Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 835

 

 

 

 

 

 

2019              08           19                                     2019/ШЦТ/714

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,

Улсын яллагч: Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч: Б.Ц  өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ц д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905009420837 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ц , урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.Ц  нь 2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг 23 дугаар байрны орчим иргэн Х.М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ц ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг зүйлгүй...” гэв.

Хохирогч Х.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй долоон буудал орчимд өөрийн машинтай таксинд явж байхад зам дээр 2 эмэгтэй, 1 эрэгтэй гар өргөхөөр нь суулгаад 57 дугаар сургуулийн автобусны буудал дээр дэлгүүр орно гэхээр нь уг дэлгүүр дээр очсон, залуу нь дэлгүүр ороод нэг том пиво аваад гарч ирээд буцаад Хайлааст руу давдаг замын харалдаа очоод нэг хашаа руу ороод би удахгүй гараад ирнэ гээд орсон. Тэгээд ганцаараа гарч ирээд хороолол явъя гэхээр нь ...23 дугаар байрны гадаа ирээд найзыгаа утсаар яриад дуудсан, найз нь гарч ирээд “хэд гарсан” гэсэн гэхээр нь “15.000 төгрөг гарсан байна” гэхэд 7.000 төгрөг өгөөд “энийг аваад яв мэдэв үү” гэхээр нь “юу яриад байгаа юм, үлдэгдлийг нь яах юм” гэхэд “би яаж мэддэг юм, такси барьсан хүнээсээ ав” гэсэн. ...такси барьсан залууг бариад авахад ...миний нүүр рүү хэд хэдэн удаа цохьсон. Гэмтлийг тухайн үед такси барьж очсон намхан залуу учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-13-14/,

Гэрч Ч.Г ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би таксины жолоочид 8.000 төгрөг өгөөд найз Б.Ц ыг буулгаад авч явах гэтэл араас ирээд “юу яриад байгаа юм. 7 буудлаас гараад дэлгүүр ороод буцаад 7 буудал ороод ирж байна” гэсэн. Надад өөр мөнгө байхгүй гэж хэлээд ...явтал араас ирээд манай найзыг барьж аваад хамт газар унахаар нь би найз Б.Ц ыг босгоод салгахад Б.Ц  уг таксины жолоочийн нүүрэн тус газарт нэгээс илүү цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Шинжээчийн 2461 тоот дүгнэлтэд: “...Х.М-ын биед дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун шанааны зулгаралт, баруун нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал ба нүдний алимны цус хуралт, цэгчилсэн цус харвалт, дээд, доод уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, 1 шүдний эмтрэл, хүзүүний цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд 4-6 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна /үзлэгийг 2019.2.17-ны 09.40-д хийв/ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 25/,

Яллагдагчаар Б.Ц ын мөрдөн байцаалтад өгсөн: “...яллагдагчаар татаж байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Х.М-ын биед учирсан гэмтлийг би гараараа хэд хэдэн удаа цохиж учруулсан ...таксины мөнгийг төлөхөд жолооч нь дутуу байна гэж ...намайг бариад бид 2 газар унаж, Ч.Г  салгах үед би ганцаараа таксины жолоочийг цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 43-46/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, хохирогчийн өргөдөл /хх-н 8/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31-41/, хохирогчийн хүсэлт /хх-н 53/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ц  нь 2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг 23 дугаар байрны орчим иргэн Х.М-ыг таксины төлбөрийг дутуу өглөө гэсний улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Х.М-ын: “...такси барьсан залууг бариад авахад ...миний нүүр рүү хэд хэдэн удаа цохьсон. Гэмтлийг тухайн үед такси барьж очсон намхан залуу учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, гэрч Ч.Г ийн: “...Надад өөр мөнгө байхгүй гэж хэлээд ...явтал араас ирээд манай найзыг барьж аваад хамт газар унахаар нь би найз Б.Ц ыг босгоод салгахад Б.Ц  уг таксины жолоочийн нүүрэн тус газарт нэгээс илүү цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/, шинжээчийн 2461 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Ц ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ц  нь хохирогчтой таксины мөнгөнөөс болж маргалдан, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 53/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Ц ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.                                                             

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ц ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР