэмжээний хүрээнд ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгсөн байна.
4.1. Учир нь, ******* номын санч-сан хөмрөгчийн ажил, албан тушаалд номын санч-мэдээллийн ажилтан, сан хөмрөгч, соёл судлал, нийгмийн ухааны салбарын мэргэжил эзэмшсэн этгээд ажиллах ёстой байжээ.
Харин нэхэмжлэгч нь ашигт малтмалын баяжуулалтын технологич инженер мэргэжилтэй тул мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон.
4.2. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй бол ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино гэж заасан байдаг.
Нэхэмжлэгч нь мэргэжлийн хувьд уг албан тушаалын шаардлагад тэнцэхгүй байсан ч 1 жил 8 сарын хугацаанд тухайн ажилд ажилласан тул ажил олгогчоос шаардлага хангах боломжит хугацааг хангалттай олгосон гэж үзэх үндэслэлтэй.
Ажил олгогч нь хэдийгээр ажилтныг ажил, албан тушаалд томилох цаг хугацаанд тухайн албан тушаалд тавих мэргэжлийн шаардлагын талаар мэдэж байсан боловч ийнхүү ажилтан удаан хугацааны турш дээрх шаардлагыг хангах талаар өөрөөс шалтгаалах арга хэмжээг аваагүй байх тул ажлаас чөлөөлсөн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.
4.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа ажил олгогчийн ажлаас чөлөөлөх талаарх 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн мэдэгдлийг хэрэгт баримтаар гаргаж өгсөн, мөн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэгдлийг хүлээн авсан хугацаанд маргаагүй.
Иймээс ажил олгогчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан хугацаанд бичгээр мэдэгдсэний үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан гэж дүгнэнэ.
4.4. Иймд, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцжээ.
Харин шийдвэрийн тогтоох хэсэгт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн хөдөлмөрийн эрхийн маргаанд хамаарах зохицуулалтыг баримтлаагүй алдаа гаргасныг залруулж, өөрчлөлт оруулна.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05032 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус гэснийг 158 дугаар зүйлийн 158.1.1-д гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Т.БАДРАХ