| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 183/2023/03966/И |
| Дугаар | 210/МА2025/01641 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/01641
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Ууганбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч нь хариуцагч компанид 2008 оноос тогоочийн ажилд орж, 2018 онд ахлах тогоочийн албан тушаалд дэвшин томилогдож, нийт 15 жил ажилласан. ******* ажилдаа аливаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2022 оны 11 сард блокийн үйлдвэрийн дарга солигдсоноос хойш байнга намайг гүтгэж, хүний нөөц, захиргаа удирдлагын газар луу албан тушаал бууруулах, ажлаас халах саналыг байнга өгөх болсон ба 2023 оны 05 сарын 05-ны өдрийн Б/414 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн.
1.2. ******* нь хариуцагч байгууллагын ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд дурдсанаар удирдлагадаа байдаг ажилтнуудад дарамт, шахалт үзүүлсэн, хууль бус шаардлага тавьсан, албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгчээс ямар нэгэн тайлбар аваагүй, өмнө нь сахилгын зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл оногдуулж байгаагүй атлаа сахилгын зөрчил давтан гаргасан мэт хэд хэдэн зөрчилд холбогдуулан тушаал гаргасан.
1.3. 2023 оны 05 сарын 15-ны өдөр ******* ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргасан боловч компанийн маргаан таслах комиссын гишүүд томилолтоор ажиллаж байгаатай холбоотойгоор гомдлыг шийдвэрлэх боломжгүй байсан тул гомдлыг дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороогоор шийдвэрлүүлэх санал гаргасан. Ийнхүү 2023 оны 05 сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж, тус хорооны 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 80 дугаар тэмдэглэлд ******* ХХК-ийн ерөнхийлөгчийн 2023 оны 05 сарын 05-ны өдрийн Б/414 дугаар “Ажлаас халах шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хууль зүйн үндэслэлгүй, ажил олгогч гаргасан тушаалаа эргэн харж, хүчингүй болгон *******ыг ахлах тогоочийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулж, нөхөн бичилт хийхийг даалгаж байна гэж дурдсан.
1.4. ******* ХХК нь дээр дурдсан тэмдэглэлд хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй атлаа хорооны шийдвэрийг биелүүлээгүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.
1.5. Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 1.7, 2.3, 2.6-д тус тус зааснаар 1 сарын дундаж цалин 4,195,126 төгрөгөөр тооцож, 2023 оны 05 сарын 05-ны өдрөөс 2025 оны 06 сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.2. Компанийн дотоод хяналтаас гомдлыг хянаад компанийн удирдлагуудад танилцуулсан. Өөрийн албан тушаалыг урвуулан ашиглаж удирдлагадаа ажилладаг ажилтнуудаасаа мөнгө шаардах болон хууль бус үйлдэл хийхийг шаардсан байсан. Эдгээр үйлдлүүд нь ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.8-д заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.2.5, 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ыг ******* ХХК-ийн ахлах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6, 2.1.1, 2.1.2-д заасны тус тус баримтлан ажилгүй байсан хугацааны олговорт 106,435,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар 2023 оны 05 сарын 05-ны өдрөөс 2025 оны 06 сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд нэхэмжлэгч *******ын төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 106,435,000 төгрөгийн хэмжээнд тооцож нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч ******* ХХК-д даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 690,125 төгрөгийг гаргуулж улсын төсөв (төрийн сангийн ******* дугаар данс)-т нөхөн төлүүлж, шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалдаа “удирдлагадаа байдаг ажилтнуудад дарамт шахалт үзүүлсэн, хууль бус шаардлага тавьсан” зэрэг үндэслэлийг дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ажлын байрны дарамтыг үзүүлсэн гэх гомдлыг нэхэмжлэгчийн харьяанд ажилладаг ажилтнуудаас /хэд хэдэн ажилтнаас/ гаргасан. Үүний дагуу ажилтнууд гомдол, тайлбарыг үндэслэн хариуцагч байгууллагаас халах тушаал гаргасан.
4.2. Гэтэл анхан шатны шүүхээс зөрчлийг тогтоосон баримт байхгүй байгаа, дотоод хяналт, шалгалт хийж заавал тогтоох ёстой мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Учир нь ажлын байрны дарамт, шахалтын талаар ажилтнуудаас гомдол, тайлбар ирснээр нотлогдсон гэж ажил олгогч үзсэн. Хуулиар ажлын байрны дарамт шахалт үзүүлснийг аль нэг этгээд эцэслэн тогтоосон байх шаардлагыг тавиагүй. Ажил олгогч өөрийн эрхийн хүрээнд ажлын байрны дарамт шахалт үзүүлсэн гэх гомдол, тайлбарыг үндэслэн шийдвэрээ гаргасан.
4.3. Харин хариуцагчийн зүгээс дээрхийг нотлох зорилгоор 7 ажилтныг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх 6 ажилтныг гэрчээр асуулгахаар захирамж гаргасан. Нэг ажилтныг яагаад асуухаас татгалзсан талаар захирамжид дурдаагүй. Мөн гэрчээр асуулгах захирамжид заасан 6 ажилтнаас 3 ажилтныг гэрчээр асууж, нөгөө 3 ажилтныг яагаад гэрчээр асуухаа больсон, татгалзсан талаар захирамж болон шийдвэрт дурдаагүй.
4.4. Хэргийн оролцогч нь өөрийн татгалзал, тайлбараа нотлох эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ хүрээнд гэрч нараа бүрэн асуулгаж, нэхэмжлэгчийг ажлын байрны дарамт үзүүлсэн болохыг нотлох зорилготой байснаас гадна гомдол гаргасан зарим ажилтнуудыг гэрчээр асуулгах тул өөрийн гомдол болон бусад болсон нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй тайлбарлан нотлуулах зорилготой байсан.
4.5. Шүүхээс энэхүү гэрч асуулгах хүсэлт болон гэрч асуулгах захирамжийн биелэлтийг хангахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх, тайлбараа нотлох боломжийг хязгаарлаж, хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч зөрчил гаргасан болохыг ажилтнуудын гомдол, тайлбар, тэдгээрийн мэдүүлэг болон бусад гэрчийн мэдүүлгээр нотлогдохгүй гэж үзэж байгаа нь өрөөсгөл ойлголт төдийгүй ажил олгогч дахин өөр аргаар дахин нотлох ёстой гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй, тушаалд дурдсан зөрчлийг гаргасан эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай.
4.6. Ажил олгогчийн зүгээс гаргасан ажилтнуудыг гаргасан гомдлуудыг үндэслэн шийдвэрлэж байгаа болохоос хувь компани мөрдөн шалгах, үнэнийг эцэслэн магадлах ажиллагааг хийх боломжгүй. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/05277 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч тал ажлын байрны дарамт шахалтын талаар ажилтнуудаас гомдол ирсэн, дарамт шахалт үзүүлсэн болох нь батлагдсан гэж гомдол гаргасан байна. ******* ХХК нь 2023 оны 05 сарын 05-ны өдөр нэхэмжлэгчийг ******* гийн гомдлыг үндэслэн ажлаас нь халах тушаал гаргасан.
5.2. Гэтэл ******* нь 2022 оны 12 сарын 11-ний өдөр, ******* нь 2022 оны 03 сарын 07-ны өдөр, ******* 2022 онд, ******* нь 2021 онд тус тус бичгээр гомдол гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу тухайн зөрчлийг илрүүлснээс хойш 3 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын дотор арга хэмжээ авах ёстой. Гэтэл нэг жилийн дараа арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзэж байна.
5.3. Гомдол гаргасан ажилтнуудтай уулзсаны үндсэн дээр *******ыг ажлаас нь чөлөөлсөн гэж хариуцагч тал тайлбарласан боловч уулзалтын тэмдэглэл болон холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгчийг ажлаас халсныхаа дараа баримт бүрдүүлж өгч байгаа мэт гэх агуулга харагдаж байна.
5.4. Мөн хариуцагч тал дээрх зөрчлийг нотлох зорилгоор 7 ажилтныг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Зөрчил гаргасан эсэхийг ажил олгогч байгууллага тогтоосны үндсэн дээр хариуцлага тооцох ёстой байтал хэзээ хойно нь шүүх дээр гэрчийн мэдүүлгээр зөрчлийг батлуулна гэж маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрч нарыг хурлын бусаар асуухаар шүүх хурал зарласан боловч гэрчүүд ирээгүй. Гэрчүүд нь өнөөдрийг хүртэл ******* ХХК-д ажиллаж байгаа боловч тус байгууллагаас удаа дараа гэрчүүдийг ирүүлээгүй. Гэрчээс болж бүтэн жил хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч сунжирсан. Хариуцагч тал өөрсдөө гэрчүүдээ дагуулж очно гэж шүүгчийн туслахтай утсаар ярьдаг боловч авчирч байгаагүй. Мөн гэрчүүдийг албадан ирүүлэх тухай хүсэлт гаргаагүй учраас гэрчүүдийг оролцуулалгүйгээр уг маргааныг хянан шийдвэрлэсэн. Үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхгүй.
5.5. Хариуцагч тал гэрчүүдийг асуулгах шаардлагатай тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэх агуулгатай гомдол гаргасан. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байсан. Гэтэл уг хэрэг анхан шатны шүүхэд буцсаны дараа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэг ч удаа шүүх хуралдаанд ирж оролцоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвх гаргаагүй, гэрч нарыг албадан ирүүлэх талаар санал санаачилга гаргаж байгаагүй. Хариуцагчийг давж заалдах шатны 2 удаагийн шүүх хуралдаан дээр л харж байна. Өмнө нь хариуцагчийн эрхийг хангаж давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийг үл хүндэтгэсэн байдалтай хандчихаад дахин ийм гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
5.6. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Ажлаас халсан тушаал нь өөрөө хууль зүйн үндэслэлтэй байх ёстой. Хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн тушаал гаргах ёстой боловч тушаал дээр энэ заалт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “... ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно ...” гэж заасан.
5.7. Гэтэл нэхэмжлэгч ямар нэгэн алдаа дутагдал гаргалгүй 15 жил энэ байгууллагад ажилласан. Ямар нэгэн арга хэмжээ авсан тухай баримтыг хариуцагч тал хэрэгт гаргаж өгөөгүй. Давтан зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй, мөн хуульд заасан хугацаа өнгөрчихсөн. Мөн нэг ажилтан дарамталсан гэх агуулгаар гомдол гаргаснаар зөрчил үйлдэгдсэн гэж үзэхгүй. Хүний эрхийн үндэсний комисст ажлын байрны дарамттай холбоотой гомдол гаргасан баримт байхгүй. Иймд *******ыг ажлаас халсан тушаал нь хуульд нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гомдолд хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
3.1. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн татгалзлыг нотлох зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар ******* , *******, *******, ******* , *******, *******, ******* нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шүүгчийн 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/11171 дугаар захирамжаар ******* , *******, *******, *******, ******* нарыг гэрчийн мэдүүлэг авахаар шийдвэрлэсэн байх боловч ******* , ******* нараас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан.
3.2. Түүнчлэн, анхан шатны шүүх гэрч *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг аваагүй байх ба 2024 оны 05 сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/11171 дугаар захирамжийн биелэлт хангагдаагүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарч байна. Энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.
4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 17-ны өдрийн 192/ШШ2025/05277 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 690,126 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
С.ЭНХБАЯР