Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/01502

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04822 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

******* ХХК-д холбогдох

 

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 17,198,449.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

 

1.1. ******* ХХК-ийн захирал *******тэй хувь чатаар холбогдож хуучин ашигласан хэвлэлийн тоног төхөөрөмжийн ачаанд тээврийн захиалгыг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, илгээгч компаниас 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр чингэлэгт ачилт хийсэн.

1.2. Дээр дурдсан ачаа нь Европын холбооны улсаар дамжин өнгөрөх хоригт орсон байсан тул тээвэрлэлт гарснаас хойш хугацаанд илгээгч компаниас шаардагдах эх бичиг баримтуудыг хүлээн авсан ч Польш/Беларусь улсын хилээр гарч ОХУ-аар дамжин өнгөрөхөд үйлдвэрлэгч компаниас үйлдвэрлэлийн тодорхойлолт нэн шаардлагатай байсан тул илгээгч компани руу удаа дараа шаардсаны эцэст ******* илгээгч нь үйлдвэрлэлийн тодорхойлолтын бичгийг өгөх боломжгүйг мэдэгдэж ачааг Германы агуулах руу буцахаар болсон.

1.3. Тээвэрлэгчээс тээврийн зардал болох 4546 еврог төлж, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр илгээгч компани өөрсдийн агуулахдаа ачааг хүлээн авсан.

1.4. Гэвч харилцагч компанийн захирал ******* нь илгээгч ачааг хүлээн авснаас хойш дахин ачилт хийх тухай зөвшөөрлийг тус илгээгчид өгөөгүй. Мөн манай компанид хариу өгөөгүй, ямар ч төлбөр төлөөгүй өнөөдрийг хүрлээ.

Иймд ******* ХХК-ийн ачааг тээвэрлэсэн, буцааж ачааг хүргэж өгсөн нийт 4546 еврог төлж 3605.78, 3614.34 евро ханшаар тооцоход 16,398,449.96 төгрөг, орчуулгын төлбөрт төлсөн 800,000 төгрөг нийт 17,198,449.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

 

2.1. Манай компани 2024 оны 2 удаагийн сонгуулийн ажилд ашиглахаар ХБНГУ-аас Хэвлэлийн ашигласан машин худалдан авсан. Тус тоног төхөөрөмжийг тээвэрлэхээр монголын тээвэр зуучийн компаниудтай холбогдон үнийн санал, тээвэрлэх замын талаар судалгаа хийж эхэлсэн.

2.2. ХБНГУ-аас Монгол улс руу ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан төмөр замаар тээвэрлэх, БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан төмөр замаар тээвэрлэх 2 сонголт байсан ч манай ачаа ОХУ-ын улсад нэвтрэхийг хориглосон ачааны жагсаалтад орсныг ******* ХХК, ******* ХХК гэх компаниуд мэдэгдсэн.

2.3. Харин Тонж ложистик ХХК нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр тээвэрлэх боломжтой гэж бидэнд үнийн санал өгсөн бөгөөд тээвэр эхлэхээс өмнө тус асуудлаар 2 удаа шалгаж үзэхийг хүсэхэд нэхэмжлэгч тал ямар ч асуудалгүй тээвэр явна гэж хариу өгсөн.

2.4. Гэвч манай ачаа Европын холбооны улсын дамжин өнгөрөх хоригт орсон байсан тул гаалийн бүсэд саатуулсан бөгөөд нэхэмжлэгч компани хориотой ачаа гэдгийг мэдсээр байж тээвэрлэлтийг эхлүүлж мэргэжлийн мэдлэг туршлагагүй байдлаар алдаа гарган манай компанийг давхар хохироосон.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1, 386 дугаар зүйлийн 386.2, 387 дугаар зүйлийн 387.1, 387.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Солонго пресс ХХК-д холбогдуулан 17,198,449.96 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

 

4.1. Шүүх шийдвэрийг бичгээр гаргахдаа уншиж танилцуулснаас өөрөөр гаргаж, албажуулсан.

4.2. Талууд гэрээг хийгдсэн, хийгдээгүй асуудалд маргасан бөгөөд хариуцагч тал гэрээнд гарын үсэг зурж, тамга дараагүй боловч үйлдлээрээ хүлээн зөвшөөрч тээвэрлэлтийг эхлүүлсэн бөгөөд тээвэрлэлтийн бүх зардлыг нэхэмжлэгч гаргасан.

4.3. Талуудын хооронд байгуулсан тээврийн гэрээ нь үндсэн гэрээ болдог бөгөөд уг гэрээгээр тээврийн бичиг баримтыг /үйлчлүүлэгч, илгээгч/ аль нэг тал нь тээвэрлэгч талд бүрэн гаргаж өгөх үүрэг хүлээх, төлбөр тооцоог хэрхэн барагдуулах зэрэг мэдээллийг заасан. Тээвэрлэгч нь тухайн дамжин өнгөрч буй улсын гаалийн байгууллагын шаардлагын дагуу нэмэлт бичиг баримтыг шаардах эрхтэй. Тээврийн гэрээг ачаанд дагалдуулдаггүй.

4.4. Олон улсын ачаа тээврийн харилцааны хэлэлцээрт тээврийн бичиг баримт нь 3 хувь үйлдэгдэх бөгөөд 1 хувь нь илгээгч, 2 дахь хувь нь тээвэрлэгч, 3 дахь хувь үйлчлүүлэгчид тус тус очдог. Өөрөөр хэлбэл дагалдах бичиг баримт нь олон улсын ачаа тээврийн харилцааны хэлэлцээрт тусгагдсаны дагуу хэвлэмэл маягтаар бичигддэг байхад шүүх түүнийг шаардлага хангаагүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэг, хохиролд нийт 17,198,449.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь ачаа, тээвэртэй холбоотой гарсан зардал гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ ...хариуцагч талын захиалсан ашигласан хэвлэлийн тоног төхөөрөмж-ийг үйлдвэрлэгч компанийн үйлдвэрлэлийн тодорхойлолтыг илгээгч гаргаж өгөөгүйгээс хилийн хоригт орж, тээвэрлэгч нь ачааг тээвэрлэсэн, гаалийн хадгалалтад байсан төлбөр, ачааг буцааж илгээгчийн агуулахад хүргэж өгсөн зэрэг тээвэрлэлтийн бүх зардлыг төлсөн тул уг зардлыг гаргуулна гэж,

хариуцагч нь ...тухайн ачааг ОХУ-д нэвтрэх хилийн хоригт орсон барааны жагсаалтад орсон талаар тээвэрлэгчид мэдэгдсээр байхад нэвтрүүлэх боломжтой гэж үнийн санал өгч, тээвэрлэлтийг эхлүүлсэн. Гэтэл тухайн бараа хоригт орсон бараа байсан тул гаалиас буцсан. Тээвэрлэгч мэргэжлийн алдаа гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлажээ.

 

4. Анхан шатны шүүх маргааны үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

4.1. Тодруулбал, нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор хариуцагчийн төлөөлөгч *******тэй ваябер чатаар харилцан бичсэн зурвасыг гаргаж өгсөн байна. Уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй, хуульд заасан журмын дагуу бэхжүүлээгүй байна.

 

Энэ тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлэх үүргийн хүрээнд дээрх нотлох баримттай холбоотой талуудаас тодруулах, зохигч хүсэлт гаргасан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагаа явуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчимд нийцнэ.

 

5. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар тогтов.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын материаллаг эрх зүйн талаар гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт өгөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04822 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,942 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

 

Б.АЗБАЯР