Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01629

 

*******ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/06444 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 59,271,320 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, зээлийн төлбөрт шилжүүлсэн 40,323,040 төгрөгийг буцаан гаргуулах, барьцааны гэрээний дагуу шилжүүлсэн Мобикомын ******* дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* , хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ББСБ нь иргэн ******* ийн хүсэлтээр 2023 оны 04 сарын 30-ны өдөр ЗГ23/004/0142 дугаар бүхий Зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр 54,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатайгаар, 30 хоногийн 3,3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба тус мөнгийг зээлдэгчид 2 хуваан шилжүүлсэн болно.

1.2. 2024 оны 05 сарын 01-ний өдөр гэрээ дуусгавар болоход зээлийн төлбөрийг бөөн төлөхөөр тохиролцож төлбөрийн хуваарь байгуулсан ба уг зээлийн гэрээг төлөх баталгаа болгон зээлдэгч нь өөрийн эзэмшлийн мобикомын ******* дугаарыг тус байгууллагын нэр дээр шилжүүлсэн.

1.3. ******* нь 2025 оны 04 сарын 08-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 54,000,000 төгрөг, хүү 4,784,240 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 487,080 төгрөг, нийт 59,271,320 төгрөгийг төлөөгүй байна. Иймд зээлдэгч ******* аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 59,271,320 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн шаардаж буй 2023 оны 04 сарын 30-ны өдөр ЗГ23/004/0142 дугаар зээлийн гэрээг хариуцагчийн хувьд нэхэмжлэгчтэй байгуулж, гарын үсэг зурсан байдаг ба уг гэрээг үндэслэн 2023 оны 04 сарын 30-ны өдөр №БГ-23/004/0142 дугаар барьцааны гэрээг байгуулан өөрийн эзэмшлийн ******* мобикомын дугаарыг барьцаалсан.

2.2. Гэвч тухайн гэрээний дагуу зээл олгож мөнгийг хариуцагчид бодитоор шилжүүлэн өгөөгүй бөгөөд өмнө нь байгуулсан 2021 оны 10 сарын 21-ний өдрийн гэрээний дагуу үүссэн зээлийн үндсэн төлбөр 50,000,000 төгрөг түүний хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үүрэг 4,000,000 төгрөгийг тооцож шинээр гэрээ байгуулсан мэтээр баримт үйлдсэн.

2.3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар тухайн мөнгийг шилжүүлэн өгөөгүй зөвхөн өмнөх зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгож шинээр зээлийн гэрээний үүрэг үүсгэж, зээл олгосон байдлаар 2023 оны 04 сарын 30-ны өдрийн гэрээ хийгдсэн. Өөрөөр хэлбэл гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан хэдий ч бодитоор тухайн гэрээний дагуу надад зээл олгож би түүнийг ашигласан зүйл байхгүй тул тухайн зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх нөхцөл байдлыг үүсгэхгүй гэж үзэж байна.

2.4. Түүнчлэн тухайн гэрээ нь талуудын хооронд аливаа төлбөрийн үүрэг үүсгээгүй байтал хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч талд 2023 оны 04 сарын 30-ны өдрөөс хойш нийт 40,323,040 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгчийн хувьд дээрх хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байгаа төдийгүй үндэслэлгүйгээр хариуцагчийн эзэмшлийн ******* дугаарыг барьцаалсан болох нь харагдаж байна. Иймд тухайн гэрээний дагуу миний зүгээс төлбөр төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Тухайн 2023 оны 04 сарын 30-ны өдөр ЗГ23/004/0142 дугаар зээлийн гэрээний 2.3-т “... зээлийг бүхэлд нь, хэсэгчлэн бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцно” гэж тодорхойлсноор зээлдэгч нь хариуцагчид мөнгөн хөрөнгийг хууль болон гэрээнд зааснаар бодитоор шилжүүлэн өгөөгүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд зааснаар бодитоор хэрэгжээгүй буюу зээлийн гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсээгүй байна.

