| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0111/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/120 |
| Огноо | 2019-04-29 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид М.Эрдэнэ-Очир, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч Б.Амартүвшин,
Иргэдийн төлөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,
Шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Бхолбогдох эрүүгийн 1838009230079 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч З.Б нь 2018 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сант багийн ... тоотод өөрийн гэртээ согтуугаар иргэн Г.Бтай маргалдах явцдаа түүний хүзүүн тус газар хутгалж, биед нь хүзүүний баруун хэсэгт шарх, гүрээний артерийн тасрал буюу амь насанд аюултай хүнд зэргийн гэмтлийг санаатай учруулан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс
нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Г.Быг гарч явах гэхээр нь бариад автал намайг түлхэж унагасан. Унахдаа би гал тогооны шүүгээг татаж унагаагаад босохдоо шүүгээн дотроос газарт унасан байсан хутгыг аваад босоод эргэтэл Г.Бын хүзүүн тус газар нь таарч хатгагдсан...Би Г.Быг санаатай хутгалж гэмтээе гэж бодоогүй санаандгүй байдлаас болж Г.Бын хүзүүг хутгаар зүссэн. Би Г.Быг Мөрөнгөөс яаралтай Улаанбаатар хот руу явахаас нь эхлүүлээд онгоцны зардал, хагалгаа, эмчилгээ, эм тарианы бүх зардлыг төлсөн...Би өөрийгөө ийм хэрэг хийнэ гэж бодоогүй. Гэр орон байхгүй гээд байхаар нь гэртээ байлгасан байгаа. Би бусдыг хэрэг хийлгүүлэхгүйн тулд ажиллаж байсан хүн, ийм хэрэг хийнэ гэж хэзээ ч бодоогүй. Энэ хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Надад оногдуулах ялыг багасгаж өгнө үү. Ар гэрийн байдлыг маань харгалзаж үзнэ үү...” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тулгаа ах намайг одоо унт гээд байсан санагдаж байна. Тэгээд Тулга ах бид хоёр маргалдаад байсан...Тулгаа ахтай барилцаж авсан санагдаж байгаа юм. Нэг ухаан ороод сэрэхэд аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр хүргэгдээд ирчихсэн эрчимт эмчилгээ хийлгэж байсан...З.Б хэзээ нь хутга аваад миний хүзүүг зүсчихсэн гэдгийг санахгүй байгаа юм. Хутгаар хатгуулсанаас болж миний хүзүүний артерийн хоёр судас, венийн хоёр судас тасарсан. Хүзүүний баруун хэсэгт байгаа хөндлөн 1.5 см орчим хэмжээний сорви нь Баттулгын барьж байсан хутганы улмаас үүссэн сорви юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-22 дугаар хуудас/,
Гэрч Б.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Б, З.Б хоёр архи ууж байгаад архи нь талдаа орж байхад маргалдаж эхээд З.Б, Г.Быг зайл гэснээ нэг болохоор явуулахгүй орой болсон хойно гаргахгүй гээд тэр хоёр барилцаж аваад бие биетэйгээ давхралдаад унасан юм. Унахдаа эрэгнэгний шургуулга татаж унаад Тулгаа ах босохдоо хутга бариад гараа ширвэх шиг болтол Г.Б намайг хутгалчихлаа гээд хүзүүгээ бариад авсан. Хүзүүнээс нь цус гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сэрээд харахад З.Б ах Г.Б ах хоёр архи уугаад хоорондоо чиний чаддаг гэж юу байдаг юм, чи юу мэддэг юм, чи өөрөө юу чаддаг юм гээд маргалдаад байсан. З.Б ах Г.Б ахыг чи унт гээд байсан. Г.Б ах явлаа гээд байсан. Тэгээд тэр хоёр нэг нь явна гээд нөгөөх нь явуулахгүй гээд зууралдаад байх шиг байсан. Тэгээд би унтах маягтай нүдээ аниад хэвтэж байтал Уранбилэг эгч явж Бямбаа ахыг дуудаарай, З.Б ах Г.Быг хутгалчихлаа гэж хэлэхэд би босоход Г.Б ахын хүзүүнээс цус гараад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Ч.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.Б миний аавын төрсөн дүү байгаа юм...2018 оны хавар Хөвсгөл аймгийн Тариалан суманд очно нэг эмэгтэйтэй танилцсан. Хамтран амьдрахаар болсон гээд явсан...Сая хүнд хутгалуулсан асуудал боллоо гэхээр нь би Хөвсгөл аймагт ирсэн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Ц.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг Баттулгын гэрээс гарахад Г.Бын эхнэр Урнаа, Баттулгын дүү гэх нэг охин, бас нэг бага хүүхэд байсан. Г.Б, З.Б хоёр согтолт гайгүй зүгээр юм яриад үлдсэн...Маргааш нь Г.Бын эхнэр Уранбилэг залгаад Тулга ах Г.Быг хүзүүнд нь хутгаар хатгачихсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Гэрч П.З-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...З.Б гэх айлд очиход тэр айлд Г.Б гэх хүний хүзүү гүрээний орчимд зүсэгдсэн шархтай их цус алдаж байгаа байдалтай тухайн хүний бие хүнд байдалтай даралт унасан, царай цонхийж цайсан, их хөлөрсөн хүн байсан...Аймгийн нэгдсэн эмнэлэгт Г.Б гэх хүнийг хүлээлгэн өгсөн. Хутганы иртэй хэсгээр зүсэгдсэн шарх байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 429 дугаартай:
1. Г.Ббиед гүрээний артерийн тасрал, хүзүүний баруун хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах прокурорын зөвшөөрөл /хх-ийн 6 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13 дугаар хуудас/,
Түргэн тусламжийн явуулын бүх үйлчилгээний бүртгэл, эмчийн үзлэгийн хуулбар /хх-ийн 56-59 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1838009230079 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч З.Б нь 2018 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сант багийн ... тоотод өөрийн гэртээ согтуугаар иргэн Г.Бтай маргалдах явцдаа түүний хүзүүн тус газар хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч З.Бмөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Г.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-22 дугаар хуудас/,
Гэрч Б.У-ийн /хх-ийн 23-25 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Г.О-ийн /хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Ч.Л-ийн /хх-ийн 29-30 дугаар хуудас/, гэрч Ц.М-ын /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч П.З-ын /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 429 дугаартай дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,
Эд мөрийн баримт хураан авах прокурорын зөвшөөрөл /хх-ийн 6 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13 дугаар хуудас/,
Түргэн тусламжийн явуулын бүх үйлчилгээний бүртгэл, эмчийн үзлэгийн хуулбар /хх-ийн 56-59 дүгээр хуудас/,
Хохирогч Г.Б нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч З.Бхүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч З.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Хохирогч Г.Б нь шүүгдэгчтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч З.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч З.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ....зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1838009230079 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Coko cola нэртэй ундааны сав нэг ширхэг, 0.75 литрийн архины шил нэг ширхэг, шилэн аяга нэг ширхэг, шилэн хундага нэг ширхэг, сэнгүр радлер нэртэй пиво 2 лааз, 27 см урттай, бариул хэсэг нь цэнхэр өнгийн цахилгааны лентээр ороосон хутга нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч З.Бцагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З.Бхүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч З.Б3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 1838009230079 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Coko cola нэртэй ундааны сав нэг ширхэг, 0.75 литрийн архины шил нэг ширхэг, шилэн аяга нэг ширхэг, шилэн хундага нэг ширхэг, сэнгүр радлер нэртэй пиво 2 лааз, 27 см урттай, бариул хэсэг нь цэнхэр өнгийн цахилгааны лентээр ороосон хутга нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн 1838009230079 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧИД М.ЭРДЭНЭ-ОЧИР
Д.АЗЖАРГАЛ