Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 00026

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:  М.Лхагвын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурал, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комисс, Баян-Өндөр сумын Засаг даргад тус тус холбогдох   

 “Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоол, “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэг буюу Яргуйт багийн Засаг даргаар М.Эрдэнэбулганыг түр томилсон захирамжийн хэсгийг хүчингүй болгуулах, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж, багийн Засаг даргыг сонгох ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2017/0010/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Лхагва, түүний өмгөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Баярмаа, түүний өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссын дарга Б.Пүрэвсүрэн, гуравдагч этгээд М.Эрдэнэбулган, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.Лхагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие М.Лхагва нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Яргуйт багийн Засаг даргаар нэрээ дэвшүүлсэн. Тухайн өдөр иргэдийн Нийтийн Хуралд ирсэн иргэдийг ирцийн бүртгэлд бүртгэхдээ регистрийн дугаар бичихгүй бүртгэсэн нь зориудаар иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, иргэдийн Нийтийн Хурлыг будлиантуулах зорилготой байсан нь дараах байдлаар нотлогдож байна.

1. Сонгуулийн ирцийн бүртгэлд 419 иргэн бүртгүүлсэн байхад 427 саналын хуудсыг хэвлэж, 8 саналын хуудас зориудаар илүү хэвлэж, Тооллогын комисст өгч 419 саналын хуудас гэж хэлээд гарын үсэг зуруулж тамга даруулж баталгаажуулсан. Нэг хүн нэг л саналын хуудас бөглөдөг. Гэтэл хуралд оролцсон иргэдийн ирцээс саналын хуудас нь илүү байна.

2. Ирцийн бүртгэлд бүртгэгдсэн иргэдийг нэг бүрчлэн нэрээр нь дуудаж бичиг баримтыг нь шалгаж, 304 иргэнд саналын хуудас олгосон. Үндсэндээ 304 иргэн санал өгсөн байхад саналын хайрцаг нээхэд 326 саналын хуудас гарч ирж ирцийн бүртгэлээс 22 саналын хуудсаар илүү гарч тоологдсон. Үүнээс үзэхэд санал тооллого хууль бус болсон.

3. Тус багийн харъяат, хэвтэрт байдаг, хуралд өөрийн биеэр оролцоогүй, бүрэн асаргаанд байдаг, Яргуйт багийн Овоотын 9-3 тоотод оршин суугч, ИБ53051202 регистрийн дугаартай н.Чимэдрэгзэн 63 настай иргэний өмнөөс түүний гэр бүлийн хүн болох ИБ47061612 регистрийн дугаартай 70 настай иргэн Загдсүрэн иргэний үнэмлэхийг нь авч очиж саналын хуудас авч өмнөөс нь санал өгсөн байна.

4. Мөн иргэдийн Нийтийн Хурлаас байгуулагдсан Тооллогын комиссын тогтоолд зөвхөн тухайн комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах байтал Хурлын дарга, нарийн бичгийн дарга баталгаажуулсан нь хууль бус үйлдэл гэдэг нь илт. Энэ мэтчилэн хууль бус үйлдлүүд нь хувь хүн, иргэний сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн, хууль бусаар зохих журмын дагуу зохион байгуулагдаагүй сонгуулийн үйлдэл гэж үзэж байгаа тул Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар хүчингүй болгож өгнө үү. Иймд багийн иргэдийн Нийтийн Хурлын болон Тооллогын комиссоос гаргасан шийдвэрүүд болох нийт 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01, 02, 03, 04 дүгээр тогтоолуудыг хүчин төгөлдөр бусад тооцож, багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин зарлан хуралдуулж өгнө үү”[1]

“...Тооллогын комисс нь санал авах ажиллагааг зохих журмын дагуу явуулаагүй бөгөөд хэдэн сонгогч оролцож байгаа болон хэдэн сонгогчид саналын хуудас олгосон, үүнээс олгосон саналын хуудаснаас хүчинтэй саналын хуудас хэд байсан, хүчингүй хуудас хэд байгаа талаар Тооллогын комисс саналын тоог тоолж тогтоогоогүй бөгөөд саналын хуудсаар хэдэн хүн санал өгсөн, үүнээс М.Эрдэнэбулган хэдэн сонгогчийн санал авсан, М.Лхагва хэдэн саналын тоо авсан, Баярмагнай хэдэн саналын тоо авсныг Тооллогын комисс 55.9 %, Лхагва 34.9%, Баярмагнай 0.9% гэж сонгогчдын саналыг хэлж, үүнийгээ сонгогчдын олонхийн санал гэж үзсэн төдийгүй Тооллогын комисс нь сонгуулийн саналыг тоолж баталгаажуулаагүй.

Дээрх хууль бус 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссын тогтоолыг үндэслэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 тоот захирамжийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэг гарсан нь хууль бус захирамж болсон гэж үзэж байх тул Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болгох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 тоот захирамжийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэг буюу Яргуйт багийн Засаг даргаар М.Эрдэнэбулганыг түр томилсон захирамжийн хэсгийг хүчингүй болгох, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж багийн Засаг даргыг сонгох ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргаж байна”[2]

“Миний бие М.Лхагва нь 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөн гаргахдаа дутуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Өмнө гаргаж байсан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж шаардлага гаргахдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болгох шаардлага гаргахаа орхигдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 тоот тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна”[3] гэжээ.

Нэхэмжлэгч М.Лхагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдсан тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нь ирцийн бүртгэлээсээ эхлээд эмх замбараагүй байдалтай хууль бус сонгууль болсон. Санал өгч байгаа зарим хүмүүс нь тухайн багийн иргэн мөн эсэх нь эргэлзээтэй, насанд хүрээгүй иргэн санал өгч байгааг хянах боломжгүй, санал өгсөн иргэний регистрийн дугаар нь бичигдээгүй байсан. Ийм байдлуудаас болоод миний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн  04 дүгээр тогтоолыг  хүчингүй болгуулах, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэг буюу Яргуйт багийн Засаг даргаар М.Эрдэнэбулганыг түр томилсон захирамжийн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж, багийн Засаг даргыг сонгох ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна” гэв.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын 04 тоот тогтоол,  Тооллогын комиссын 04 дугаартай тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэг буюу Яргуйт багийн Засаг даргаар М.Эрдэнэбулганыг түр томилсон захирамжийн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Тухайн сонгууль хууль бус болсон. Иргэдийн ирцийг бүртгэхдээ ямар ч регистрийн бүртгэлгүйгээр явуулсан. Энэ хүмүүсийн регистрийн дугаарыг бүртгээгүй байдал нь тухайн сонгуульд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасан тус багийн сонгуулийн насны иргэн оролцсон гэдгийг нотлох баримт байдаггүй. Ирцийн бүртгэл дээр нийт санал өгсөн хүмүүсийн 30 гаруй хүний регистрийн дугаарыг нь бичсэн. Бусад хүмүүсийн регистрийн дугаар огт бичигдээгүй байгаа. Эдгээрээс үндэслээд хуулинд заасан сонгуулийн насны иргэн сонгуульд оролцсон эсэх, Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар эрх зүйн чадамжтай иргэн сонгуульд саналаа өгч байгаа нь харагддаггүй. Тэгэхээр Засаг даргын сонгуульд 309 хүн саналаа өгч оролцсон гэхээр хэд нь эрх зүйн чадамжтай иргэн байсан, хэд нь сонгууль өгөх насны иргэн юм бэ? гэдэг нь нотлогдохгүй байна. Хариуцагч талаас насанд хүрээгүй хичнээн хүн сонгууль өгсөн, тэрийг нотол гэж байдаг. Гэтэл сонгууль өгсөн ихэнх хүний регистрийн дугаар нь байхгүй байхад тэрийг манайх заавал нотлох шаардлага байхгүй. Үүнийг иргэдийн Нийтийн Хурал нотлоод ороод ирэх асуудал байсан. Цахим үнэмлэх тулгаж хараад саналын хуудас өгсөн гэдэг. Хэрвээ регистрийн дугаараар нь тулгасан бол тухайн санал өгч байгаа хүмүүсийн регистрийн дугаар бичигдэх ёстой. Гэтэл ерөөсөө хэдхэн хүмүүсийн регистрийн дугаарыг тулгаж харсан байдал харагдаж байгаа. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын 04 тоот тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т заасан заалтыг зөрчсөн. Хариуцагч талаас Засаг даргад нэр дэвшсэн 3 хүний саналын хуудсаар М.Эрдэнэбулган 65 хүний саналаар илүү ялсан гэж үзсэн. Энэ талаар баталгаажсан зүйл огт байхгүй. Энэ нь Тооллогын комиссын тогтоолоор баталгаажих ёстой. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Тооллогын комиссын 04 дугаартай тогтоол дээр Тооллогын комиссын дарга Б.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Чулуунцэцэг нарын хэн нь ч гарын үсэг зураагүй. Тэгэхээр Тооллогын комиссын хэлээд байгаа М.Эрдэнэбулган 173 хүний санал авсан, М.Лхагва 108 хүний санал авсан гэдэг нь баталгаажаагүй. Нийт хичнээн хүн сонгуульд санал өгсөн, түүнээс хэдэн санал нь хүчингүй байсан, хэдэн санал нь хүчинтэй байсан эсэх талаар байдаггүй. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Тооллогын комиссын 04 дугаартай тогтоол дээр ганцхан тэмдэглэгээ байдаг. Тэр нь М.Эрдэнэбулган 55,9 хувь, М.Лхагва 34,9 хувь, Баярмагнай 0,9 хувь гэж бичсэн байгаа. Үүнийг ямар тоог үндэслэж, хэн баталгаажуулж гаргаад байгаа нь Тооллогын комиссын тогтоол дээр байхгүй байна. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Тооллогын комиссын 04 дугаартай тогтоолд Хурлын дарга Б.Баярмаа, Ганзориг гэдэг хоёр хүн гарын үсэг зурсан байгаа. Тооллогын комиссын гишүүд гарын үсэг зураагүй. Энэ хоёр хүнийг хөндлөнгөөс тухайн саналыг тоолсон гэж үзэх боломжгүй байна. Тиймээс хууль зөрчсөн байна гэж харагдаж байна. Яргуйт багийн Засаг даргын сонгох саналын хуудсыг тоолоход 309 саналын хуудас гарч ирсэн байдаг. Тэгэхэд санал өгсөн хүмүүсийн цахим үнэмлэхийг шалгаад тэмдэглэсэн тэмдэглэгээг харахаар 285 хүнд саналын хуудас тарааж, ирцийн бүртгэлд нэмэх тэмдэг тавьсан байгаа. Хариуцагч Б.Баярмаа хэлэхдээ саналын хуудас олгохдоо цахим үнэмлэх шалгаад өгсөн гэж хэлсэн. Саналын хуудас 285 хүнд тараасан гэдэг нь ирцийн бүртгэлээс харагдаж байна. Тэгэхээр цаана нь байгаа 24 хүн цахим үнэмлэхээ шалгуулаагүй саналын хуудас авсан болж байна уу? энэ байдал нь хууль зөрчсөн асуудал харагдаж байна. Эдгээр 24 хүн ирцийн бүртгэл дээр орсон юм уу, үгүй юм уу бүү мэд. Эдгээр 24 хүн хэнээс саналын хуудас авч саналаа өгч, саналын хуудсыг хайрцагт  хийсэн нь тодорхойгүй байна. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын 04 тоот тогтоол, Тооллогын комиссын 04 дугаартай тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжууд нь гарахдаа хууль зөрчсөн. Шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн хувьд хэлэхдээ сонгууль явагдахдаа ямар ч эмх замбараагүй, тухайн санал авч байгаа байрны хоёр талаас нь хүмүүс орж ирээд саналын хуудас араас, өврөөс тараагдаж явж байсан гэдгийг гэрчилж ирсэн. Хуралдааны тэмдэглэлийг багийн зохион байгуулагч Хорол-Эрдэнэ гэдэг хүн хөтөлсөн байдаг. Гэтэл иргэдийн Нийтийн Хурлын нарийн бичгийн дарга яагаад хуралдааны тэмдэглэлээ өөрөө бичээгүй юм бол, ямар үүрэгтэй орсон юм гэж бодож байна. Энэ хуралдааны тэмдэглэлийг хөтлөх эрхийг Хорол-Эрдэнэд хэн олгосон нь эргэлзээтэй байна. Тэгэхээр тухайн хурал өөрөө эмх замбараагүй, хурлын дэг алдагдсан  байсан гэдгийг нотолж байгаа баримт гэж үзэж байна. Тиймээс Яргуйт багийн Засаг даргад нэр дэвшсэн М.Лхагвын эрх ашгийг хууль бусаар зөрчиж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд  хангаж өгнө үү” гэв.

            Хариуцагч Орхон аймгийн Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Баярмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгох хурал болсон ба миний бие уг хурлаар иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон. Хуралдаан нь хууль зөрчсөн зүйл байхгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ор үндэсгүй худал зүйлсийг бичсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

            1. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, Засаг даргад нэр дэвшигчийг сонгох хурал 15-р сургуулийн урлагийн зааланд болсон. Иргэдийн Нийтийн Хуралд оролцогчдыг бүртгэх ажлыг тус багийн хэсгийн ахлагч 4 ажилтан хийсэн ба хурал 10 цаг 00 минутад эхлэх ёстой байсан ч хуралд оролцохоор ирсэн иргэд өглөөний 07 цагт сургуулийн гадаа хаалган дээр орох гээд хүлээж байсан тул хаалга онгойлгонгуут бөөнөөрөө дайран орж бүртгэл хийж байсан хэсгийн ахлагч болон цагдаагийн албан хаагчдыг дайрч түрэн орж ирсэн. Ингээд хуралд оролцохоор ирсэн иргэдийг иргэний цахим үнэмлэхээр нь бүртгэж оруулсан.

            2. Иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох саналын хуудсыг хэвлэх үед принтер алдаа заасны улмаас иргэдийн Нийтийн Хуралд 419 иргэн бүртгүүлснээс хэтэрч 8 саналын хуудас илүү хэвлэгдсэн. Энэхүү илүү хэвлэгдсэн 8 саналын хуудсыг Яргуйт багийн нийгмийн ажилтан Т.Дуламсүрэн нь Баян-Өндөр сумаас ирсэн хяналтын мэргэжилтэн Ж.Уянгад хүлээлгэн өгсөн. Илүү хэвлэгдсэн 8 саналын хуудсаар санал хураагаагүй байтал нэхэмжлэгч нэхэмжлэлдээ илүү хэвлэгдсэн 8 саналын хуудсаар санал хураалт явуулсан мэт бичсэн нь худал байна.

3. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг даргад нэр дэвшигчийг тухайн багт оршин суугаа иргэд өөрсдөө сонгох ажиллагаа тул ямар нэгэн улс төрийн үйл ажиллагаа биш юм. Нэхэмжлэгч нь өөрийгөө ямар нэгэн нам, эвслийг төлөөлөн Яргуйт багийн Засаг даргад нэр дэвшсэн хэмээн ойлгож байгаа бол энэ нь эндүүрэл болно. Учир нь: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...” гэж заасан нь иргэдээс багийн Засаг даргад нэр дэвшигчийг сонгож, томилуулах талаар санал болгож буй үйл ажиллагаа юм.

4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд “Тус багийн харъяат, хэвтэрт байдаг, хуралд өөрийн биеэр оролцоогүй, бүрэн асаргаанд байдаг, Яргуйт багийн Овоотын 9-3 тоотод оршин суугч, ИБ53051202 регистрийн дугаартай н.Чимэдрэгзэн 63 настай иргэний өмнөөс түүний гэр бүлийн хүн болох ИБ47061612 регистрийн дугаартай 70 настай иргэн н.Загдсүрэн иргэний үнэмлэхийг нь авч очиж саналын хуудас авч өмнөөс нь санал өгсөн байна” гэсэн нь худал байна. Иргэн Д.Загдсүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хуралд өөрийн гэр бүлийн хүн болох Н.Чимэдрэгзэнгийн хамт ирж саналаа өгсөн. Харин нэхэмжлэгч нь уг иргэдийн нэр, хаяг, регистрийн дугаар зэрэг мэдээллийг хаанаас олж авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд үнийг гайхаж байна”[4] гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яргуйт багийн Засаг даргын санал хураалт хуулийн дагуу явагдсан.  Хэн нэгэн хүн давхардаж санал өгөх, өөр багийн иргэн санал хураалтад оролцох, насанд хүрээгүй хүн санал өгөх зэрэг зүйл байхгүй. Ингэх ч боломжгүй.  Санал өгөх гэж ирсэн иргэнийг регистрийн дугаараар нь бүртгээгүй ч гэсэн цахим үнэмлэхийг харж тулгаж бүртгэж байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын 04 тоот тогтоол, мөн Тооллогын комиссын 04 дугаартай тогтоол, Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэг буюу Яргуйт багийн Засаг даргаар М.Эрдэнэбулганыг түр томилсон захирамжийн хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргаад байгаа. Тооллогын комиссын тогтоолыг үндэслэж гарсан иргэдийн Нийтийн Хурлын тогтоол нь хууль зөрчсөн, Тооллогын комисс хууль зөрчсөн гэж байна. Тооллогын комисс нийт санал өгсөн хүмүүсийн саналыг тоолж иргэдэд танилцуулж байгаа. Гэтэл Тооллогын комиссын тогтоолыг хууль зөрчсөн, зөрчөөгүй гэж ярихаас илүүгээр энэ маргаан Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын маргаанд хамаарах уу гэдэг дээр бодох хэрэгтэй. Энд сонгууль болоогүй, багийн иргэд цугларч байгаад хэнийг Засаг дарга болгох вэ?, хэнээр удирдуулах вэ? гэдгийг сонгож байгаа хуралдааны үйл ажиллагаа юм. Тус хуралдаан нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу явагдах ёстой. Аймгийн төвийн багт 20-30 өрх тутмаас нэг иргэн оролцсон байхад Хурлыг хүчинтэйд тооцно гэж заасан. Энэ баг нь 700 гаруй өрхтэй үүнээс 20-30 өрх тутмаас нэг хүн ирнэ гэж тооцвол 57 хүн ирснээр энэ хурал хүчинтэй болох боломжтой. Тус хуралд 400 гаруй иргэн оролцсон. Одоо маргаж байгаа багийн Засаг даргыг сонгох асуудал дээр нийт 309 хүн санал өгсөн байгаа. Ирцийн хувьд хангалттай хүрч байгаа. Тооллогын комиссын тогтоол дээр иргэдийн Нийтийн Хурлын дарга гарын үсэг зурсан, хууль зөрчсөн гэж хэлсэн мөртлөө, ямар хуулийн ямар зүйл, заалт зөрчсөн талаар нэхэмжлэгч талаас нотлохгүй байна. Харин нэхэмжлэгч өөрийнх нь эрх ашгийг зөрчсөн байж магадгүй гээд хэд хэдэн таамаглал дэвшүүлж байгаа юм байна. Тэр нь насанд хүрээгүй хүүхэд санал өгсөн, нэг хүн олон удаа санал өгсөн байж магадгүй гэсэн зүйлүүд хэлээд байна. Эдгээр зүйлүүд нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч тал регистрийн дугаараар бүртгээгүй гэж яриад байна. Энд регистрийн дугаараар бүртгэсэн, бүртгээгүй асуудал чухал биш юм. Харин юу чухал гэхээр санал өгч байгаа иргэд тухайн багийн иргэд мөн байсан уу? гэдэг асуудал яригдана. Нэхэмжлэгч өөрөө энэ багийн иргэн санал өгч байгаа хүмүүсийг хараад энэ хүүхэд насанд хүрээгүй гэдэг байдлаар баримтжуулаад хуралд орж байхдаа энэ талаар нотолсонгүй. Энэ бүх хүмүүсийг насанд хүрээгүй гээд таамаглах боломжгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т зааснаар хууль зөрчсөн гэхээсээ илүү хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн бол тухайн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Тэгэхээр бид нэхэмжлэгчийн эрх ашиг юугаар хөндөгдсөн гэдгийг харах ёстой. Саналын хуудас тоолоход М.Эрдэнэбулган 173, М.Лхагва 108, Баярмагнай 28, нийт 309 хүний санал өгсөн. М.Лхагва болон М.Эрдэнэбулган нарын санал 65 хүний саналаар зөрүүтэй. Энэ 65 хүн хууль бусаар оролцоод ингэж санал өгсөн байна гэдэг байдлаар нотлоогүй. Зүгээр өөрийнх нь таамаглаж байгаагаар нэг насанд хүрээгүй охин санал өгсөн. Хэдэн саналын хуудас хүчингүй болсон гэхээр 3-4 санал хүчингүй байна. Тэгэхээр энэ асуудал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж үзэх боломжгүй байна. Гэрчүүдээр хэд хэдэн зүйл тодруулахаар асуусан. Гэрч Батжаргал гэдэг хүн би чих хатуу чанга яриараа  гэж хэлж байсан. Мөн Засаг дарга хэлж байна. Чих хатуутай хөгшин хүмүүсийг хэд хэдэн удаа дуудсан. Тэгээд гэрч Батжаргал хэлэхдээ намайг 3 удаа дуусан гэж мэдүүлдэг. 3 удаа дуудсан шалтгаан нь ирцийн бүртгэл дээр Батжаргал нэртэй гурван иргэн байсан. Тэмдэглэгээг нь харахаар нэг удаа санал өгсөн байна. Тийм учраас нэрийг нь дахиж дуудсан байх. Энэ нь нэг хүн олон удаа санал өгсөн гэж үзэх шалтгаан биш. Гэрчийн мэдүүлэг тодорхой эх сурвалжтай байж үнэлэгдэх ёстой. Тэгэхээр  гэрчийн мэдүүлгээр тэр хурал замбараагүй болсон байна гэж л хэлснээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны  ашиг сонирхлыг ингэж хөндсөн гэж хэлсэн зүйл байхгүй. Тооллогын комисс ажлаа хийсэн гэж сая Тооллогын комиссын дарга хэллээ. Эдгээр хүмүүс олон хурал зохион байгуулаад олон жил ажилласан хүмүүс биш. Нэхэмжлэгч тал 285 саналын хуудас гарсан  24 хүн нэмж санал өгсөн, давхардуулж өгсөн байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа. Ирцийн бүртгэл дээр бүртгээд саналын хуудас өгөөд явдаг. 309 хүн санал өгсөн тэрэн дээр шүүх хуралдааны дэг шиг тийм айхтар дэг байхгүй байх. Зохион байгуулагч нь сайн зохион байгуулаагүй ч юм уу, ганц нэг алдаан дээрээс саналын хуудсаа өгөхдөө зарим хүмүүсийн нэр дээр тэмдэглэгээ хийгээгүй байж болох юм. Харин санал өгөх гэж ирсэн хүмүүст бүгдэд нь саналын хуудас өгсөн. Энэ 24 хүний тэмдэглэгээг хийгээгүйгээрээ хууль бус санал явуулсан байна гэж үзэх юм бол нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын саналын зөрүү 65 хүнд хүрэхгүй. Тиймээс энэ байдал нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөх үндэс болохгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

            Хариуцагч Пүрэвсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие хурлын заалнаас нэр дэвшүүлсэн саналыг зөвшөөрч Тооллогын комиссын даргаар ажиллахдаа Баян-Өндөр сумаас өгсөн удирдамжийн дагуу төрийн албан хаагчийн зааварчилгаар хуралдааны үйл ажиллагаанд Тооллогын комисст ажиллан бид тооллогоо хийхдээ хүн нэг бүрчлэн бүх Тооллогыг комиссын гишүүд гар дамжуулан тоолоод бүх нэр дэвшигчдийн тоогоор хүн тус бүрийн тоог гаргаж, хувийг нь тогтоож өгсөн бөгөөд хамгийн сүүлд миний бие төрийн албаны ажилтнаас одоо болсон уу гэж асуухад болсон одоо явж болно гээд явсан. Нэхэмжлэгч М.Лхагвын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж эсэргүүцэж байна”[5]

  “Би Тооллогын комиссыг өөрөө удирдаж явуулсан. Тооллогын комисс 5 хүний бүрэлдэхүүнтэй. Тухайн санал хураалтад 309 хүн оролцсон. Үүнээс М.Эрдэнэбулган 173 хүний санал авсан, М.Лхагва 108 хүний санал авсан. Нэг билүү хоёр саналын хуудас хүчингүй гарсан. Тооллогын ажиллагаа хууль журмын дагуу явагдсан гэж баталгаатай хэлж байна” гэв.

            Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Баян-Өндөр сумын 21 багийн иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдаж, багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргыг сонгох сонгуулийн үйл ажиллагаа явагдсан. Уг хурлаас иргэдийн олонхийн саналаар сонгогдсон иргэнийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтыг баримтлан тухайн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гаргаж, томилуулах санал ирүүлсний дагуу 5 өдөрт багтаан сумын Засаг даргын захирамж гарган томилж батламжилсан. Уг захирамжид багуудын Засаг дарга нарыг Авилгатай тэмцэх газрын мэдэгдэл ирэх хүртэл хугацаагаар түр томилсон. 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамж нь хуулийн дагуу гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна”[6] гэжээ.

            Гуравдагч этгээд М.Эрдэнэбулган шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Лхагвын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчид, багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурал зохион байгуулагдсан. Уг хуралд оролцохоор ирсэн иргэдийг Яргуйт багийн хэсгийн ахлагч нар бүртгэсэн. Иргэдийг бүртгэхдээ холбогдох бичиг баримт болох цахим үнэмлэхийг нь шалгаж бүртгэж оруулсан.

2. Саналын хуудсыг хэвлэх үед техник алдаа гарч иргэдийн Нийтийн Хуралд 419 иргэн бүртгүүлснээс хэтэрч 8 саналын хуудас илүү хэвлэгдсэн. Илүү 8 саналын хуудсыг Яргуйт багийн нийгмийн ажилтан Т.Дуламсүрэн нь Баян-Өндөр сумаас ирсэн Ж.Уянгад хүлээлгэн өгсөн. Илүү хэвлэгдсэн 8 саналын хуудсаар санал хураалт явагдаагүй болно.

3. Тооллогын комисс тооллогыг худал явуулж, М.Лхагвын авсан саналыг хассан эсвэл нэр дэвшигч миний иргэдээс авсан саналыг хуурамчаар нэмж тоолсон үйл ажиллагаа явагдсан зүйл огт байхгүй. Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурал нь тухайн өдөр тасралтгүй 12 цаг үргэлжилсэн бөгөөд маш олон хүний хүч хөдөлмөр, цаг зав орсон.

4. Миний бие Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Засаг даргад нэр дэвшихдээ аль нэг нам, эвслээс бус иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдээс нэр дэвшсэн. Яргуйт багийн 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурал хууль зөрчиж явагдаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ үндэслэл муутай үнэн бодит байдалд нийцээгүй зүйлсийг бичсэн байна.

Иймд нэхэмжлэгч Яргуйт багийн 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар М.Лхагвын эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”[7] гэжээ.

“2017 оны 04 дүгээр сарын  22-ны өдрийн иргэдийн Нийтийн Хуралд багийн Засаг даргад нэр дэвшсэн хүмүүс хийсэн ажил болон хийх гэж байгаа ажлуудаа танилцуулж, миний бие ард иргэдээсээ олонхийн санал авч дахин Яргуйт багийн Засаг даргаар сонгогдсон. Нэхэмжлэгчийн насанд хүрээгүй хүүхэд санал өгсөн гэдэг асуудал дээр санал нийлэхгүй байна. Хурлын зааланд маш олон хүн хараад сууж байхад хүүхэд санал өгөх ямар ч боломжгүй. Хурал эмх замбараагүй болсон гэдэг дээр Хурлын цаг болохоос өмнө ард иргэд маань олноор орж ирснээс болоод хэсгийн ахлагч нэрээ бүртгэхдээ регистрийн дугаарыг нь бүртгэлгүйгээр орхисон. Гэхдээ санал өгч байгаа хүмүүсийн цахим үнэмлэхүүдийг нь шалгаж оруулсан. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэв.

            Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурал, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тооллогын комисс нь захиргааны байгууллага биш, энэ маргаан нь Захиргааны хэргийн шүүхэд харъяалагдахгүй. Нэхэмжлэгч иргэдийн Нийтийн Хурлын тогтоол хууль бус гэж үзэж байгаа нь хуралдаан эмх замбараагүй болсон, насан хүрээгүй хүүхэд санал өгсөн, нэг хүн олон удаа санал өгсөн байж магадгүй гэж байна. Түүнээс нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн талаар тодорхойгүй байна. Насанд хүрээгүй хүүхэд санал өгсөн гэдэг дээр санал өгч байгаа хүмүүсийн цахим үнэмлэхийг шалгаад саналын хуудас өгч санал өгөх эрхийг нь шалгаж байсан. Тиймээс насанд хүрээгүй иргэн санал өгсөн асуудал яригдахгүй. Яргуйт багийн Засаг дарга санал өгсөн хүмүүсийн нийт 309 санал нь хүчинтэй гэж Тооллогын комисс тоолсон байдаг. Үүнээс 173 иргэний саналыг М.Эрдэнэбулган, М.Лхагва 108 иргэний санал авч 65 иргэний саналын зөрүүтэй байгаа. Эдгээр 65 хүн нь хууль бусаар санал өгсөн юм уу, 65 хүн насанд хүрээгүй иргэн байсан юм уу?. Үүнийг нэхэмжлэгч тал тайлбарлах байх. Саналын тоо 65 иргэний саналаар илүү байгаа нь багагүй тоо. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Лхагва нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай “Багуудын Засаг дарга нарыг түр томилж, батламжлах тухай” захирамжийн 1 дэх хэсгийн 2. М.Эрдэнэбулганд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж, багийн Засаг даргыг сонгох ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах”;

Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комисст холбогдуулан “Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлүүдийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөрөн нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчээс түүний эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т зааснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Мөн тус хэрэгт хариуцагчаар оролцож байгаа Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссын дарга Б.Пүрэвсүрэн нь шүүх хуралдаанд хоцорч ирсэн боловч хэргийн оролцогчдын хүсэлтийг авч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүхээс хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын тайлбар, холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч М.Лхагвын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай “Багуудын Засаг дарга нарыг түр томилж, батламжлах тухай” захирамжийн 1 дэх хэсгийн 2. М.Эрдэнэбулганд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж багийн Засаг даргыг сонгох ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комисст холбогдуулан гаргасан “Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэг. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурал 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, уг хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг багийн иргэдээр хэлэлцэж, тус багийн Засаг даргад М.Эрдэнэбулган, М.Лхагва, Баярмагнай нарын нэрийг дэвшүүлж, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх хуралдаанд оролцсон иргэдээс нууцаар санал хурааж, саналын хайрцагаас 309 хүчинтэй саналын хуудас гарсан байх бөгөөд М.Эрдэнэбулганыг 173 иргэн буюу 55.9 хувь, М.Лхагвыг 108 иргэн буюу 34.9 хувь, Баярмагнайг 28 иргэн буюу 0.9 хувь нь багийн Засаг даргад нэрийг дэвшүүлэхээр саналаа өгсөн болох нь хуралдааны тэмдэглэл, Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор тус тус нотлогдож байна.

Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан эхлэхэд 419 иргэн оролцохоор бүртгүүлсэн боловч багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, санал хураахад 309 иргэн оролцож, саналаа өгсөн байх тул тухайн асуудлыг хэлэлцэх үед санал өгсөн иргэдээс саналыг тоолсон нь зөв байна.

Нэхэмжлэгч нь “...326 саналын хуудас гарч ирж, ирцийн бүртгэлээс 22 иргэн саналын хуудсаар илүү санал өгсөн” гэж тайлбарласан байх бөгөөд тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэлийн 4 дүгээр хуудаст багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалтад 326 иргэн нууцаар санал өгсөн талаар тэмдэглэжээ. Харин багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, нууцаар санал хураахад саналын хайрцагаас 309 саналын хүчинтэй хуудас гарч үүнээс саналын дүнг тоолсон талаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэлийн 6 дугаар хуудаст тэмдэглэсэн байна.

Орхон аймгийн Статистикийн хэлтсийн 2017 оны  08 дугаар сарын 28-ны өдрийн 97 дугаартай албан бичгээр ирүүлсэн статистикийн мэдээллээр Яргуйт баг нь 2016 оны жилийн эцсийн байдлаар 1716 өрхтэй байсан байх тул тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэх санал хураалтад 309 иргэн оролцсон нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 /Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд...аймгийн сумын төвийн багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно/-т зааснаар хуралдааны ирц хүчинтэйд тооцогдоно.

Нэхэмжлэгчээс “Яргуйт багт оршин суудаггүй санал өгөх эрхгүй хүмүүс санал өгсөн” гэж тайлбарлаж байгаа нь Улсын бүртгэлийн хэлтсийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлтуудаар үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгчээс “Ирцийн бүртгэлийг регистрийн дугаараар бүртгээгүй нь тухайн санал хураалтад сонгуулийн насны хэдэн хүн оролцсон болохыг тогтоох боломжгүй, сонгуулийн насанд хүрээгүй хүмүүс санал өгсөн. Мөн нэг хүн 2 удаа санал өгсөн” гэж тайлбарлаж байгаа боловч хэдийгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцохоор бүртгүүлсэн иргэдийн ирцийн бүртгэлд иргэдийн регистрийн дугаар, насны талаар тусгаагүй ч нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаараар сонгуулийн насанд хүрээгүй иргэд санал хураалтад оролцсон, мөн нэг иргэн удаа дараа санал өгсөн болох нь нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа дээрх үндэслэлүүд нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн буюу 173 иргэн буюу 55.9 хувийн саналаар М.Эрдэнэбулганыг тус багийн Засаг даргад нэр дэвшигчээр сонгосон тул тус багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг гаргаж, Баян-Өндөр сумын Засаг даргад хүргүүлжээ. Ийнхүү багийн Засаг даргад нэр дэвшигчийг томилуулахаар санал болгосон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Иймд Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, М.Эрдэнэбулганыг багийн Засаг даргад нэрийг дэвшүүлсэн нь нэхэмжлэгч М.Лхагвын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул “Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж, багийн Засаг даргыг сонгох ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй болно.

Хоёр: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус багийн Засаг даргад М.Эрдэнэбулганы нэрийг дэвшүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг үндэслэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжаар М.Эрдэнэбулганыг Яргуйт багийн Засаг даргаар томилжээ. Хуулийн дагуу явагдсан саналын дүнг үндэслэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар М.Эрдэнэбулганыг Яргуйт багийн Засаг даргаар томилсон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамж нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч М.Лхагвын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэлээ.

Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комисст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгчээс Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комисст холбогдуулан “Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурал нь багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхдээ иргэдээс нууцаар санал хураасан байх бөгөөд уг саналыг тоолох ажиллагааг явуулах зорилгоор Тооллогын комисс байгуулахаар хуралдааны дэгээ баталсан бөгөөд уг Тооллогын комисс нь санал хураалтын дүнг тоолж, саналын дүнг нэгтгэн 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг гаргажээ.

Энэхүү Тооллогын комиссын тогтоол нь Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 /Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно/-т зааснаар захиргааны актад хамаарахгүй болно.

Иймд уг нэхэмжлэл нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх нийтийн эрх зүйн маргаанд хамаарахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтуудыг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.10, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч М.Лхагвын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай “Багийн Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах, Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулж, багийн Засаг даргыг сонгох ажиллагааг дахин зохион байгуулахыг даалгах”, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өндөр сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/09 дугаартай захирамжийн 1 дүгээр заалтын 2 дахь хэсэг буюу Яргуйт багийн Засаг даргаар М.Эрдэнэбулганыг түр томилсон захирамжийн хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан М.Лхагвын Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны Тооллогын комисст холбогдуулан гаргасан “Тооллогын комиссын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, энэхүү шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан М.Лхагвын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             П.УУГАНЦЭЦЭГ

 


[1] Хэргийн 1-2 дугаар хуудас: Нэхэмжлэгч М.Лхагвын шүүхэд гаргасан нэхэмжлэл

[2] Хэргийн 54 дүгээр хуудас: Нэхэмжлэгч М.Лхагвын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага

[3] Хэргийн 97 дугаар хуудас: Нэхэмжлэгч М.Лхагвын шүүхэд гаргасан нэхэмжлэл

[4] Хэргийн 20, 24-25 дугаар хуудас: Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Баярмаагийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар

[5] Хэргийн 62 дугаар хуудас: Хариуцагч Б.Пүрэвсүрэнгийн шүүхэд ирүүлсэн тайлбар

[6] Хэргийн 63 дугаар хуудас: Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар

[7] Хэргийн 50-51 дүгээр хуудас: Гуравдагч этгээд М.Эрдэнэбулганы шүүхэд ирүүлсэн хариу тайлбар