Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 833

 

 

 

 

 

 

    2019           08         19                                     2019/ШЦТ/713

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Төгөлдөр,

Улсын яллагч: Ж.Энхжаргал /томилолтоор/,

Шүүгдэгч: Э.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Б-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1903007650335 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Б-, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 20 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Өргөө” кино театрын урд замд өөрийн эзэмшлийн “Toyota Crown” маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 24 настай эрэгтэй Г.Б ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Б ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр машинтайгаа явж байгаад явган хүний гарч руу ойртон ирэхэд гарцаар гарч байсан хохирогч замын голд зогссон. Тэгэхээр нь би зам тавьж өглөө гээд хөдөлтөл хохирогч бас урагшаа яваад машины баруун урд хэсэгт мөргөгдсөн. Тэгээд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Түүнээс хойш эмчилгээний бүх зардал, цаашид гарах зардлыг төлсөн” гэв.

Хохирогч Г.Б ий мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 20 цаг болж байхад гэрээсээ гараад урд талынхаа замаар явган хүний гарцаар хойноосоо урагшаа зам хөндлөн гарах гээд явж байхдаа зүүнээс баруун гар тийш явж байсан нэг цагаан өнгийн машинд мөргүүлсэн. Гэрлэн дохио байдаггүй зохицуулдаггүй явган хүний гарц байсан. Осол хэрэг гарсан зам нь 3 эгнээ зам байсан ба би гарцаар гарч дуусах гэж байхад нөгөө машины жолооч буфер хэсгээрээ намайг мөргөөд унагасан. Зүүн хөл шилбэ хэсгээрээ хугарсан. Өөр ямар нэг гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 15/,

Гэрч М.Т ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 19 цаг 57 минутын орчим намайг Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын урд талын автобусны буудлын ойролцоо байдаг явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлтэй гарч явсан явган зорчигчийг зүүнээс баруун чиглэлд явж  байсан цагаан өнгийн Кровн маркийн авто машин 3 дугаар эгнээнд мөргөж унагааж байгаа харагдсан ба явган зорчигчийн зүүн хөл нь хугарчихсан байдалтай санжигнаж байсан ба осол гаргасан жолооч машинаас бууж ирээд гэмтсэн явган зорчигчийг машиндаа суулгаад авч явахаар нь би ...102 дугаар руу залгаж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

Шинжээчийн 8178 тоот дүгнэлтэд: “...Г.Б ий биед зүүн шилбэ, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх-н 26/,

Мөрдөгчийн 275 дугаар магадалгаанд: “...Т.Кроун маркийн .......улсын дугаартай авто машины жолооч Э.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтад “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч 24 настай Г.Б-нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэжээ /хх-н 27/,

Яллагдагчаар Э.Б ий мөрдөн байцаалтад өгсөн: “...яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэрчийн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Би хохирогчийн шинжилгээ болон эм тариа, хагалгаанд нийтдээ 1.000.000 орчим төгрөг өгсөн байгаа. Хохирогч одоогоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж хүсэлтээ бичиж өгснийг хэрэгт хавсаргасан. Миний буруутай үйлдлээс зам тээврийн осол болсон болохоор хэргийг найштайгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 4-7/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-н 8-9/, жолооч, явган зорчигч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-н 10-11/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 38-45/, хохирогчийн өвчний түүх /хх-н 46-55/, хохирлын баримтууд /хх-н 56-59/, хохирогчийн хүсэлт /хх-н 62-63/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 20 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Өргөө” кино театрын урд замд өөрийн эзэмшлийн “Toyata Crown” маркийн .......улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч 24 настай эрэгтэй Г.Б ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох  нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Б ий: “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 20 цаг болж байхад гэрээсээ гараад урд талынхаа замаар явган хүний гарцаар хойноосоо урагшаа зам хөндлөн гарах гээд явж байхдаа зүүнээс баруун гар тийш явж байсан нэг цагаан өнгийн машинд мөргүүлсэн. ...би гарцаар гарч дуусах гэж байхад нөгөө машины жолооч буфер хэсгээрээ намайг мөргөөд унагасан. Зүүн хөл шилбэ хэсгээрээ хугарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15/, гэрч М.Т ийн: “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 19 цаг 57 минутын орчим намайг Баянгол дүүргийн 13 дугаар хороо Өргөө кино театрын урд талын автобусны буудлын ойролцоо байдаг явган хүний гарцаар урдаасаа хойшоо чиглэлтэй гарч явсан явган зорчигчийг зүүнээс баруун чиглэлд явж байсан цагаан өнгийн Кровн маркийн авто машин 3 дугаар эгнээнд мөргөж унагааж байгаа харагдсан ба явган зорчигчийн зүүн хөл нь хугарчихсан байдалтай санжигнаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23/, шинжээчийн 8178 тоот дүгнэлт, мөрдөгчийн 275 дугаар магадалгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Б ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Б ий үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч нь шүүгдэгчээс хохирлын мөнгө хүлээн авсан гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 62-63/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Э.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын яллагч ялын саналдаа тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах талаар санал гаргаагүй тул шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулаагүй болно.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

   Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Б-г “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР