| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0003/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/01 |
| Огноо | 2018-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунцэцэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч М.Ариунцэцэг,
Шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 1838008190445 дугаар хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Э.Б-,
Шүүгдэгч Э.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод хамтран амьдрагч гийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод хамтран амьдрагч Л.О-гийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацрын булчирхайлаг эдэд няцралт, тархинд доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 10-н жилийн ангийн уулзалт болоод Аянчин караокед ангиараа орсон. Тэгээд шөнө 05:00 цагийн үед Мөрөн сумын ... тоотод гэртээ хариад хаалга тогштол онгойлгож өгөөгүй чи согтуу байна яв гэхээр нь уур хүрээд хаалгыг нь нэг өшиглөсөн. Тэгтэл хаалга онгойлгож өгөхөөр нь ороод нүүр рүү нь нэг удаа цохисон. ... Би урьд өмнө гар хүрч байсан. Бид хоёр үзэл бодол, үл ойлголцол бие биендээ итгэхгүйгээс болж гар хүрч байсан” гэх мэдүүлэг /хх- ийн 38-р хуудас/,
Хохирогч Ц.Л.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Уухаараа ямар нэг шалтгаангүй зоддог. Э.Б- намайг хардаад байдаг юм шиг байсан. Хүнтэй утсаар ярьснаас болж маргалдаж ганц нэг удаа алгадаж авч байсан. Би болохоор өөрийнхөөрөө зүтгэж, маргаж бид хоёын дунд үл ойлголцол гардаг. ” гэх мэдүүлэг /хх-ийн 09-14-р хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 29- ний өдрийн 537 дугаартай “1. Ц.Л.О-гийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацрын булчирхайлаг эдэд няцралт, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. 3. Ц.Л.О-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 27-р хуудас/, Э.Б-гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 28-р хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-р хуудас/, Иргэний мэдээллийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 30-р хуудас/,, Эвлэрлийн гэрээ /хх-ийн 33-р хуудас/, зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Э.Б- нь 2018 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн с умын ... тоотод хамтран амьдрагч Л.О-гийн нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацрын булчирхайлаг эдэд няцралт, тархинд доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Л.О-гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Э.Б- нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Ц.Л.О-д 400.000 төгрөг төлж, хохирол төлсөн, уучлалт гуйсан талаарх эвлэрлийн гэрээ байгуулагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 32 дугаар хуудас/,
Эрүүгийн 1838008190445 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838008190445 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР