| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/06998/И |
| Дугаар | 210/МА2025/01680 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01680
*******ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ын нэхэмжлэлтэй,
******* ОНӨААТҮГ-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Миний бие 2013 оноос хойш ******* ОНӨААТҮГ-т хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байна. Анх ажилд орохдоо ачигчийн албан тушаалд ажилд орсон. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш жолоочоор ажиллах болсон. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгууллагын захирал В/420 дугаар тушаалаар надтай байгуулсан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай шийдвэр гаргасан. Уг тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4 дэх заалтыг үндэслэн намайг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан буруутай үйлдлийн улмаас байгууллагад нэг сарын цалин хөлснөөс илүү хэмжээний хохирол учруулж хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Би, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргаагүй, харин ажлын байранд хэрэглэж байгаа техник болох автомашин маань акталсан машин байсан ба кроп нь гэмтэлтэй учраас байнга засвар үйлчилгээ шаарддаг байсан бөгөөд механик засварын ажилчид засаж өгдөг байсан. Уг машиныг засахад зарцуулсан мөнгийг би компанид хохирол учруулсан мэт тайлбарлаж ажлаас халж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны талууд эвлэрээгүй шийдвэр гарсан. Иймд, ******* ОНӨААТҮГ-ын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэх, мөн тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
******* ОНӨААТҮГ нь төсвөөс санхүүждэг ажил олгогч бөгөөд батлагдсан төсвийн хүрээ, хэмжээний дотор эд хөрөнгө захиран зарцуулах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Хог тээврийн жолооч *******а нь тус байгууллагад 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/65 тоот тушаалаар хог тээврийн ачигч албан тушаалд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажилласан. 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн өөрийнх нь хүсэлтийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/035 тоот тушаалаар хог тээврийн жолооч албан тушаалд ажиллуулж байсан. *******а нь 2012 онд үйлдвэрлэсэн ******* УНО улсын дугаартай ******* маркийн хог шахагч төхөөрөмжтэй тээврийн хэрэгсэл жолоодож байсан бөгөөд 2024 оноос жолоочоор ажиллаж байх хугацаанд нийт 8,378,410 төгрөгийн сэлбэгийг тус тээврийн хэрэгсэлд зарцуулсан байна. Уг дүн нь санхүүгийн баримтаар нотлогдоно. Мөн дээрх дүн нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацааны сэлбэг хэрэгсэл олгосон дүн юм. Үүнээс үзвэл *******а нь улсын өмчийн техник хэрэгсэлтэй ажиллах ур чадвар муу байгаа нь ялангуяа 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ган диск шинээр сольсон. 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр дахин ган диск шинээр сольж, ган диск эвдэрч байгаа нь жолоочийн ур чадвараас ихээхэн шалтгаалдаг техникийн хүнд гэмтэлд тооцдог. Тодруулбал, нэг гэмтлээр удаа дараа засварт орж ирдэг. Манай байгууллага нь авто баазтай бөгөөд ******* УНО тээврийн хэрэгслийн эвдрэлийг шалгуулахад механик жолоочийн ур чадвараас шалтгаалж үүссэн эвдрэл гэж оношилдог. Манай байгууллагын хувьд нэг тээврийн хэрэгсэлд жил хүрэхгүй хугацаанд 8,378,410 төгрөгийн сэлбэг хэрэгсэл тавьж сольж засварлаж байгаа нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй болно. Түүнчлэн ажил олгогчийн хувьд жолооч *******ыг шууд ажлаас чөлөөлөөгүй бөгөөд хуучин ажиллаж байсан ачигч албан тушаалд ажиллах саналыг тавьсан. *******а нь ачигч болохоос татгалзсан тул Хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчлийн дагуу буюу ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан буруутай үйлдлийн улмаас байгууллагад 1 сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг ******* Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын хог тээврийн жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч ******* Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газраас 18,216,107 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос тооцож нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагч ******* Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 249,031 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
... Нэгт. Нотлох баримтыг бүрэн эргэлзээгүй, тал бүрээс нь үнэлээгүй тухайд.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-т ...хариуцагч нь тушаалын үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байх тул уг тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад нийцсэн гэж үзэх боломжгүй. ... Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажил. албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна..." гэж дүгнэсэн.
