Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 1232

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч И.Ариунсанаа, хохирогч “Альфа Рич” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч Л.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,    

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Л. У холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 05885 0478 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Л.У нь дуучин Байздаагийн урлагийн тоглолтыг ивээн тэтгэж, 2 өрөө байр бэлэглэж байгаа мэтээр зарлаж, "Уран зүлгүүр" нэртэй барилгын хязгаарлагдмал, хариуцлагатай компанитай гэж итгүүлэн Жуковт барилга барих тендэрт ялаад газар шорооныхоо ажлыг эхэлж байгаа гэж ойлгуулан урьдчилгаа аваад жилийн дараа барьж буй барилгаасаа орон сууц өгнө гэж амлан иргэн Б.Б с 2016 оны 5 дугаар сард 3.500.000 төгрөг, үүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрч "мөнгөө буцааж авъя" гэхэд нь “Сувдан сондор” хотхоны борлуулалтын албаны ажилтантай хамаатан садан тул тэднийхээс чамд бэлэн байр авч өгье" гэж дагуулан очиж байрны сонголт хийлгэхээр үзүүлж, уг хотхоны 71а байрны 79 тоотод "түр амьдарч бай, байрны тооцоог эгч нь хийчихсэн, 10 давхрыг ашиглалтанд орохоор чиний нэр дээр 2 өрөө байрны ордер, гэрээг гаргуулж өгнө" гэж хэлж оруулаад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр 5.000.000 төгрөг, дансаар 3.500.000 төгрөг авч үргэлжилсэн үйлдлээр нийт 12.000.000 төгрөг залилж авсан,

          мөн “Рич Альфа” ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Сувдан сондор” хотхонд байршилтай 713 байрны 35,91 м2 үйлчилгээний талбайг оффисын зориулалтаар сарын 959.570 төгрөгөөр түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулж, засвар үйлчилгээ хийлгэсэн, түүнчилэн тус компаний “Сувдан сондор” хотхонд байршилтай 71а байрны 79 тоот 2 өрөө орон сууцанд "дүү нараа түр суулгана" гэж хуурч, түрээсийн гэрээгүйгээр Б.Б г оруулж, “Рич Альфа” ХХК-нд 5.678.210 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 12.5.678.210 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.У мэдүүлэхдээ: “...Яллах дүгнэлтэнд бичигдсэн зүйл бүгд үнэн. Хийсэн алдаандаа маш их гэмшиж байна. Ямар ч байсан хохирогч нарыгаа хохиролгүй болгож өгнө. 9 дүгээр сар гэхэд хоёр хохирогчийнхоо бүх өрийг төлж барагдуулна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ: “...Би У эгчтэй 2010 онд танилцаж байсан. Би дуучин Байздаа ахтай тоглолтоор явдаг байсан. 2013 онд Монголын хүүхдийн ордонд тоглолт хийдэг байхад хоёр өрөө байр, түлхүүр гэрчилгээний хамт бэлэглэж байсан. Тухайн үед У эгч өөрийгөө барилгын компани ажиллуудаг гэж хэлж байсан. Би 2016 онд дандаа нийтийн түрээсийн байраар амьдардаг байсан. Миний өөрийн гэсэн байртай болох хүсэл сонирхлыг мэддэг учраас барилга баригдаж байгаа. Эгч нь газар шорооны ажил хийх гэж байгаа эгчдээ мөнгө өгчих гэхээр нь би 3.500.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш жил гарангийн дараа би “таны энэ барилга чинь бүтэхгүй юм байна. Мөнгөө буцааж авъя” гэсэн чинь “Сувдан Сондор” хотхоны захирал миний ах дүүс шиг хүмүүс байгаа юм. Тэндээс бэлэн байр аваад чамтай хувь гэрээ хийе гэсэн. Би өөрийн эзэмшлийн приус20 маркын машиныг зараад 8.500.000 төгрөгөөр зараад тэр мөнгөө өгч байсан. Энэ 8.500.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг бэлнээр  үлдсэн 3.500.000 төгрөгийг дансаар өгч байсан. Би энэ хүнээс болоод нийт 12.000.000 төгрөгийн хохиролтой. Энэ мөнгөнөөсөө нэг ч төгрөг аваагүй. Энэ хүнээс болж олон жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрөөрөө хохирлоо. Иймд хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Мөн У эгчийн унаж явсан приус-10 маркын машин байгаа. Бид хоёр хамт явж байтал энэ машиныг зогсоол руу тавьчих гээд хаячихаад яваад өгсөн.  Би тэр машинд нь нэг өдөр хүлээж байсан. Би машиныг нь ав гэхэд авахгүй байгаа. У эгчээс болоод Сувдан сондор хотхоны байранд 4 сар амьдарсан. Сувдан сондор хотхоноос та нарын гэрээний хугацаа дуусаад 2 сар болсон байна гээд өмсөж байсан хувцастай мииь хөөж гаргаад хамаг юмыг маань битүүмжилсэн. Би найз охинтойгоо хэдэн хоног гадуур амьдарсан. Үзээгүй юмаа үзэж байна. Энэ явдлаас болоод дахин дахин 2.000.000 төгрөгийн зардал гарсан. Энэ бүгдийг нэхэмжилмээр байна.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Д мэдүүлэхдээ: “...Манайх Сувдан сондор хотхоны борлуулалтын алба байгаа юм. Бид иргэдэд нээлттэй үл хөдлөх хөрөнгө борлуулдаг. Бид нар нэг давхраа оффисын зориулалтаар түрээслүүлдэг. 2018 онд У бид нартай холбогдоод оффисын талбай түрээслэх гэсэн юм гээд бид нартай түрээсийн гэрээ байгуулсан. Би У бид нар сарын эхэнд түрээсээ авдаг та 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 01 хүртэлх 10 хэд хоногийн төлбөрөө өгчихөө өгчих. Бусад төлбөрөө сар гарангуут төлбөрөө өгөөрэй гэсэн. Эгч нь өрөөгөө ийм болгож янзална гэж хүсэлтийнх нь дагуу бид засал чимэглэлийг хийсэн. Ингээд байж байтал манай хоёр дүү байгаа гэж хэлсэн. Үнэндээ энэ хоёрын хоорондох харьцааг бид нар мэдээгүй. Манай дүү хөдөөнөөс орж ирсэн, эхнэр нь удахгүй төрнө. Танайд түрээсийн байр байгаа юу? гэсний дагуу би У нэг сарын байрны түрээс барьцаа мөнгөтэй нь авсан. Ингээд хохирогч Б.Б 79 тоотод амьдардаг болсон. Энэнээс хойш 4,5 сар өнгөрсөн. Тэгээд манай менежер төлбөрөө өгөөрэй гэж сануулахад байнга өнөөдөр маргааш хөрөнгө оруулалт орно, одоо эгч нь очлоо гээд алга болчихдог байсан. Бид нар сүүлдээ 6 дугаар сард уучлаарай, та гэрээний үүргээ биелүүлж чадсангүй ээ, гэрээгээ цуцлая гэхэд У гуай за би дүү нараа нүүлгэе 5 дахь өдөр очъё гэчихээд эгч нь өнөөдөр амжсангүй ээ гэсэн. Хагассайн өдөр та төлбөрөө төлөөд дүү нараа гаргаачээ гэхэд эгч нь яг одоо банкан дээр явж байна гэсэн. 3 цаг өнгөрөөд дахиад залгахад эгч нь компанийхаа тамгыг орхисон байна, би буцаад банкан дээр оочерлож байна гэж хэлээд утсаа авахгүй алга болсон. Би гэрээний дагуу дараагий хүндээ 1 дэх өдөр байраа бэлдэх ёстой байсан. Тэгэхэд бид хоёр, хоёр талд залилуулж байгаагаа мэдсэн. Ингээд бид за ийм юм болсон бол бид цаашид орон сууцаар хангах боломж алга гэсэн. Би надад нэг сэжүүр байх ёстой байсан. Тухайн үед би У ирээд мөнгөө төлчихнө гэж бодсон учраас энэ хоёрт та У төлбөрөө хийсний дараа юмаа аваарай гээд ажилчдынхаа гал тогоонд эд нарын бүх юмыг оруулж тавьсан. Уын хамгийн аймшигтай нь мессэжээр гэрээслэлээ хийгээд яаж байгааг би ойлгоогүй. Өнөөдрийг хүртэл нэг ч удаа холбоо бариагүй. Надаас бичиг баримт нэхээд байна. Энэ нэг жилийн хугацаанд энэ хүнтэй холбогдоогүй, ямар дугаар дээр байдаг нь тодорхойгүй. Нэг өдөр би хаягаар нь ажилтнаа явуулсан. Тэгэхэд хаяг нь дээрээ амьдардагггүй юм байна лээ. Одоо 5.678.210 төгрөг нэхэмжилж байна. Зөвхөн түрээсийн мөнгөө л нэхэмжилж байна. Бид нарын нэрээр залилангийн хэрэг үйлдэж байсан байна.” гэв.

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 7-8, 11/,  мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-22/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.Д мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-27/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-29/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.Д мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-31/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр З.У мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 35-36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 67/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Л.У мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 76-80/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор И.Ариунсанаагаас шүүгдэгч Л.У нь дуучин Б урлагийн тоглолтыг ивээн тэтгэж, 2 өрөө байр бэлэглэж байгаа мэтээр зарлаж, "Уран зүлгүүр" нэртэй барилгын хязгаарлагдмал, хариуцлагатай компанитай гэж итгүүлэн Жуковт барилга барих тендэрт ялаад газар шорооныхоо ажлыг эхэлж байгаа гэж ойлгуулан урьдчилгаа аваад жилийн дараа барьж буй барилгаасаа орон сууц өгнө гэж амлан иргэн Б.Б 2016 оны 5 дугаар сард 3.500.000 төгрөг, үүнээс хойш жил гаруй хугацаа өнгөрч "мөнгөө буцааж авъя" гэхэд нь “Сувдан сондор” хотхоны борлуулалтын албаны ажилтантай хамаатан садан тул тэднийхээс чамд бэлэн байр авч өгье" гэж дагуулан очиж байрны сонголт хийлгэхээр үзүүлж, уг хотхоны 71а байрны 79 тоотод "түр амьдарч бай, байрны тооцоог эгч нь хийчихсэн, 10 давхрыг ашиглалтанд орохоор чиний нэр дээр 2 өрөө байрны ордер, гэрээг гаргуулж өгнө" гэж хэлж оруулаад 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр 5.000.000 төгрөг, дансаар 3.500.000 төгрөг авч үргэлжилсэн үйлдлээр нийт 12.000.000 төгрөг залилж авсан,

мөн “Рич Альфа” ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Сувдан сондор” хотхонд байршилтай 713 байрны 35,91 м2 үйлчилгээний талбайг оффисын зориулалтаар сарын 959.570 төгрөгөөр түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулж, засвар үйлчилгээ хийлгэсэн, түүнчилэн тус компаний “Сувдан сондор” хотхонд байршилтай 71а байрны 79 тоот 2 өрөө орон сууцанд "дүү нараа түр суулгана" гэж хуурч, түрээсийн гэрээгүйгээр Б.Б оруулж, “Рич Альфа” ХХК-нд 5.678.210 төгрөгийн хохирол учруулсан, үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 12.5.678.210 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.        

Шүүхээс шүүгдэгч Л.У иргэн Б.Баас 2016 оны 5 дугаар сард 3.500.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр 5.000.000 төгрөг, дансаар 3.500.000 төгрөг авч үргэлжилсэн үйлдлээр нийт 12.000.000 төгрөг залилж авсан,

мөн “Рич Альфа” ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Сувдан сондор” хотхонд байршилтай 713 байрны 35,91 м2 үйлчилгээний талбайг оффисын зориулалтаар сарын 959.570 төгрөгөөр түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулж, засвар үйлчилгээ хийлгэсэн, түүнчилэн тус компаний “Сувдан сондор” хотхонд байршилтай 71а байрны 79 тоот 2 өрөө орон сууцанд "дүү нараа түр суулгана" гэж хуурч, түрээсийн гэрээгүйгээр иргэн Б.Б оруулж, “Рич Альфа” ХХК-нд 5.678.210 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Б өгсөн: “...2010 онд У гэх эмэгтэйтэй анх танилцсан. У анх надтай танилцахдаа өөрийгөө “Уран зүлгүүр” ХХК-ын захирал гэж танилцуулж байсан. “Уран зүлгүүр” ХХК нь барилгын чиглэлээр үйл ажиллгаа явуулдаг юм. 2016 оны 10 дугаар сард У надтай уулзаад манай компани барилга барьж байгаа одоо газар шорооны ажил эхлэх гээд байна, мөнгө төгрөг боломж бололцоо бага байна. Барилга баригдахаар хоёр өрөө байр хувь лизингээр өгнө, чи байр авах уу гэж асуухаар нь зөвшөөрөөд 2018 оны 10 дугаар сард 3.500.000 авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд манай барилга барих үйл ажиллагаа зогсонг байдалд ороод байна, би “Сувдан сондор” хотхоноос 2 өрөө байр худалдан аваад чамд хувь лизингээр өгье гэж хэлээд “Сувдан сондор” хотхоны 716 байрны 10 давхарт 1012 дугаартай хоёр өрөө байрыг үзүүлсэн юм. Тэгээд тухайн байрыг үзэхэд дотор засал дуусаагүй байсан. Тэгээд У надад хандан энэ байрны засал дуусаагүй байгаа учир чи 71а байрны 79 тоотод түр амьдарч бай гэж хэлэхээр нь “за” гэж хэлээд тухайн байранд нүүж орсон. Тэгээд надаас нийт 15.000.000 төгрөг авахаар болсон бөгөөд эхэлж өгсөн 3.500.000 төгрөгийг хасаад 11.500.000 төгрөг өгөхөөр болсон. Тэгээд У гэх эмэгтэйд 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 8.500.000 төгрөг өгсөн юм. Тэгээд түр амьдарч бай гэсэн байранд өөрийн найз охин О.Б хамт 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 6 дугаар сарын 09-ний өдөр хүртэл амьдарсан. Учир нь 71 a байрны 79 тоот нь У гэх эмэгтэйн байр биш “Рич Айлфа Майнинг” ХХК-ийн түрээсийн байр болох нь тогтоогдсон. Тэгээд 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр “Рич Айлфа Майнинг” ХХК-ний ажилчид намайг байрнаас гаргасан. Тухайн ажлыг менежер А гэх эмэгтэй гардан гүйцэтгэсэн. Тэгээд У гэх эмэгтэйтэй уулзаж энэ талаар хэлэхэд манай компанийн санхүүжилт орж ирсэн байгаа. Их мөнгө учир банк хооронд нэг хоног болдог юм байна. Мөнгө орж ирэхээр чиний мөнгийг өгнө гэж надад хэлсэн. Тэгээд түүнээс хойш У гэх эмэгтэй надад ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Мөнгө төгрөг авах хүсэлтэй байгаагаа хэлэхэд маргааш өгнө гэсээр өдий хүрлээ." гэх мэдүүлэг /хх-н 21-22/

Мөрдөн шалгах ажиллагаанд “Альфа Рич” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д өгсөн: "...2018 оны 02 дугаар сард У гэх эмэгтэй талбай түрээслүүлнэ гэсэн зарын дагуу надтай уулзаад гэрээ байгуулахаар болоод 2018 оны 03 дугаар сарын 20 ны өдөр 2018/13 дугаартай Түрээсийн гэрээ байгуулаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Сувдан сондор” хотхоны 71/а байрны 1 давхарын 35.91 мкв талбайг түрээслэхээр гэрээ хийгээд 2018 оны 03 дугаар сарын 20-ноос 2018 оын 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд 319.350 төгрөгийг төлсөн. Тэгээд 2 дүү маань байр хайж байгаа, танай шинэ байрнаас байр авж өгнө гээд уг байрны 2 давхарын 79 тоот 2 өрөө байрны 1 түрээс 1.200.000 төгрөг, барьцаа мөнгө 1.200.000 төгрөг нийт 2.400.000 төгрөг надад бэлнээр оффисын байранд өгсөн. Мөн талбай түрээсийн мөнгө болох 2018 оны 04 дүгээр сарын 01-нээс 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 900.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 01-нээс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 959.570 төгрөг, 2018 оны 06 дугаар сраын 01-нээс 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 959.570 төгрөг, нийт 2.819.140 төгрөг, уг талбайг түрээслэхээр гэрээ байгуулахад захирлын өрөө гаргана гээд хана босгосон байсныг буцааж нурааж засвар хийсэн 450.000 төгрөг ингээд нийт 5.669.140 төгрөгийг нэхэмжилж байна. Анх манай 2 өрөө байрыг түрээслэсэн 2 дүү гэх хүмүүстээ урьдчилгаа нь өгсөн, байрны хаалгыг хийгдээгүй байгаа гэх мэтээр ярьсан байсан. У тай холбогдоход удахгүй мөнгө өгөх гээд байна, удахгүй гэх мэтээр худал хэлж залилсан учраас цагдаагийн байгууллагад хандсан." гэх мэдүүлэг /хх-н 26-27/,

Л.У ын түрээсийн төлбөрт 426.800 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлнө гэж баталгааг гараар бичсэн тодорхойлолт /хх-н 12/, “Альфа Рич” ХХК-ийн төлөөлөл болох Э.Д, Л.У нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн гэрээний хуулбар бичмэл нотлох баримт болон өмнө нь гаргаж байсан нэхэмжлэлийн хувь /хх-н 14-16/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.    

Иймд шүүхээс шүүгдэгч Л.У г бусдыг хуурч, зохимол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.  

Хохирогч нарт учруулсан хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Л.У с нийт 17.678.210 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б 12.000.000 төгрөгийг, хохирогч “Альфа Рич” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д 5.678.210 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна гэж үзэв.

             Шүүхээс шүүгдэгч Л.У д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

             Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У г нийгмээс тусгаарлахгүйгээр ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч шийдвэрлэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Б овогт Л У г бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ум д 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.    

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Уаас 17.678.210 төгрөгийг гаргуулж, хохирогч Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 520-66 тоотод оршин суух Б овогт Б Б т 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг, хохирогч “Альфа Рич” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б овогт Э Д-д 5.678.210 /таван сая зургаан зуун далан найман мянга хоёр зуун арав/ төгрөгийг тус тус олгосугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.У нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.    

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.У нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол Л.У д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.