Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 11

 

2016 оны 10 сарын 28 өдөр     Дугаар 226/МА2016/00011
    


Ө.Даваажавын нэхэмжлэлтэй, Р.Дугардоржид
холбогдох иргэний хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам, нэхэмжлэгч Ө.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч С.Байгальмаа даргалж шийдвэрлэсэн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 178 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Р.Дугардоржийн давж заалдах гомдлоор Ө.Даваажавын нэхэмжлэлтэй, Р.Дугардоржид холбогдох “4 615 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
    Нэхэмжлэгч Ө.Даваажав нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  
Би иргэн Р.Дугардоржтой 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “CAMRUN” групп ХХК-ийн “ROSKSTON” брэндийн автомашины дугуй худалдах худалдан авах гэрээ байгуулж уг гэрээний дагуу мөн сарын 24-нд өөрийн борлуулж байсан дугуйны үлдэгдэл болох N58010 маркийн /баавгай хээтэй/, нэг бүр нь 555 000 төгрөгийн үнэтэй автомашины дугуй 4 ширхэгийг худалдсан ба үнийг 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохирсон болно. Мөн хамтран ажиллах гэрээний дагуу надаас хүлээж авсан 55 дугуйнаас нэг бүр нь 540 000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг дугуй өөртөө авсан. Ингээд нийт 6 дугуйны үнэ 3 300 000 төгрөгийг төлөх ёстойгоос 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 830 000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 2 470 000 төгрөгийг өдийг хүртэл төлөөгүй байгаа бөгөөд эхний 4 дугуй худалдах худалдан авах гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги 1 110 000 төгрөг, нийт 3 580 000 төгрөгийг Р.Дугардоржоос авах ёстой юм.
Мөн хамтран ажиллах гэрээний дагуу надаас 55 дугуй хүлээж авснаас өөрөө 2 дугуйг нь авч үлдэх 53 дугуйг /нэг бүр нь 550 000 төгрөгийн үнэтэй усан хээтэй дугуй 16, нэг бүр нь 555 000 төгрөгийн баавгай хээтэй дугуй 37/ нь худалдан борлуулж, түүний үнэ болох 29 335 000 төгрөгийг надад шилжүүлэх ёстойгоос, 840 000 төгрөгийг дугуй худалдан борлуулсны урамшуулалд авч, одоо 1 035 000 төгрөг дутуу байгаа болно. Иймд дээрх хоёр гэрээний төлбөрийн үлдэгдэл болон алдангид нийт 4 615 000 төгрөгийг Р Дугардоржоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Р.Дугардорж нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Дугардорж миний бие нь Ө.Даваажавд Бор-Өндөрт анх том машины дугуй зарах санааг хэлж хамтран ажилласан. Бизнесийн хуулийн дагуу 10 хувийн ашиг надад өгөх ёстой байтал ашиг өгөөгүй. Иймд Ө.Даваажавын нэхэмжпэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

    Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 178 дугаартай шийдвэрээр:
Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Дугардоржоос 4 926 000 төгрөгийг /дөрвөн сая есөн зуун хорин зургаан мянга/ гаргуулан нэхэмжлэгч Ө.Даваажавт олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ө.Даваажавын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 98 782 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Дугардоржоос 98 782 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Даваажавт олгож тус тус шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Р.Дугардорж нь давж заалдах гомдолдоо: Р.Дугардорж би Ө.Даваажавтай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос ирж харилцан тохиролцох гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нийт 3 505 000 төгрөгийг төлөхөөр тохиолцсон. Гэрээнд заасан хуваарьт төлбөр төлөх хугацаанд сонгууль, улсын наадам давхцаад төлбөрөө төлөөгүй бөгөөд төлбөр төлөх эцсийн хугацаа 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дуусах байтал хугацаа дуусаагүй байхад 2016 оны 6 сарын 16-ны өдөр шүүхэд Ө.Даваажав гомдол гаргасан байна.
Иймд Р.Дугардорж би 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 178 дугаар шүүхийн шийдвэрийг хэт нэг талыг барьсан, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Ө.Даваажавын өөрийн бичиж өгсөн харилцан тохиролцох гэрээг харгалзаж үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Уг гэрээгээр нийт авах мөнгөн дүнг 3 505 000 төгрөг гэж хоёр талаасаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зуралцаж, нотариатаар батлуулсан байсан.
Иймд алданги болох 1 110 000 төгрөгийг төлөх ёсгүй гэж үзэж гомдол гаргаж байна. Тийм учраас миний гомдлыг үнэн зөвөөр шүүж өгнө үү гэжээ.
 
ҮНДЭСЛЭХ нь:

    Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч Ө.Даваажав нь хариуцагч Р.Дугардоржид холбогдуулан түүнд борлуулахаар өгсөн 53 дугуйны үнэ болох 29 335 000 төгрөгийн үлдэгдэл 1 035 000 төгрөг, өөртөө авсан 6 ширхэг дугуйны үнэ 3 300 000 төгрөгийн  төлөгдөөгүй үлдсэн 2 470 000 төгрөг, алданги 1 110 000 /4 дугуйны үнэ 2 220 000 төгрөгийн 50%/ нийт 4 615 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчид том машины дугуй зарах санааг хэлж хамтран ажилласан, бизнесийн хуулийн дагуу 10 хувийн ашиг надад өгөх ёстой байтал өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх  явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж шүүх хуралдаанд ирсэн замын болон буудлын зардал 311000 төгрөгийг нэхэмжилсэнийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.
    Нэхэмжлэгч Ө.Даваажав нь хариуцагч Р.Дугардоржтой 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “CAMRUN” групп ХХК-ийн “”Rockstone”” брэндийн автомашины дугуй худалдах, худалдан авах гэрээ байгуулан, N58010 маркийн /баавгай хээтэй/, нэг бүр нь 555 000 төгрөгийн үнэтэй автомашины дугуй 4 ширхэг дугуйны төлбөр 2 220 000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр, уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоногт төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна.
Мөн зохигчид нь 2013 оны 04 дүгээр сарын  25-ны өдөр нэг бүр нь 540 000 төгрөгийн үнэтэй 55 ширхэг дугуйг худалдан борлуулахаар гэрээ байгуулан гарын үсэг зурж Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан бичгийн хэлцэл хийхдээ мөн зүйлийн 42.4-т зааснаар нотариатаар гэрчлүүлсэн нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр хэлцэл байна. /хх-ийн 3 тал/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, талууд гэрээний зүйл үнийг харилцан тохиролцсон, уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Ө.Даваажав нь хариуцагч Р.Дугардоржоос гэрээний үүргийн гүйцэтгэл болох худалдан борлуулсан эд зүйлийн үнэ алданги төлөхийг шаардах эрхтэй байна.
Шүүх 3 505 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрч энэ талаар маргаагүй /хх-38/, алданги 1 110 000 төгрөгийн, шүүх хуралдаанд ирсэн замын болон буудлын зардал 311 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагууд нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон гэж үзэн Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 222 дугаар зүйлийн 222.4-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна
Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй байх тул түүний давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 178 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Р.Дугардоржийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Р.Дугардоржоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Я.АЛТАННАВЧ

                      ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

                                          Б.ДЭНСМАА