Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2026/0015

 

“А***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин,

уур амьсгалын өөрчлөлтийн сайд, нийслэлийн

Засаг даргад тус тус холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:  Ц.Цогт   

Шүүгчид:                    Д.Батбаатар

                                       М.Батсуурь    

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:       Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0596 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2025/0730 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, өмгөөлөгч Н.Нямжаргал нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ШХТ2026/0018 дугаар  хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1, 123.2.3-т заасан үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

“А***” ХХК нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын (хуучин нэрээр) 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр тушаалын “А***”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар захирамжийн “О***” ХХК-д холбогдох хэсгийн “А***” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.”А***” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар тушаалаар *** дүүрэг, *** уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн *** аманд 3.0 га талбайд аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар олгож, маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр тушаалаар 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор “А***”  ХХК багтсан байна.

2.2.Тус компаниас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 24/06 дугаар албан бичгээр “... манай компанийн зүгээс газар ашиглах эрхээ хэвээр авч үлдэх хүсэлтэй байх тул *** ам болон *** амны хилийн цэсэд залруулга оруулсантай холбогдуулан газар ашиглах, эзэмших эрх олгож  өгнө үү ...” гэсэн хүсэлтийг нийслэлийн Засаг даргад гаргаж байжээ. Үүнд нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаар албан бичгээр “... хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг өгсөн.

2.3.Гуравдагч этгээд “О***” ХХК-ийн хувьд, анх 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 23/01 дүгээр албан бичгээр маргаан бүхий газарт амины орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр 3 га газрыг эзэмших хүсэлтийг гаргасан. Улмаар тус компанид нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар захирамжаар *** дүүргийн *** дугаар хороонд байрлах  13747 м.кв  газрыг нэхэмжлэгчийн газартай давхцуулан орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосон байна.

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “... Манай компани хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй, газар ашиглах эрхийг хүчингүй болгох хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй байхад газар ашиглагчаас үл хамаарах шалтгаанаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосонд гомдолтой. Хилийн цэсэд залруулга орсон нөхцөл байдал нь газар ашиглагчаас үл хамаарах буюу төрийн байгууллагуудын үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудал юм. Хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахаас өмнө газар ашиглагчийн газар ашиглахтай холбогдуулан гаргасан зардал, одоо үйл ажиллагаа явуулж байгаа эсэхтэй холбоотой бодит нөхцөл байдлуудыг шалган тогтоолгүйгээр шууд газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Тусгай хамгаалалттай газрын хилийн цэсэд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар газар ашиглах эрхийг баталгаажуулах бүрэн боломжтой байхад шууд газар ашиглах эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргаж, манай эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн ... Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор тухайн хилийн цэсэд өөрчлөлт оруулахаас өмнө газар ашиглах эрх авсан байсан хуулийн этгээдүүдийн асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахаар зааж өгсөн байдаг. Гэтэл хариуцагч нь энэ үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй ... Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү ...” гэжээ.

4.Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2022 оны 08, 2023 оны 03 дугаар тогтоолын дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, нийслэлийн Засаг даргаас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу нийт 59 аж ахуйн нэгж нь тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсээс гарч, нийслэлийн Засаг даргын эрх мэдэлд очсон. Иймд тус аж ахуйн нэгжүүдийн нэг болох “А***” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас нийслэлийн Засаг даргад хандан эдгээр аж ахуйн нэгжүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар албан бичиг явуулахад газар ашиглах эрхийг шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн газар нь ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны шийдвэрийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрх хэмжээнээс гарч, газар ашиглах эрх олгох асуудал нь хамааралгүй болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ...” гэжээ.

5.Хариуцагч нийслэлийн Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2022 оны 08, 2023 оны 03 дугаар тогтоолын дагуу ажлын хэсгээс гарсан дүгнэлтээр чиглэл өгсөн. Үүний дагуу 59 аж ахуйн нэгж нь нийслэлийн Засаг даргын эрх мэдэлд шилжсэн. Нэхэмжлэгчийн гаргаж байсан хүсэлт нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд нийцэхгүй байсан. Иймд Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд гуравдагч этгээд “О***” ХХК-д хуулийн дагуу газар эзэмших эрх олгосон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэж маргасан.  

