| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/01924/И |
| Дугаар | 210/МА2025/01580 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/01580
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/05338 дугаар шийдвэртэй,
*******, ******* нарын нэхэмжлэлтэй,
*******ад холбогдох
16,000,000 төгрөг гаргуулах үндсэн,
Гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 12,297,320 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. *******тай зарын дагуу холбогдож түүний 3 өрөө байрыг худалдан авахаар тохиролцсон бөгөөд тус байранд 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр нүүж орсон. Гэрээгээр тохирсны дагуу 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 100,000,000 төгрөг өгөх ёстой байсан боловч ажлын хөлс орж ирээгүйн улмаас 10 хоног хойшилж, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 65,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл мөнгийг өгч амжаагүй байж байтал ******* байрнаас гарахыг шаардсан бөгөөд бид 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нүүж, өөр байранд орсон.
1.2. ******* нь 49,000,000 төгрөгийг буцааж өгсөн боловч үлдэх мөнгийг өнөөдөр хүртэл хугацаанд өгөхгүй байх хариуцагчаас 16,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.3. Сөрөг нэхэмжлэлээс 278,650.8 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин орон сууцны зээлийн төлбөр болон үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан агентыг зардал нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү зардлууд нь хариуцагчийн бусдын өмнө хүлээсэн үүргийн хүрээнд гарсан зардал тул нэхэмжлэгч нартай хамааралгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 12,018,670 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.1. Нэхэмжлэгч нар миний орон сууцыг 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 258,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болж урьдчилгаанд 100,000,000 төгрөг, үлдэх төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Тэдний хэлсэн зүйлд нь итгээд байрандаа оруулсан.
2.2. Гэтэл урьдчилгаанд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 65,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгөө өгөхгүй хохироож 2 сар гаран байранд амьдарсан. Иймд нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
2.3. Тус орон сууц нь байрны зээлтэй ба сар бүр 3,008,000 төгрөгийг төлдөг байсан. Энэ тухайгаа ч анх хэлж байсан. Мөнгөө өгөхгүй байсан тул наймаа хийхээ больж байраа 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр чөлөөлж, түлхүүрээ авсан. Төлбөрөө цаг хугацаанд нь өгөхгүй худал хэлж, миний төлөвлөж байсан ажлуудад саад болж, байраа хурдан зарахын тулд 5,000,000 төгрөгийн төлбөрийг үл хөдлөх худалдааны агентад төлж заруулах зэргээр маш их хохирсон. Дараагийн худалдан авагчид урсгал зардлын төлбөргүй байр хүлээлгэн өгөхийн тулд бүхий л зардлуудыг өөрөө төлсөн.
Иймд орон сууцны зээлийн 2 сар 10 хоногийн төлбөрт 7,018,670 төгрөг, мөн хугацааны цахилгааны төлбөрт 78,261.7 төгрөг, халаалт, цэвэр бохир усны төлбөрт 200,389.1 төгрөг, агентын төлбөрт 5,000,000 төгрөг, нийт 12,297,320 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
3.1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 16,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэгч *******, ******* нараас 278,650 төгрөгийг гаргуулж хариуцагч *******ад олгож, сөрөг нэхэмжлэлээс 12,018,670 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 211,800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 237,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 9,010 төгрөгийг гаргуулан хариуцагч *******ад тус тус олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч нар нь миний 3 өрөөр орон сууцыг 258,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 100,000,000 төгрөгийг өгөөд үлдэх төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлөх байсан ч урьдчилгаа гэж 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 65,000,000 төгрөгийг өгсөн. Үлдэх мөнгөө 2 хоногийн дотор өгнө гэсэн боловч байранд 2 сар 10 хоног амьдарсан.
4.2. Тус байрны зээлд сар бүр 3,008,000 төгрөгийг төлдөг бөгөөд дараагийн хүнд хурдан зарахын тулд 5,000,000 төгрөгийг үл хөдлөх худалдааны агентад төлсөн. Мөн урсгал зардлын төлбөрийг төлсөн.