...Нэхэмжлэгч *******ын жолоодож байсан тээврийн хэрэгсэлд үүссэн олон удаагийн эвдрэл, гэмтэл нь ердийн элэгдэл, техникийн насжилтаас бус, харин жолоочийн хайхрамж, болгоомжгүй, туршлагагүй үйл ажиллагаанаас үүдэлтэй болохыг нотолсон нотлох баримтуудыг тал бүрээс шинжлэн судалсны үндсэн дээр тогтоох боломжтой байсан. Тухайлбал, 2024 оны 01 дүгээр сараас 9 дүгээр сарын хугацаанд хийгдсэн 9 удаагийн төлөвлөгөөт бус засвар хийх болсон үндэслэл, эвдрэл гэмтлийн шалтгаан, олгогдсон сэлбэг хэрэгсэл, түүнд зарцуулсан зардал зэрэг мэдээллийг тусгасан сэлбэг хэрэгслийн захиалгын хуудас, шаардах хуудас, техникийн комиссын акт зэрэг ...баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байхад эдгээрийг огт үнэлээгүй бөгөөд үнэлэхгүй байх үндэслэлээ мөн шүүх тайлбарлаагүй байдаг. Түүнчлэн дээрх баримтуудаар тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтлүүд нь жолоочийн хайхрамж, болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан болохыг илтгэх механикчийн тайлбар болон эвдэрсэн сэлбэг хэрэгслийн давтамж, төрөл зэргийг харгалзан үзэхэд эдгээр гэмтлүүд нь ердийн элэгдэл, хэрэглээнээс бус харин жолоочийн буруутай үйл ажиллагаатай шууд хамааралтай болохыг ажил олгогчийн зүгээс мэргэжлийн боловсон хүчин, шууд удирдлагуудтай нь хамтран тогтоож энэхүү ажилтны гаргасан зөрчил нь компанийн хөдөлмөрийн дотоод журам, талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар ноцтой зөрчил гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамааруулан талууд гэрээлсэн байдаг.
...Нэхэмжлэгч нь Ажлын байрны тодорхойлолт-ын 13 дахь хэсэгт зааснаар техник ашиглалтын журмыг зөрчиж, техникийн хэвийн ажиллагааг алдагдуулахгүй ажиллах ... үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, байнгын компанийн өмч хөрөнгийг эвдээд байсан учир ажил олгогч нь Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.2.1.5 болон Б.Цэрэнбямбатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3 дугаар зүйлийн 5.3.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүх тушаалын хууль зүйн үндэслэлийг буруутгах, тушаалыг хүчингүй болгох хэмжээний зөрчлийг олж дүгнээгүй атлаа ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь анхан шатны шүүх нотлох баримтыг бүх талаас нь эргэлзээгүй үнэлэх, шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй шийдвэр гаргасан байна.
Хоёрт. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 18-т нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 137 өдрийн дундаж цалинтай тэнцэх 18,216,107 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэсэн.
Гэвч хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгч *******ын нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаанаас харахад, тэрээр 2025 оны 2, 3 дугаар сард ******* ХХК-д ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа нь тогтоогдох бөгөөд энэ нь түүнийг тухайн хугацаанд хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч байсныг нотолж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т дэх зохицуулалт нь ажилтны ажилгүй, орлогогүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн төлүүлэх зорилготой буюу ажилтны ажил, хөдөлмөр эрхлээгүй үеийн олговрыг нөхөх байдлаар түүнийг эрхийг сэргээн эдлүүлэх зорилготой заалт бөгөөд хэрэв ажилтан өөр байгууллагад ажиллаж, цалин хөлс авч байгаа бол түүний цалин хөлс, нөхөж авах эрх өөр байгууллагаас цалин хөлс авснаар сэргэсэн байх тул дахин давхар цалин хөлс олгох болон түүнийг шаардах хууль зүйн боломж олгогдоогүй болно. Иймд, нэхэмжлэгч нь 2025 оны 2, 3 дугаар сард хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч байсан нь баримтаар нотлогдож байхад уг хугацааг ажилгүй байсан хугацаанд хамааруулан цалин хөлс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна.
Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 5.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан атлаа ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн хог тээврийн автомашин эвдрэх, сэлбэг хэрэгслийн зардал гарах нь ажилтны буруугаас бус байгууллагын техник ашиглалтын нөхцөл, засвар үйлчилгээний хариуцлагаас хамаарна. Анхан шатны шүүх эдгээр баримтуудыг бүхэлд нь үнэлсэн учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас техник эвдэрсэн болохыг нотолсон баримт хэрэгт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажил үүргээ ажилтан биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжтой гэж заасан. Гэтэл уг хуулийн зохицуулалт хангагдаагүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Ноцтой зөрчил гаргасан талаарх баримтыг хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Техникийн эвдрэл гэмтлийг ажил олгогч хариуцах үүрэгтэй.
Хариуцагч байгууллагад учирсан хохирол нь нэхэмжлэгчээс шалтгаалсан зүйл биш. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдсан 8,378,410 төгрөгийн засварын зардал нь техникийн байнгын элэгдэл, ашиглалтын хугацаа болон ажил олгогчийн байнгын засвар хийх үүрэгтэй нь холбоотой. ...Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг өөр байгууллагад ажилласан, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн гэж тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт ажилд эгүүлэн авах хүртэлх цалинг тооцно гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Иймд, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч *******а нь хариуцагч ******* ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаар *******а нь хариуцагч ******* ОНӨААТҮГ-тай 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, хог тээврийн жолооч ажил, албан тушаалд томилогдон ажиллаж байхад нь түүнийг тус газрын захирлын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/420 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Байгууллагын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.8, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1, 14 дүгээр зүйлийн 14.2.1, 12.2.1.5, Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, 5.3.5 дахь заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна. /х.х-ийн 6/
Тодруулбал, зохигч нар тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болон нэхэмжлэгчийн хариуцаж байсан тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийг засварлахад нийт 8,378,410 төгрөгийн зардал гарсан талаар маргаагүй боловч тухайн эвдрэл, гэмтэл нь нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан буруутай үйлдлийн улмаас учирсан эсэх нь маргааны зүйл болжээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гээд, 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан.
Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-д Дор дурдсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална гээд 5.3.5-д Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтэй хариуцлагагүй хандсан буруутай үйлдлийн улмаас байгууллагад 1 /нэг/ сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээний хохирол учруулсан гэж,
мөн хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.2.1-т Дараах зөрчлийг баримтаар нотлогдсон тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцон шат дараалласан хариуцлагын арга хэмжээг авахгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. Энэхүү заалтыг ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд тооцох заалтад заавал оруулна гээд 14.2.1.5-д Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлээгүй, ажил үүрэгтэй хариуцлагагүй хандсан буруутай үйлдлийн улмаас байгууллагад 1 /нэг/ сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээний хохирол учруулсан гэж тус тус заасан байна. /х.х-ийн 7-11/
5. Хариуцагч ******* ОНӨААТҮГ-ын техникийн комисс нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 9 удаагийн техникийн комиссын акт үйлдэж, нэхэмжлэгч *******ын хариуцсан ******* УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгаж, тухайн тээврийн хэрэгсэлд шаардлагатай сэлбэгийг солих буюу засах шийдвэрийг гаргаж байжээ. /х.х-ийн 61, 66, 71, 76, 82, 88, 95, 101, 107/
Ингэхдээ тухайн эвдрэл, гэмтэл ямар шалтгааны улмаас учирсан болон тухайн эвдрэл, гэмтлийг хэн хариуцах талаарх шийдвэрийг тухай бүр гаргаж байсан болох нь техникийн комиссын хурлын протоколоор тогтоогдсон ба нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас байгууллагад учруулсан хохирол нийт 295,400 төгрөг болж байна. /х.х-ийн 62, 67, 72, 77, 83, 89, 96, 102, 108/
Тодруулбал, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хурлын протоколоор нэхэмжлэгч *******а нь хурдаа тохируулж яваагүйгээс нэхэмжлэгч байгууллагын өмч болох ******* УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2 ширхэг стермен хугарсан тул түүний үнэ болох 60,000 төгрөгийг нэхэмжлэгчээр төлүүлэхээр, /х.х-ийн 101/
мөн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын протоколоор тээврийн хэрэгслийн жолооч буюу нэхэмжлэгч *******а нь чадваргүйгээс тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учруулсан тул пирда дискний үнийн дүнгийн 50 хувийг, хойд гэрлийн үнийн дүнгийн 30 хувийг нэхэмжлэгчид хариуцуулж цалингаас суутгахаар тус тус шийдвэрлэжээ. /х.х-ийн 107/
Дээрхээс үзвэл *******ын хариуцах хохирлын үнэ 295,400 төгрөг /стермен 2 ширхэг 60,000 төгрөг, пирда диск 385,000 төгрөгийн 50 хувь нь 192,500 төгрөг, хойд гэрэл 2 ширхэг 143,000 төгрөгийн 30% нь 42,900 төгрөг/ болж байна.
