Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/01507

 

 

 

 

 

 

******* ТБАГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/03849 дугаар шийдвэртэй,

 

******* ТБАГ-ын нэхэмжлэлтэй

*******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 220,529,908.98 төгрөг, хохиролд 38,000 төгрөг, нийт 220,567,908.98 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч бөгөөд хариуцагч ******* болон ХХК-ийн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******, *******, ******* нартай 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 198,000,000 төгрөгийг дөрвөн улирлын нарлаг хүлэмжийн аж ахуй төслийн зориулалттай, 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн.

1.2. Гэрээний хугацаа 2023 оны 6 дугаар сард дууссан бөгөөд хариуцагч нар зээл авснаас хойш үндсэн зээлд 76,470,092 төгрөг, зээлийн хүүд 15,345,522 төгрөгийг тус тус төлснөөс өөр төлөлт хийгээгүй.

1.3. Иймд зээлдэгч нараас зээлийн үндсэн төлбөрт 121,529,908.98 төгрөг, алдангид 99,000,000 төгрөг, хохиролд 38,000 төгрөг, нийт 220,567,908.98 төгрөгийг гаргуулж,

*******, ******* нарын өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, ******* гудамж, , хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, 37,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******, ******* нарын өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, , хэсэг гудамж, тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн , гэрчилгээний дугаар бүхий, 240 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *******ийн эзэмшлийн, Сүхбаатар дүүрэг, , нд байрлах нэгж талбарын дугаар бүхий, тоот гэрчилгээний дугаартай 700 м.кв талбайтай Зуслангийн зориулалттай газар эзэмших эрхээр тус тус үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******, хариуцагч бөгөөд *******-ийн төлөөлөгч ******* нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. сангаас 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, ХХК болон ах ******* бид 198,00,0000 төгрөгийн зээлийг авч Дөрвөн улирлын нарлаг аж ахуй төслийг эхлүүлсэн.

2.2. Уг төслөө эхлээд өөрийн газартаа өвлийн 1 том хүлэмж, зуны 6 хүлэмж барьж байгуулан, усалгааны систем хийж, цахилгаан татаж ногоо тарьж эхэлсэн. Ногоо тариалалт, хүлэмжийн аж ахуй бол хүний маш их хүч хөдөлмөр ордог, тээвэрлэлт, хадгалалт, улирал, цаг агаар зэргээс бүрэн хамааралтай аж ахуй юм. Хүлэмжүүд болон усалгааны системээ барьж байгуулахад маш их мөнгө, цаг хугацаа орсноос ногоо тариалалтаа бага багаар хийж эхэлж байтал Covid-19 цар тахал дэлхий нийтийг хамарсан. Улмаар хорио цээрт орж ажиллах хүчгүй болсноор эхнэр Н.Уранчимэгийн хамтаар хоёулхнаа тус газартаа өдөр шөнөгүй ажилласан ч бүрэн бүтэн тариалалт, арчилгаа, хураалт, тээвэрлэлт хийж аж ахуйгаа эрхлэх боломжгүй болсон.

2.3. Ийнхүү эргэлтийн хөрөнгөгүй болсон шалтгаанаар зээлийн эргэн төлөлтийг хийх боломж олдоогүй. Тэгсэн ч бид аж ахуйгаа өсгөж өндийлгөхөөр маш их хичээсэн боловч цар тахал дууссаны дараа хүлэмжийн ногооны өвчлөл гарч, уг өвчлөлийг эмчлэхийн тулд мөн их цаг хугацаа орж сөхөө олдоогүй юм. Өмнөх намраас л хөрсөө эрүүлжүүлж тариалалтаа бүрэн хэмжээгээр хийж, үр шим нь энэ хавраас эхэлж байна.

2.4. Нэхэмжлэлд үндсэн зээлийн хэмжээнээс гадна зээлийн хүү, алдангийг хэрхэн тооцсон болохыг тооцоолоогүй байх тул хүү, алданги нэхэмжилсэн хэсгийг зөвшөөрөхгүй. Мөн Covid-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн хүү болон алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Өөрийн өмчлөлийн хөрөнгийг дүү *******ад өвлийн хүлэмжээ барьж дуусаад барьцааг суллах нөхцөлтэйгөөр барьцаанд тавих эрх олгосон бөгөөд уг зээл нь надад ямар ч хамааралгүй тул зээл авсан *******ын өөрийн хөрөнгөнөөс зээлийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар *******-иас 173,067,908 төгрөг гаргуулж нэхэмжлэгч , ТБАГ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 47,500,000 төгрөг болон хариуцагч *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар зээлдэгч үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, ******* гудамж 511 дүгээр байр од байрлах 37,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, *******, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, , гудамж тоотод байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, *******ийн эзэмшлийн, нэгж талбарын дугаартай, Сүхбаатар дүүрэг, , эд байрлах, зуслангийн зориулалттай 700 м.кв газраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагч *******-иас тэмдэгтийн хураамжид 1,093,489 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч *******-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Зээлийн зориулалт нь "Өвөл зуны хүлэмж барих" төслийг хэрэгжүүлэх явдал байсан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн хэлцлийн нөхцөлийн талаар амаар тохиролцохдоо Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны А78 тоот тушаалаар батлагдсан "Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хуримтлагдсан өр төлбөрийг бууруулах тухай" журмыг үндэслэн 99,000,000 төгрөгийн алдангийг 30,000,000 төгрөг болгосон талаар шүүх хуралдааны явцад тайлбарласан. Гэтэл зохигчийн энэ тайлбарыг шүүх үл харгалзан алдангийг 56,500,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

5.2. Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосныг нотлох баримтын хэмжээнд анхан шатны шүүхэд хүргүүлээгүй боловч, давагдашгүй хүчин зүйлийн 02/44 тоот гэрчилгээг олгосон талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэгч тал үгүйсгээгүй байхад шүүх тухайн нөхцөл байдлыг харгалзан үзээгүйгээс гадна алдангийн хэмжээг 30,000,000 төгрөг болгон тохиролцсон байхад анхан шатны шүүх алдангийг 56,500,000 төгрөгөөр тогтоосныг зөвшөөрөхгүй

 

6. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хариуцагч талаас эвлэрэх санал гаргасны дагуу , газрын удирдлагуудтай уулзалт хийж, анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаан дээр эвлэрлийн гэрээг баталгаажуулахаар болсон боловч хариуцагч тал эвлэрлийн гэрээ нь хатуу нөхцөлтэй байна гэж үзэн эвлэрэхээс татгалзсан тул шүүх хуралдаан үргэлжилсэн. Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулгаас харахад 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 176,200,000 төгрөг байсан. 2024 онд үндсэн зээлийн үлдэгдэл нь анх авсан зээлийн хэмжээ буюу 198,000,000 төгрөгт хүрсэн. Мөн зээлийн гэрээний хугацаа дууссан тул 2024 онд нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Мөн давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* ТБАГ нь хариуцагч *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 220,529,908.98 төгрөг, хохиролд 38,000 төгрөг, нийт 220,567,908.98 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх үндэслэл болж байна.

3.1. Нэхэмжлэгч ******* ТБАГ-ын хариуцагч *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлд анхан шатны шүүх 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ. Энэ тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулна.

Хэргийн дүгээр талд авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч *******ад 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдэх хуудсаар шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүрэлцэн ирэх талаар мэдэгдсэн байх ба заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүйн улмаас шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181/ШЗ2024/21986 дугаартай захирамжаар албадан ирүүлэхээр шийдвэрлэсний дагуу тус ажиллагааг явуулсан цагдаагийн байгууллагын алба хаагчийн илтгэх хуудаст шүүгчийн захирамжид дурдсан дугаарын утас руу холбогдоход би завгүй байдаг хүн, шүүх дээр очиж боломжгүй гээд утсаа тасалсан, дахин удаа дараа залгаж, зурвас үлдээсэн ч хариу өгөөгүй. Тухайн хорооны зохион байгуулагчаас асуухад манай хороонд оршин суух бүртгэлгүй гэж тодорхойлолт гаргаж өгсөн. Иймд албадан ирүүлэх ажиллагаа явуулах боломжгүй байна гэж тэмдэглэснийг үндэслэн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна гэх дүгнэлтийг шүүх хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3. 72.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчжээ.

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ, 72.4 дэх хэсэгт Энэ хуулийн 72.3-т заасан үр дагаварыг нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулах үед мэдэгдэнэ гэж тус тус заасан. Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэлийг гардаж авснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дагаврыг мэдсэн гэж үзэх үндэслэл бүрдэх бөгөөд улмаар талууд хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар тайлбар, нотлох баримт гаргаж мэтгэлцэх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагч *******ад хуульд заасан дээрх журмаар нэхэмжлэлийг гардуулаагүй атлаа хэрэг хянан шийдвэрлэх журам, түүний үр дагаврыг мэдсэн гэж үзэж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрх зөрчигдсөн байна.

4. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Иймд давж заалдах шатны шүүхээс материаллаг эрх зүйн талаар гаргасан хариуцагч талын гомдолд дүгнэлт өгөх боломжгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т, заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2025/03849 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Б.АЗБАЯР