4.3. Нэхэмжлэгч нар тохирсон хугацаандаа байрны төлбөрөө төлсөн бол орон сууцны зээлийн төлбөрт 7,018,670 төгрөгийг төлөхгүй байсан. Энэ талаар анхан шатны шүүх бүрэн дүүрэн дүгнэлт өгөөгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Талуудын хооронд зээлээр орон сууц худалдах, худалдан авах хэлцлийн дагуу нэхэмжлэгч талын зүгээс 100,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх байсан боловч төлөх боломжгүй байсан учир хариуцагч тал гэрээнээс татгалзсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, орон сууцыг чөлөөлж өгсөн боловч хариуцагч талын зүгээс 16,000,000 төгрөгийг буцаан төлөхгүй гэх асуудал ярьсан учир шүүхэд хандсан.
5.2. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс ашиглалтын зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Мөн хүний орон сууцанд 2 сар амьдарсан тул тохиролцсоны эцэст зохих түрээсийг төлөх боломжтой гэх саналыг хариуцагч талд тавьсан. Гэтэл хариуцагч тал нь анхан шатны шүүх хуралдааны үед “бид түрээс гэдэг байдлаар авахгүй, 16,000,000 төгрөгийг бүхэлд нь шилжүүлэхгүй” гэж маргасан учир ердийн журмаар асуудлаа шийдвэрлүүлсэн.
5.3. Хариуцагч ******* нь ипотекийн зээлийн гэрээг банктай байгуулсан байж болох бөгөөд банкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь зүй ёсны хэрэг юм. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч нарт тухайн орон сууцыг худалдан борлуулсан эсэхээс үл шалтгаалж, банкнаас авсан ипотекийн зээлээ төлөх үүрэгтэй байсан. Энэ нь зөвхөн *******ын банкны өмнө хүлээсэн үүрэг тул нэхэмжлэгч нар тухайн үүргийг хариуцах үндэслэлгүй. Мөн хариуцагч тал нь агентаар орон сууцыг худалдан борлуулсан гэх 5,000,000 төгрөгийн талаар ярьдаг. Гэтэл тухайн орон сууцыг агентаар худалдан борлуулах эсвэл хувиараа худалдан борлуулах нь нэхэмжлэгч нарт хамааралгүй асуудал юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээгээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******ад холбогдуулан 16,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 12,297,320 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон, зохигчид энэ талаар маргаагүй. Үүнд:
3.1. *******, ******* болон ******* нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, ******* нь *******, *******, *******, *******, , хаягт байрлах 78,31 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 258,000,000 төгрөгөөр худалдахаар, *******, ******* нар нь урьдчилгаа болох 100,000,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, үлдэгдэл 158,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон.
3.2. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нар 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр орон сууцыг эзэмшилдээ авч, орон сууцны үнээс 65,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлж, орон сууцны эзэмшлийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр *******ад буцаан шилжүүлжээ.
3.3. ******* нь орон сууцны төлбөрт хүлээн авсан 65,000,000 төгрөгөөс 49,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн, үлдэх 16,000,000 төгрөгийг өгөөгүй.
4. Анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.
5. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******, ******* нар гэрээгээр хүлээсэн үүрэг болох орон сууцны үнэд урьдчилгаа болох 100,000,000 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, үлдэгдэл 158,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлөх үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гэрээнээс татгалзаж, гэрээ дуусгавар болсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
5.1. *******, ******* нар нь орон сууцны үнийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны дотор бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон ч 65,000,000 төгрөгөөс өөр төлбөр төлөлгүйгээр орон сууцанд 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд амьдарсан нөхцөл байдлыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч нарт гэрээний үүрэг болох орон сууцны үлдэх үнийг төлөх нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ.
6. Хариуцагч ******* нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хэн алинаасаа шилжүүлж авсан зүйлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй учир нэхэмжлэгч *******, ******* нар орон сууцыг хариуцагч ******* чөлөөлж өгөх, хариуцагч ******* нь орон сууцны үнэд урьдчилан төлсөн 65,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэх үүрэгтэй.
6.1. Дээрх үүргийн хүрээнд *******, ******* нар орон сууцыг *******ад хүлээлгэж өгсөн, харин ******* нь 65,000,000 төгрөгөөс 49,000,000 төгрөгийг буцаан өгсөн, үлдэх 16,000,000 төлөөгүй байх тул анхан шатны шүүх хариуцагч *******аас тухайн мөнгөн хөрөнгийг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож шийдвэрлэсэн нь зөв.
7. Харин хариуцагч ******* нь нэхэмжлэгч нарыг 2 сарын хугацаанд орон сууцанд амьдарсан хугацааны ашиглалтын зардалд 278,650 төгрөг, мөн хугацааны орон сууцны зээлд төлсөн 7,018,670 төгрөг, орон сууцыг бусдад худалдахад төлсөн агентын төлбөрт 5,000,000 төгрөгийг тус тус хохиролд тооцож гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох зорилгоор орон сууцны болон барьцааны гэрээ, ашиглалтын зардал төлсөн гэх төлбөрийн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
7.1. Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлээс орон сууцны ашиглалтын зардалд нэхэмжилсэн 278,650 төгрөгт холбогдох хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул анхан шатны шүүх энэ хэмжээгээр сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч хариуцагч талаас гаргаж өгсөн орон сууцны зээлийн гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс хариуцагчид учирсан хохирлын хэмжээг буруу тооцсоныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж өөрчлөх боломжтой.
8. “” ХК болон *******, нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч *******, нар нь 169,140,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар зээлж, мөн өдөр байгуулсан барьцааны гэрээгээр маргаан бүхий орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалсан байна.
8.1. ******* нь орон сууцыг худалдан борлуулсан төлбөрөөр зээл төлж, барьцаанаас чөлөөлөх нөхцөлийг хариуцагч нар зөвшөөрч талуудын хооронд хэлцэл хийгдсэн. Нэхэмжлэгч нар орон сууцны үнийг хугацаандаа төлөөгүйгээс банкинд 2 сарын хугацааны зээлийг төлж хохирсон гэж тайлбарласан. Энэ тохиолдолд гэрээний үүргийн зөрчил болон хохирлын хооронд шалтгаант холбоо байж, хариуцагчийн гэм буруу тогтоогдсон нөхцөлд хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх учиртай.
8.2. *******, ******* нар нь орон сууцны үлдэгдэл үнийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлөх үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлээгүй нь гэрээний үүргийн зөрчил болох ба хариуцагч нь дээрх үндэслэлээр гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй.
8.3. Нэхэмжлэгч нарын үүрэг гүйцэтгэх байсан хугацаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс талууд гэрээнээс татгалзаж, орон сууцыг бодитоор хүлээлгэж өгсөн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 15 хоногийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийн хүүгийн төлбөр нь нэхэмжлэгчид бодитоор бий болсон зардал байна.
8.4. Харин зээлийг нэхэмжлэгч ашигласан тул зээлийн үндсэн төлбөрийг хохиролд тооцох үндэслэлгүй.
Түүнчлэн агентад төлсөн гэх 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг анхан шатны шүүх хохиролд тооцоогүйг буруутгахгүй. Учир нь хариуцагч ******* нь “гүйлгээний дэлгэрэнгүй” гэх зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нь зуучлалын байгууллагатай гэрээ байгуулж, зуучлалын хөлсөд 5,000,000 төгрөг шилжүүлж хохирсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
9. Иймд нэхэмжлэгчийн “” ХК-тай байгуулсан зээлийн гэрээг үндэслэн 15 хоногийн хугацааны хүүг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцож 1,395,529 /93,035.3*15=1,395,529/ төгрөг, орон сууц ашиглалтын зардал 278,650 төгрөг, нийт 1,674,180 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж нэхэмжлэгч ******* олгож, сөрөг нэхэмжлэлээс 10,623,140 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулав.
10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2025/05338 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “278,650” гэснийг “1,674,180” гэж, “12,018,670” гэснийг “10,623,140” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “9,010” гэснийг “41,737” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Б.АЗБАЯР