Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 453

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1986 оны 3 дугаар сарын 03-ний өдөр, Говьсүмбэр аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ангийн харъя Хөвсгөл аймаг дахь 443 дугаар ангид ахлах нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо Залуус хотхон 11 дүгээр байр 8б тоотод оршин суух, Боржигон овгийн Төмөрбаатар Бадамлянхуа /РД:ЕЙ86030307/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1985 оны 7 дугаар сарын 20-ны өдөр, Налайх дүүрэгт төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, Дөрвөлжин-Эрдэнэ ХХК-д оператор ажилтай, ам бүл 1, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Бадралын 2 дугаар гудамжны 6 тоотод оршин суух, Боржигон  овгийн Мундалхаагийн Энх-Өсөх, /РД:УД85072030/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Бадамлянхуа, хариуцагч М.Энх-Өсөх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Бадамлянхуа  шүүхэд  гаргасан  нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: Би 2005 онд М.Энх-Өсөхтэй танилцаж  улмаар  дотно харилцаатай харилцаатай болж 2007 оны 7 сарын 09-ний өдөр хүү Э.Билгүүнийг төрүүлсэн. 2008 онд гэрлэлтээ батлуулсан ч өрх тусгаарлан хамт амьдарч байгаагүй. Ер нь бидний зан байдал тохирдоггүй, байнга хэрэлдэж маргалддаг байсан. 2010 онд нөхөр М.Энх-Өсөх Солонгос улс руу ажиллахаар явсан. 2015 онд ирсэн. Энэ 6 жилийн хугацаанд тэрээр хүүхдээ анхаарч, эд хөрөнгийн хувьд тусламж үзүүлж байгаагүй. Би өөрийн хүчээр хүү Э.Билгүүнийг өсгөсөн. Би М.Энх-Өсөхтэй гэр бүлийн харилцаагаа үргэжлүүлэхээр ярилцаж үзсэн боловч тэрээр надтай амьдрахгүй гэсэн. Иймд 2014 онд хамтран амьдрагчтай болсон. Одоо жирэмжсэн тул М.Энх-Өсөхтэй цаашид хамтран амьдрах боломжгүй. Мөн түүнийг гэх хайр сэтгэлгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүү Э.Билгүүн өнөөдрийг хүртэл миний асрамжид байсан ба би өөрөө тэжээн тэтгэх боломжтой. Иймд хүүхдээ өөрийн асрамжид авна. Харин М.Энх-Өсөх одоогоор эдийн засгийн хувьд боломжгүй байх тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна. Бид хамт амьдраагүй болохоор хуваах эд хөрөнгө байхгүй тул маргаангүй гэв.  

Хариуцагч М.Энх-Өсөх шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2005 онд Т.Бадамлянхуатай танилцан, 2008 онд гэрлэлтээ батлуулсан. 2007 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүү Э.Билгүүн төрсөн. Бид гэр бүл болсоноос хойш Налайх дүүрэгт 3 жил хамт амьдарсан. Би 2010 онд  БНСУлс руу ажиллахаар явсан. Би жил болгон гэртээ ирдэг, гэр бүлдээ мөнгө явуулдаг байсан. 2015 онд хөдөлмөрийн гэрээ дуусч гэртээ ирэхэд эхнэр Т.Бадамлянхуа хамтран амьдрагчтай болоод 4 жил болсон байсан. Иймээс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин Т.Бадамлянхуа ажлын шаардлагаар хөдөө орон нутагт томилогдон ажилладаг. Энэ нь хүү Э.Билгүүний сурлага хүмүүжилд муугаар нөлөөлөхөөс гадна би хүүхэдтэйгээ уулзах боломжгүй болж байна. Иймд хүү Э.Билгүүнийг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Бид эд хөрөнгийн маргаагүй гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Бадамлянхуа хариуцагч М.Энх-Өсөхөөс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан болно.

Шүүх нэхэмжлэгч Т.Бадамлянхуа, хариуцагч М.Энх-Өсөх нарын гэрлэлтийг цуцалж, хүү Э.Билгүүнийг эх Т.Бадамлянхуагийн асрамжинд үлдээж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлах тухай маргааныг шүүхийн журмаар  шийдвэрлэнэ.

Гэрлэгчид эд хөрөнгийн талаар шаардлага гаргаж маргаангүй ч бага насны хүүхэдтэй, мөн хүүхдийн асрамжийн талаар маргаж байх тул нэхэмжлэгч Т.Бадамлянхуа гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагч М.Энх-Өсөхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл: нэхэмжлэгч Т.Бадамлянхуа хариуцагч М.Энх-Өсөх нар 2005 онд танилцаж, 2006 оны 3 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас хүү Э.Билгүүн 2007 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, гэрлэгчид 2010 оноос хойш тусдаа амьдрах хугацаанд хүү Э.Билгүүн эх  Т.Бадамлянхуагийн асрамжид эрүүл бойжин хүмүүжиж байгаа болох нь гэрлэгчдийн 0090955 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, 0000731787-95 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Хөвсгөл энэрэл” өрхийн эмнэлгийн “...эрүүл бойжиж байгаа” гэсэн тодрхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-7-9/

Нэхэмжлэгч Т.Бадамлянхуа хариуцагч М.Энх-Өсөхөөс гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаанаа “...Бид гэр бүл болсноос хойш хамт амьдарч байгаагүй. 2010 онд М.Энх Өсөх Солонгос улс руу яваад 2015 оны 9 дүгээр сард ирсэн. Би хүүхдээ бодоод түүнтэй хамт амьдаръя гэж гуйсан боловч сална гэсэн. Одоо би өөр хүтэй хамтран амьдарч, үр хүүхэдтэй болсон” гэж тайлбарласан тайлбар, хариуцагч М.Энх-Өсөх  “...Бид гэр бүл болсоноос хойш Налайх дүүрэгт 3 жил хамт амьдарч байгаад 2010 онд БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр явсан. Энэ хугацаандаа жил болгон ирдэг байсан. 2015 онд хөдөлмөрийн гэрээ дуусаад ирэхэд эхнэр Т.Бадамлянхуа   хамтран    амьдрагчтай   болоод   4   жил   болсон  байсан”   гэсэн үндэслэлээр гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаагаас үзвэл гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “...Гэрлэгчид нь  бие  биедээ  үнэнч байх,  хүүхдээ  өсгөн  хүмүүжүүлэх, гэр   бүлийн  гишүүд  нь  бие  биеэ  халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.

Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон, тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч тэд тусдаа амьдрах хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, өөр бусадтай хамтын амьдралтай болж, үр хүүхэдтэй болсон, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэжлүүлэх хүсэлгүй байгаагаас гадна тэдний гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл байхгүй байх тул шүүх нэхэмжлэгч Т.Бадамлянхуа, хариуцагч М.Энх-Өсөх нарыг цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

Хариуцагч М.Энх-Өсөх “...би 2010 онд БНСУ-руу хөдөлмөрийн гэрээгээр явсан. Энэ хугацаандаа жил бүр эхнэр, хүүхэд дээр ирж байсан ба гэр бүлдээ мөнгө явуулдаг байсан. ...гэвч эхнэр Т.Бадамлянхуа хамтран амьдрагчтай болсон байсан. Мөн хүүг маань аваад явчихсан учир уулзаж чадахгүй болсон.Т.Бадамлянхуагийн хамтран амьдрагч хүү Э.Билгүүнийг гадуурхаж харьцсан зүйл байхгүй ч хүүхдээ өөрийн асрамжинд авна” гэсэн үндэслэлээр хүүхдийн асрамжийн талаар маргаж байгаа ч хүүхдийг асрамжидаа авах боломжтой эсэхээ баримтаар нотолж мэтгэлцээгүй.

Харин нэхэмжлэгч Т.Бадамлянхуа ажил хөдөлмөр эрхлэн тогтмол цалин орлоготой,  хүүхдээ өсгөж бойжуулах орчинг бүрдүүлсэн байдлаа Хөвсгөл аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1/787 тоот “...тус байгууллагад ахлах нягтлан бодогчоор ажилладаг” гэсэн тодорхойлолтоор нотолсон.

Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Т.Бадамлянхуа ажил хөдөлмөр эрхлэн тогтмол цалин орлоготой, үр хүүхдэдээ тавих   халамж,  бололцоо,  хүүхэд  өсөж  бойжих  орчин,  орон байраар  хангасан байдал зэрэг нь хариуцагч М.Энх-Өсөхөөс илүү байх ба хүү Э.Билгүүн өнөөдрийг хүртэл эх Т.Бадамлянхуагийн асрамжид байгаа байдал болон хүү Э.Билгүүний “...аав надад анхаарал халамж тавьдаггүй, над  дээр  ирдэггүй,  хааяа  нэг уулздаг, ээжийнхээ асрамжид байна” гэсэн санал, эхдээ ээнэгшин дассан зэргийг харгалзан 2007 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Э.Билгүүнийг эх Т.Бадамлянхуагийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч М.Энх-Өсөх бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхааруулж байна. Харин хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болсон, нэхэмжлэгч Т.Бадамлянхуа хүү Э.Билгүүнд тэтгэлэг тогтоолгох шаардлагаасаа татгалзсан ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь Гэр бүлийн  тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.

Иймээс хүүхэд өөрөө болон сонирхогч этгээд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заанаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэх гаргах эрх нээлттэй болно.

Зохигчид гэрлэснээс хойшхи хугацаанд бий болсон гэр бүлийн дундын эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр шаардлага гаргаж маргаагүй болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч М.Энх-Өсөхөөс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бадамлянхуад олгохоор тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулсан Боржигин овгийн Төмөрбаатарын Бадамлянхуа хариуцагч Боржигон овгийн Мундалхаагийн Энх-Өсөх нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д заасныг баримтлан 2007 оны 7 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Энх-Өсөхийн Билгүүнийг эх Т.Бадамлянхуан  асрамжид үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Т.Бадамлянхуа хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг, зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4. Нэхэмжлэгч Т.Бадамлянхуа хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хариуцагч М.Энх-Өсөх хүүхдийн асрамжийн талаар маргах эрх нээлттэй болохыг заасугай.

5. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Т.Бадамлянхуан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Энх-Өсөхөөс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Бадамлянхуад олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ихэрбаярт даалгасугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.                             

 

ДАРГАЛАГЧ                                   З.ТҮВШИНТӨГС