Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 110

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 409 дүгээр магадлалтай, Д.Б-д холбогдох 2111011300135 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Д.Б нь “Фэйсбүүк цахим орчинд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ний логотой “Админ админ” “Группийн админ” нэртэй хаягуудаар “Ардад данс нээлгээд ашиглаагүй удсан хүмүүсийн койныг мөнгө болгож өгнө, Ард койноо хэрхэн мөнгө болгох талаар мэдээлэл өгнө, зааж өгнө” гэх утга бүхий заруудыг байршуулан тус зарын дагуу холбогдсон нэр бүхий 289 иргэнээс нийт 61,555,735 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, залилсан буюу их хэмжээний хохирол учруулсан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 5 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-ээс нийт 61,555,735 төгрөг гаргуулж шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхий 289 хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын Д.Б-ээс нийт 61,555,735 төгрөг гаргуулж, шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхий 289 хохирогчид олгосугай.” гэснийг "... Д.Б-ээс нийт 61,144,835 (жаран нэгэн сая нэг зуун дөчин дөрвөн мянга найман зуун гучин тав) төгрөг гаргуулж, шийтгэх тогтоолын хавсралтад заасан нэр бүхий 288 хохирогчид олгосугай.” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын хавсралтын 248 дугаар дараалалд бичигдсэн “Э.Золбаярт 410,900 төгрөг Д.Б-ээс гаргуулах хохирол” гэснийг хүчингүй болгож,

тогтоох хэсэгт “Шүүгдэгч Д.Б нь нийт 28 хохирогчийн 4,942,000 (дөрвөн сая есөн зуун дөчин хоёр мянга) төгрөгийн хохирлыг төлсөн болохыг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б гаргасан гомдолдоо “...Миний эрх зүйн байдлыг дордуулж ямар учраас ямар учраас амьдралын эх үүсвэр болгосон гэж зүйлчлэн яллаж байгааг ойлгохгүй байна. Нотлон баримт дээр үндэслэж зохих зүйл ангиар нь зүйлчлэх зүйтэй гэж миний бие бодож байна. Мөн прокурор нь ямар ч өөрийн гэсэн суурьгүй, шүүх хурал болгон дээр нотлох баримт байхгүй шал өөр өөр зүйл ярьдгийг ойлгохгүй байна. Прокурор давж заалдах шатны шүүх хурал дээр амьдралын хэвшил болгосон, 12 дугаар ангийн хүүхэд төрсөн эх Дэлгэрцэцэгийн ТҮЦ-д бараа материал авч өгдөг нь мэдүүлгээр нотлогдсон гэж ярьдаг. Манай ээж мэдүүлэхдээ 2019 онд тэтгэвэрт гараад 17,000,000 төгрөгөөр ТҮЦ худалдан авч наймаа хийж эхэлснээ ярьсан байдаг. Мөн миний койн худалдан авах ажилд хөрөнгө оруулдаг байснаа ярьсан. Энэ нь миний гэмт хэрэгт холбогдохоос өмнөх буюу 2019, 2020 онд болсон явдал. Ингээд үзэхэд прокурорын хэлсэн зүйл нотлох баримтгүй, бодит байдалтай нийцэхгүй байна. Миний бие уг хэрэгт холбогдохдоо 17 настай байсан, өөрийгөө гэмт хэрэг үйлдэж байна гэж ойлгохгүйгээр ардаас өгч байгаа үнэгүй урамшуулал койн хий хоосон зүйлээс мөнгө үүсээд байна гэж ойлгож явсаар 288 хүнийг хохироосондоо маш их гэмшиж байна. Миний бие гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгөө зөвхөн 1хbet гэх Оросын цахим бооцоо тавьдаг сайт дээр алдаад дууссан нь миний дансны хуулга болон гэрчийн мэдүүлгээр нотлогдоод байгаа. Би энд хоригдох хугацаандаа эрх чөлөө гэж ямар үнэтэй зүйл болохыг ухаарсан, ойлгосон. Эрхэм шүүгчид та бүхэн миний холбогдсон хэргийг хүлээн авч Эрүүгийн хуулийг зөвөөр ашиглаж, зүйл ангийг минь өөрчлөн шийдвэрлэж намайг нэг удаа харж үзэж цаашдын амьдралыг минь бодолцож сурч боловсрох нийгэмд болон улс эх орондоо хэрэгтэй нэгэн болж төлөвшихөд минь боломж олгооч гэж гуйж байна. Өөрийн гаргасан алдаагаа засахад минь боломж олгооч гэж та бүхнээсээ чин сэтгэлээсээ гуйж байна...” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаа гаргасан гомдолдоо “... Урьд буюу 2022 оны 08-р сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийг өөрийн санаачилгаар хийн улмаар Д.Б-ий үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэмээн хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх агуулгаар буцаасан байдаг. Харин Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10-р сарын 18-ны өдрийн 998 дугаар бүхий магадлалаар тус хүндрүүлсэн асуудалд дүгнэлт хийхдээ “... шүүх хэт нэг талыг барин барьж хэргийн зүйлчлэлийг шууд хүндрүүлэхээр заасан нь буруу байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэхээр шийдвэрлэсэн. Мөн залилан мэхлэх гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө, орлогоо хэрхэн зарцуулсан, амьдралын эх үүсвэртээ хэрэглэсэн эсэхэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулсны эцэст түүний үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай” гэж үзсэн. Гэтэл хэрэг прокурорт буцсанаас хойш хийгдсэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар түүний ээж Х.Д болон түүний төрсөн эгч Д.Х-оос гэрчийн мэдүүлэг аван шүүх рүү зүйл анги хүндрүүлж яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байдаг. Гэтэл Х.Д болон Д.Х нарын мэдүүлгээр тэд Д.Б-ээс нэг ч төгрөг авч байгаагүй, харин ч түүнд мөнгө өгдөг байсан, гэртээ лав олигтой зүйл нэг ч авч орж байгаагүй, гар утсаа ч солиогүй бүх мөнгөө бооцоо тавиад алдсан гэх асуудлыг мэдүүлдэг.

Хэргийг прокурорт буцааснаас хойш нэмэлтээр хийгдсэн ажиллагаагаар түүнийг залилан мэхэлж олсон хөрөнгө мөнгөө амьдралдаа зарцуулаагүй гэсэн гэрчүүдийн мэдүүлэг тогтоогддог атал хэргийг хүндрүүлэн зүйлчилж улмаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол цаашлаад давж заалдах шатны шүүхийн магадлал гарсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөрдөгч, прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу хэргийг хүндрүүлж буй байдлаа нотлоогүй буюу мөрдөн шалгах ажиллагаагаар харин ч эсрэгээрээ амьдралын эх үүсвэр болгоогүй нь тогтоогдсон атал ийнхүү хүндрүүлсэн нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна.

1 дүгээр хавтаст хэргийн 180-181 дугаар талд гэрч Хулангийн мэдүүлэг “Би 1 экс бет сайтад 2021 оны 5-р сараас эхлэн ажиллаж эхэлсэн юм. Энэ ажил нь 1 экс бетийн сайт дээр бооцоо тавихаар мөнгөө миний арилжааны банкнууд дээр байгаа данс руу хийхээр нь тухайн мөнгийг үйлчлүүлэгч 1 экс бетийн айди хаяг руу нь цэнэглэж, миний Хаан банкны 5000916957 гэсэн дансаар дамжуулж D.B гэх хаягаас 2021 оны 06-р сараас эхлэн 5015234108 дугаартай данснаас мөнгө шилжүүлж өөрийн айдигаа цэнэглүүлж байсан. Хамгийн сүүлд 2022 оны 04-р сарын 30-нд 420,000 төгрөгийн бооцоо тавьсан байна, айди хаягт бооцооны мөнгө нь орж ирдэг хэрэв үйлчлүүлэгч хүсвэл тухайн айди дээр байгаа мөнгийг агент буюу надаар дамжуулан өөрийн дансанд шилжүүлэн авч болно эсхүл өөрөө үргэлжлүүлэн тоглож болно" гэх мэдүүлэг, мөн 1-р хавтаст хэргийн 120 дугаар талд авагдсан баримтад түүний дээрх данс руу Д.Б-ээс мөн гэмт хэрэг үйлдсэн гэх хугацаанд нийт 44,362,300 төгрөгөөр бооцоот тоглоомд цэнэглэлт хийн буцаан 8,853,550 төгрөг авсан нь харагддаг. Түүнчлэн 4-р хавтаст хэргийн 70 дугаар талд авагдсан гэрч Б.М-ийн мэдүүлэгт Д.Б нь миний байнгын үйлчлүүлэгч бөгөөд тоглоомын 11 бет худалдан авах асуудлаар харилцдаг, мөн оnеXbеt хаяг руу мөнгө шилжүүлдэг байсан талаар мэдүүлдэг. Мөн энэхүү мэдүүлэг болон 1-р хавтаст хэргийн 112 дугаар талд авагдсан дансны хуулгаар гэмт хэрэг үйлдсэн гэх хугацаанд Б.М-ийн Хаан банкны 5041272380 дугаарын данс руу Д.Б-ээс 50,693,400 төгрөг шилжүүлж буцаан 14,100,000 төгрөг авсан нь харагддаг. Д.Б-ий мэдүүлэг “Би анх 2020 оны 10-р сараас эхлэн онлайн стори буюу цахим тоглоом баатруудын хувцас хэрэглэл, зэвсгийн скин зэргийг зардаг онлайн дэлгүүр фэйсбүүк пэйж хуудас нээж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Би ийм худалдаа хийх зөвшөөрлөө ээж, эгч нарт хэлж зөвшөөрөл авсан, уг наймааг хийх үед 18 нас хүрээгүй байсан учир надад интернет банк байгаагүй, хүмүүсийн урамшууллын мөнгийг 1 экс бет гээд бооцоо тавьдаг сайтаар бооцоо гавьчихдаг байсан. Хожсон мөнгөө өөрийнхөө данс руу хийж аваад дараа нь буцаагаад бооцоо тавиад ихэнхдээ алдчихдаг байсан. Ер нь бол энэ хүмүүсийн ард койныг зараад цуглуулсан мөнгийг бүгдийг нь шахуу бооцоо тавиад алдчихсан" гэх мэдүүлэг зэргээр хохирогчдын урамшууллын койныг тоглоомын сайтад алдсан гэдэг нь харагддаг. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх аль аль нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан "байна үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэх шинжийг буруу хэрэглэсэн.

Д.Б-ийг хохирогчдын урамшууллын мөнгийг аваад буцаагаад 1экс бет бооцоот тоглоомын сайтад алдсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулга болон дээрх гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх атал шүүх яг ямар баримтыг үндэслэн уг мөнгийг амьдралдаа зарцуулсан гэж үзсэн нь ойлгомжгүй. Хэрэв үнэхээр амьдралдаа зарцуулсан, амьжиргааны гол эх сурвалжаа болгосон байна гэж үзвэл хэдий хэмжээний мөнгө нь хэрх.эн. хаашаа орсон, хэрхэн зарцуулагдсан байна гэдгийг тогтоохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд зааснаар шинжээч томилох шаардлагатай байсан. Дээрх ажиллагааг хийлгүйгээр амьдрал ахуйдаа зарцуулсан гэж үзсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн уг хэрэгт Ард Кредит ББСБ-иас гаргаж өгсөн жагсаалтаар хохирогчдыг тодорхойлсон байдаг. (1-р хавтаст хэргийн 9-р хуудаснаас) Гэтэл 105 хохирогчдын дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргаж өгөөгүй атлаа шууд тэдгээр хүмүүсийг Д.Б-ий үйлдсэн гэмт хэргийн хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй. Учир нь тус хэрэгт Түмэнхүслэн гэх этгээд мөн хохирогчдын койны нэр бүхий этгээдийн дансаар шилжүүлэн улмаар өөрийн дансанд авсан гэх асуудал яригддаг. Ийм эргэлзээтэй нөхцөл байдал байхад бүх хохирогчдын койныг шууд Д.Б- мөнгө болгон авсан гэж үзэх нь өрөөсгөл. Энэ асуудалд мөрдөгч прокурорын зүгээс нэг мөр шалгаж дүгнээгүй зөвхөн Ард Кредит ББСБ-иас ирүүлсэн албан бичгийг үндэслэн шийдвэрлэх нь байж боломгүй үйлдэл гэж үзэж байна. Иймд шүүх та бүрэлдэхүүн та бүхэн уг асуудалд дүгнэлт хийн хохирлыг нарийн тогтоож өгнө үү. Залилах гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу "байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох” гэдэг тухайн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл. хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалжаа болгосон байдаг шинжтэй. Хэдийгээр давтамжийн хувьд олон хохирогчийн койныг залилсан боловч цаг хугацааны хувьд Ковид-19 цар тахлын үед гэртээ фэйсбүүк цахим орчноос уг мэдээллийг аван 2021 оны 6-р сараас 2021 оны 10-р сар хүртэл хугацаанд уг гэмт хэргийг үйлдсэн байдаг. Түүнчлэн уг мөнгөө гэр ахуйн хэрэглээндээ зарцуулаагүй бооцоо тавин алдсан гэдэг нь ч тогтоогддог. Цаашлаад Д.Б-ий ээж сар бүр тэтгэврийн орлоготой түүний хажуугаар ТҮЦ ажиллуулдаг. түүний эгч циркэд ажилладаг мөн давхар онлайн шоп ажиллуулдаг бөгөөд Бархасгүний залилсан мөнгө нь бооцоот тоглоомын сайтад алдсан болохоос биш огт гэр ахуйн амьжиргааны эх сурвалж болдоггүй байсан буюу тухайн гэр бүл нь өөрийн амьжиргааны эх үүсвэртэй гэр бүл байсан.

Давж заалдах шатны шүүхээс “уг гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажлаа болгосон шинжтэй нөгөө талаас байнга гэх шинж нь хэвшмэл маягтай, удаа дараагийн үйлдэл хийсэн байдаг онцлогтой ба шүүгдэгч Д.Б-ий үйлдэл нь энэ шинжийг хангаж байна” гэжээ. Дээр дурдсанчлан Д.Б нь цар тахлын үед 6 сарын хугацаанд гэмт хэрэг үйлдсэнг хэт удаан хугацаа, хэвшмэл маягтай, амьдралын зорилго болгосон гэж үзэх нь учир дутагдалтай. Учир нь тэрээр таеквондогийн спортоор хичээллэдэг тул тус спортоор багшлах эрхээ аван клуб ажиллуулж орлого олдог байсан мөн Бяцхан сондор гэх цэцэрлэгт цагийн багш хий.гэг байсан зэрэг өсвөр насны хүүхдийн хувьд өөрийн боломжоор ажил хөдөлмөр эрхэлж байсан билээ. Д.Б нь хэрэг үйлдэх үед өсвөр насны буюу 18 насанд хүрээгүй ерөнхий боловсролын сургуулийн сурагч байсан, ковид-19 цар тахал гарсантай холбоотой хичээл сургууль орохгүй үед анх удаа ийнхүү гэмт хэрэгт холбогдсон байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүн /хүүхэд/ гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэг хүлээгээгүй ба уг үүрэг нь гагцхүү эцэг эхийн журамт үүрэг хэмээн зааж өгсөн байхад шүүх өсвөр насны хүүхдийг өөрийгөө болон гэр бүлээ тэжээн тэтгэж. амьдралын эх үүсвэр болгосон гэж түүний үйлдсэн гэмт хэргийг хүндрүүлэх нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтай харшилж байна гэж үзэж байна. Хувийн байдлын хувьд тэрээр хувийн сургуульд сурч таеквондогийн 2 удаагийн улсын аварга. 2 удаагийн мөнгө. 2 удаагийн хүрэл медаль аван амжилт үзүүлэн сургуульдаа төлбөрийг 100 хувь чөлөөлүүлэн суралцаж байгаа сурлага сайтай сурагч билээ. Д.Б нь гэмт хэргээс маш их сургамж аван гэмт хэргээ ухамсарлаж гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа ба хохирогчдоос авсан мөнгийг гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж хохирол төлөхөө илэрхийлж заримыг төлөөд эхэлсэн байгаа билээ. Иймд дээрх бүх асуудалд та бүхэн дүгнэлт хийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01-р сарын 25-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04-р сарын 13-ны өдрийн 409 дугаар магадлалыг хүчингүй болгох эсхүл Д.Б-ий үйлдсэн гэх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд /гэмт хэрэг үйлдэж эхлэх үедээ 17 настай байсан ба 21 насанд хүрээгүй байсан/ эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаа шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой  зөрчсөн, Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарласан, зөрүүтэй хэрэглэсэн агуулгаар хяналтын журмаар гомдол гаргасан. Анх Ард койноос албан бичгийг ирүүлсэн бөгөөд 2021 оны 06 дугаар сараас 2021 оны 12 сар хүртэл нийт манайд бүртгэлтэй 289 иргэний койн алга болчихлоо, энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж өгнө үү гэсэн агуулгатай зүйлийг ирүүлдэг. Анх олон хохирогчтой гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан буюу “байнга үйлдсэн” гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Үүний дараагаар мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсэн бөгөөд прокурорын зүгээс Д.Б-ий хувьд “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзээд хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-6.16-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах ёстой. Гэтэл анхан шатны шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг зарлахдаа дээр дурдсан аль ч үндэслэлээр явуулаагүй бөгөөд зөвхөн зүйл ангийг хүндрүүлэх агуулгаар зарласан нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон өөрчлөлтөөр “хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол хэргийг хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулах агуулгатай” зохицуулалт орсон. Гэтэл шүүх уг зохицуулалтыг баримтлахгүйгээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болсон. Хэргийг прокурорт буцаасны дараа тодорхой ажиллагааг хийсэн буюу Д.Б-ий ээж, эгч хоёроос нь мэдүүлэг авсан бөгөөд “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй бөгөөд “Д.Б-д хангалттай мөнгө өгдөг байсан, түүнээс биш Д.Б-ээс мөнгө аваад гэр бүлээ тэжээн тэтгэдэг зүйл байхгүй” гэж мэдүүлсээр байхад прокурор шүүх хүндрүүл гэсэн агуулгаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу хэргийг хүндрүүлж буй байдлаа бүрэн нотлоогүй. Харин ч шүүгдэгчид ашигтай баримт бий болсон байхад үүнийг эсрэгээр нь тайлбарлаж, зүйл ангийг хүндрүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Хэрэгт авагдсан oneXbet сайтад ажилладаг Хулангийн мэдүүлэг болон дансны хуулгаар Д.