| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 104/2016/0393/И |
| Дугаар | 381 |
| Огноо | 2016-07-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 381
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421 дүгээр анги /РД:9097988/-ийн
Хариуцагч: Налайх дүүрэг, 3 дугаар хороо, 54 целика байрлах /Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 1 дүгээр гудамж 07 тоотод оршин суух захирал Б.Даваажав/ “Нарт хайрхан” ХХК-нд холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 1.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421 дүгээр анги шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хорих 421 дүгээр анги нь “Нарт хайрхан” ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 6 ялтныг 6 сарын хугацаагаар ажиллуулахаар гэрээ байгуулсан. Ялтан ажиллуулсан ажлын хөлсний үлдэгдэл 1.200.000 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Нарт хайрхан” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай “Нарт хайрхан” ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 421 дүгээр ангитай ажлын гэрээ хийж ажил гүйцэтгүүлж байсан нь үнэн. Ажил гүйцэтгүүлсний ажлын хөлс болох 1.200.000 төгрөг дутуу байгаа болно. Уг мөнгийг манай компани төлөх нь үнэн гэжээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421 дүгээр анги нь хариуцагч “Нарт хайрхан” ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 1.200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Нарт хайрхан” ХХК нь 1.200.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар /хх-20/ ирүүлсэн. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421 дүгээр анги нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоон “Нарт хайрхан” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 33.350 төгрөгийн тал хувь болох 16.675 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421 дүгээр ангийн нэхэмжлэлтэй “Нарт хайрхан” ХХК-нд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч “Нарт хайрхан” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421 дүгээр анги нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Нарт хайрхан” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 16.675 /арван зургаан мянга зургаан зуун далан тав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