Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 826

 

 

 

 

 

 

  2019          08         21                                      2019/ШЦТ/719

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                          

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

Улсын яллагч: Н.Энхболд,

            Шүүгдэгч: О.Т , М.Г , А.Э , Т.Т , тэдгээрийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, Б.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт О.Т , М.Г , А.Э , Т.Т нарт холбогдуулж тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905001480794 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Т, урьд ял шийтгэлгүй,          

            2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Г, урьд ял шийтгэлгүй           

            3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Т , урьд ял шийтгэлгүй,          

            4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, А.Э, урьд ял шийтгэлгүй

Шүүгдэгч О.Т , М.Г  нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны орчим иргэн Р.А-гийн “Самсунг А-8” загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч 844.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Э , Т.Т  нар нь бүлэглэн “...М.Г , О.Т  нарын 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны орчим иргэн Р.А-гийн “Самсунг А-8” загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж авсан...” гэдгийг мэдсэн атлаа гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө буюу “Самсунг А-8” загварын 1 ширхэг гар утсыг худалдан борлуулсан орлогоос тус тус 100.000 төгрөгийг авч мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Т гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би найзуудын хамт 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө гадуур гарсан. Тухайн үед Г бид хоёр Э , Т нараас зайтай явж байсан Т Э  нар бид хоёрын хойно явж байсан. Бид нар Минж плазагийн хажууд явж байхад урд талд нэг ах, эгч хоёр явж байсан. Г тэр хоёр руу дөхөж очоод эрэгтэйг нь цохиход унасан. Тэгэхээр нь би тэр хүний гар утсыг нь аваад зугтаагаарай гэж орилоод бүгдээрээ зугтаасан. Цааш яваад байрны буланд очоод гар утас авснаа хэлсэн. Маргааш нь манай хоёр найз нөгөө гар утсыг ломбарданд тавьсан...” гэв.

Шүүгдэгч М.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Т , Э , Т бид дөрөв хорооллын Минж плазагийн тэнд явж байхад урд талд ах, эгч хоёр явж байсан. Би очиж эрэгтэйг нь цохиод түүнийг унахад Т гар утсыг нь аваад зугтаагаарай гэж орилсон. Тэгээд бид нар зугтаагаад нэг байрны буланд уулзаад гар утас авснаа хэлсэн. Тэгээд маргааш нь тэр гар утсыг ломбарданд 400.000 төгрөгөөр тавьсан. Мөнгийг нь тэнцүү хувааж аваад дууссан...” гэв.

Шүүгдэгч Т.Т ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө бид дөрөв хамт явж байсан. Т , Г хоёр Э  бид хоёроос нилээн зайтай явж байсан. Тэгээд Г , Т нар зугтацгаая гээд орилохоор нь бид 4 хамт зугтаад байрны буланд очсон. Тэгээд гар утас авсан гэдгийг нь мэдсэн ба маргааш нь нөгөө гар утсыг ломбарданд тавьсан. Мөнгийг нь хувааж авсан...” гэв.

Шүүгдэгч А.Э ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Т , Г , Т бид нар 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө уулзаад хорооллын Минж плазагийн орчимд явж байсан. Т , Г нар бид хоёрын урд талд явж байгаад зугтаарай гээд орилохоор нь тэдний араас бид хоёр очсон. Тэгээд маргааш нь тэдний авсан гар утсыг ломбарданд тавиад, мөнгийг нь хувааж авсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хохирогч Р.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө би өөрийн найз болох Б  гэдэг эмэгтэйтэй уулзсан. Бид 2 уулзаад нэг газарт орж пиво уусан. Тухайн үед шинэ жил болж байсан. Би найз Б ийг гэр рүү нь хүргэж өгөх гэсэн чинь Б  хамт ажилладаг найзындаа очиж хононо гэхээр нь хорооллын 34 дүгээр байранд хүргэж өгөх гээд тухайн байрны гадаа очиход гэнэт миний араас хүн татах шиг болсон. Тэгээд эргээд хартал 1 үл таних залуу миний нүүр рүү 1 удаа цохьсон. Тухайн үед би хойшоо савж газарт унасан. Намайг газарт унахад бас нэг залуу хүрч ирээд миний өмсөж явсан куртикний халаасыг ухаад халаасан дотроос миний гар утсыг мөн халаасанд байсан 78.000 төгрөгийг аваад зугтаасан. Тухайн үед надтай хамт манай найз Б  байсан. Тэгээд би Б ийн гар утсаар 102-т дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Гэрч С.Г ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай ломбард Самсунг Эс-5 ...Ай фоне-5 гар утаснаас дээшээ загварын гар утаснуудыг шалгаж барьцаанд авдаг. Манай ломбарданд таны асуусан нэртэй хүн гар утас тавьсан. Тэр залуу 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Самсунг А-8” маркийн гар утас тавьсан. Манайд гар утас тавьж байгаа хүмүүсийн өөрийнх нь бичиг баримтыг шалгаж тулгаж үзэж байгаад авдаг юм. Тэр утасны хугацаа нь дуусахаар нь би гар утас тавьсан залуу руу залгаж утсаа авах эсэх талаар асуусан чинь утсаа авахгүй гэсэн. Энэ талаар би ломбардны бичгэн дээр тэмдэглэсэн байгаа. Утсаа тэр залуу авахгүй гэхээр нь би утсыг нь нийт 430.000 төгрөгөөр бусдад зарсан.  Тэр утсыг би анх авахдаа өндөр үнэтэй авсан. Тэр утаснаас ямар нэгэн ашиг гаргаж аваагүй. Хүүг нь л гаргаж авсан. Надад ямар нэгэн хохирол учраагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

Яллагдагчаар А.Э ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн үед Г , Т , Т нарын хамтаар явсан. 2018 оны 12 дугаар сарын 29-ний орой 01 цагаас 02 цагийн хооронд БГД-н 17 дугаар хороо, хорооллын
Минж Плазагийн урд талд явж байхад 30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хамт явж байсан. Тэгэхээр нь бид нар харанхуй газар руу /22 дугаар байрны хажууд/ орохоор нь Г , Т нарын хамт очоод Г эрэгтэйгийн нүүр рүү нь 1 удаа цохиод хашаа руу түлхэж унагаах гэхэд тэр залуу унаагүй. Унахгүй болохоор нь Т тэр залуу дээр очоод малгайнаас нь доош дараад газар унагаагаад нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн. Г эрэгтэйгийн халааснаас нь хар хөх өнгийн “Самсунг Галакси А-8” маркийн гар утасыг аваад надад өгсөн. ...Маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 30-нд тэр утасны кодыг гаргуулаад бид 4 хамт явж байгаад би Т тэй хамт 25 дугаар эмийн сангийн урд талын буудлын хажууд “Аз” интернет тоглоомын газрын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах ломбарданд 400.000 төгрөгөөр тавьсан. Мөнгийг нь хувааж аваад хамт үрээд дуусгасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 40, 45/,

Яллагдагчаар Т.Т ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Дээрэмдэн авсан гар утасны кодыг гаргуулаад бид 4 хамт явж байгаад 25 дугаар эмийн сангийн автобусны урд талд байрлах ломбарданд тухайн үед Т , Э  2-н хамт ороод 400.000 төгрөгөөр тавьсан. Би хамгийн анх мэдүүлэг өгөхдөө айсандаа 380.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Үнэндээ Э ийн нэр дээр 400.000 төгрөгөөр ломбарданд тавиад тэр чигээр нь хаясан...” гэсэн мэдүүлэг /хх-н 47/,

Яллагдагчаар О.Т гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид хоёрыг хараад харанхуй газарт ойрхон зогсож байсан. Бид 2 тэр залуугийн гар утсыг нь аваад зугтаахад тэр 2 бас хамт зугтаасан. Ямар ч бэлэн мөнгө аваагүй. Ганц гар утас л авсан. Өөр эд зүйл аваагүй. Тухайн өдрийн маргааш нь би Э ийн хамтаар 25 дугаар эмийн сангийн урьд талд байдаг ломбарданд 400.000 төгрөгөөр Э ийн нэр дээр тавьсан. Одоо нэрийг нь санахгүй байна. Явбал зааж өгч чадна...” гэсэн мэдүүлэг /хх-н 46/,

Яллагдагчаар М.Г ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг тэр залууг цохих үед миний хажууд Тэмүүжин байсан. Харин Э , Т нар ойрхон хараад зогсож байсан. Ямар ч бэлэн мөнгө аваагүй. Ганц гар утас л авсан. Өөр эд зүйл аваагүй дээрэмдэн авсан гар утасны кодыг гаргуулаад 25-р эмийн сангийн автобусны урд талд байрлах ломбарданд тухайн үед Т , Э  хоёр ороод 400.000 төгрөгөөр тавьсан. Би хамгийн анх мэдүүлэг өгөхдөө сандраад айсандаа болоод 380.000 төгрөг гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 44/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, Хохирогчийн өргөдөл /хх-н 7/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 28-29/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 90-148/, Хохирогчийн хүсэлт /хх-н 150/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Т , М.Г  нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө 01 цаг 20 минутын орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны орчим иргэн Р.А-гийн “Самсунг А-8” загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авч 844.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч А.Э , Т.Т  нар нь бүлэглэн “...М.Г , О.Т  нарын 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны орчим иргэн Р.А-гийн “Самсунг А-8” загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж авсан...” гэдгийг мэдсэн атлаа гэмт хэргийн улмаас олсон эд хөрөнгө буюу “Самсунг А-8” загварын 1 ширхэг гар утсыг худалдан борлуулсан орлогоос тус тус 100.000 төгрөгийг авч мөнгө угаасан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Р.А-гийн: “...Би найз Б ийг гэр рүү нь хүргэж өгөх гэсэн чинь Б  хамт ажилладаг найзындаа очиж хононо гэхээр нь хорооллын 34 дүгээр байранд хүргэж өгөх гээд тухайн байрны гадаа очиход гэнэт миний араас хүн татах шиг болсон. Тэгээд эргээд хартал 1 үл таних залуу миний нүүр рүү 1 удаа цохьсон. Тухайн үед би хойшоо савж газарт унасан. Намайг газарт унахад бас нэг залуу хүрч ирээд миний өмсөж явсан куртикний халаасыг ухаад халаасан дотроос миний гар утсыг мөн халаасанд байсан 78.000 төгрөгийг аваад зугтаасан. Тухайн үед надтай хамт манай найз Б  байсан. Тэгээд би Б ийн гар утсаар 102-т дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/, гэрч С.Г ийн: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Самсунг А-8” маркийн гар утас тавьсан. ...Тэр утасны хугацаа нь дуусахаар нь би гар утас тавьсан залуу руу залгаж утсаа авах эсэх талаар асуусан чинь утсаа авахгүй гэсэн. Энэ талаар би ломбардны бичгэн дээр тэмдэглэсэн байгаа. Утсаа тэр залуу авахгүй гэхээр нь би утсыг нь нийт 430.000 төгрөгөөр бусдад зарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 28-29/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Т , А.Э  нар нь О.Т  М.Г  нарыг хохирогчийн гар утсыг дээрэмдэж байхыг харсан, тухайн гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж ломбарданд тавьж, тухайн мөнгийг хувааж авч, цуг зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Т  М.Г  нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн, шүүгдэгч Т.Т , А.Э  нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Т  М.Г  нар нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Т.Т , А.Э  нар гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдлүүд болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч О.Т  М.Г  нар нь хохирогчийн гар утсыг санаатай нэгдэж авсан, шүүгдэгч Т.Т , А.Э  нар нь тухайн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авсан гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 152/ гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч О.Т  М.Г , Т.Т , А.Э  нарыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар нь маргаагүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Т  М.Г , Т.Т , А.Э  нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т  М.Г  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил хорих ял, шүүгдэгч  Т.Т , А.Э  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүгдэгч О.Т  М.Г  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял, шүүгдэгч Т.Т , А.Э  нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах..” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч Т.Т , А.Э  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлөх тухай хүсэлтийг тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хүлээж аваагүй ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...”, 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Т.Т , А.Э  нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан шүүгдэгч О.Т , М.Г  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял тус тус оногдуулах, шүүгдэгч Т.Т , А.Э  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т , М.Г  нарт шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж тэдгээрийн урьд баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Т.Т , А.Э  нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч О.Т , М.Г , Т.Т , А.Э  нар нь 2 хоног баривчлагдсан болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.Т , М.Г  нарыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

              - шүүгдэгч Т.Т , А.Э  нарыг “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1,  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Т , М.Г  нарыг тус тус 01 жил хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т , А.Э  нарт хорих ял оногдуулахгүйгээр, 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т , М.Г  нарт оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар О.Т , М.Г  нарын урьд баривчлагдсан 2 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тус тус тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т , А.Э  нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Т , А.Э  нарт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Т , А.Э  нар нь 2 хоног баривчлагдсан, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т , М.Г  нарт цагдан хорих, Т.Т , А.Э  нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР