| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/00230/И |
| Дугаар | 210/МА2025/01644 |
| Огноо | 2025-09-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/01644
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05906 дугаар шийдвэртэй,
*******гийн нэхэмжлэлтэй,
******* ГХОХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах, 2024 оны 6 дугаар сараас хойш хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах, ажилгүйдлийн тэтгэмжид 8,960,708 төгрөг, ээлжийн амралтын цалинд 3,632,341 төгрөг, 2024 оны 4-11 дүгээр сар хүртэл илүү ажилласан хугацааны цалинд 2,545,238 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ГХОХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн хугацаагүй гэрээ хийж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл, ахуй хариуцсан менежер албан тушаалд ажилд орсон. 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Уурхайн дарга албан тушаалд дэвшин ажилласан. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан.
1.2. Ажиллах хугацаандаа уурхай дээр ажиллаж буй ажилтнуудын цалинг буруу бодож байна, илүү цаг бодохгүй байна гэх шалтгаанаар компанийн болон дүүргийн хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаж байсан. Энэ шалтгаанаас болж намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах, 2024 оны 06 дугаар сараас хойш хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах, ээлжийн амралтын цалинд 3,632,341 төгрөгийг, 2024 оны 04 дүгээр сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэл илүү ажилласан хугацааны цалинд 2,545,238 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******тэй 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Уул уурхайн салбарын хувьд хөдөлмөрийн эрсдэл өндөр, аюулгүй ажиллагааны журмыг чанд сахин биелүүлж ажиллахад онцгой анхаарал хандуулан ажилладаг бөгөөд 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой салбар юм. Тэр ч утгаараа компанийн зүгээс байгууллагын нийт ажилчдын заавал дагаж мөрдөх шинжтэй дүрэм, журмуудыг нарийвчлан боловсруулж нийт ажилтнуудаар дагаж мөрдүүлэн сахилга бат, дэг журамтай ажиллахыг шаарддаг.
2.2. Уурхайн бүсэд ажлын болон амралтын цагаар архи, согтууруулах ундаа, мансууруулах эм бэлдмэл хэрэглэх хатуу хориотой бөгөөд эл үндэслэл нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болдог. Гэтэл нэхэмжлэгч ******* нь өөрийн ажлын байрыг зөвшөөрөлгүй орхиж, бусдыг уруу татан уурхайгаас компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг албан ажилдаа бус хувийн хэрэгцээнд ашиглан ******* сум руу явж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тус сумын цагдаад баригдан холбогдох арга хэмжээ авхуулан компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг журамлуулсан. Энэ тухай *******тэй хамт байсан ажилтнуудаас тодруулахад бүгд хийсэн буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч тайлбар бичиж өгсөн.
2.3. Хөдөлмөрийн дотоод журмын 13.3.4-т ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд, эсхүл албан томилолтоор ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ согтууруулах ундаа ... хэрэглэсэн, ёс зүйн дүрмийн 3.2.15-д албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын цагаар согтууруулах, мансууруулах бодис хэрэглэхийг хориглоно, хөдөлмөрийн гэрээний 4.3.6-д компанийн өмчийг ...гэмтээх, зөвшөөрөлгүйгээр хувьдаа болон бусдад ашиглуулсан... гэж тус тус заасныг зөрчсөн хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.4. Харин 2024 оны 06 дугаар сараас хойш хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, ээлжийн амралтын цалин 3,632,341 төгрөгийг гаргуулах, 2024 оны 4 дүгээр сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэл сар бүрийн илүү цаг ажилласан хугацааны цалин 2,545,238 төгрөгийг төлнө гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан *******г ******* ГХОХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 31,565,485 төгрөгийг, ээлжийн амралтын цалин 3,632,341 төгрөгийг гаргуулах, 2024 оны 4 дүгээр сараас 2024 оны 11 сар хүртэл сар бүрийн илүү цаг ажилласан хугацааны цалин 2,545,238 төгрөгийг ******* ГХОХХК-иас гаргуулж *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар ажилгүйдлийн тэтгэмж болох 8,960,708 төгрөг гаргуулах шаардлагаасаа ******* татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч *******гийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, нөхөн бичилт, 2024 оны 06 дугаар сараас хойш хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагч ******* ГХОХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, улсын орлогоос 70,200 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ГХОХХК-иас 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч нь уурхайн дарга, мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерийн албан тушаалыг давхар гүйцэтгэж байх хугацаандаа ******* аймгийн ******* суманд очиж архи, согтууруулах ундаа хэрэглэн, тус сумын цагдаагийн байгууллагад баригдаж холбогдох арга хэмжээ авхуулж, компанийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг журамлуулах зэрэг хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан болно.
Нэхэмжлэгчийн уурхайн даргын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ дууссан нь тухайн зөрчилд хариуцлага тооцох боломжгүй гэсэн утга агуулахгүй бөгөөд уг зөрчил нь түүнтэй зэрэгцэн хэрэгжүүлж байсан ХАБЭА хариуцсан менежерийн албан тушаалтай шууд холбоотой юм. Компанийн зүгээс нэхэмжлэгчийн ХАБЭА хариуцсан менежерийн албан тушаалыг түдгэлзүүлэх, цуцлах арга хэмжээ огт аваагүй тул тэрээр тухайн үед хоёуланг нь бүрэн хариуцаж ажиллаж байсан болно.
Манай байгууллага уг зөрчлийн талаар ******* аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 9/13 дугаар албан бичгээр мэдсэн бөгөөд тухайн үед уурхайн даргын туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээ дууссан байсан ч ХАБЭА хариуцсан менежерийн албан тушаал хүчинтэй хэвээр хадгалагдаж байсан тул хөдөлмөрийн хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлагыг ногдуулсан болно.
Мөн нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй нь холбогдуулан компанийн зүгээс хуульд заасан зохих арга хэмжээг авсан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй холбогдох татвар, хураамжийг манай компаниас гаргуулах эрх зүйн үндэслэлгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Би 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерээр томилогдсон. 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр жинхэнэ албан тушаалтан болсон. Би хариуцсан ажлаа сайн гүйцэтгэж байсан учраас уурхайн даргаар туршилтын хугацаанд ажиллахаар болсон. 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тухайн өдөр ажлаа хүлээн авч ажиллаж эхэлсэн. Уурхайн дарга нь уурхайн бүх ажлыг удирдан зохион байгуулдаг. Мөн уурхайн талбайд байрлах техник хэрэгсэл болон хяналт, шалгалтыг хариуцдаг. Дотоод, гадаад хяналт шалгалтын улмаас комиссын ажилтнуудтай ууж, идэх тохиолдол гардаг.
Түүнчлэн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч компаниас надад 300,000 төгрөг шилжүүлж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт давхар гүйцэтгэх ажлын тухай зохицуулсан. Хуульд заасны дагуу үндсэн болон нэмэгдэл цалинг олгох ёстой. Би хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерийн албан тушаалд 4,500,000 төгрөгийн цалинтай ажилласан. Уурхайн даргын албан тушаалд 6,000,000 төгрөгийн цалинтай ажилласан байсан. Уурхайн даргын албан тушаалд 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан. Тухайн өдрөөс эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллаж байсан. Гэтэл 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ГОХХК-д холбогдуулан Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах, 2024 оны 06 дугаар сараас хойш хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгах, ажилгүйдлийн тэтгэмжид 8,960,708 төгрөгийг, ээлжийн амралтын цалинд 3,632,341 төгрөгийг, 2024 оны 04 дүгээр сараас 2024 оны 11 дүгээр сар хүртэл илүү ажилласан хугацааны цалинд 2,545,238 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Энэ талаар зохигч маргаагүй.
3.1. ******* ГОХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *******г үндсэн ажилтнаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай 24/77 дугаартай тушаалаар *******г Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерээр томилон, мөн өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулж, түүний цалингийн хэмжээг 4,000,000 төгрөгөөр тогтоосон.
3.2. Улмаар ажил олгогч байгууллага нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажилтан *******г уурхайн дарга албан тушаалд 1 сарын 6,000,000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар туршилтын 3 сарын хугацаатайгаар томилж, гэрээний хугацаа дууссан үндэслэлээр 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ******* ГОХХК-ийн захирлын 24/138 дугаар тушаалаар гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.
3.3. ******* ГОХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 24/144 дугаар тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежер ******* нь Уурхайн даргын үүрэгт ажлыг туршилтын хугацаанд гүйцэтгэж байх хугацаандаа буюу 2024 оны 10 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд өөрийн удирдлагад байх нэр бүхий ажилтнуудыг уриалан, ажлын цагаар ажлын байрыг зөвшөөрөлгүй орхиж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ажил таслах нөхцөл бүрдүүлсэн, компанийн бизнесийн хамтрагч байгууллагад хүндрэл учруулж архи, согтууруулах ундаагаар дайлуулж, ажлын хэрэгцээний ******* улсын дугаар бүхий машиныг 2 өдөр зөвшөөрөлгүйгээр хувийн хэрэгцээнд ашигласан, уурхайн бүсээс гарган авч явсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
3.4. ******* овогтой ******* нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 02 цагийн орчимд ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай land criuser 79 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон зөрчил гаргаж 2344 дугаартай гомдол мэдээллийн бүртгэлд орж шалгагдсан.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж чадаагүйн улмаас хэргийн үйл баримтыг бүрэн тогтоогоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх боломжтой.
4.1. Б.Дамчойсүрэн нь 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд уурхайн даргын албан тушаалд ажиллаж байхдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерийн ажлыг зэрэг гүйцэтгэж байсан эсэх, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэх нь маргааны зүйл болжээ.
4.2. ******* нь уурхайн даргын албан тушаалд ажиллаж байхдаа 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдөр ажлын хэрэгцээний ******* улсын дугаар бүхий автомашиныг зөвшөөрөлгүйгээр хувийн хэрэгцээнд ашигласан, уурхайн бүсээс гарган авч явсан зөрчлийг талуудын хооронд байгуулсан 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 4.3.6-д компанийн болон бусдын өмчийг ... зөвшөөрөлгүй хувьдаа болон бусдад ашиглуулсан, хулгайлсан, завшсан, завшихаар завдсан гэж зааснаар ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамааруулжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г дээрх зөрчлийг гаргасан гэж дүгнэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй учраас талуудын зарчимд нийцүүлэн тухайн зөрчлийг гаргасан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэнэ.
4.3. Харин анхан шатны шүүх зөрчил гарах үед нэхэмжлэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерээр ажиллаж байсан эсэх үйл баримтыг ойлгомжгүй, ажлаас чөлөөлөх ноцтой шалтгаан мөн эсэх нь тогтоогдохгүй, ...хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагдаагүй, ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй, тогтоогдохгүй гэсэн агуулгаар зөрчилтэй дүгнэлт хийснийг зөвтгөн дүгнэх боломжтой байна.
4.4. Нотолгооны үүргийн хуваарилалтаар ажил олгогч нь нэхэмжлэгчийг уурхайн дарга болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерийн ажлыг зэрэг гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар нотлох үүрэгтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно. гэж заасан. Энэ тохиолдолд мөн хуулийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилтанд гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирох цалин хөлсийг нэмж олгохоор зохицуулсан.
4.5. Хэргийн 124 дүгээр талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, талуудын харилцсан цахим зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлд 6 сарын үндсэн цалинг 4,000,000 төгрөг, 7 сарын үндсэн цалинг 4,000,000 төгрөг, 8 сарын үндсэн цалинг 6,000,000 төгрөг, 9 сарын үндсэн цалинг 6,000,000 төгрөг, 10 сарын цалинг 6,000,000 төгрөг, 11 сарын үндсэн цалинг 4,000,000 төгрөг, 12 сарын үндсэн цалинг 4,000,000 төгрөг гэж тусгасан зэргээс үзвэл цалин хөлс нэмж олгосон гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежер, Уурхайн даргын ажил үүргийг зэрэг гүйцэтгэж байсан гэж дүгнэхгүй.
Түүнчлэн, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийг уурхайн даргын ажилд туршилтын хугацаагаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээгээр хэд хэдэн ажил үүрэг зэрэг гүйцэтгүүлэхээр түүнтэй тохиролцсон гэх байдал тогтоогдсонгүй.
5. Харин ажил олгогч нь ажилтан *******тэй байгуулсан туршилтын гэрээний хугацаа дууссанаас хойш түүнийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерээр өмнөх 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний нөхцөлөөр ажиллуулж, цалин хөлс олгож байсан гэж үзэхээр байна. Ийнхүү талуудын хооронд 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерийн ажлын байранд шинээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байх тул нэхэмжлэгчийн уурхайн даргаар ажиллаж байхдаа 2024 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-ны өдрүүдэд гаргасан сахилгын зөрчлийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерийн ажлын байранд ажиллаж байхдаа гаргасан зөрчилд хамааруулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь зөв болжээ.
6. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Ажилтны дундаж цалин, хөлс тодорхойлох журам-ын 2.3-т тус тус заасныг баримтлан ажилтны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцон хариуцагч ******* ГХОХХК-иас 31,565,485 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
6.1. Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцсэн.
7. Нэхэмжлэлээс 2024 оны 6 дугаар сараас хойш хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, ээлжийн амралтын цалинд 3,632,341 төгрөг, 2024 оны 4-11 дүгээр сар хүртэл хугацааны илүү цагийн цалинд 2,545,238 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч байгууллагын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дээрх шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар хариуцагч тал гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс нэмж эрх зүйн дүгнэлт хийхгүй.
8. Мөн нэхэмжлэгч нь ажилгүйдлийн тэтгэмжид 8,960,708 төгрөг гаргууулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй болно.
9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтуудыг нэгтгэн, найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/05906 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3 дахь заалтыг нэгтгэж, 1 гэж дугаарлан Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан *******г ******* ГХОХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ******* ГХОХХК-иас 37,743,064 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, 2024 оны 6 сараас хойших хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагч ******* ГХОХХК-д даалгасугай гэж,
4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Б.АЗБАЯР