Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2025/01579

 

 

 

******* газрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/08578 дугаар шийдвэртэй,

 

******* газрын нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 9,942,636 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* газар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 9,942,636 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нийслэлийн ******* газрын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 402 дугаартай Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолоор ******* ХХК-ийг 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгсэл ашиглан зөвшөөрөлгүйгээр 12,38 м.куб хэмжээтэй гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэн тээвэрлэж байгаль орчин, экологид 3,314,212 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэснийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг үндэслэн хариуцагчийг зохих зөвшөөрөлгүй, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэн тээвэрлэсэн хууль бус үйлдлийн улмаас ойн санд хохирол учирсан, уг хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцжээ.

 

5. Дээрх хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэн тооцохоор байгаль орчныг хамгаалахтай холбоотой нарийвчилсан хуулиар зохицуулсан.

******* газрын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 402 дугаартай Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолд хариуцагч ******* ХХК-ийн хууль бус үйлдлийн улмаас ойн санд учирсан шууд хохирлын хэмжээ буюу модны экологи-эдийн засгийн үнэлгээг 3,314,212 төгрөгөөр тогтоогдсон талаар тусгажээ.

 

6. Иймд анхан шатны шүүх хариуцагчийн гэм буруутай хууль бус үйлдлийн улмаас ойн санд учруулсан хохирлын хэмжээг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлэн тооцож, хохиролд 9,942,636 төгрөг /3,314,212 х 3/ гаргуулахаар шийдвэрлэсэн нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус нийцжээ.

Өөрөөр хэлбэл, байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотойгоор байгаль орчинд учруулсан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг зохих хэмжээгээр нэмэгдүүлэн тооцохоор хуульчилсан байх тул хууль бусаар бэлтгэсэн модыг хурааж, улсын орлого болгосон нь дээрх хохирлыг арилгасан гэж үзэхгүй. Иймд тээвэрлэж явсан 12.38 м.куб модыг хурааж, улс хохиролгүй болсон гэх агуулга бүхий хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол хангагдахгүй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/08578 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,032.18 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

 

Б.АЗБАЯР