| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0255/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/276 |
| Огноо | 2019-09-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2019/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч П.Итгэл,
Хохирогч Д.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн
Шүүгдэгч С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хянальын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 1938004880292 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, С.Б-, 1
Шүүгдэгч С.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ХХ аймгийн Х сумын - дүгээр багийн нутаг дэвсгэр ХХХХ чиглэлийн хатуу хучилттай зам дээр Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасныг зөрчсөний улмаас ХХХХ улсын дугаартай Тоёота Кроун маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, мотоцикль дээр зорчиж явсан Д.Ггийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ХХ аймгийн Х сумын - дүгээр багийн нутаг дэвсгэр ХХХХ чиглэлийн хатуу хучилттай зам дээр Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасныг зөрчсөний улмаас ХХХХ улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, мотоцикль дээр зорчиж явсан Д.Ггийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хянальын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938004880292 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Би 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед Мөрөн сумын 13 дугаар багт явж байгаад 1000 төгрөгийн мотоцикль дээр ирээд суух гэж очоод “Шинэ-Идэр сумын нэг нутгийн хүнд орлого оруулъя” гээд С.Б-ы мотоцикль дээр сууж 10 дугаар багт хүргүүлэхээр явсан юм. Тэгээд 9 дүгээр хорооны засмал замын урд талын уулзвар дээр хойд зүгт хөндлөн гарах гэж явтал баруун гар талаас машин урдуур орж ирэх үед би “С.Б- ахаа мотоциклио дараарай” гэтэл тэрхэн зуур тухайн машиныг мөргөж онхолдоод би машиныг мөргөсний дараа газарт унаад ухаан алдаад эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Үүнээс гадна С.Б- надтай мотоциклиор явж байхдаа миний гарнаас атгаад салсан нөхрийг минь асууж, “хоёулаа манай гэрт ороод гаръя” гээд байсан. Тэр үед С.Б- толгойдоо мотоциклио хэрхэн жолоодох биш өөр зүйл бодож явж анхаарал алдсанаас болж осол гарсан гэж бодож байна...Тухайн үед С.Б-ыг хэдэн км/цагийн хурдтай явж байсан талаар сайн хэлж мэдэхгүй байна...Тухайн ослоос болж миний нуруу хоёр хугарсан, нэг хөл саажилттай мэдээгүй байгаа...Би энэ хэрэгтэй холбоотой учирсан мөнгө, эд материал, сэтгэл санаа гээд ер нь бүх зүйлийг нэхэмжилж байна. Гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 22, 26-27-р тал/,
Гэрч, иргэний нэхэмжлэгч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...ХХХХ улсын дугаартай Тоёота Кровн маркийн цагаан өнгийн автомашин миний эзэмшлийн машин юм. 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд явж байгаад өөрийн төрсөн эгчийн хүүхэд Б.Дэчинг “дэлгүүр орьё” гэхээр нь машинаа унуулаад явуулсан. Тэгтэл мотоцикльд мөргүүлж осолд орсон байсан...Би өөрийн машины эвдэрч гэмтсэн эд ангиудыг үнэлж мэдэхгүй байна. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/
Гэрч Б.Д-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн өдрийн 13 цаг 55 минутын үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн хатуу хучилттай төв замаар Улаанбаатараас орж ирдэг чиглэлээр ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй ХХХХ улсын дугаартай Тоёота Кровн-180 маркийн цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож байх үедээ уулзвар нэвтрэх үед миний машиныг ертөнцийн зүгээр урд зүгээс буюу миний зүүн гар талаас орж ирсэн мотоцикль мөргөсөн. Тэгээд би зогсоод хартал мотоцикльтой 2 хүн унасан байсан. Тэгээд очоод үзэхэд мотоциколь дээр зорчиж байсан эмэгтэй доошоо хараад унасан, мотоциклийг жолоодож явсан эрэгтэй хүн мотоциклио босгох гэж оролдож байсан. Тэгээд би машин руугаа буцаж ирээд түргэн тусламж дуудаад буцаж ирээд хартал нөгөө эмэгтэй доошоо хараад хэвтэж байхаар нь асуулт асуугаад ярилцтал ухаан санаа нь эрүүл байсан. Би тухайн үед ойролцоогоор 60 км цагийн хурдтай явж байсан. Би яг хэрэг осол гарсан уулзварын замын зүүн зүгт байх гүүр лүү ойртох үедээ хурдаа сааруулсан. Энэ үед мотоцикль хэдэн км цагийн хурдтай явж байсан тухай мэдэхгүй байна, эрэгтэй эмэгтэй үл таних 2 хүн зорчиж явсан ба үл таних эрэггэй хүн нь мотоциклио жолоодож явсан. Тухайн ослын улмаас миний машины зүүн талын хойд хаалганы хэсэгт урагдалт үүссэн ба жижиг гурвалжин цонх хагарсан зүүн талын арын багананд гэмтэл үүссэн, машины хормой салсан байсан бөгөөд керлан зурагдсан байсан....