6. Хариуцагч ******* ОНӨААТҮГ-ын даргын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/035 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг хог тээврийн жолоочийн албан тушаалд томилохдоо түүний үндсэн цалинг хийснээр буюу тонн, жин, рейсээр, хүнд нөхцөлийн нэмэгдлийг 5 хувиар тооцож цалинжуулахаар заасан бөгөөд тэрээр 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд 1,648,820 төгрөгөөс 3,652,030 төгрөгийн цалин авч байсан тул нэхэмжлэгчийн учруулсан гэх 295,400 төгрөгийн хохирол нь түүний 1 сарын дундаж цалин хөлсөнд хүрэхгүй байна. /х.х-ийн 5, 27/
Иймд, нэхэмжлэгч ямар ажил үүргээ биелүүлээгүй, яаж ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан буруутай үйлдлийн улмаас хариуцагч байгууллагад Хөдөлмөрийн дотоод журмын 14.2 дугаар зүйлийн 14.2.1.5-д заасан 1 сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээний хохирол учруулсан болох нөхцөл байдал тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн дээрх үйлдлийг хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.5-д хамруулсан нь үндэслэлгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
7. Түүнчлэн хэрэв тухайн ажилтан ажлын байранд тавигдах шаардлага /ур чадвар/-ыг хангахгүй байгаа бол энэ нь чухам ямар үндэслэлээр сахилгын зөрчилд тооцогдох талаар ажил олгогчийн зүгээс үндэслэлтэй тайлбар өгөөгүй, 2012 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэлд хэзээ үндсэн засвар /капитал засвар/ хийж, техникийн хувьд бүрэн бүтэн асуудалгүй тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, хэрэгт авагдсан эвдрэл гэмтлийг шалгасан баримтыг үзвэл ердийн хэрэглээний явцад элэгдэж хорогддог эд ангийг нэхэмжлэгч нь эвдэж гэмтээсэн гэж шууд дүгнэх боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан бүгдийг зөрчилд тооцохгүй, ажилтны гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь гагцхүү зөрчлийн шинж чанар, бүрэлдэхүүнийг хангасан байх учиртай.
Нэхэмжлэгч нь хог тээврийн жолоочийн хувьд өөрийнхөө эрхэлсэн ажилтай холбоотойгоор тээврийн хэрэгслийг арчлан хамгаалах, зохистой ашиглах үүрэг хүлээх хэдий ч энэ үүргийнхээ хүрээнд гаргасан 295,400 төгрөгийн хохирол учруулсан зөрчил нь хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.5-д заасан 1 сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээнд хүрэхгүй байгаа тул нэхэмжлэгчийн учруулсан хохирлын хэмжээг харгалзан түүний гаргасан зөрчлийг ноцтой зөрчилд тооцох үндэслэлгүй.
Иймд, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 18,216,017 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан хугацаанд өөр байгууллагад ажиллаж тухайн байгууллагаас цалин авч байсан нь түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгохгүй байх үндэслэл болохгүй.
Тодруулбал, нэхэмжлэгч нь ажил олгогчийн буруу шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацаандаа өөр газар ажилласан нь түүний хөдөлмөрлөх, орлого олох, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх эрх, үүрэгтэй холбоотой учир тэрхүү хугацаанд хамаарах цалин хөлсийг олгохгүй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Хариуцагч Баянгол шинж өргөө ОНӨААТҮГ нь дээрх хуульд зааснаар өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээд болохын хувьд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гээд 41.1.3-т төсвийн байгууллагын нэхэмжлэл гэж заасанд хамаарахгүй тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй.
Иймд, хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт гаргуулахаар шийдвэрлэсэн 18,216,107 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 249,031 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ гэж заасанд нийцнэ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 192/ШШ2025/03335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 249,031 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Б.МАНДАЛБАЯР