| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0256/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/273 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/273
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Д.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хянальын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашийн Д.О-д холбогдох эрүүгийн 1938004770296 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.О-,
Шүүгдэгч Д.О- нь согтуугаар 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ХХ аймгийн Х сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт сумын төвийн хөрсөн зам дээр ХХХХ улсын дугаартай Сузуки Кара маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж замын хажуугаар явж байсан иргэн П.Пг мөргөн унаган, чирж явсаны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О- нь согтуурсан үедээ 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ХХ аймгийн Х сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт сумын төвийн хөрсөн зам дээр ХХХХ улсын дугаартай Сузуки Кара маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас иргэн П.Пгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938004770296 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч П.Пгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 7 дугаар сарын 09-ний үдээс хойш би гэрээсээ ганцаараа гарч дэлгүүр орж шохой найруулах давс авах гэж явсан юм...Тэгээд гараад ертөнцийн зүгээр баруун тийш гудамжны үзүүр тойроод шороон замын хажуу талаар явган явж байхад надаас нэлээд хол зайтай цагаан өнгийн жижиг ачааны машин явж байгаа харагдсан. Уг машиныг “миний араар өнгөрөөд гудамж руу орох гэж байгаа юм байна” гэж бодоод урагшаа хараад явж байснаа уг машиныг харах санаатай эргэж харах гэсэн чинь гэнэт намайг нэг юм мөргөсөн. Тэгээд би газар унахдаа хэсэг ухаангүй болсон. Тэгээд буцаж ухаан орсон чинь нөгөө машин хашаа мөргөөд зогссон. Би машины доороос гарах гэсэн чинь миний гарыг нэг юм дараад хөдөлж болохгүй байсан чинь нэг хүн машины хажуу талаар гарч ирээд “гараа өг" гэхэд нь би “хөдлөж болохгүй байна, чи машинаа холдуул" гэхэд нөгөө хүн машинаа хойш нь ухраасан. Тэгэхээр нь би өөрөө өндийж босоод ирэхэд нөгөө хүн "яасан сүртэй юм, хальт шүргээд өнгөрөхөд” гэж хэлээд яваад өгсөн. Би тухайн үед хэн гэдэг хүн байсныг сайн харж чадаагүй. Босож ирээд анх орсон дэлгүүр лүү арай гэж алхаж очоод уг дэлгүүрт ажиллаж байсан хүнд “ах нь машинд дайруулчихлаа, манай эхнэр лүү утсаар яриад хүрээд ир гээд дуудчих, мөн түргэн тусламж дуудаарай” гэж хэлсэн...Тэгээд эмнэлэг ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан эм тариа болон шингэн хийж өгсөн мөн зүүн гарт боолт хийсэн. Тэгээд шөнөдөө Мөрөн сум руу эмнэлэгт үзүүлэхээр явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,
Гэрч Д.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...7 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн үед манай нөхөр П.П нь дэлгүүр орж “давс авна” гээд ганцаараа явсан.Тэгээд удалгүй 15 минутын дараа байх...гэрээсээ гараад дэлгүүрийн гадаа дөхөөд очиход уранхай хувцастай хүн зогсож байсан. Би юу болсон талаар асуухад “намайг нэг машинтай хүн дайрчихсан” гэж хэлсэн. Хэн дайрсан талаар тодруулж асуухад “Д.О- гэдэг хүн цагаан өнгийн машинтай явж байсан” гэсэн. Тэгээд тэр хавиар байсан хүмүүс эмнэлэг рүү дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/
Гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Рашаант сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрладаг Оргилуун мөрөн нэртэй хүнсний дэлгүүрт зуны амралтаар түр зуур худапдагчаар ажиллаж байна... Тэгэхэд Д.О- гэдэг хүнийг манайд орж ирсэнийг сайн мэдэхгүй. Энэ өдөр манай дэлгүүрээр олон хүн үйлчлүүлсэн болохоор сайн санахгүй байна. Манай дэлгүүрээр үйлчлүүлсэн хүмүүс архи, пиво аваад гарч байсан. Тухайн өдөр Д.О- гэдэг хүнийг архи аваад гарсныг яг сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/