6.Гуравдагч этгээдээс “... “О***” ХХК-ийн зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан. Үүний дагуу ажиллагаа явагдаж нийслэлийн Засаг даргын 2024 оны *** дугаар захирамжаар газар эзэмших эрх олгосон. Манай компани хууль ёсны дагуу хүсэлт гаргаж, хуулийн дагуу газар эзэмших эрхийг авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн тайлбар өгсөн байна.

7.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0596 дугаар шийдвэрээр “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн /1994 оны/ 25 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан “А***” ХХК-аас нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар захирамжийн “О***” ХХК-д холбогдох хэсгийн “А***”  ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн /1994 оны/ 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын (хуучин нэрээр) 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр тушаалын “А***”  ХХК-д холбогдох хэсгийг хариуцагчаас нэхэмжлэгч “А***”  ХХК-д хуульд заасан журмын дагуу нөхөн олговор олгох, дүйцүүлэн газар олгох эсхүл хохирлын асуудлыг шийдвэрлэх хүртэл дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:

7.1. “... Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоол хүчин төгөлдөр, Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэс, заагт өөрчлөлт ороогүй, харин хилийн заагийн бодит газар дээр бэхэлж тэмдэгжүүлж буулгахдаа алдаатай тэмдэглэснийг залруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Маргаан бүхий газар нь дээрх тогтоолоор тусгай хамгаалалттай газрын хилийн заагт ороогүй, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний газар байна.

7.2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гуравдагч этгээд “О***” ХХК-ийн газар эзэмших эрхээс өөрт давхцалтай хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч маргаан бүхий газар нь нийслэлийн Засаг даргын эрхлэх хэм хэмжээний газар болох нь холбогдох байгууллагын тогтоосон эргэлтийн цэгээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчид аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрх олгох боломжгүй.

7.3.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар захирамжийн “О ***”  ХХК-д олгосон газар нь *** уулын дархан цаазат газрын *** ам болон *** аманд хилийн цэсийг бодит газар дээр бэхэлж, тэмдэгжүүлсний дараа нийслэлийн Засаг даргаас өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох баримтыг үндэслэн газар эзэмших эрх олгосон байгааг хуульд нийцсэн гэж үзнэ.

7.4.Улсын дээд шүүхийн 2024 оны 106 дугаар тогтоолтой уялдуулан үзэхэд  “А***” ХХК-ийн ашиглаж байсан газрын хилийг цэсийг бэхэлж, тэмдэгжүүлснээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тохиолдолд Газрын тухай хуульд заасан журмын дагуу нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх (мөнгөөр, эсхүл өөр газар олгох буюу газрын байршлыг шилжүүлэх гэх мэт) үүрэгтэй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчийн хувьд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар эрх нь хүчингүй болсон, газрын төлбөрийг зохих журмын дагуу төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй зэрэг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байна. Иймд маргаан бүхий  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны *** дүгээр тушаалын “А***”  ХХК-д холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргуулахаар 3 сарын  хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.  

8.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2025/0730 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 3-т “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр тушаалыг түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас “А***” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосноос үүссэн үр дагаврыг хуульд заасан арга хэрэгслээр арилгах арга хэмжээг авах талаар шинээр акт гаргаагүй тохиолдолд уг акт хүчингүй болохыг дурдсан заалт нэмж өөрчилж, шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээсэн байна. 

9.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

9.1.“... Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрх 3 сарын дараа сэргэх нөхцөл байдалд хүрч болзошгүй байхад гуравдагч этгээд “О ***” ХХК-ийн ч газар мөн хүчин төгөлдөр буюу маргаан бүхий газар дээр 2 хуулийн этгээдийн давхцал хэвээр үлдэхээр байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй байдалд хүргэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Манай компанийн хувьд Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн аливаа хууль бус үйлдэл гаргаагүй, газрын төлбөрт нийт 97,710,000 төгрөгийг бүрэн төлсөн бөгөөд газар ашиглах эрхийг хүчингүй болгох хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй байхад газар ашиглагчаас үл хамаарах шалтгаанаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

9.2.... Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар дархан цаазат газрын хилийн заагийг тогтоосон бөгөөд энэхүү тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр, нэмэлт өөрчлөлт ороогүй. Маргаан бүхий актын үндэслэлд дурдсан Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолын Тогтоох нь хэсгийн 4-т “... нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах”-аар болж, тус тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгасан.

9.3.Мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1/2054 дүгээр албан бичигт “... Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглаж байгаа болон нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироохгүйгээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн, газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулан, шийдвэрлэж хамтран ажиллахыг хүсье ...” гэсэн байх ба үүнээс үзэхэд дээрх албан бичиг нь мөн одоо ашиглаж байгаа этгээдэд маргаан бүхий газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлж, ашиглуулахыг дэмжсэн агуулгатай байдаг.

9.4.Газар ашиглагчаас үл хамаарах шалтгаанаар газар ашиглах эрхийг шууд хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим үйлчлэх ёстой юм.

9.5.“А***”  ХХК-ийн зүгээс *** уулын дархан цаазат газрын *** ам болон ***амны хилийн цэсэд залруулга оруулсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргад хандан газар эзэмших эрх авах тухай хүсэлтийг гаргасан боловч шийдвэрлээгүй. Нийслэлийн Засаг даргын 2024 оны *** дугаар захирамжаар газар эзэмших эрхийг “О ***” ХХК-д олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг болон Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ээлжит хуралдааны “... Газрын тухай хуулийн эрх зүйн орчин шинэчлэгдэх хүртэл Улаанбаатар хотод шинээр дахин газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байх” гэсэн шийдвэрийг тус тус зөрчсөн. Хэрэв шүүхэд гомдол гаргасан эсэхээс үл хамааран газар эзэмших эрх шинээр олгох нь зүйтэй гэж дүгнэсэн шийдвэр хэвээр үлдвэл цаашид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалт хэрэгжихгүй шүүхийн буруу практик тогтох сөрөг үр дагавартай.

9.6.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1009 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 0141 дүгээр магадлалаар “... Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3-т “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг”-ийг тогтоосноос хойш 2023 он хүртэл хугацаанд маргаан бүхий газрыг тусгай хамгаалалттай дархан цаазат газрын хилийн цэсэд оруулж эрх бүхий захиргааны байгууллагаас энэ хугацаанд  ашиглах эрх авсан газрыг Монгол Улсын Их Хурлын тогтоол гараагүй байхад *** уулын дархан цаазат газрын *** ам болон ***аманд хилийн цэсэд залруулга хийсэн гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй ... ” гэж дүгнээд “Б ***” ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Дээрх шийдвэр, магадлалд хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 001/ШХТ2025/0209 дүгээр тогтоолоор шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан. Хэрэв давж заалдах шатны шүүхийн магадлалыг өөрөөр дүгнэх байсан бол дээрх тогтоолоор хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэх байсан.

9.7.Энэхүү маргаан нь зөвхөн “А***” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон асуудал биш бөгөөд хууль хэрэглээний нэгдмэл байдлын хүрээнд нийт 56 аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тул гомдлыг хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье” гэжээ.

10.Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн гомдлыг дэмжсэн байр суурьтай тайлбар өгөв. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбар өгөв.

11.Гуравдагч этгээдээс нийслэлийн Засаг даргын тайлбарыг дэмжиж оролцов.

12.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн” гэх үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

13.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

14.Энэ хэргийн тухайд, өмнө нь шийдвэрлэгдсэн ижил төстэй хэргийн үйл баримтаас ялгаатай[1] байх тул “Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн” гэх үндэслэл тогтоогдсонгүй, харин хяналтын шатны шүүхээс “хууль ёсны итгэл хамгаалах зарчим”-ыг тайлбарлан хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэг.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр тушаалын тухайд:

15.Нэхэмжлэгч “А***”  ХХК-ийн газар ашиглах эрх нь түүний хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас бус, харин захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хүчингүй болсон нь дараах үйл баримтаар тогтоогдож байна. Тодруулбал,

15.1.Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг нарийвчлан зураглаж эргэлтийн цэг шонгуудын солбицлыг хэмжиж тогтоогоогүйгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газрын мэдээллийн санд хилийн заагийг хоёр өөрөөр зураглаж үйл ажиллагаа явуулж байсан. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар хилийн заагийг нарийвчлан тогтоох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж зохих дүгнэлтийг гаргажээ. 

15.2.Нэхэмжлэгчийн тухайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар тушаалаар ***дүүрэг, ***  уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн *** аманд 3.0 га газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаагаар авсан, өөрөөр хэлбэл маргаан бүхий газар нь тухайн үед тусгай хамгаалалттай газар нутагт хамаарч байсан.

15.3.Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолоор Богдхан уулын хилийн заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгэж, тоон мэдээллээр улсын газрын мэдээллийн санд оруулах, эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэх зэрэг ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт үүрэг болгосон.

15.4.Энэ дагуу дээр дурдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/65 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн талууд болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Богдхан уулын хилийн зааг алдаатай болохыг харилцан хүлээн зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу *** уулын дархан цаазат газрын *** ам болон *** аманд хилийн цэсийг бодит газар дээр эргэлтийн цэгийг бэхэлж, тэмдэгжүүлж, мэдээллийн санд оруулсан байна.

15.5.Үүний үр дүнд нэхэмжлэгчийн ашиглаж байсан газар болон өөр бусад 59 иргэн, хуулийн этгээдийн газар нь Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон тусгай хамгаалалттай газрын хилийн заагт хамааралгүй, харин нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд хамаарч байгаа нь тодорхой болжээ.

15.6.Иймээс хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд маргаан бүхий 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08, 2023 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгч болон хавсралтад дурдсан 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

16.Дээрх актын хууль зүйн үндэслэл нь “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон” үндэслэлээр “газар ашиглах эрх дуусгавар болох” тухай хуулийн зохицуулалт байх боловч газар ашиглагчийн зүгээс эрх нь хүчингүй болохуйц хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй, харин хариуцагч уг тушаалын үндэслэлээ тайлбарлахдаа “тухайн газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй болсон тул хүчингүй болгосон” гэдэг. Үүнээс үзвэл, хариуцагч анхнаасаа өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй газар нутагт нэхэмжлэгч хуулийн этгээдэд газар ашиглах эрх олгосон нь хууль бус тул уг алдаагаа засах зорилгоор маргаан бүхий тушаалыг гаргажээ.

17.Нэхэмжлэгч “А***”  ХХК нь газар ашиглах эрхтэй болсноос хойш  хүчингүй болох хүртэл хугацаанд газрын төлбөрт нийт 97,710,000 төгрөг төлсөн, мөн газраа зориулалтын дагуу ашиглахад зориулж тодорхой хэмжээний зардал гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. 

18.Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим хэрэглэгдэнэ. Уг хуулийн тайлбар хэсэгт “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно ...” гэжээ. Иймд, хариуцагч одоогийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгоод орхих бус, үүссэн үр дагаврыг бүрэн шийдвэрлэх үүрэгтэй.

19.Анхан болон давж заалдах шатны шүүх “... “А***” ХХК-д өмнө нь ашиглаж байсан газрын хэмжээнд дүйцүүлэн газар ашиглах эрх олгох боломжийг судлан шийдвэрлэх, нөхөн олговор олгох, эсхүл хуульд заасан журмаар хохирлын асуудлыг шийдвэрлэх замаар дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 3 сар хүртэл түдгэлзүүлэх нь зүйтэй ...” гэж дүгнэсэн. Гэвч тухайн тохиолдолд нэхэмжлэгчид өөр газар олгох, эсхүл мөнгөн хэлбэрээр нөхөн олговор олгох гэхээсээ илүүтэй Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 4 дэх хэсэгт заасны дагуу асуудлыг шийдвэрлэх боломжтой байна.

20.Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын дээрх тогтоолын 4-т “Тусгай хамгаалалттай газар нутагт нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу үүрэг хүлээсэн сайд болон нийслэлийн Засаг дарга нар тухайн асуудлаар хамтран ажиллаж, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг нь хуульд заасан журмын дагуу (нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн зориулалтыг өөрчлөх, дуудлага худалдааны анхны үнийг төлөх зэргээр) эзэмших эрх болгон өөрчилж, газрын гэрээ, гэрчилгээг нь олгох ажлыг зохион байгуулах боломжтой. Уг ажиллагааг хэрэгжүүлэх замаар дахин шинэ акт гартал маргаан бүхий актыг 6 сараар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар захирамжийн “О ***” ХХК-д холбогдох хэсгийн тухайд:

21.Нэхэмжлэгч “А***” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахаа больж, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхэд шилжсэн тул (энэ тогтоолын Хянавал хэсгийн 15.1-15.5-д дүгнэсэнчлэн) гуравдагч этгээд “О ***” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу дээрх захирамжаар маргаан бүхий газарт давхцуулан 1.3 га (13747 м.кв) газрыг “амины орон сууцны төсөл хэрэгжүүлэх” зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгожээ.

