Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/270

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ууганбаяр,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгч Ш.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.П-д холбогдох эрүүгийн 1938004730305 дугаартай хэргийг  2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ш.П-, 

Шүүгдэгч Ш.П- нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ХХ аймгийн Х  сумын ХХХ багийн нутаг дэвсгэрт иргэн Д.О-тай маргалдан улмаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.П- нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ХХ аймгийн Х  сумын ХХХ багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.О-тай маргалдан улмаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Д.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн орой 17 цагийн орчим ажил тараад өрөөнөөсөө гараад явж байтал Халамжийн мэргэжилтэн Бямбажав эгчийн өрөөнд хүмүүс дуугараад байхаар нь яваад ортол халамжийн мэргэжилтэн Д.Бямбажав, хог хаягдлын байцаагч С.Баярсайхан, Архив, бичиг хэргийн ажилтан Ш.П- нар сууж байсан. Тэгээд намайг ортол Баярсайханыд очиж пиво уух юм болж байсан. Тэгээд тэдний өрөөнөөс бөөндөө гараад Хямд нэртэй дэлгүүр орцгоож 2 том пиво худалдаж аваад Баярсайханыд очоод тэрийгээ хувааж уугаад бараг дуусах гэж байх үед бичиг хэргийн ажилтан Ш.П- дуу нь чангараад байсан. Тэр үед манай сумын ЗДТГ-ын зарим ажилчин 1, 7 багийн хуралд яваад хуралд очсон зургаа фэйсбүүк дээр оруулсан байсан юм, тэр зурагны доор нь сэтгэгдэл хэсэгт нь Ш.П- нь “тэнгэрийн амьтад газарт бууж амьдар” гээд бичсэн байхаар нь Бямбажав эгч бид 2 Ш.П-д “эгчийн дүү нэг байгууллагад ажиллаж байж нэг нэгнийгээ юунд тэгж бичиж байгаа юм бэ” гэж хэлтэл дуу нь чангараад байсан. Тэгээд “одоо боль” гэцгээгээд сууж байтал Ш.П- “би тэгж бичээгүй” гээд уурлаад байсан. Би тэгэхээр нь “чи бичсэн байж байгаад дараа нь устгасан байсан, захиргааныхан бүгд мэдэж байгаа” гэж хэлтэл намайг “чи хууль мэддэггүй” гээд босож ирээд намайг гараараа цохисон...Тэгээд над руу гүйж ирээд миний толгой, нуруу, мөр хэсэг рүү хэд, хэдэн удаа цохиж өшиглөж байсан. Мөн намайг миний аавын нэрээр дуудаад “Дашжамцын гөлөг, шээс, хулгайч” гэх мэт хэлэх хэлэхгүй үгээр доромжилж орилсон. Иймд би гомдолтой байна. Би сумаас аймаг орж шүүх эмчид үзүүлсэн. Мөн аймаг ороод очдог айл маань Алаг- Эрдэнэ сум руу явсан байсан тул буудалд нялх хүүхэдтэйгээ орж амарсан. Мөн эм, эмчилгээний зардал нэлээд гарсан байгаа, одоо ч би өвчин намдаах эм байнга хэрэглэж байгаа. Ирэх очихын замын зардалд нийд 50.000 төгрөг, буудалд 1 хонсоны хөлсөнд 60.000 төгрөг төлсөн. Цаашид эрүүл мэнд болон сэтгэл санааны хувьд хохиролтой байна...Миний хувьд Ш.П-гаас мөнгө төгрөг авах гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Харин өөрийнхөө гаргасан үйлдлийг ухамсарлаасай л гэж бодсондоо шалгуулсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 13-19-р тал/

Гэрч С.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... “...2019 оны               7 дугаар сарын 03-ны орой 19 цаг өнгөрч байхад...араас Бямбажав эгч, Ш.П-, Д.О- нар манай гадаа ирчихсэн утсаар ярьсан. Би гартал тэд нар 2 пиво авчихсан “танайд ороод уучих уу” гэхээр нь би “тэг” гээд гэртээ оруулсан. Тэд нар пивоо задлаад ууцгааж байснаа Д.О- Пүрэвбасгаланд хандаж “чи адилхан нэг газар ажиллаж байж хүмүүсийн зураг дээр янз бүрийн коммент бичиж байвап яадаг юм бэ” гэж хэлж байсан. тэрнээс болж маргаан үүсэх шиг болсон. Тэгээд би “за та нар болиорой” гэж хэлчихээд хажуу өрөөндөө орж хувцсаа сольчихоод гадаа гарч жорлон орж бие засаад орж иртэл Ш.П-, Д.О- нар маргалдаад барилцаад авсан байхаар нь би дундуур нь орж Ш.П-г барьж автал Д.О- гараад гүйсэн. Би Ш.П-г “одоо харь, харь” гэзд гаргасан, ...Ш.П- хашаанд орилоод байх шиг байсан. Тэгтэл удалгүй Ш.П-гийн аав Шагдар гуай манай хашаанд орж ирсэн. Тэгээд Ш.П-г аав нь загнаад аваад явсан....гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р тал/