Гэрч С.Ю-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...7 дугаар сарын 09-ний өдөр би хүнснии дэлгүүр орох гээд явж байсан чинь Д.О- гуайтай Сэлэнгэ гэдэг хүний дэлгүүрийн гадаа тааралдахад °чи надад машин янзлаад асаагаад өгөөч, баяраар унах унаагүй болчихлоо” гэхээр нь “би хөдөө явах гэж байна хэрвээ машин чинь асаж байгаа юм бол манай хашаанд аваад ир" гэж хэлсэн. Тэгээд Д.О- гуай цагаан өнгийн ачааны жижиг машинтай манай хашаанд ганцаараа орж ирсэн. Би машиныг нь янзалж байхад нэг харахад хаанаас гаргаж ирсэн юм мэдэхгүй ганцаараа лаазтай Боргио гэдэг пиво ууж байсан. Надад өгөх гэхээр нь “би ямар уух биш” гээд уугаагүй Тэгээд Д.О- гуай машинаа янзлуулж аваад манай хашаанаас гараад хаашаа явсныг анзаараагүй. Би хөдөө явах гээд Сэлэнгэ гэдэг хүний дэлгүүрийн гадаа ирэхэд нүүр ам нь нил цус болцон хувцас нь урагдсан 1 хүн зогсож байхаар нь "энэ одоо ямар хүн ингэтлээ зодоон хийдэг юм бол” гээд харсан чинь П.П гуай байсэн. Тэр хэвиар байсан хүмүүс “жижиг амьжиргаа цагаан гэдэг машинтай хөгшин дайрсан байна” гэхээр нь би дотроо “Д.О- гуай баараггүй юм байна л даа” гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/
Гэрч А.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...7 дугаар сарын 09-ний өдөр намайг гэртээ ганцаараа байхад манай хүргэн Д.О- нь цагаан өнгийн жижиг ачааны машинтай ганцаараа ирсэн. Над дээр ирэхдээ “баярын юм” гээд 1 шил 0.750 граммын "Ерөөл" нэртэй архитай ирсэн. Тэгээд би энэ архинаас Д.О-д архины хундагаар 3 удаа хийж өгөхөд уусан. Би ганцаараа уг архинаас нэлээд ихийг уусан. Тэгээд манайхэас “Юмчин гэдэг айлд очно” гээд гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/
Гэрч П.Ж-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Сэлэнгэ гэдэг хүний хүнсний дэлгүүрт цэвэрлэгч хийдэг...Намайг дэлгүүрт ажиллаж байхад П.П гэдэг хүн орж ирэхдээ “ахыг нь машин дайрчихлаа, манай эхнэр лүү утасдаад өгөөч, мөн түргэн дуудаад өгөөч” гэхээр нь бт эхнэрийнх нь дугаарыг нь өөрөөс нь асууж байгаад би Жавзан эгчид хэл дуулгасан. Намайг дэлгүүрийн цонхоор харахад Рашаант сумын иргэн Д.О- гэдэг хүн дэлгүүрийн хашаа цээжээрээ налаад 2 гараа алдлаад ганцаараа сууж байсан. Хажууд нь ямар нэгэн өөр согтуу хүн харагдаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/
Гэрч А.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...7 дугаар сарын 09-ний орой 18 цаг өнгөрч байхад би ажилаасаа тарах гэж байхад сумын ЭМТ-ийн жижиүүрийн 83020156 дугаарын утсанд тус сумын Энхтал багийн Сэлэнгэ гэдэг хүний гудамжны үзүүрт “1 хүн машинд дайруулсан гэх дуудпага ирлээ” гэж ээлжийн сувилагч надад хэлэхээр нь... дуудлаган дээр очиход өвчтөн босоод явж байсан. Гадуур цамц нь нэлээд урагдсан, мөн нүүрэн хэсэг нь баруун хэсэгтээ нэлээд цус гарсан бололтой харагдсан. Мөн баруун нүд нь ил шархтай, зүүн талын гар нь “үеэрээ хөдлөж болохгүй байна” өвчтөн өөрөө хэлсэн...Анх сумын эмнэлэгт ирэхэд өвчтөн өөрөө хэлэхэд “баруун талын цээж хэсэг нь маш их эмзэглэлтэй, өвдөлттэй байна” гэж хэлсэн. Тэгээд уг өвчтөнд өвчин намдаах тариа болон зүүн талын гарын буглаганаас урагш нь хуруунууд нь хавдсан байсан. Тэгээд орой 21 цагийн үед уг өвчтөнийг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү яаралтайгаар би өөрийн биеэр авч явсан. ...Тухайн өвчтнийг “дэлгүүр орох гээд гудамжны булан тойроод явж байгаад араас нь гэнэт машин ирээд дайрсан” гэж өвчтөн өөрөө хэлсэн. Тухайн үед машинд дайруулаад “би ухаан алдсан байсан” гэсэн. Тэр хүн архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/
Шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож иргэн П.Пг мөргөж биед нь гэмтэл учруулсан. Энэ бол миний буруу. Тухайн үед их архи уусан байсан учраас би зарим зүйлийг санахгүй байгаа. П.Пд би хохирлыг нь барагдуулсан байгаа. Бид 2 эвлэрч эвлэрлийн гэрээ хийсэн байгаа. Тухайн үед би 0,5 литрийн Боргио пиво, Ерөөл нэртэй 0,75 литрийн архинаас 3 хундагыг уусан байсан. Би В ангилалын үнэмлэхтэй. 2014 оны жолооч байгаа юм....гэх мэдүүлэг /хх-ийн 51-52-р тал/
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 363 дугаартай: ... П.Пгийн биед зүүн эрхий хуруунд шарх, дух, баруун дээд зовхи, баруун шанаа, хамрын нуруу, дээд уруул, баруун чамархай, нуруу, зүүн сарвуу, баруун шилбэ, зүүн шилбэнд зулгаралт, баруун бугалганаас шуу хүртэл, баруун гуя, баруун өвдөгний хонхор, баруун шилбэ, зүүн өгзөгнөөс зүүн шилбэ хүртэл, зүүн өвдөг, зүүн шагайнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. П.Пгийн биед үүссын гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт /хх- ийн 37-р тал/,
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 11 дугаартай шинжээчийн: 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр ХХ аймгийн Х сумын 4-р багийн замд Сузуки кара маркын ХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.О- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р зүйлийн 3.7А-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 1-р зүйлийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэв. Жолооч Д.О- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн хөдөлгөөнд аюул, саад бие болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг үйлдлээс болж зам тээврийн осол үүсгэсэн гэж үзэв. Жолооч тухайн замд явах зөвшөөрөгдөх хурдны дээд хязгаар 60 км/цаг байна. Жолооч хурдаа тохируулж, сонгож хөдөлгөөнд оролцоно...гэх дүгнэлт /хх-ийн 42-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8-р тал/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-11-р тал/
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 72-73-р тал/
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 99-102-р тал/
Хохирогч П.Пгийн шүүгдэгч Д.О-тай сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 58-р тал/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэх зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ХХ аймгийн Х сумын Цэнгэл багийн Засаг даргын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-57-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэргээс үзэхэд шүүгдэгч Д.О- нь 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр согтуурсан үедээ ХХ аймгийн Х сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт сумын төвийн хөрсөн зам дээр ХХХХ улсын дугаартай Сузуки Кара маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хохирогч П.Пгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Зам тээврийн осол, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээ аваагүй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Д.О-ын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.О- нь хохирогч П.Пгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч Д.О-д 4.500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тухай эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.О- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Д.О- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4.500.000 төгрөг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгчийг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч Д.О-д эрх хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээ авсан үеэс хугацаа тоолохыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.О-ын - дугаартай, В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 1938004770296 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.О- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.О-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч Д.О-д эрх хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээ авсан үеэс хугацаа тоолохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн 1938004770296 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.О-ын - дугаартай, В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Б.Манлайбаярт даалгасугай.
8. Эрүүгийн 1938004770296 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР