Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01628

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/09985 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* од холбогдох,

Гэм хорын хохиролд 7,582,869.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* од холбогдуулан гэм хорын хохиролд 7,582,869.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. ******* ХХК нь *******тай 2021 оны 11 сарын 17-ны өдөр № 21004762 дугаар “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* УНУ улсын дугаартай Lexus /Лексус/ 570 маркийн автомашиныг 1 жилийн хугацаатай даатгуулж, даатгалын төлбөрийг төлөх, даатгагч нь даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгохоор харилцан тохиролцсон; /хх-10/

 

3.2. ******* нь ******* хороо, ******* 2022 оны 11 сарын 15-ны өдөр Toyota kluger /Тоёота клугер/ маркийн ******* УНХ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа *******ын жолоодож явсан ******* УНУ улсын дугаартай Lexus /Лексус/ 570 маркийн автомашиныг мөргөж хохирол учруулсан;

 

3.3. 2022 оны 11 сарын 20-ны өдрийн 0435733 дугаар шийтгэлийн хуудсаар ******* од Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан; /хх-17/

 

3.4. ******* ХХК-ийн 2022 оны 11 сарын 17-ны өдрийн үнэлгээний тайлангаар ******* УНУ улсын дугаартай Lexus /Лексус/ 570 маркийн автомашинд 7,785,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоогдсон; /хх-12-13/

 

3.5. Нэхэмжлэгч байгууллага нь 2022 оны 12 сарын 07-ны өдөр даатгуулагч *******д даатгалын нөхөн төлбөрт 7,582,869.34 төгрөг төлсөн байна. /хх-11/

 

4. Нэхэмжлэгч нь *******тай 2021 оны 11 сарын 17-ны өдөр байгуулсан № 21004762 дугаартай “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 3.7-д зааснаар даатгуулагчид хохирлыг нөхөн төлсний дараа буруутай этгээдээс шаардаж байгаа нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасанд нийцэж байна.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2021 оны 11 сарын 17-ны өдрийн №21004762 дугаартай “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-ний 3.7-д зааснаар даатгалын нөхөн төлбөрийг олгосон хэмжээгээр шаардах эрхийг шилжүүлэн авч гэм буруутай этгээдээс хохирлыг шаардаж байхад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.

 

6. Хариуцагчийн “... хариуцагч талын гарган өгсөн үнэлгээг нотлох баримтаар хүлээн аваагүй эрх зөрчигдсөн ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч хавтаст хэрэгт нотлох баримт гаргаж өгөхдөө эх хувиар нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгөх хуулийн зохицуулалттай тул анхан шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хариуцагчийн гаргасан шаардлага хангаагүй нотлох баримтыг хүлээж аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч байгууллага нь хохирлын үнэлгээгээр тогтоогдсон даатгалын нөхөн олговрыг даатгуулагчид олгосон, олгосон хэмжээгээр буруутай этгээдээс шаардах эрхийг шилжүүлэн авсан тул өөр байгууллагаар гаргуулсан үнэлгээний тайланд дурдсан үнэлгээ ач холбогдолгүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/09985 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 513 дугаар зүйлийн 513.1 ...” гэснийг “... 443 дугаар зүйлийн 443.7 ...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,276 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УУГАНБАЯР

 

     ШҮҮГЧИД                                   Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                                                         С.ЭНХБАЯР