Осол гарсанаас хойш аль аль талынх нь хариуцлагатай үйлдэл байх атал мотоциклийн жолооч өөрийнхөө мотоциклийг хөдөлгөж ул мөрөө баллахыг оролдож, хохирогч эмэгтэйд тусламж үзүүлээгүй. Харин би гэмтэж бэртсэн эмэгтэйд тусламж үзүүлэх зорилгоор ухарч очсон...гэх мэдүүлэг /хх-ийн 28,31-р тал/
Гэрч Б.С-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн хатуу хучилттай замын урд уулзвараар Улаанбаатар талаас буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй ХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор сууж зорчиж хөдөлгөөнд оролцож байх үед миний сууж явсан автомашины хажуу талаас мотоцикль мөргөсөн. Тэгээд тэр үед буугаад хартал эмэгтэй зорчигч нь газарт хэвтсэн байсан. Тэгэхээр нь би 13 цаг 57 минутанд түргэн тусламж, 14 цаг 01 минутанд цагдаагийн газарт дуудпага өгсөн. Тэгээд түргэний машин ирээд газарт унасан хэвтэж байсан мотоцикльны араар сууж зорчиж явсан эмэгтэйг аваад явсан. Түргэний машинтай би хамт яваад нөгөө эмэгтэйг сахиж 17 цаг 25 минут хүртэл сахиж хамт байсан. Тэгээд би эмнэлэгээс явсан. Машиныг миний төрсөн дүү Б.Дэчин жолоодож би жолоочийн хажуугийн суудал дээр сууж явсан. Тухайн үед миний сууж явсан машин бензин клонкоос бензин аваад зүүнээс баруун зүгт чиглэлтэй явж байсан. Мотоциклийг 50 гаруй насны эрэггэй хүн жолоодож явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/
Шүүгдэгч С.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед Мөрөн сумын 13 дугаар хорооноос 1000 төгрөгийн мотоцикльд явж байгаад Д.Гг суулгаад 10 дугаар хороо орох гээд 9 дүгээр хорооны хатуу хучилттай замын уулзвар нэвтрэх гээд баруун гар тийшээ харахад надад машин харагдаагүй бөгөөд би мотоцикльтойгоо баруун дээрээс болон зүүн талаас явж байгаа машинуудыг хараад уулзвар нэвтрэх гэтэл араар сууж явсан Д.Г “хөөш машин” гэж хэлэхэд би тормоз гишгэсэн боловч төв замаар явж байсан машиныг мөргөөд осол гарсан. Тэр ослын улмаас Д.Ггийн нуруу хугарч хүнд гэмтэл учирсан...Би тухайн үед 20 км/цагийн хурдтай явж байсан. Би сонсгол муутай. Гэхдээ хэрэг болох үед надад тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцоход ямар нэг хүндрэл бэрхшээл байхгүй байсан...Би Д.Гг хамгийн анх эмчилгээнд явахад нь 50.000 төгрөгөөр бүс авч өгсөн. Мөн 2.700.000 төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь хот орсных нь дараа 600.000 төгрөг дансаар өгсөн. Үүний дараа 400.000 төгрөг дансаар өгсөн. Дахин 1.120.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Бас 140.000 төгрөгөөр хонь, гурил авч өгсөн. Бас 10.000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70-р тал/
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 360 дугаартай: ... С С.Б-ы биед нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. С.Б-ы биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.гэх дүгнэлт /хх- ийн 39-р тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 369 дугаартай: Д.Ггийн биед бүсэлхий 1-р нугаламын шахагдсан хугарап, бүсэлхий 1-р нугаламын нугасны эдэд няцрал, цус хуралт, баруун шанаас хацар хүртэлх талбай, баруун сарвуу, зүүн сарвуунд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Д.Ггийн биед бүсэлхий нугалам болон нугасны гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6 болон 3.1.7-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна…гэх дүгнэлт /хх-ийн 43-р тал/
