Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 107

 

П.А-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор С.Батсүрэн, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 402 дугаар магадлалтай, П.А-д холбогдох эрүүгийн 2208000001935 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Танхимын тэргүүн Ч.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, П.А нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос П.А-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

П.А нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тусгаж, шийдвэрлэсэн байна.

 Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хэвээр үлдээжээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулга бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч П.А нь өөрийн эхнэр Б.О-ны эрүүл мэндийн эсрэг чиглэсэн хохирогч Б.Д-ийн хууль бус довтолгооны эсрэг эрүүл мэндэд нь халдаж довтолсон нь Эрүүгийн хуульд заасан аргагүй хамгаалалтад тооцогдоно гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэж чадаагүй, өөрөөр хэлбэл цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх нотолгооны стандарт шаардлагыг илтэд хангаагүй байна.

Аргагүй хамгаалалт нь илэрхий, хүч хэрэглэсэн довтолгооны үед төдийгүй, довтолсон болон илэрхий заналхийлэл хийгдсэн үеэс үүсэх бөгөөд эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу үйлдэл тогтоогдоогүй байхад аргагүй хамгаалалт гэж хэргийн нөхцөл байдлын талаар буруу дүгнэлт хийсэн.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/88 цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв гэж дүгнэсэн болно.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр дараах эсэргүүцлийг гаргаж байна. Үүнд:

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтыг... хүчингүй болсонд тооцсон. Гэвч анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 , 1.2, 1.3 дахь заалтад зааснаар уг тогтоолыг хүчингүй болгох талаар хуульчилсан ба шүүх хуулийн дээрх заалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр, давж заалдах шатны шүүх гэмт хэргийг нотлогдсон гэж дүгнэсэн атлаа цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэх үндэслэлийг бий болгохын зэрэгцээ гэмт хэрэг мөн гэсэн атлаа гэмт хэрэг биш гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа нь хууль ёсны шийдвэр гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Д-ийн “...үл таних залуу эхнэртэйгээ гарч ирээд энд шээж болохгүй энэ тэр гээд бид нартай маргалдаж эхэлсэн тэгтэл нөхөр нь гэх залуу нь миний нүүр рүү буюу ам хэсэгт цохисон.", гэрч Н.З-ын “...эхнэр цаанаас гүйж ирээд голоор нь орсон тухайн үед эхнэрээ давуулаад манай найзыг цохисон, тэгсэн чинь манай найз хашлага даваад өнхрөөд унасан”, гэрч О.Д-ын “...Энэ үед Б.Д ах түүний өөдөөс "Чи ямар сүртэй залуу вэ гээд нүүр рүү нь толгойгоороо нааж ойртоход эхнэр нь хаанаас юм бүү мэд гарч ирээд тэр 2-ын голоор ороход уг залуу эхнэрийгээ давуулж Дөлгөөнөө ахын нүүр ам хэсэгт газарт гараараа нэг удаа цохисон тэр үед дөлгөөнөө ах цохиулаад хойшоо хашлага давж унасан юм. Уг залууг хэн ч цохиогүй”, гэрч Б.С-ын “...Тэгээд манай найзыг явуулахгүй байхаар нь манай найз Б.Д чи яагаад хүн явуулахгүй байгаа юм бэ тэр залуу руу ойртож очиход эхнэр нь голоор нь ороход манай найзыг Б.Д-ийг хүний олон хүнээ барьдаггүй юм гэж хэлээд эхнэрийгээ даваад манай найз Б.Д-ийн уруул, ам орчим газарт гараараа нэг удаа цохисон”, гэрч Ж.Г-ын “...Нөхрийг нь болон тэр эмэгтэйг цохисон зүйл байхгүй. Харин тэр эмэгтэйг манай найз Б.Д рүү дайраад байхаар нь хэн нэгэн нь салгасан үйлдэл хийсэн. Бусдаар тэр эмэгтэйг цохисон үйлдэл байхгүй”, гэрч Б.О-ийн “...тэгээд би орилж ирээд болиоч ирэхэд гомдол гаргасан залуу миний зүүн гар талын булчинд гараараа нэг удаа цохисон. Үүнийг манай нөхөр хараад тэр залууг нэг удаа цохисон байсан", гэрч Г.О-ийн “...эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад...Бүргэд 10-аас дуудлага мэдээлэл ирсэн...дуудлага мэдээлэлд очиход...хохирогч залуу маргалдаж байгаад эхнэрийг нь түлхсэн, тэр үед уг залуу хохирогч залууг нэг удаа цохиход шүд нь хугарсан гээд амнаас нь цус гарсан байдалтай маргалдаад зогсож байсан", шүүгдэгч П.А-гийн яллагдагчаар өгсөн “...манай эхнэр рүү Б.Д гэх хохирогч дайраад манай эхнэрийн мөр рүү гараараа цохисон. Үүнийг хараад би тэр залууг биеэ барьж чадахгүй нэг удаа гараараа түүний нүүрэн тус газар нь цохисон” зэрэг мэдүүлгийн нотлох баримтуудад бодитой үнэлэлт дүгнэлт өгөлгүй, зөвхөн хохирогчийн довтолгоо дуусаагүй мэтээр буруу дүгнэлт хийн хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэхээр байна. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч П.А- нь Б.Д-ий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Прокурор С.Батсүрэн хууль зүйн дүгнэлтдээ: “Энэ хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн асуудал гарсан байдаг. Хэргийн үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон байна гэж дүгнэсэн. П.А-гийн яллагдагчаар өгсөн “...манай эхнэр рүү хохирогч гэх Б.Д дайраад мөр хэсэг рүү нь гараараа цохисон, үүнийг хараад би биеэ барьж чадаагүй очоод нэг удаа цохисон” гэдэг. Шүүгдэгчийн эхнэр буюу Б.О “...гомдол гаргасан залуу миний зүүн гарын булчин хэсэгт нэг удаа цохисон, үүнийг манай нөхөр хараад тэр залууг нэг удаа цохисон” гэж мэдүүлдэг. Тэгэхээр хэн нэгний амь нас, эрүүл мэндийн эсрэг довтолсон довтолгоо бий болсон буюу аргагүй хамгаалалт хийх нөхцөл байдлыг үгүйсгэж байгаа. Гэм буруугийн талаар шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаан дээр маргадаггүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэсэн заалтыг үндэслэж, нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй байна. Давж заалдах шатны шүүх “аргагүй хамгаалалт нь илэрхий хүч хэрэглэсэн довтолгооны үе төдийгүй, довтолгоо болох илэрхий заналхийлэл хийгдсэн үеэс үүсэх бөгөөд эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу үйлдэл тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх аргагүй хамгаалалт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлтийг хийсэн. Гэвч прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй хэдий ч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнээд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн. Өөрөөр хэлбэл хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, агуулгын хувьд зөрчилтэй шийдвэр гаргасан байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулгын бичсэн эсэргүүцлийг үндэслэн П.А-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос П.А-г 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 20 дугаар байрны гадна талбайд “гадна орчин бохирдууллаа” гэх шалтгааны улмаас иргэн Б.Д-ий нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь дээд, доод уруулд няцарсан шарх, дээд баруун 2 шүдний сулрал, баруун доод 2 шүдний паалангийн хугарал, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс П.А-д холбогдох хэрэгт хийсэн үйл баримтын болон түүнд өгсөн эрх зүйн дүгнэлт нь Эрүүгийн хуульд нийцсэн байтал давж заалдах шатны шүүхээс аргагүй хамгаалалт хийх урьдач нөхцөл байдал, түүний үргэлжлэх хугацаа, тулгарсан бодитой аюул заналын талаар эрх зүйн алдаатай дүгнэлтийг хийжээ.

Аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах санаа зорилгоор хариу довтолгоон хийж, халдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж буй гэмт халдлагаас хувь хүн өөрийгөө хамгаалах эрхийг баталгаажуулж гэмт явдалтай тэмцэхэд иргэдийн идэвхтэй оролцоог дэмжих байдлаар нийгмийг илүү аюулгүй, амар тайван байдлыг бүрдүүлэхэд чиглэсэн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа юм.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулан өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалах эрхийг иргэнд хуулиар зөвшөөрсөн бөгөөд энэхүү тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн хүний санаа сэдэл, учруулсан хохирол нь бодит агуулгаараа нийгэмд ашигтай буюу гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэдгээрээ чухал ач холбогдолтой байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан анхан, давж заалдах шатны шүүхээс тогтоосон үйл баримтаар тухайн хэрэгт гэрч Н.З, шүүгдэгч П.А нарын хооронд үүссэн маргаанд хохирогч гэх Б.Д нь хөндлөнгөөс оролцон П.А-д довтолж, улмаар тэднийг салгахаар очсон П.А-гийн эхнэр Б.О-д ч халдсан байна. Энэ үед П.А нь эхнэрээ болон өөрийгөө хамгаалан хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хуульд аргагүй хамгаалалтын хүрээ хязгаарыг халдагч этгээдийн зөвхөн тулгарсан довтолгооноос гадна үргэлжилсэн довтолгоон, халдлагын үед өөрийн боломжит үедээ хамгаалалт хэрэглэх боломжийг зөвшөөрсөн. Халдагч этгээдийн зүгээс халдлага, довтолгоо хийгдэх нь энгийн ухамсрын хүрээнд ойлгомжтой болсон, аюул занал бодитой оршиж халдлага үргэлжилж буй үед өрсөж хамгаалах нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн хууль ёсны үйлдэлд тооцогдоно.

Үргэлжилсэн довтолгооны үед довтолгооны аль ч цаг хугацааны хэсэгт хамгаалалт хийж болох ба цаашид халдлага үргэлжлэх нь тодорхой, хүний амь нас эрүүл мэндэд аюул занал бодитой оршин байсаар буй бол ээлжит тулгарсан халдлагыг хүлээхийг хамгаалагчаас шаардах байдлаар иргэний аргагүй хамгаалалт хийх эрхийг хязгаарлах нь аргагүй хамгаалалтын үр нөлөөг багасгаж хамгаалагчийн амь нас, эрүүл мэндийг илүү эрсдэлд оруулах сөрөг нөлөө бий болгоно.

Өөрөөр хэлбэл, үргэлжилсэн довтолгооны үед халдагч этгээдийн зүгээс дахин халдлага үйлдэх нь тухайн нөхцөл байдалд бодитоор бүрдэж, түүний нийгэмд аюултай, хууль бус үйлдлийн улмаас өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учрах нь нэгэнт тодорхой болсон тохиолдолд халдагч этгээдээс дахин довтолгоон эхлүүлэхийг хүлээх нь аргагүй хамгаалалтыг хэрэгжүүлэх боломжит цаг хугацаа, магадлалыг бууруулдаг бөгөөд обьектив нөхцөл байдалд зөв дүгнэлт хийсний үндсэн дээр өрсөж хамгаалалт хийж буй үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж үзнэ.    

Дээрх цаг хугацаанд хохирогчийн зүгээс цаашид халдлага үргэлжилж, өөрийн болон эхнэрийн амь нас, эрүүл мэндэд илүү хурцадмал халдлага, аюул занал дахин эхлүүлэхийг хүлээлгүйгээр нөхцөл байдлыг зөв үнэлэн өрсөж, хамгаалалт хийсэн П.А-гийн үйлдлийг анхан шатны шүүхээс аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн хэмээн дүгнэж, түүнийг цагаатгасан нь хуульд нийцсэн байна.

Хэдийгээр давж заалдах шатны шүүх магадлалын тогтоох хэсэгт цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл, түүний гол агуулга болох тодорхойлох хэсэгт хэргийн үйл баримтад эрх зүйн алдаатай, оновчгүй дүгнэлт хийсэн байх тул магадлалыг хүчингүй болгож,  цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 402 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулгын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                              ДАРГАЛАГЧ                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                              ШҮҮГЧИД                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН

               Б.ЦОГТ

               Ч.ХОСБАЯР