22.Хэдийгээр хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, маргаан бүхий газар нь нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газар болсон, “аялагч, зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрх олгох боломжгүй” хэдий ч дээр дүгнэсэнчлэн, энэ хэргийн тухайд захиргааны буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, мөн Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолоор хариуцагч нийслэлийн Засаг дарга ч мөн үүрэг хүлээсэн байна.

23.Түүнчлэн, нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр нийслэлийн Засаг даргад хандан “… манай компанийн зүгээс газар ашиглах эрхээ хэвээр авч үлдэх хүсэлтэй байх тул … хилийн цэсэд залруулга оруулсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгож өгнө үү …” гэсэн хүсэлтийг гаргасан байх бөгөөд үүнд нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас татгалзсан хариу өгсөн.

24.Нэхэмжлэгчээс газрын маргаанаа шийдвэрлүүлэхээр 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2024/2175 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг үүсгэн, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хариуцагч нийслэлийн Засаг дарга 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар захирамжаар “О ***” ХХК-д газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэснийг агуулгын хувьд зөрчсөн гэж үзнэ. Иймд маргаан бүхий акт “хууль ёсны” гэсэн шүүхүүдийн дүгнэлт буруу байна.

25.Гэвч гуравдагч этгээдийн хувьд ч мөн Захиргааны ерөнхий хуульд заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” үйлчлэхээр байна. Учир нь, тус хуулийн этгээд нь маргаан бүхий газрыг эзэмших эрхийг авахдаа дуудлага худалдааны анхны үнэ болох 50,000,000 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

26.Иймд, нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээдийн хувьд үүссэн үр дагаврыг арилгах үүрэгтэй тул маргаан бүхий актыг 6 сараар түдгэлзүүлэх нь зүйтэй. Энэ хугацаанд хариуцагч нэхэмжлэгчийн газартай давхцалгүй хэсгээр нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх, илүү төлсөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх, эсхүл өөр байршилд ижил хэмжээгээр газар эзэмших эрх олгох байдлаар шийдвэрлэх нь зүйтэй.

27.Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... манай компанийн хувьд  хууль ёсны итгэл үүссэн тул хамгаалагдах ёстой, нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 9-д заасан гомдол үндэслэлтэй байх тул уг гомдлыг хангах агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2025/0596 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2025/0730 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр тушаалын “А***” ХХК-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар захирамжийн “О ***” ХХК-д холбогдох хэсгийн “А***” ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл (энэ тогтоолын Хянавал хэсгийн 20, 26-д заасан ажиллагааг хэрэгжүүлэх замаар) тус тус 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *** дүгээр тушаалын “А***”  ХХК-д холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар захирамжийн “О ***” ХХК-д холбогдох хэсгийн “А***”  ХХК-ийн ашиглах эрхтэй байсан газартай давхцал бүхий хэсгийг түдгэлзүүлсэн 6 сарын хугацаанд хариуцагч нар шинээр акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актууд хүчингүй болохыг дурдсугай.” гэж, магадлалын 2 дахь заалтын дугаарыг 3 гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.ЦОГТ  

                              ШҮҮГЧИД                                                       Д.БАТБААТАР

                                                                                                      М.БАТСУУРЬ

                                                                                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ 

                                                                                                             Г.БАНЗРАГЧ      

 

[1] Тухайлбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 0141 дүгээр магадлалтай “Б ***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны *** дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийн тухайд маргаан бүхий газарт нь хэн нэгэн гуравдагч этгээдэд бусад захиргааны байгууллагаас газар давхцуулан эзэмшүүлсэн гэх үйл баримт байхгүй байна.