Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 277

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Амарын 4-5 тоотод оршин суух Боржигон овогт Өлзийхутагийн Чулуунбаатар /РД: АИ77012813, утас: 91910334/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Төмөр замын 132-р байрны 04 тоотод оршин суух,  Аварга овогт Борбандийн Гансүх /РД: ЙЮ69021317, утас 90664488/-д хариуцагдах

“1,700,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Чулуунбаатар, хариуцагч Б.Гансүх, нарийн бичгийн дарга  Г.Энхмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Чулуунбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: “Миний бие нь 2014 оны 07 дугаар сарын 10-нд Замын-Үүд суманд амьдардаг Гансүхэд 29-28 ДГО улсын дугаартай камаз маркийн машин, чиргүүлийн хамт 6,000,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед 4,300,000 төгрөгийг цувуулж 1 жилийн хугацаанд өгсөн. Үлдэгдэл 1,700,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй байгаа тул 1,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бичиг баримтыг хятад чиргүүлийн бичиг баримт болгоод нэр дээр нь шилжүүлээд өгөх бүрэн боломжтой мөнгөө өгчихвөл би дорно болгоно. Надад татгалзах зүйл байхгүй” гэв. 

Хариуцагч Б.Гансүх шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: “2014 оны 07 дугаар сарын сүүлээр би шланз чиргүүл түрээслэж авах зар өгсөн. Зарын дагуу Ө.Чулуунбаатартай холбогдож түүнээс шланз чиргүүл Камаз толгойны хамт худалдан авахаар тохиролцсон. 2014 оны 09 дүгээр сард чиргүүлийн үнэ 4,300,000 төгрөг төлсөн. Чиргүүлийн бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлэн өгнө үү гэж хүсэхэд заавал толгойны мөнгийг төлсний дараа шилжүүлнэ гэсэн шаардлага тавьсаар одоог хүрсэн. 2015 оны хавар өөрийн танилдаа тус чиргүүлийг 1 жилийн хугацаатай түрээслэхээр болсон боловч энэ чиргүүл нь хятад чиргүүлд орос чиргүүлийн номер зүүсэн хуурамч бичиг баримттай учраас Эрээн-Замын-Үүд хооронд явахаас өөр газарт тээвэрт явуулах ямар ч боломжгүй гэдгийг мэдсэн. Хуурамч бичиг баримттай чиргүүлийг өдий хүртэл тээвэрт явуулж мөнгө олж чадахгүй хохирсон. Чиргүүлийн бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлээд, хятад чиргүүлийн бичиг баримт гаргаад өгчихвөл би чиргүүлийн үнэ 1,700,000 төгрөгийг төлнө зөвшөөрч байна” гэв.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Ө.Чулуунбаатар нь хариуцагч Б.Гансүхэд холбогдуулан машин худалдсан үнийн үлдэгдэл 1,700,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаан дээр зохигчид тохиролцож нэхэмжлэгч Ө.Чулуунбаатар нь чиргүүлийн бичиг баримтыг хариуцагч Б.Гансүхийн нэр дээр шилжүүлэх, шилжүүлж өгөхдөө чиргүүлийн бичиг баримтыг хятад чиргүүлийн бичиг баримтаар сольж өгнө. Хариуцагч Б.Гансүх нь нэхэмжлэгч Ө.Чулуунбаатарыг чиргүүлийн бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлээд өгвөл 1,700,000 төгрөгийг төлнө гэж эвлэрч байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. Иймд зохигчдын эвлэрсэнийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Чулуунбаатар хариуцагч Б.Гансүх нар нь 1,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ө.Чулуунбаатар нь чиргүүлийн бичиг баримтыг хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгөх, хариуцагч Б.Гансүх нь чиргүүлийн бичиг баримтыг нэр дээр нь шилжүүлж өгсний дараа 1,700,000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Гансүхээс улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох  21,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Чулуунбаатарт олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