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн: 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагийн орчим Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож явсан С.Б- нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9 -д зааснаар “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” Мөн Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1.2.16 “Зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэжлүүлэхгүй байх үйлдлийг: гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв. Тоёота Кровн маркийн ХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Дэчинийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэхгүй байна.Улсын номер дугааргүй хөх өнгийн Мустанг-5 марктйн мотоциклийг жолоодож явсан С.Б-ы МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн буруутай үйлдпээс зам тээврийн осол үүссэн. Тухайн замын нөхцөл байдал зохион байгуулалт нь Тоуота Кровн маркийн ХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Дэчин улсын номер дугааргүй хөх өнгийн Мустанг-5 маркын мотоциклийг жолоодож явсан С.Б- нарт осол гарахад нөлөөлөөгүй....гэх дүгнэлт /хх-ийн 33-34-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-7-р тал/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-р тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13-р тал/
Камерын бичлэгтэй CD-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-15-р тал/
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 16-17, 94-95-р тал/
Итгэлт-Эстмэйт ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 87-88-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэх, жолоочийн үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-50-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэргээс үзэхэд шүүгдэгч С.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ХХ аймгийн Х сумын - дүгээр багийн нутаг дэвсгэр ХХХХ чиглэлийн хатуу хучилттай зам дээр Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйлд заасныг зөрчсөний улмаас ХХХХ улсын дугаартай Тоёота Кроун маркын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, мотоцикль дээр зорчиж явсан Д.Ггийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Зам тээврийн осол, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчид зам тавьж өгөөгүй, хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч С.Б-ы гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй, өөрийн анхаарал болгоомжгүй нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Хохирогч Д.Г нь шүүгдэгчээс 5.639.800 төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажилллагааны явцад хохирогчид 5.172.000 төгрөгийг хохирол нөхөн төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан 5.639.800 төгрөгийн хохиролд шүүгдэгч С.Б-ы нөхөн төлсөн 5.172.000 төгрөгийг хасаж тооцон, хохирогчийн нэхэмжлэлээс үлдсэн 467.800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос 5.172.000 төгрөгийг нөхөн төлж, 467.800 төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч С.Б-ы гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 5.172.000 төгрөгийг нөхөн төлсөн, 467.800 төгрөгийн хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгчийг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 1938004880292 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.Б-ы №737528 дугаартай, А, В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлж, зам тээврийн ослын камерын бичлэг бүхий CD-г г уг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 1938004880292 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч С.Б-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Б-аас 467.800 төгрөг гаргуулж, хохирогч Д.Гд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч С.Б-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2,3-т зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацаа тоолохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн 1938004880292 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч С.Б-ын ... дугаартай, А, В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлж, зам тээврийн ослын камерын бичлэг бүхий CD-г г уг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Б.Манлайбаярт даалгасугай.
9. Эрүүгийн 1938004880292 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР