Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 12

 

2016 оны 10 сарын 28 өдөр     Дугаар 226/МА2016/00012

    


Ч.Азжаргалын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн
Хүнс, хөдөө аж, ахуйн газарт холбогдох иргэний хэргийн талаар

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам, нэхэмжлэгч Ч.Азжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл, хариуцагч Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газрыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд  Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам даргалж шийдвэрлэсэн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 470 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэлийн давж заалдах гомдлоор Ч.Азжаргалын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж, ахуйн газарт холбогдох “ажлаас халагдсан тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай иргэний хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ч.Азжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Азжаргал миний бие 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 11 дүгээр тушаалаар мал эмнэлэгийн албаны дуудлага, үйлчилгээний жолоочоор томилогдон 11 жил ажилласан юм. Ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Төрмөнх нь өөрөө 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөний дараа байгууллагын зардлыг 10 хувиар хорогдуулж баталсан гэх шалтгаанаар намайг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/12 дугаартай тушаал гарган ажлаас халсан. Намайг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байна. Учир нь Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Төрмөнх нь өөрөө ажлаас чөлөөлөгдсөн байж ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Уг тушаалын үндэслэл нь цалингийн зардал 10 хувиар буурсан гэж байгаа боловч байгууллагын зардлыг 10 хувиар бууруулсан болохоос цалингийн зардал 10 хувиар буураагүй юм. Монгол улсын Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуйн газар бүтцийн өөрчлөлтөнд орж Хүнс, хөдөө аж ахуйн сайд манай байгууллагын бүтцийг 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А-18 дугаар тушаалаар баталсан. Батлагдсан бүтцээр миний ажиллаж байсан дуудлага, үйлчилгээний жолоочийн ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа юм.
Иймд Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал эмнэлэгийн хэлтсийн дуудлага үйлчилгээний жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Хэнтий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрыг төлөөлж  дарга Ж.Төрмөнх  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Азжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие тус байгууллагын даргаар ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газраас томилогдсон ажил хүлээлцэх комисс ирж, үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ц.Батбуянд ажлыг хүлээлгэн өгсөн юм. Аймгийн Засаг даргын ажлаас чөлөөлөх тушаал нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагт гарсан. Би Ч.Азжаргалыг ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойш 10 хоног хүлээсний эцэст 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 10:00 цагийн үед тушаал гаргаж чөлөөлсөн. Энэ асуудлыг Ч.Азжаргал нь өөрөө мэдэж байгаа. Мөн ажил хүлээлцэх комисс давхар батална. Орон тооны хувьд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А-18 дугаар тушаалаар мал эмнэлэгийн дуудлага үйлчилгээний жолоочийн орон тоо 2 болж, батлагдаж ирсэн байсан. Харин бид хүмүүсийг ажилтай байлгах үүднээс төсөв санхүүгээ тооцож үзэхэд орон тооны цомхотголд орсон 4 хүний ажлын байрыг он дуустал хадгалах боломжтой байсан учраас газар тариалангийн хэлтсийн инженер Даваажав, захиргаа удирдлагын нярав, жолооч Баяртогоо, үйлчлэгч, цэвэрлэгч Цэрэннадмид, жолооч Ч.Азжаргал нарыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тус тусын ажил албан тушаалд нь ажлуулж байгаад дээрх хүмүүсийг ажлаас чөлөөлсөн. Ч.Азжаргал нь өөрөө ар гэрийн амьдрал, зовлон жаргалын талаар ярьж 2016 оны 05 дугаар сар хүртэл ажлуулах талаар бичгээр хүсэлт гаргасныг нь харгалзан үзэж харилцан тохиролцож, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс түр ажиллуулах тушаал гаргасан юм. Энэ талаар манай байгууллагын хамт олон гэрчилнэ. Мөн Монгол улсын Их хурлаас 2016 оны улсын төсвийг батлахдаа бүх байгууллагын цалингийн санг 10 хувиар, зарим орон тоог цөөлөх, урсгал болон үйлчилгээний зардлыг 30-50 хувиар хассан юм. Энэ шийдвэрийн дагуу манай байгууллагын цалингийн сан 10 хувиар, томилолтын зардал 50 хувиар, урсгал зардал 70 хувиар, бичиг хэрэг болон бусад зардал 30 хувиар, тэтгэвэр тэтгэмж 50 хувиар тус тус хасагдаж ирсэн. Иймд Ч.Азжаргалыг цаашид ажиллуулах боломжгүй болсон учраас 2016 оны 05 дугаар сард гаргах байсан тушаалыг өөрийнх нь шалтгаантай болон огт шалтгаангүй 10 хоног ажил тасалсан байдал зэргийг харгалзан үзэж 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагийн үед тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Шагдарсүрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ж.Төрмөнх дарга Ч.Азжаргалыг ажлаас чөлөөлөх үедээ өөрөө ажлаасаа чөлөөлөгдөөгүй байсан юм. Мөн 1 237 194 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзээд хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Азжаргалын ажиллаж байсан жолоочийн орон тоо нь бүтэц орон тооны хувьд батлагдаж ирээгүй юм. Хүнс хөдөө аж ахуйн газрын сайдын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн  А/18 дугаар тушаалаар Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоог батлахад 4 жолоочийн орон тоо нь 2 болж хасагдаж ирсэн юм. Мөн өөр хоёр гурван ажлын орон тоо хасагдаж ирсэн. Тухайн үед 2015 оны төсөв батлагдаж ирсэн байсан болохоор жолооч Ч.Азжаргалыг ажиллуулж байсан. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хүнс хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ариунболдын албан тоот ирэхэд 2016 оны төсвийг 10 хувиар бууруулсан байсан. Мөн батлагдаагүй орон тоонд хүн ажиллуулахыг хориглосон байсан. Энэ албан тоотын дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын дэргэдэх  зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж энэ асуудлыг авч хэлэлцээд жолооч Ч.Азжаргал, хүнс, газар тариалангийн хэлтсийн хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж хариуцсан мэргэжилтэн Г.Даваажав, захиргаа удирдлагын хэлтсийн нярав, жолооч Б.Баяртогоо нарыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хэрэгжүүлсэн юм. Жолооч Ч.Азжаргал 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Төрмөнхтэй уулзаж 2016 оны 05 дугаар сарыг хүртэл ажиллуулж өгнө үү гэж бичгээр хүсэлт гаргасан байдаг. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/35 тоот тушаалаар жолооч Ч.Азжаргалыг ажлаас чөлөөлж, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/37 тоот тушаалаар Ч.Азжаргалыг түр хугацаагаар жолоочийн ажилд томилсон юм. 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Ч.Азжаргалд ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэх хуудас өгсөн. Ч.Азжаргал 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр даргад өргөдөл бичиж цалинтай чөлөө авсан байсан. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ч.Азжаргалыг гараа гэмтээсэн гээд түүний эхнэр Цэрэннадмид эмнэлгийн магадлагаа авчирч өгсөн. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаа авчирч өгч байсан. 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ч.Азжаргалын эмнэлгийн магадлагааны хугацаа дуусч ажлаас нь чөлөөлсөн юм гэжээ..
     Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 470 дугаартай шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт холбогдох, ажлаас халсан тушаалыг хүчингүй болгож, жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлүүлэх тухай Ч.Азжаргалын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,  56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Азжаргал нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл нь давж заалдах гомдолдоо:.Шүүх  Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчиж Ч.Азжаргал нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өвчний учир эмчийн магадлагаагаар чөлөөтэй байхад нь ажлаас халсан байна. /энэ нь өвчтний эмнэлэгийн хуудсаар тогтоогддог/ Мөн Хүнс, хөдөө аж, ахуйн газрын мал эмнэлэгийн дуудлага үйлчилгээний жолооч гэсэн тушаалаар анх ажилд орсон бөгөөд Газар тариалангийн хэлтэст жолоочоор шилжүүлсэн тушаал байхгүй, нийгмийн даатгалын дэвтэрт энэ талаар бичилт байхгүй байхад Газар тариалангийн хэлтэст жолооч ажилтай байсан ба тэр ажлын байр хасагдсан тул ажлаас халсан нь зөв гэж гомдлыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.  Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
 
ҮНДЭСЛЭХ нь:

    Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.
Нэхэмжлэгч Ч.Азжаргал нь Хэнтий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 06 сарын 06-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   
Ажил олгогч Хэнтий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 06 сарын 06 -ний өдрийн Б/12 дугаар тушаалаар Ч.Азжаргалын ажлын байрны орон тоо нь Хүнс хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/18 дугаар тушаалаар  хасагдсан, 2016 оны 5 сарын 01 хүртэл  ажиллаад халагдах хүсэлтээ өөрөө гаргасан, цаашид батлагдаагүй ажлын байранд жолооч цалинжуулах боломжгүй гэсэн үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна..
.Мөн   жолооч Ч.Азжаргалыг орон тооны цомхтголоор 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/35 дугаар тушаалд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
Нэхэмжлэгч Ч.Азжаргалын “2016 оны 5 сарын 1-ний өдрөөс эхлэн орон тооны цомхтголд орж ажилгүй болсон тохиолдолд ямар нэгэн санал  гомдолгүй” гэсэн хүсэлтийг үндэслэн  Хүнс хөдөө аж ахуйн газар 2016 оны 1 сарын 1-ний өдрөөс жолоочийн ажилд түр хугацаагаар авч ажиллуулаад 2016 оны 06 сарын 06-ний өдөр ажлаас чөлөөлсөнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
         Мөн  жолооч Ч.Азжаргал нь   2016 оны 4 сарын 28-наас 06 сарын 06-ныг хүртэл эмнэлгийн магадлагаатай байсан нь /хх106-107/ тогтоогдож байх тул түүнийг өвчтэй байхад нь ажлаас чөлөөлсөн гэсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167-р зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
Нэг. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 31ний өдрийн 470 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
Хоёр. Нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дэх хэсэгт заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 


                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ДЭНСМАА

                      ШҮҮГЧИД                                     Д.БАЙГАЛМАА

                                          Я.АЛТАННАВЧ