Гэрч Ц.Шагдарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 7 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед би гэртээ байж байсан чинь манайд Д.О- гэдэг захиргаанд ажилладаг гэсэн, би сайн мэдэхгүй нэг хүүхэн орж ирээд “бид нар жоохон пиво уусан, тэгсэн чинь Ш.П- агсам тавиад байна” гэхээр нь би тэр хүүхнийг дагаад байгаа газар нь ирсэн. Тухайн үед тэд манай гудамжинд Сандгаа гэх айлын хашаанд байсан. Намайг очиход захиргааны ажилтан Бямбажав, хогны байцаагч Баярсайхан, манай охин Ш.П- нар байсан. Тэнд тэр дөрөв юм уусан байсан. Тэгсэн манай охин намайг хараад “Д.О- намайг хоёр түлхүүр авлаа гээд байна” гэсэн. Би сайн учрыг нь олоогүй. Тэгээд тэр Д.О-г нь эргээд харсан байхгүй байсан. Намайг тэр айпын хашааны үүдэнд аваачиж өгөөд алга болсон байсан. Тэрнээс би өөр зүйл мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28-р тал/

Гэрч Д.Бямбажавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны                          7 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед ажил тараад гэрлүүгээ явах гэж байсан чинь манай Тамгын газрын ажилтан Д.О- “хоёр пиво уучихъя” гээд хурлын нарийн бичиг Энхцэцэгийн машинтай явж байсан. Тэгээд Тамгын газрын ажилтан Баярсайханы гэрийн үүдэнд очоод Энхцэцэг бид нарыг буулгаад яваад өгсөн. Тэр үед Д.О- хоёр том пивотой байсан...Тэгсэн яг хэн нь эхэлсэн талаар би сайн мэдэхгүй, нэг мэдсэн тэр хоёр “чи бага хүүхэд байж хүний дээр суудаг” гэж хэрэлдэж байсан санагдаж байна. Тэгээд Д.О- утсаар спикер дээр нь тавьсан ярьж байсан. Тэр хоёр тэгээд утсаа булаацалдаад тэнд маргаад байсан... Пүрэвбаягалан Д.О-г “энэ олон жил ажиллачихаад хуулийн заалтаа мэдэх үү” гэсэн зүйл ярьж сонсогдсон...Би тэр хоёрт “бие биенээсээ уучлалт гуйгаад одоо энэ хэрүүлээ болио” гэж хэлсэн. Тэр хоёрын хооронд ямар асуудал байгааг би сайн мэдэхгүй байна.Тэгээд би жорлон орчихоод гараад ирсэн чинь Ш.П-гийн аав ирсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31-р тал/

Шүүгдэгч Ш.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн:...2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ажил тараад Баярсайхан, Бямбажав, Д.О- нарын хамт Баярсайханыд очиж пиво ууж суухаар ярилцаад тэднийд очсон...Ингээд сууж байтал Д.О- нь “Чи ажил албан тушаалаа мэдэхгүй хүмүүсийн дээр гарч суудаг хэн юм" гэж над руу хэлэхэд нь би “Та юу мэддэг юм бэ, Захиргааныхан захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж хувийн хэрэг, дагалдах хуудсыг бөглөж өгч чадддаггүй биз дээ“ гэж хэлсэн. Тэгж маргаж байгаад Д.О- гараад явсан. Баярсайхан, Бямбажав бид 3 ярьж сууж байгаад би жорлон орохоор гарахад Д.О- нэг хүнтэй утсаар ярьж байсан. Нөгөө хүн нь “бичлэг сайн хийж, дууг нь хураа” гэж хэлсэн.Сүүлд сонсоход нөгөө утсаар ярьсан хүн нь Бямбажав байсан...Д.О- нь өөрөө “пиво ууя” гэж уриалчихаад дуу хурааж бичлэг хийх гэж оролдож байгаа нь үйлдэл нь санаатай үйлдэл гэж ойлгож байна. ...Тухайн үед болсон маргаан нь Д.О-гаас үүдэлтэй, Д.О- гар утсаараа бичлэг хийх гэж оролдоогүй байсан бол ийм зүйл болохгүй байсан. Энэ асуудал болсноос хойш хүний биед халдаж гэмтэл учруулвал гэмт хэрэгт тооцогддог юм байна гэдгийг нь ойлгож мэдлээ. Миний хувьд гэм буруугаа ойлгож байгаа, дахиж ийм асуудал гаргахгүй. Би хохирогч Д.О-гаас уучлалт гуйх зорилгоор түуний гар утас руу залгасан боловч утсаа авахгүй байгаа болохоор чатаар болон мессежээр уучлалт гуйсан байгаа....гэх мэдүүлэг /хх-ийн 49-53-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        7 дугаар сарын 09-ний өдрийн 350 дугаартай: ...Д.О-гийн биед баруун мөрний цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. Д.О-гийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.....гэх дүгнэлт /хх-ийн 34-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        7 дугаар сарын 24-ний өдрийн 377 дугаартай: Ш.П-гийн биед баруун самалдагны гадна өнцөг, баруун шуунд зулгаралтын нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Ш.П-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 43-р тал/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/

Эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-39-р тал/  зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Ш.П- нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ХХ аймгийн Х  сумын ХХХ багийн нутаг дэвсгэрт иргэн Д.О-тай маргалдан улмаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Ш.П- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р тал/-аар тогтоогдож байна.

Хавтаст хэргийн 69-р талд хохирогч Д.О-гийн “...2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Ш.П- өөрийн буруугаа ухамсарлан уучлалт гуйсан бөгөөд бид 2 эвлэрсэн. Одоо гомдолгүй” гэх бичгийн тайлбар авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ш.П-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Ш.П-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн   1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Ш.П- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн 1938004730305 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ш.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.П-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ш.П- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938004730305 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР