Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 839

 

 

 

 

 

 

    2019          09         02                                      2019/ШЦТ/747

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,  

Улсын яллагч: Г.Хатанцэцэг,

Шүүгдэгч: Б.Т  өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Т д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805062480819 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Т, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.Т  нь 2018 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө хоолны газарт иргэн Т.Ш-ын нүүрэн тус газар нь цохьж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Т.Ш-намайг зодолдох уу гэж хэлсэн тул би мөргөсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Т.Ш-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Шөлөндөө хоолны газар 2 найзын хамт ороод хоол идээд сууж байхад хэдэн залуучууд хоорондоо маргаж 2 залуу ойртсон болгонтой нь зодолдоод үймээн болоод байсан, хамгаалагчтай бас зодолдсон. Манай найз У салгах гээд очсон ба би араас нь очоод У-ыг татаж салгаад “боль, хоолоо идье” гээд ширээндээ суулгасан. Тэгээд уг залуучууд зодолдоод сандал авч шидээд байсан. Тэгээд нэг эмэгтэй орж ирээд манай найз У-ыг “манай найзыг зодчихлоо” гэхээр нь “чи андуураад байна, олон хүн байна” гэж маргалдсан. Тэгтэл шаргал хувцастай туранхай 175 см орчим өндөр залуу миний хамар руу мөргөж, гараараа цохьсон. Би хамраа бариад шатаар буугаад цусаа тогтоогоод шатан дээр суусан. Тухайн үед уг залуу намайг өөр хүнтэй андуураад цохьсон. Би уг залууд гар хүрээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Гэрч Ц.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...хоол идээд сууж байхад хоёр залуу ирээд Ш-ыг “чи миний нүд ийм болгочихлоо” гээд нүдний доод талд нь жижиг улайсан байсныг харуулаад байхаар нь “та хүн андуураад байгаа юм биш үү” гэхэд уг залуу “дуугүй бай чамд хамаагүй” гэсэн ...тэгээд уг залуу хэрүүл хийгээд байхаар нь Т.Ш-босоод очсон. Тэгэхэд одоо больчих гэхэд Ш-ыг шар цамцтай залуу нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохьж нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

Гэрч Ж.Т гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэмүүжин ...тухайн үед хүнтэй андуураад уг залуугийн нүүр рүү нь мөргөөд гараараа нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/,

Шинжээчийн 126 тоот дүгнэлтэд: “...Т.Ш-ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн хугарал, мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 30/,

Яллагдагчаар Б.Т гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 58/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, Хохирогчийн өргөдөл /хх-н 8/, хохирлын баримтууд /хх-н 43/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 46-51/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Т  нь 2018 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шөлөндөө хоолны газарт иргэн Т.Ш-ын нүүрэн тус газар нь мөргөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.Ш-ын: “...Тэгтэл шаргал хувцастай туранхай 175 см орчим өндөр залуу миний хамар руу мөргөж, гараараа цохьсон. Би хамраа бариад шатаар буугаад цусаа тогтоогоод шатан дээр суусан. Тухайн үед уг залуу намайг өөр хүнтэй андуураад цохьсон. Би уг залууд гар хүрээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/, гэрч Ц.Н-ын: “...уг залуу хэрүүл хийгээд байхаар нь Т.Ш-босоод очсон. Тэгэхэд одоо больчих гэхэд Ш-ыг шар цамцтай залуу нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохьж нэг удаа мөргөсөн. Тэгэхээр нь би цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/, гэрч Ж.Т гийн: “...Тэмүүжин ...тухайн үед хүнтэй андуураад уг залуугийн нүүр рүү нь мөргөөд гараараа нэг удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/, шинжээчийн 126 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Т гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Т  нь согтуурсан үедээ хохирогч Т.Ш-ыг хүнтэй андуурч нүүр рүү нь цохиж, мөргөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Ш-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ЭМЖЖ эмнэлэгт үзүүлсэн 175.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Т.Ш-т олгохоор шийдвэрлэв.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хамрын нарийн мэргэжлийн эмнэлэгт үзүүлэнэ, хэвтэн эмчлүүлэхэд гарах зардал 2.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тухайн хохирол бодитоо учирсан нь тодорхойгүй, хэдэн төгрөгийн зардал гарах нь тодорхойгүй байх тул хохирогч нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Т гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Б.Т  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Б.Т гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, Их сургуулийн оюутан зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Т г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т гээс 175.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Ш-т олгосугай.
  6. Хохирогч Т.Ш- нь хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР