Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2026/0017

 

“ШС” ХХК-ийн гомдолтой,

Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамжийн

үйлчилгээний хэлтсийн улсын байцаагчид холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн:                Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                                           Г.Банзрагч

                                                                             Д.Батбаатар

                                                                             М.Батсуурь

Илтгэгч шүүгч:                                             П.Соёл-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:  Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0759 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2025/0780 дугаар магадлалтай,

Хэргийн оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гомдол гаргагчийн өмгөөлөгч Д.О, Б.Г, хариуцагч Г.Б, гуравдагч этгээд Э.Б, түүний өмгөөлөгч М.С нарыг оролцуулан,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 38 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” эсэх, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдлын шаардлага: Улсын байцаагчийн 2025 оны 06 сарын 20-ны өдрийн 0133905 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах,

1.Хэргийн нөхцөл байдал: Иргэн Э.Б “ШС” ХХК-д хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан бөгөөд тус компаниас 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “2 дугаар сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагаан сарын баярыг тохиолдуулан сул зогсолт хийх болсон”-ыг мэдэгджээ. 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс ажил эхэлсэн бөгөөд Э.Б ажилдаа ирээгүй, ийнхүү ирээгүй шалтгаанаа “ажил эхлэхээр дуудна гэсэн боловч дуудаагүй, ажилд очихоор оруулахгүй байсан” гэж, ажил олгогч талаас “ажилдаа ирээгүй” гэж маргаж байх бөгөөд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаас “ШС” ХХК-д холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т зааснаар “цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй зөрчил тогтоогдсон” гэх үндэслэлээр 5,000,000 төгрөгөөр торгосон байна.

2.Гомдол гаргагчаас: “ ... Э.Б 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаан байсан байж магадгүй гэж үзээд цалинтай амралт өгсөн. Дараагийн 4 сард нь мөн ажилдаа ирээгүй тул нийгмийн даатгалыг таслахгүй гэдэг байдлаар ээлжийн амралтын мөнгийг бодож 775,720 төгрөг шилжүүлсэн, уул уурхайн салбар дахь нүүрс экспортын үнийн бууралт, хөрөнгө оруулалт санхүүжилт байхгүй, үйл ажиллагаа нь хэзээ эхлэх нь тодорхойгүй байсан, зөрчлийн хэргийн материалтай танилцуулаагүй, улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг хэтрүүлж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан байхад шийтгэл ногдуулсан нь хууль бус” гэж,

3.Хариуцагчаас “... Байцаагч нар иргэний гомдлыг танилцуулахгүйгээр зөрчлийн хэрэг нээгээд явахгүй, цалин хөлсийг хугацаанд олгоогүй зөрчил тогтоогдсон, энэ нь 2025 оны 03, 04 сард олгох ёстой байсан цалинг 06 сард шилжүүлснээр тогтоогдсон, энэ зөрчлийн хэрэг өөр байцаагч шалгаж байгаад надад шилжиж ирсэн, хугацаа хэтрээгүй, хэргийн материалтай ирж танилцаагүй” гэж,

4.Гуравдагч этгээдээс “цалинг хугацаанд олгоогүй тухай улсын байцаагчийн акт үндэслэлтэй, ээлжийн амралтын мөнгийг буруу бодож өгсөн, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2025 оны 03 дугаар сарын цалин 1,303,986 төгрөг, минутын дараа 04 дүгээр сарын цалин 775,724 төгрөгийг шилжүүлснийг ойлгоогүй, би ээлжийн амралтаа аваагүй, оффисын ажилчдаас намайг ганцааранг маань сул зогсоосон, хугацааг прокуророос сунгасан, улсын байцаагч хугацаа хэтрүүлээгүй” тус тус маргажээ.

5.Анхан шатны шүүх дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Үүнд:

5.1.Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэхэд холбогдогч “ШС” ХХК-ийг хохирогчид ямар хугацааны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй эсхүл саатуулсан гэж үзсэн талаар зөрчлийн хэргийн материалд тодорхойгүй, Э.Б-гийн хэдэн төгрөгийн цалин, сул зогсолт, ээлжийн амралтын мөнгө болох хэдэн төгрөгийг олгосон, хэдийг олгоогүй болохыг нотлох баримтад үндэслэн гаргаагүй байна. Ямар хугацааны цалин хөлс, ээлжийн амралт, сул зогсолтын мөнгийг олгоогүй талаар нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн судлан тогтоогоогүй байна.

5.2.Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/346 дугаартай албан бичгээр Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст ... “ШС” ХХК-д ... компанийн татвар төлөгч тайлант хугацаанд ямар нэгэн орлого олж, зардал гаргаагүй, үйл ажиллагаа явуулаагүй ... талаарх лавлагаа мэдээлэл авахаар хүргүүлсэн боловч энэ талаар тодруулах ажиллагаа хийгээгүй байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж заасантай нийцээгүй байна.

5.3.Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбаруудаас үзэхэд, ... өмгөөлөгчийг зөрчлийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хангасан баримтууд байхад эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу танилцуулаагүй, зөрчлийн хэргийн материалыг танилцуулсан баримт байхгүй болох нь тогтоогдож байна.

5.4.Зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан нь 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай тогтоолоор хугацааг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 14 хоногоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 233 дугаар Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай тогтоолоор хугацааг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 30 хоногоор сунгаж, эрх бүхий албан тушаалтан болох Хөдөлмөрийн улсын байцаагч нь хуульд заасан хэрэг бүртгэлтийн хугацааг 1 хоногоор хэтрүүлж 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шийтгэлийн хуудас гаргасан байна.

6.Давж заалдах шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Үүнд:

6.1.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 бүлэгт заасан зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах журмын дагуу нэхэмжлэгч компанийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжоор хангасан байх төдийгүй, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж заасны дагуу Прокурорын тогтоолоор гомдлыг хүлээн авч танилцах эрхийг хангасан байхад танилцаагүй байна.

6.2.Харин оролцогчийн хувьд тус компани нь зөрчил гаргаагүйгээ нотлох баримтаа гаргаж өгөх, хэргийн материалтай танилцах зэрэг эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

6.3.Зөрчлийн хэрэг бүртгэлийг удирдах албан тушаалтан нь 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай тогтоолоор хугацааг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 14 хоногоор Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 233 дугаар Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай тогтоолоор хугацааг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 30 хоногоор сунгаж, эрх бүхий албан тушаалтан болох Хөдөлмөрийн улсын байцаагч нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасныг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлж журам зөрчсөн гэж үзэхээргүй байна.

6.4.Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9-д “Ажил олгогч: ... 9.2. ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан; ... бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан зөрчлийг гаргасан болох нь дээрх баримтуудаар тогтоогдсон байх тул торгууль ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

6.5.Гомдлын үндэслэлдээ “хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхийг тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй” гэх боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цалин хөлсийг хугацаанд нь олгож чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаагүй, энэ талаар баримт гаргаагүй.

7.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

7.1.Ажил олгогч ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан үйлдэл тогтоогдвол түүнээс учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоосны үндсэн дээр холбогдогчоос гаргуулахаар зохицуулсан боловч маргаан бүхий актаар энэ үйл баримтыг тогтоогоогүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрхийг эдлүүлэх, гаргасан зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох үүрэгтэй. Энэ талаар анхан шатны шүүх шийдвэрийн 6.1-д үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

7.2.“ШС” ХХК-ийн зүгээс ажилтан Э.Б-тай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо түүний ажилласан хугацаанд ноогдох ээлжийн амралтын цалинг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/191 дүгээр тушаалаар баталсан “Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам”-ын дагуу олгосон. Давж заалдах шатны шүүхээс энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ Э.Б д олгосон ээлжийн амралтын цалинг үндсэн цалин гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний зөрүү үүсгэсэн.

7.3.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс холбогдогч нь ямар зөрчилд холбогдсон талаар мэдээлэл авах, гомдолтой танилцах талаар удаа дараа улсын байцаагчид хандсан, улсын байцаагч нь зөрчлийн хэргийг танилцуулахгүйгээр шийтгэл оногдуулсан бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх магадлалын 5.1-д зөрчлийн хэрэгтэй танилцах эрхийг хангасан байхад танилцаагүй талаар нэхэмжлэгч этгээдийг буруутгасан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

7.4.Давж заалдах шатны шүүх хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй гэж холбогдогчийн эрхийг үгүйсгэж, хариуцагчийн зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангаагүй үйлдлийг зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн зөрчлийн хэрэгтэй танилцах талаар холбогдогчийг дуудсан талаарх баримт байхгүй бөгөөд компанийг төлөөлөх эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй нь баримтаар нотлогддог.

7.5.Зөрчлийн хэрэг нээсэн өдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 22-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн хэрэг бүртгэлтийн 58 хоногийн хугацааг тоолоход 06 дугаар сарын 18-ны өдөр дуусах байсан; гэтэл хариуцагч нь хуульд заасан хугацааг 2 хоногоор хэтрүүлж, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр маргаан бүхий актыг гаргасан нь хууль зөрчсөн. Давж заалдах шатны шүүх зөрчлийн хэрэг бүртгэлтийн нийт хугацаа 58 хоногийг тоолохгүйгээр хуульд заасан хугацааг 2 хоногоор хэтрүүлсэн прокурорын тогтоолыг үндэслэж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлж журам зөрчсөн гэж үзэхээргүй байна гэж магадлалын 6 дахь хэсэгт дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдол гаргагч “ШС” ХХК-ийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

9.Энэ хэргийн тухайд, хяналтын шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай асуудал нь улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ зөрчлийг бүрэн дүүрэн тогтоосон эсэх, зөрчил шалгах хугацаа дууссан эсэх, хэргийн баримттай танилцах боломжоор хангасан эсэх байна.

10.Нэг.Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” бол ажил олгогчийг торгохоор зохицуулсан, уг заалтын урьдчилсан нөхцөл нь цалин хөлсийг хугацаанд нь олгоогүй байх, ийнхүү олгоогүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх агуулгатай, энэ хоёр нөхцөлийг зэрэг хангасан тохиолдолд хариуцлага хүлээлгэх байна.

11.Гэтэл хөдөлмөр хяналтын улсын байцаагч нь зөвхөн нэг урьдчилсан нөхцөлийг үндэслэн, “3 болон 4 сарын цалинг 6 сард олгосон байгаа нь тогтоосон хугацаанд цалин олгоогүй, зөрчил тогтоогдсон” гэж тайлбарлаж, хуулийн бусад урьдчилсан нөхцөл болох хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй, холбогдох нөхцөл байдлыг тодруулаагүй, зөрчлийн хэргийг зохих ёсоор шалгаж шийдвэрлээгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

12.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж, 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна: 1.3. тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж заасныг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч зөрчиж, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг шалгаагүй буруутай байна.

13.Иймээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “зөрчилд холбогдогч компани өөрөө баримтаа бүрдүүлж өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлоогүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, хуулийн дээрх заалтад зааснаар захиргааны байгууллага аливаа асуудлаар иргэн, хуулийн этгээдийг буруутгаж байгаа бол үүнийгээ нотлох үүрэгтэй, энэ тохиолдолд хариуцагч нь ажил олгогчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цалин олгоогүй гэдгээ нотолж чадаагүй, давж заалдах шатны шүүхээс “ … компани зөрчил гаргаагүйгээ нотлох баримтаа гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлээгүй” гэж дүгнэж, шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн нь хуулийн дээрх заалтуудад нийцэхгүй гэж үзлээ.

14.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, ажил олгогч болон ажилтан нарын хооронд цалин хөлсний маргаантай, ээлжийн амралт эсхүл цалин хөлсний алийг олгосон болох, цалинг хэднээс тооцох, ажлыг бодитоор хийсэн эсэх, эсхүл хийгээгүй бол энэ нь ажил олгогчийн буруугаас шалтгаалсан эсэх зэргээр маргаантай байхад улсын байцаагч уг асуудлыг нэг мөр шалгаж тодруулаагүй нь буруу болжээ.

15.Хоёр.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана” гэж заасан, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зөрчлийн хэргийн материалтай хэргийн оролцогчдыг танилцуулаагүй болох нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр[1] тогтоогдсон, хариуцагчаас “гэрчээр мэдүүлэг авах гээд дуудахад ирэхгүй байсан, хэргийн баримттай ирж танилцаагүй” гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн материал танилцуулахаар дуудсан баримт байхгүй байна.

16.Тодруулбал, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажил олгогч талаас орчуулагч Х, нягтлан бодогч Г.С, өмгөөлөгч Д.О нар “зөрчлийн хэрэгтэй танилцах” хүсэлт гаргахад улсын байцаагчаас “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа танилцуулна” гэсэн[2], 2025 оны 05 дугаар сарын 29-нд дахин хүсэлт гаргахад 2025 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн 01/341 дүгээр албан бичгээр “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусаагүй байгаа, зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусахаас өмнө танилцуулна” гэсэн[3] хариу өгсөн, 2025 оны 06 дугаар сарын 10-нд прокурорт “зөрчлийн хэргийг танилцуулахыг эрх бүхий албан тушаалтанд даалгаж өгнө үү” гэсэн гомдол гаргаж байснаас үзэхэд гомдол гаргагчийг буруутгах үндэслэлгүй, 2025 оны 06 дугаар сарын 18-нд 74 дүгээр Прокурорын тогтоолоор “хэргийн баримттай танилцах” хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн  байхад улсын байцагчаас хэргийн материалтай танилцуулаагүй, 2025 оны 06 дугаар сарын 20-нд шийтгэлийн хуудас үйлдсэн нь хуульд нийцэхгүй.

17.Улсын байцаагчаас нягтлан бодогч С-ыг гэрчээр мэдүүлэг авах зорилгоор[4] 2025 оны 06 дугаар сарын 09 болон 10-ны өдөр 14 цаг 40 минутад залгасан баримт байх бөгөөд түүнээс хойш утсаар залгасан тэмдэглэл, хэргийн материалтай танилцах боломжоор хангасан баримт байхгүй байх тул давж заалдах шатны шүүхийн “ ... прокурорын тогтоолоор гомдлыг хүлээн авч танилцах эрхийг хангасан байхад танилцаагүй, хэргийн материалтай танилцах зэрэг эрхээ хэрэгжүүлээгүйд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй” гэх дүгнэлт буруу болжээ.

18.Гурав.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т “Зөрчлийн хэрэг нээсэн өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно”, 6.8 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна”, мөн зүйлийн 2-т “Зөрчил шалгах нэмэлт ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулах шаардлагатай бол зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан 14 хүртэл, прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус зааснаас үзвэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нийт хугацаа нь хэрэг нээсэн өдрөөс хойш 58 хоног байна.

19.Энэ тохиолдолд улсын байцаагчаас 2025 оны 04 сарын 22-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн, энэ өдрөөс эхлэн хэрэг бүртгэлтийн 58 хоногийн хугацааг тоолоход 06 дугаар сарын 19-ний өдөр дуусах байсан, гэтэл хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь хуульд заасан хугацааг 1 хоногоор хэтрүүлж, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шийтгэлийн хуудсыг үйлдэж, хууль зөрчжээ.

20.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 135 дугаар тогтоолоор “И” ХХК-ийн гомдолтой, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нийт хугацаа нь хэрэг нээсэн өдрөөс хойш 58 хоног байна, гэтэл хариуцагч татварын улсын байцаагч хуульд заасан хугацааг нэг хоногоор хэтрүүлж ... маргаан бүхий актыг гаргасан нь хууль зөрчсөн, энэ тохиолдолд зүй нь хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байжээ, нэгэнт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хэрэг бүртгэлтийн хугацаа, түүнийг хэтрүүлсэн тохиолдолд үүсэх үр дагаврыг ийнхүү тодорхой заасан байх тул зөрчлийг шалган шийдвэрлэж буй аливаа албан тушаалтан (эрх бүхий албан тушаалтан, удирдах албан тушаалтан, прокурор) хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй” гэж дүгнэж, хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоосон байна.

21.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан дараахь үндэслэл тогтоогдвол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргана: 1.4-т “зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан”” гэж зааснаар тодорхой хугацаанд багтаан зөрчлийг нотлон тогтоох үүрэгтэй, уг хугацаа дууссан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан буюу эрх бүхий албан тушаалтан хуулийн хугацаанд зөрчлийг шалган тогтоосноор шударга ёсны зарчим хангагдах тул давж заалдах шатны шүүхийн “ ...хөдөлмөрийн улсын байцаагч нь маргаан бүхий шийтгэлийг хуудсыг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасныг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлж журам зөрчсөн гэж үзэхээргүй байна” гэх дүгнэлт үндэслэлгүй мөн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ ... шүүх шударга ёсыг хангаж, хүн бүрд тэгш үйлчлэх ёстой, “ШС” ХХК нь цалин хөлсийг хугацаанд нь олгох үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэн нь тогтоогдсон, хуулийн хийдлийг ашиглан хариуцлагаас мултрах гэж байгаа” гэсэн агуулгатай тайлбарыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

22.Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу “ ... цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй эсхүл саатуулсан гэж үзсэн талаар зөрчлийн хэргийн материалд тодорхойгүй” гэж дүгнэсэн атлаа маргаан бүхий харилцаанд хамаарах Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав. 

23.Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2025/0780 дугаар магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2025/0759 дүгээр шийдвэрийн “тогтоох” хэсгийн 1 дэх заалтад “Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                           Г.БАНЗРАГЧ

Д.БАТБААТАР

М.БАТСУУРЬ

П.СОЁЛ-ЭРДЭНЭ


[1] 1 дэх хавтаст хэргийн 231 дүгээр талд

[2] 1 дэх хавтаст хэргийн 54 дүгээр талд

[3] 1 дэх хавтаст хэргийн 222 дугаар талд

[4] 1 дэх хавтаст хэргийн 58-60