Б- бол нийт 50,000,000 төгрөгийг тус сайтад оруулж буцаагаад 18,000,000 төгрөг авсан буюу бүх мөнгөө oneXbet сайт руу алдсан болох хангалттай нотлогдсон. Гэвч прокурор, шүүх энэ талаар огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Анхан шатны шүүх зөвхөн “Ард кредит” ББСБ-аас ирүүлсэн албан бичгийг үндэслээд хохирогч нарын тоо, тооцооллыг гаргасан байгаа. “Ард кредит” ББСБ тухайн цаг хугацаанд ийм хүмүүс хохирсон байна гэдэг агуулгатай албан бичгийг ирүүлсэн болохоос биш энэ бүх хохирогчдын мөнгийг Д.Б залилсан гэдэг зүйлийг тогтоогоогүй. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд санхүүгийн шинжээч томилоод энэ бүх зүйлийг тодруулах ажиллагаа хийх боломжтой байсан. “Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинжийг өмгөөлөгчийн хувьд “тухайн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн, гэмт хэргээс олсон мөнгөөрөө гэр бүл болон өөрийгөө залгуулаад амьдралд нь тогтсон хэв маяг үүссэн” байхыг ойлгож байгаа. Гэтэл Д.Б-ий хувьд гэмт хэрэг үйлдэх үедээ 11 дүгээр ангийн сурагч, 17 настай байсан. Хамгийн сүүлийн үйлдэл буюу хохирогчийн урамшууллын койныг авахдаа 18 нас 2 сартай байсан хэдий ч сэтгэхүй нь хүүхдээрээ буюу 17 настай хүүхдийн сэтгэхүйгээр гэмт хэргээ үйлдсэн учраас шүүх энэ байдлыг анхаарч үзнэ үү. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “насанд хүрээгүй хүн гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэггүй”, гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэг бол цэвэр эцэг, эхийн журамт үүрэг гэж заасан байдаг. Гэтэл шүүх Д.Б-ийг гэр бүл болон өөрийгөө тэжээн тэтгэсэн гэж зүйл ангийг хүндрүүлж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн үед ковид-19 цар тахал гарч сургууль, цэцэрлэг түр хугацаагаар хаасан байсан. Койнтой холбоотой харилцаа сошиалаар их явсан. Үүнтэй холбоотой хууль, дүрэм, журам байдаггүй байсан. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үүнтэй холбоотой хуулийг УИХ-аас баталсан. Сошиалаас мэдээлэл аваад иргэдийн урамшууллын койныг авсан үйлдэлдээ Д.Б нь чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байгаа. Эдгээр байдлыг харгалзаг үзэж хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар өөрчилж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч нь насанд хүрээгүй хүүхэд байсан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дугаар бүлэгт заасан “өсвөр насны хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын журам”-аар хэргийг шийдвэрлэж өгнө үү. Д.Б-ий цаашдын сурч боловсрох, Монгол Улсад хэрэгтэй хүн болж төлөвшихөд нь боломж олгож, шүүх энэрэнгүй ёсны зарчмаа баримтлан хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор С.Батсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж дадал зуршил болсон гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болон өөрийн амьжиргаа болон тогтсон хэв маяг, дур сонирхлыг хангах, залгуулах эх үүсвэр болгосон хэвшмэл шинжтэй ойлголт юм. Д.Б-ий 289 удаагийн үйлдлийн арга зан үйлийн хэвшил болж тогтсон хандлага, давтамж, шинж чанарын төстэй байдал учруулсан хохирол, амьдралын хэв маягтаа зарцуулсан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Д.Б- нь гэмт хэргийн замаар олсон орлогыг xbet тоглоом болон бооцоод тоглоомын газар зарцуулсан байдаг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө амьдралын хэв маяг, дур сонирхлыг хангахын тулд хууль бус үйлдэл хийж орлого олж, зарцуулсан нь хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна. Түүнчлэн ээж Дэлгэрцэцэгийн дансаар нийт 13 удаагийн үйлдлээр 5,794,794 төгрөг шилжиж орсон баримт бий. 1 дүгээр хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ард кредит” БСББ-аас гаргаж өгсөн баримтад үзлэг хийсэн бөгөөд тухайн байгууллагад эзэмшдэг 8 хүний данс руу хууль бусаар нэвтэрч тухайн дансаар дамжуулж 289 хүний эзэмшилд байсан койныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан болох нь тогтоогддог. Д.Б- нь гэмт хэрэг үйлдэж эхлэхдээ 17 нас 7 сартай байсан ба хамгийн сүүлчийн үйлдлийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үйлдэж дууссан буюу 18 нас 2 сартай буюу насанд хүрсэн байсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан журмыг хэрэглэх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх саналтай байнагэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хянан хэлэлцэж анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн эсэхийг хянан үзэв.

