| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/02470/И |
| Дугаар | 210/МА2025/01542 |
| Огноо | 2025-09-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/01542
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/02081 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй,
“*******” ХХК-д холбогдох
Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргуулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Тээврийн хэрэгслийг эзэмшилд буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. ******* нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “*******” ХХК-тай эрх шилжүүлэх гэрээг байгуулж, гэрээний 1.2-т заасны дагуу 24 сарын хугацаанд компанийн ажил, үйлчилгээг ******* тээврийн хэрэгслээр хийж гүйцэтгэх, гүйцэтгэсэн ажлын хөлсөнд уг тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон.
1.2. Улмаар 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал сунгасан бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж, гэрээнд заасан ажил үүргийг 100 хувь биелүүлсэн боловч хариуцагч гэрээний үүргээ зөрчиж тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх, тус тээврийн хэрэгслийн татвар, даатгалыг төлөх, үзлэгт хамруулах үүргээ хэрэгжүүлэхгүй байна.
1.3. Уг тээврийн хэрэгсэл өнөөдөр нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа хэдий ч хариуцагч гэрээний хугацаанд хуульд заасан татвар, даатгалыг төлөөгүй, үзлэгт хамруулаагүй зэргээс шалтгаалан тээврийн хэрэгслийг ашиглах, үр шимийг нь хүртэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн.
1.4. Иймд нэхэмжлэгчийг ******* улсын дугаартай, өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг “*******” ХХК-д даалгаж өгнө үү.
1.5. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэх тайлбар үндэслэлгүй, хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамааралгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. “*******” ХХК нь *******тай 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эрх шилжүүлэх гэрээг байгуулж, гэрээнд заасан болзол хангагдсан нөхцөлд ******* улсын дугаартай, өөрөө буулгагчийг түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Улмаар 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт гэрээгээр гэрээний хугацааг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал сунгасан.
2.2. Эрх шилжүүлэх гэрээний 1.2-т болзол нөхцөлийг дурдсан боловч ******* нь гэрээний 1.2.4, 1.2.5-д заасан нөхцөлийг хангаагүй. Тухайлбал, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ажлын цагаар архидан согтуурсан болох нь Зөрчлийн хуудсаар тогтоогддог. Тэрээр үүнийг хүлээн зөвшөөрч, зөрчлийн хуудаст гарын үсэг зурж, тайлбар бичиж өгсөн. Мөн 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр кемпийн дотоод журам зөрчсөн, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зөрчлүүдийг гаргаж, энэ талаар Зөрчлийн хуудас бичигдсэн боловч гарын үсэг зурахаас татгалзсан.
2.3. Дээрх шалтгааны улмаас гэрээний зүйл болох ******* улсын дугаартай, өөрөө буулгагчийг *******ын өмчлөлд шилжүүлэх боломжгүй.
2.4. ******* нь ажлаас гарахдаа тухайн тээврийн хэрэгслийг манай компанид буцаан хүлээлгэж өгөлгүй, ажлаа орхиж явсан. Иймд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 180/20 дугаар эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн өгсөн ******* улсын дугаартай, өөрөө буулгагчийг “*******” ХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлэхийг *******т даалгаж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг ******* улсын дугаартай, Howo ZZ3325 загварын, ******* арлын дугаар бүхий өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч *******ын нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч “*******” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******т холбогдох тээврийн хэрэгслийг эзэмшилд буцаан шилжүүлэхийг даалгах хариуцагч “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтуудыг хуульд зааснаар үнэлээгүй. Учир нь хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулсан эрх шилжүүлэх гэрээний болзол хангаагүй, гэрээт ажлыг бүрэн гүйцэтгээгүй, үүний улмаас өмчлөх эрх шилжих үндэслэлгүй гэж сөрөг нэхэмжлэл гаргасан.
4.2. Талуудын хооронд байгуулсан эрх шилжүүлэх гэрээ нь харилцан тохиролцож тодорхой болзол, нөхцөлтэйгөөр байгуулагдсан бөгөөд гэрээний гол агуулга болох ажил, үйлчилгээ, бүрэн гүйцэт биелэгдээгүй, түүнчлэн гэрээний биелэлтийг хүлээн зөвшөөрсөн актыг талууд харилцан зурж хүлээлцээгүй, уг гэрээний дагуу үүрэг биелэгдсэн эсэх тухай эрх зүйн үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрээний биелэлтийг дүгнэхдээ зөвхөн нэг талын тайлбарт үндэслэх боломжгүй юм.
4.3. Гэтэл уг гэрээнд заасан ажлын гүйцэтгэлийн чанар хугацаа, хүлээлцэх акт зэрэг гэрээ биелэгдсэн болохыг нотлох баримтууд бүрэн бүрдэж хэрэгт авагдаагүй байхад шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрч, хариуцагчийн өмчлөх эрхийг үгүйсгэж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, нэг талын тайлбарыг үндэслэн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, мөн Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон.
5.2. Харин хариуцагч байгууллага маргахдаа хөдөлмөрийн гэрээний зарим заалтыг зөрчсөн учраас хөлсөөр ажиллах гэрээ биелэгдэх боломжгүй гэх үндэслэлээр татгалзлаа илэрхийлдэг. Гэвч хөлсөөр ажиллах гэрээ болон хөдөлмөрийн гэрээ нь тусдаа зохицуулалттай учраас хөдөлмөрийн гэрээний зохицуулалтыг хөлсөөр ажиллах гэрээнд хамаатуулан татгалзах нь хууль зүйн үндэслэлгүй.
5.3. Хөлсөөр ажиллах гэрээний харилцаа 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохоор тохиролцсон боловч гэрээний хугацааг 6 сараар сунгаж 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дууссан. Уг гэрээний хугацаа дуусахад хариуцагч тал тооцоо нийлсэн акт үйлдээгүй. Түүнчлэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй гэх үндэслэлээр маргасан боловч энэ талаарх нотлох баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй. Хариуцагчийн гаргаж өгсөн зөрчлийн хуудас гэх баримт нь нэг талын хүсэл сонирхлыг тусган нөхөж үйлдсэн гэж үзсэн. Учир нь нэхэмжлэгчид танилцуулж зөрчлийг илрүүлсэн, хуралдаанаар тухайн зөрчлийг тогтоож арга хэмжээ авсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
5.4. Хариуцагч талаас гаргаж өгсөн баримт нь нотлох баримтад тооцох боломжгүй гэж үзэж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч тал татгалзлаа нотлох үүрэгтэй атал уг үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичиг гаргуулахыг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тээврийн хэрэгслийг эзэмшилд буцаан шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.
3.1. ******* нь “*******” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, гэрээний дагуу ******* нь тус компанийн замын хэлтэст 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс автогудорнаторын оператороор ажиллаж байсан.
3.2. Талууд 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл сунгаж, хүлээн авагч нь сунгасан 112 хоногийн хугацаанд гэрээний зүйлийг компанийн үйл ажиллагааны хэрэгцээнд ашигласан байхаар тохиролцсон.
3.3. Мөн талууд 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, *******ыг самосвалын жолоочоор 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2 сарын туршилтын хугацаагаар ажиллуулахаар тохиролцсон, гэрээний хугацаа дуусахад талууд гэрээг дуусгавар болгох санал гаргаагүй бөгөөд ажилтан үргэлжлүүлэн ажил үүргээ гүйцэтгэсэн, хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргаагүй.
3.4. Маргааны зүйл болох ******* улсын дугаартай, “Howo” загварын, ******* арлын дугаар бүхий өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл эзэмшигчээр автотээврийн үндэсний төвийн бүртгэлд хариуцагч “*******” ХХК бүртгэлтэй байх бөгөөд эзэмшил, ашиглалт нэхэмжлэгч *******т байна.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.
4.1. ******* нь “*******” ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эрх шилжүүлэх гэрээг байгуулж, гэрээгээр дараах зүйлийг тохиролцсон. Үүнд:
Гэрээний 1.2-т “Дараах болзол бүрэн хангагдсан тохиолдолд гэрээний зүйлийг хүлээн авагчийн өмчлөлд шилжүүлнэ”, 1.2.1-д “хүлээн авагч тал нь энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш “*******” ХХК-д тасралтгүй 24 сар ажиллаж, энэ хугацаанд Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу тус компанийн албан хэрэгцээнд гэрээний зүйлийг эзэмшиж, ашигласан байна”, 1.2.2-т “хүлээн авагч нь гэрээний хугацаанд гэрээний зүйлийг ариг гамтай эзэмшиж, ашиглан, хэвийн элэгдэл хорогдлоос илүүтэйгээр муутгаагүй байна”, 1.2.3-т “хүлээн авагч нь гэрээний хугацаанд гэрээний зүйлийг осолдуулаагүй, аливаа эвдрэл, гэмтэл гаргаагүй байна”, 1.2.4-т “хүлээн авагч нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гараагүй, сахилгын шийтгэлийг 2-оос дээш удаа хүлээгээгүй байна”, 1.2.5-д “гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллана. Гэрээнд хүлээн авагч хариуцахаар заасан зардал, төлбөрийг хугацаандаа төлсөн байна”, 1.2.6-д “хяналт шалгалтын комиссоос сайн үнэлгээ авсан байна”, 1.2.7-д “гэрээний зүйл аливаа байдлаар эвдэрч, гэмтээгүй, зориулалтын дагуу ашиглагдах боломжтой байна” гэсэн нөхцөлүүд хангагдсан тохиолдолд гэрээний 1.3-т зааснаар шилжүүлэгч гэрээг дүгнэж, болзлыг хангасан гэж үзвэл ******* улсын дугаартай, Howo загварын, ******* арлын дугаар бүхий өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг хүлээн авагч тал буюу *******ын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна.
4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.6-д зааснаар хөдөлмөрийн гэрээнд талууд харилцан тохиролцсон бусад асуудлаар нөхцөлийг нэмж тусгаж болохоор зохицуулсан. Талуудын хооронд байгуулагдсан эрх шилжүүлэх гэрээ нь хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд хийгдсэн хэлцэл.
Өөрөөр хэлбэл талууд эрх шилжүүлэх гэрээ, хөдөлмөрийн гэрээ гэж хоёр тусдаа гэрээ байгуулсан хэдий ч талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсгэх тохиролцоо хийгдсэн. Үүний дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх бөгөөд эрх шилжүүлэх гэрээг хөдөлмөрийн гэрээний талууд хөдөлмөрийн гэрээнд нэмж тохиролцсон асуудлыг тусгах талаар тохиролцсон. Энэ тохиролцоог баталгаажуулж эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байна.
4.3. Ийнхүү талууд хөдөлмөрийн харилцаа үүсгэхтэй холбоотой нөхцөлийг хэлэлцэн тохиролцож 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эрх шилжүүлэх гэрээг байгуулж, улмаар 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
Иймд талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн.
4.4. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч ******* нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилласан гэснийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй тул гэрээгээр тохиролцсон хугацаанд ажиллах үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн гэж үзнэ.
5. Хариуцагч “*******” ХХК нь эрх шилжүүлэх гэрээний 1.2.4, 1.2.5-д заасан болзлыг нэхэмжлэгч ******* хангаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргасан.
5.1. Хариуцагч талын гаргаж өгсөн зөрчлийн хуудас гэх 3 хуудас баримт, нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан байх бөгөөд “... “******* ХК, ******* овогтой ******* 62-р кэмпээс 12-р кемпэд ажиллах шаардлагаар явж байтал ******* замд таарч дайгдаж 12-р кемпэд ирсэн нь үнэн болно. Согтуу байсан нь үнэн болно. Жолооч *******” гэсэн гараар бичсэн тайлбар, 2022.06.14-ний өдрийн зөрчлийн хуудаст зөрчлийн утга “******* кемпийн журам зөрчиж 12 км явж ирэхдээ машин дотор согтуу хүн тээвэрлэж нэвтрэхийг завдсан, гарын үсэг зурахаас татгалзсан” гэж, 2022.05.21-ний өдөр зөрчлийн хуудаст зөрчлийн утга “ усны машин зогсоосон. Үйлдвэрийн ус тасалдсан. Ажлын цагаар архидан согтуурсан. 2 бүхэл” гэж тэмдэглэсэн байна. Энэ баримтад байх гарын үсэг нэхэмжлэгчийн гарын үсэг мөн эсэх нь тодорхойгүй, 2022.07.20-ны өдрийн зөрчлийн хуудаст зөрчлийн утга “согтууруулах ундаа хэрэглэсэн” гэж тэмдэглэсэн байх боловч баримтад зөрчил гаргасан болохыг зөвшөөрсөн гарын үсэг, баталгаажуулсан баримтгүй байна.
5.2. Зөрчил гаргасан талаар баримт нь эргэлзээтэй, ноцтой зөрчил болохыг тогтоосон, хариуцлага тооцсон баримтгүй тул нэхэмжлэгч ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
6. Нэхэмжлэгч ******* нь гэрээгээр тохирсон хугацаа буюу 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд маргаан бүхий тээврийн хэрэгслийг компанийн үйл ажиллагаанд ашиглахдаа гэрээнд заасан болзлыг гүйцэтгэсэн тул тэрээр хариуцагчаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК нь гэрээний 1.3-т зааснаар гэрээг дүгнэж, гэрээний зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэх үүрэгтэй.
7. Иймд ******* улсын дугаартай, Howo ZZ3325 загварын, ******* арлын дугаар бүхий өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгч *******ын нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч “*******” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв болжээ.
8. Маргааны зүйл болох техникийн өмчлөгч нь “*******” ХХК боловч талуудын хооронд хийгдсэн хэлцлээр нэхэмжлэгч ******* нь техникийг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар эзэмшилдээ авсан байна.
8.1. Иймд нэхэмжлэгчийн эзэмшил хууль бус байх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/02081 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1” гэснийг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.АЗБАЯР