Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 488

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн  би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 3/9 тоот “Жи мобайл” ХХК /РД:5055873/-ийн

Хариуцагч: Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Уурхайчдын 5 дугаар гудамж 397 тоотод оршин суух Хан хөгшин овгийн Лонжидийн Дуламрагчаа /РД:УД47071006/-д холбогдох Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 60.000 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Дуламрагчаа нь манай байгууллагатай 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үйлчилгээний 98479331 дугаартай 240.000 төгрөгийн үнэ бүхий NP-10 төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20.000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 40.000 төгрөгийн хохирол учруулаад байна. Иймд төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40.000 төгрөг, алданги 20.000 төгрөг, нийт 60.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Дуламрагчаа үндсэн төлбөр 40.000 төгрөгийг төлсөн тул алданги 20.000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ. 

Хариуцагч Л.Дуламрагчаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн төхөөрөмжийн үндсэн төлбөр 40.000 төгрөгийг төлсөн тул алданги 20.000 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүх энэ хэрэгт  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

“Жи мобайл” ХХК нь хариуцагч Л.Дуламрагчаагаас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 40.000 төгрөг, алданги 20.000 төгрөг нийт 60.000 төгрөг гаргуулахыг шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Дуламрагчаа үндсэн төлбөр 40.000 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбадрах алданги 20.000 төгрөгөөс татгалзжээ.

Хариуцагч Л.Дуламрагчаа NP10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төлсөн нь зохигчдын тайлбар, мөнгө төлсөн баримт /хх-17/-аар тогтоогдсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийн тал хувь болох 2.275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 2.275 төгрөгийг хариуцагч Л.Дуламрагчаагаас  тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хан хөгшин овгийн Лонжидийн Дуламрагчаад холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 40.000 /дөчин мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Дуламрагчаа  биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийн тал хувь болох 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг  хариуцагч Л.Дуламрагчаагаас  гаргуулж нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-нд олгосугай.

3. Иргэний  хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.      

 

                                              ШҮҮГЧ                                         Н.БАЯРСҮРЭН