Д.Б нь фэйсбүүк цахим орчинд “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн логотой “Админ админ” “Группийн админ” нэртэй хаягуудаар “Ардад данс нээлгээд ашиглаагүй удсан хүмүүсийн койныг мөнгө болгож өгнө, Ард койноо хэрхэн мөнгө болгох талаар мэдээлэл өгнө, зааж өгнө” гэх утга бүхий заруудыг байршуулан тус зарын дагуу холбогдсон нэр бүхий 289 иргэнээс нийт 61,555,735 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, залилсан буюу их хэмжээний хохирол учруулсан, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, Д.Б-ийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд нэр бүхий хохирогчид учруулсан хохирлыг давхардуулан бичсэнтэй холбоотойгоор зохих өөрчлөлтийг оруулсан нь хуульд нийцжээ.

Шүүгдэгч Д.Б нь бусдыг хуурч цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн бүх шинжийг хангасан талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн шинж нь гурваас дээш дахин давтагдах, байнгын шинжтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Б нь 2021 оны 05 дугаар сараас мөн оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд 288 хохирогчийг нэг ижил арга хэрэгслээр залилж, тэднээс авсан мөнгийг өөрийн тоглоом тоглох хэрэгцээндээ зарцуулсан буюу тоглоом тоглож байнга уг үйлдлийг хийх гэсэн өөрийн хүсэл зорилгыг гүйцээж, амьдралын зорилго болгосон үйлдэл нь тус гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой.

Шүүгдэгч Д.Б 288 удаагийн залилан мэхлэх үйлдлээс 226 удааг арван найман насанд хүрээгүй байхдаа үйлдэж, 62 хохирогчийг арван найман насанд хүрсэн боловч хорин нэгэн насанд хүрээгүй байхдаа залилсан нөхцөл байдалд дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д заасан “Арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэснийг баримтлан хорих ялыг хоёр дахин багасган эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэхүү зохицуулалтыг хэрэглэх обьектив үндэслэлд нийт 288 үйлдлийн үнэмлэхүй дийлэнхийг өсвөр настай байхдаа үйлдэн хохирлын ихэнх хэсгийг учруулсан байх бөгөөд гэмт хэргийн бага жин дарах хэсгийг насанд хүрсэн боловч хорин нэгэн насанд хүрээгүй байхдаа үйлдсэн нөхцөл байдлыг харгалзсан үзсэн болно.

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үргэлжилсэн хугацаа зэргийг шүүх харгалзан өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь ижил гэмт хэрэг үйлдсэн насанд хүрсэн хүнд оногдуулах ял, хариуцлагаас ямагт илүү хөнгөн, тэдний нас, сэтгэл зүйн онцлогт нийцүүлэх учиртай.

Иймд гэмт хэрэг үйлдэж эхлэхдээ 18 насанд хүрээгүй буюу өсвөр настай байсан шүүгдэгч Д.Б-д оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2 дахин багасган эдлүүлэх өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулан, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 409 дүгээр магадлалын тогтоох хэсэгт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хоёр дахин багасгаж, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Б.Дагиймаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хангасугай.

       

                         ДАРГАЛАГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

                                              ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                             Ч.ХОСБАЯР

                                                                                                                   Б.ЦОГТ