3.2. Зээлийн гэрээ нь талуудын хооронд аливаа төлбөрийн үүрэг үүсгээгүй байхад хариуцагч нь гэрээний үүргийн гүйцэтгэлд 2023 оны 04 сарын 30-ний өдрөөс хойш нийт 40,323,040 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. Нэхэмжлэгч дээрх хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байгаа төдийгүй үндэслэлгүйгээр миний эзэмшлийн ******* дугаарыг барьцаалсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар 40,323,040 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

3.3. Мөн зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд гэрээний болон хуулийн дагуу үүрэг үүсээгүй болох нь харагдаж байна.

3.4. Барьцааны гэрээ нь дангаараа үүрэг үүсгэхгүй, шаардах эрхийн үндэслэл болохгүй бөгөөд барьцаагаар хангагдах үүрэг үүсээгүй тохиолдолд барьцаалагч барьцааны зүйлийг саатуулан барих эрхгүй тул 2023 оны 04 сарын 30-ний өдөр №БГ-23/004/0142 дугаар барьцааны гэрээний дагуу шилжүүлсэн Мобикомын ******* дугаарын эзэмших эрхийг нэхэмжлэгч ******* т буцаан шилжүүлэх үндэслэлтэй байна.

3.5. Иймд Зээлийн гэрээний төлбөрт шилжүүлсэн 40,323,040 төгрөгийг буцаан гаргуулах, 2023 оны 04 сарын 30-ний өдөр №БГ-23/004/0142 дугаар барьцааны гэрээний дагуу шилжүүлсэн Мобикомын ******* дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

4.1. Хариуцагч ******* ийн хүсэлтийн дагуу талууд харилцан тохиролцож 2023 оны 04 сарын 30-ны өдрийн ЗГ-23/004/0142 дугаар Зээлийн гэрээ болон БГ-23/004-0142 дугаар Барьцааны гэрээг тус тус байгуулсан. Өөрөөр хэлбэл, тухайн өдөр зээлдэгч тал манай байгууллагад зээлийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй ба зээлдэгчийн төлбөл зохих төлбөр 54,020,000 төгрөг болсон.

4.2. Тухайн гэрээ байгуулсан өдөр зээлдэгч нь тухайн мөнгөн хөрөнгөөр буюу 54,000,000 төгрөгөөр хөрөнгөжиж байгаа тул уг мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ.

4.3. Хариуцагч нь 2021 оны 10 сарын 21-ний өдрийн сөрөг нэхэмжлэлдээ өдрийн гэрээний дагуу үүссэн зээлийн үндсэн төлбөр 50,000,000 төгрөг түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүрэг 4,000,000 төгрөгийг тооцож ...” гэж тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн талаараа тодорхой дурджээ. Хариуцагч ******* нь тухайн гэрээ байгуулагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж ирсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 160 дугаар зүйлийн 160.3, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч ******* аас 59,271,320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэгчид ******* дугаарын ашиглах эрхийг хариуцагчид буцаан шилжүүлэхийг даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,323,040 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 454,307 төгрөг, хариуцагчийн 1,067,516 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 454,307 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 707,950 төгрөг гаргуулж, хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д “... 2023 онд өмнөх 2021 оны зээлийн гэрээний үлдэх үүргийг 54,020,000 төгрөгөөр тооцож хариуцагч нь 20,000 төгрөг төлж, үлдэх 54,000,000 төгрөгийн хэмжээд дахин зээлийн гэрээ байгуулсан үйл баримтын талаар маргаагүй”, “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.5-д зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийг олгосонд тооцно. Иймд зохигчийн хооронд байгуулагдсан 2023 оны зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө олгогдоогүй тул уг гэрээгээр хариуцагчид үүрэг үүсэхгүй юм” гэж дүгнэсэн байдаг.

6.2. Тухайн дүгнэлтээр талуудын хооронд байгуулагдсан 2023 оны зээлийн гэрээний дагуу зээлдэгч, зээлдүүлэгчийн эрх, үүрэг хэн алинд нь үүсэхгүй ба тухайн гэрээний дагуу нэхэмжлэх эрх үүсэхгүй юм. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1-т “... 2023 оны зээлийн гэрээг нэхэмжлэлийн үндэслэл болгосон байх боловч нэхэмжлэлийн агуулга нь зээлийн гэрээний үүрэг шаардсан тул шүүх зохигчийн хоорондох зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй юм” гэдэг байдлаар дүгнэж нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

6.3. Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо 2023 оны 04 сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 54,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 4,784,240 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 487,080 төгрөг, нийт 59,271,324 төгрөг шаардсан байдаг бол хариуцагч тухайн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ гэрээ хуульд заасан хэлбэрээр байгуулагдаагүй талуудын хооронд бодитоор зээлийн харилцаа үүсээгүй гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж оролцсон байдаг.

6.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг нэхэмжлэлийн бүрдүүлбэрт өгөхөөр хуульчилсан байдаг ба энэ нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотолсон баримтууд нь зайлшгүй тодорхой байх хуулийн шаардлага бөгөөд нөгөө талын хувьд тухайн шаардлагад тайлбар гаргах түүнийг хүлээн зөвшөөрөх, няцаах замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх боломжтой болгох үүднээс хуулийн энэхүү шаардлага байдаг.

6.5. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг ойлгомжтой тодорхойлох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах нэг суурь бөгөөд энэ нь хэргийн болон шүүхийн харьяалал, оролцогчийн эрх зүйн байдал, маргааны талаарх шүүхийн дүгнэлт, нотлох баримтын үнэлгээ, хөөн хэлэлцэх хугацаа тоолох зэрэг нөхцөлүүдтэй шууд хамааралтай чухал зүйл юм.

6.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчилсөн, шаардлагын хэмжээг ихэсгэсэн, багасгасан зүйлгүй байсан төдийгүй 2023 оны гэрээний үүрэг шаардаж буйгаа илэрхийлж, тухайн шаардлагаа дэмжиж оролцсон байтал шүүх 2021 оны гэрээгээр үүрэг үүссэн гэдэг байдлаар талуудын мэтгэлцээгүй асуудлыг шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хэрэг маргааныг дундын байр сууринаас шийдвэрлэх диспозитив зарчмыг зөрчсөн байна.

6.7. Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “... 2021 оны 10 сарын 21-ний өдөр байгуулагдсан гэрээнээс үзэхэд сард 2.4 хувийн хүү төлөхөөр тохиролцож, 24 сарын хугацаатай байгуулагджээ. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар гэрээний хугацаа дуусах нь хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн байгаа ба дээр дурдсанчлан хариуцагч тухайн гэрээний үүргийн талаар хариу тайлбар гаргах, түүнтэй холбоотой маргааныг хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргаагүй төдийгүй тэгэх ч шаардлага байгаагүй. Гэтэл шүүхээс тухайн гэрээний үүргийг тооцож хариуцагчаас төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

6.8. Талууд 2021 оны зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох тохиролцоог 2023 онд хийсэн бөгөөд тухайн тохиролцооны дагуу 54,000,000 төгрөгийг зээлдэгчийн зүгээс зээлдүүлэгчид олгох ёстой байсан ба тухайн тохиролцоо хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл дээрх тохиролцоо хэрэгжсэн аваас 54,000,000 төгрөгийг хүүгийн хамт 2023 оны гэрээнд заасан нөхцөлөөр буцаан өгөх ёстой байсан бөгөөд энэхүү тохиролцоо нь талуудын хоорондох өмнөх гэрээний үүргийг дуусгавар болгож буй хэлцэл байсан.

6.9. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” бол үүрэг дуусгавар болохоор хуульчилсан бөгөөд энэ үеэс эхлэн тухайн гэрээнд заасан хүү нэмэгдүүлсэн хүү тооцох боломжгүй болох юм. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “... 2025 оны 04 сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан тул гэрээ 3 жил 5 cap 21 хоног хэрэгжсэн. Гэрээнд зааснаар сард 2,4 хувийн хүү буюу 1,200,000 төгрөгийн хүү тооцогдох тул ... 41 сарын хугацаанд 49,200,000 төгрөгийн хүү тооцогджээ. Улмаар 1 хоногт 39,452.05 төгрөг нийт тооцогдох хүү нь 50,028,493.05 төгрөг юм” гэдэг байдлаар дуусгавар болгосон гэрээний үүргийг тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6.10. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “Иймд хариуцагчид энэхүү зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 110,034,191.66 төгрөг төлөх үүрэг үүсжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний үүрэгт нийт 40,323,040 төгрөг төлсөн гэж тайлбарласныг хариуцагч зөвшөөрсөн. Цаашлаад хариуцагч нь нэмэлт төлбөр төлсөн талаар баримт шүүхэд ирүүлээгүй тул гүйцэтгээгүй үлдэх үүрэг нь 69,711,151.66 төгрөг байна.” гэсэн байдаг.

6.11. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч болон нэхэмжлэгч нь 2023 оны 04 сарын 30-ны өдрөөс хойш төлсөн төлбөр нь 40,323,040 төгрөг гэж тайлбарладаг бөгөөд шүүхийн дүгнэснээр 41 cap, 21 хоногт хүү тооцогдох үндэслэлгүй бөгөөд 2021 оны 10 сарын 21-ний өдрөөс 2023 оны 04 сарын 30-ны өдрийн хооронд хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж байсан тухайн төлбөрийг хавтаст хэрэгт мөн гаргаж өгсөн байтал түүнийг үнэлээгүй байдаг.

6.12. Дээрх шүүхийн шийдвэр нь хууль хэрэглээний хувьд алдаатай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нотлох баримтыг бүрэн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүй зэргээс үзвэл хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 59,271,320 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулахаар давж заалдах гомдлыг гаргаж байна гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч 2023 оны гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан байхад хариуцагч тал 2021 оны гэрээний харилцаатай холбоотой сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд анхан шатны шүүх талуудын тайлбарын үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч ******* т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59,271,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, зээлийн төлбөрт шилжүүлсэн 40,323,040 төгрөгийг буцаан гаргуулах, барьцааны гэрээний дагуу шилжүүлсэн Мобикомын ******* дугаарын эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. *******ХХК нь ******* тай 2021 оны 10 сарын 21-ний өдөр № ЗГ-21/010/0307 тоот Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 50,000,000 төгрөгийг сарын 2,4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, тохирсон хугацаанд авсан зээлээ хүүгийн хамтаар төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон; /хх-54-59/

 

3.2. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талуудын хооронд 2021 оны 10 сарын 21-ний өдрийн № БГ-21/010/0307 тоот Барьцааны гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагчийн эзэмшлийн ******* дугаарыг барьцаалахаар харилцан тохиролцсон; /хх-56-59/

 

3.3. Талуудын хооронд 2023 оны 04 сарын 30-ны өдөр № ЗГ-23/004/0142 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 54,000,000 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэх, тохирсон хугацаанд авсан зээлээ хүүгийн хамтаар төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон.

 

3.4. Мөн 2023 оны 04 сарын 30-ны өдөр №БГ-23/004/0142 тоот Барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр ******* дугаарыг барьцаалж, эзэмших эрхийг *******ХХК-д шилжүүлсэн байна.

 

4. Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

5. Зохигч талууд анхан шатны шүүхийн шийдвэрийн *******ХХК-ийг ******* дугаарын ашиглах эрхийг хариуцагчид буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн хэсэгт болон нэхэмжлэгчээс 40,323,040 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

6. Анхан шатны шүүх талуудын хооронд 2023 оны 04 сарын 30-ны өдөр № ЗГ-23/004/0142 тоот зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгө бодитоор шилжээгүй, 2021 оны 10 сарын 21-ний өдөр № ЗГ-21/010/0307 тоот Зээлийн гэрээний үүргийн нэгтгэн тооцож байгуулсан гэж зөв дүгнэсэн атлаа зээлийн гэрээний хүүгийн тооцооллыг гаргахдаа 2023 оны 04 сарын 30-ны өдөр № ЗГ-23/004/0142 тоот зээлийн гэрээнд заасан хэмжээгээр тооцсон алдаа гаргасныг залруулсан өөрчлөлт оруулна.

 

6.1. Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийг үндэслэн эрхэлдэг мэргэжлийн аж ахуй эрхлэгч атлаа 2021 оны 10 сарын 21-ний өдөр № ЗГ-21/010/0307 тоот Зээлийн гэрээний үндсэн зээл, хүүгийн тооцооллыг нэгтгэн 54,000,000 төгрөгөөр тооцож, улмаар 2023 оны 04 сарын 30-ны өдөр № ЗГ-23/004/0142 тоот зээлийн гэрээний дүнг 54,000,000 төгрөгөөр тогтоож гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцохоор зохицуулжээ.

Зээлдүүлэгч нь зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээнд заасан эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглах боломжийг олгох зорилгоор зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлсэн байхыг шаардахаас гадна зээлийн гэрээний хүүгээс хүү тооцох, зээлийн хүүг урьдчилан авахыг хуулиар хориглосон байдаг.

 

Гэтэл, хариуцагчийн зээлийн дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй атлаа шинээр зээлийн гэрээ байгуулсан байх тул 2023 оны 04 сарын 30-ны өдөр № ЗГ-23/004/0142 тоот зээлийн гэрээгээр үүрэг үүсэхгүй, зээл олгосон гэж үзэхгүй.

 

6.2. 2021 оны 10 сарын 21-ний өдөр № ЗГ-21/010/0307 тоот Зээлийн гэрээний үлдэгдэл үүргийг талууд 2023 оны 04 сарын 30-ны өдөр үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрийг 4,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөг гэж тогтоожээ.

 

Хариуцагч нь 2023 оны 04 сарын 30-ны өдрөөс хойш зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 40,323,040 төгрөг төлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Талууд энэ үйл баримтад маргаагүй.

 

Дээрх хугацаа буюу 2023 оны 04 сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл зээлийн хүүг 2021 оны 10 сарын 21-ний өдөр № ЗГ-21/010/0307 тоот Зээлийн гэрээний 2.4-д “... зээлийн хүү 2,4 хувийн хүүтэй” гэсэн хэмжээгээр тооцоход 25,593,333 төгрөг болж байна.

 

Зээлийн гэрээний үүргийн нэгтгэн тооцоход нийт үлдэгдэл үүрэг 79,593,333 төгрөг бөгөөд уг мөнгөн хөрөнгөөс хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн 40,323,040 төгрөгийг хасаж тооцон 39,270,293 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

Нэгэнт хариуцагч нь гэрээний үүргийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч талын шаардсан хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүд 487,080 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Иймд, хариуцагч ******* аас зээлийн гэрээний үүрэгт 39,757,373 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэлээс 19,513,947 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангана.

 

7. Хариуцагч нь “... 2021 оны зээлийн гэрээний үүрэг шаардаагүй байхад уг зээлийн гэрээний үүргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбар, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд зохигчид 2021 оны 10 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн талаар хангалтай мэтгэлцсэн, мөн нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний үүрэг шаардаж байх тул 2021 оны 10 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг дүгнэж, зээлийн гэрээний маргааны эцэслэн шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гэж үзэхгүй.

Тодруулбал, талуудын хооронд байгуулсан гэх 2023 оны 04 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн тохиолдолд 2021 оны 10 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт эрх зүйн дүгнэлт өгч, маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцжээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалтыг нэмж, уг заалтад “Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ХХК-аас ******* дугаарын ашиглах эрхийг хариуцагч ******* т буцаан шилжүүлэхийг даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,023,040 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулж, мөн тогтоох хэсгийн дугаарлалтыг өөрчилнө.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/06444 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* аас 39,757,373 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,513,947 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

тогтоох хэсэгт 2 дахь заалтыг нэмж 2 дахь заалтад “Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ХХК-аас ******* дугаарын ашиглах эрхийг хариуцагч ******* т буцаан шилжүүлэхийг даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,323,040 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан 3 дахь заалтад “... 454,307 ...” гэснийг “... 356,737 ...” гэж өөрчилж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 454,306 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

     ШҮҮГЧИД                                   Б.УУГАНБАЯР

 

 

                                                         С.ЭНХБАЯР