| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/05526/И |
| Дугаар | 210/МА2025/01465 |
| Огноо | 2025-08-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01465
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/03138 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
*******, ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 54,063,398.01 төгрөг гаргуулж, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Зээлдэгч *******, ******* нар нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр автомашины болон фидуцийн гэрээг тус тус байгуулж 50,400,000 төгрөгийг сарын 2,79 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлсэн.
1.2. Зээлдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 3,534,289.11 төгрөг, хүүд 10,284,170.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,073.15 төгрөг, нийт 13,822,533 төгрөгийн төлөлт хийсэн боловч нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд огт төлөлт хийгээгүй, 139 хоног хэтрэлттэй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж байна.
1.3. Иймд үндсэн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 46,865,710.89 төгрөг, зээлийн хүү 7,136,016.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 31,670.82 төгрөг, нотариатын зардалд 30,000 төгрөг нийт 54,063,398.01 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******гийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* миний бие *******гийн гуйлтаар ******* ХХК-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Миний бие уг зээлийн зарцуулалт болон *******тай холбоо хамааралгүй гэжээ.
3. Хариуцагч *******гийн тайлбар татгалзлын агуулга:
3.1. Нэхэмжилж байгаа мөнгөн дүн дээр маргахгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан зээлийн гэрээний үүрэгт 54,033,398 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, фидуцийн гэрээний зүйл болох ******* улсын дугаартай Ssangyong Rexton маркийн автомашиныг хариуцагч *******гаас, хариуцагч *******, ******* нараас зардал 30,000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 498,466.99 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 74,750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Хариуцагч ******* нь зээл авсан өдрөөс хойш 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 13,822,533 төгрөгийг төлсөн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй 498 хоногийн хугацаа хэтэрч, гэрээний үүргээ зөрсөн. Энэ талаар хариуцагч нартай удаа дараа холбогдож сануулсан боловч үр дүн гараагүй. Талуудын чөлөөт байдалд үндэслэн харилцан тохиролцож, хүчин төгөлдөр гэрээ байгуулсан.
5.2. ******* ХХК-иас фидуцийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаа хэрэгжүүлэх зорилгоор зээлдэгчтэй удаа дараа холбогдож, автомашиныг бодитоор гаргуулах нөхцөл, шаардлага тавихад автомашин зээлдэгчийн эзэмшилд байхгүй, засвартай гэх тайлбар гаргадаг. Мөн хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд автомашиныг өөр хүнд зарсан, зарсан хүндээ холбогдуулан төлбөр гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасанд талууд эвлэрэхээр болсон, захирамж гараагүй байна гэж амаар тайлбар гаргасан. Ийнхүү ББСБ-аас зээлийн гэрээний дагуу мөнгөн төлбөрийг тэргүүн ээлжид гаргуулах, энэ үүргээ биелүүлээгүй нөхцөлд барьцааны зүйл буюу автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн төлбөр, хохирлоо шаардсан.
Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг фидуцийн гэрээний дагуу автомашиныг өмчлөлдөө шилжүүлсэн, хариуцагч нар нь бодитойгоор шилжүүлэхэд маргахгүй байгаа тул зээлийн гэрээний дагуу мөнгөн төлбөр шаардах эрхгүй гэж хуулийг буруу тайлбарлаж, фидуцийн зүйлийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн, худалдан борлуулсан гэж хариуцагч тайлбарлаж, энэхүү үйл баримтын талаар маргаагүй буюу фидуцийн зүйлийг бодитоор өгөхөд саад болох нөхцөл байдал бий болсон байхад шүүхээс фидуцийн зүйлийг бодитоор шилжүүлэн авч, ингэснээр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой тул зээлийн төлбөр шаардах эрхгүй гэж хуулийг буруу тайлбарлаж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний шаардах эрхийг огт тодорхойлолгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан.
5.3. ББСБ-ын хувьд автомашины зээлийг олгохдоо автомашиныг фидуцийн зүйлээр өмчлөлд шилжүүлэн авдаг нь хөдлөх эд хөрөнгийн барьцаа нь үл хөдлөх эд хөрөнгөөс ялгаатай буюу улсын бүртгэлд бүртгэхдээ хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг хэрэгжүүлэх бүрэн боломжгүй байдагтай холбоотой юм. Зээлдэгч барьцааны автомашиныг бусдад шилжүүлэх, хохирол учруулах, зарж борлуулах үед хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг Автотээврийн үндэсний төв тулган шалгадаггүй, зөвхөн өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөл, хүсэлтийг үндэслэдэг нь үүрэг гүйцэтгүүлэгчээс барьцааны эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох нөхцөлийг бүрдүүлдэг тул фидуцийн гэрээ байгуулж, барьцаа хөрөнгийн эрхээ хамгаалдаг. Өөрөөр хэлбэл талууд автомашины зээлийн гэрээний хүрээнд, фидуцийн гэрээг байгуулж буй нь барьцааны нэр аргыг хэрэгжүүлж буй хэлбэр бөгөөд шүүхээс зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг эхлээд мөнгөн төлбөрөөр хангуулах, энэ үүргээ гүйцэтгээгүй нөхцөлд фидуцийн зүйлээр хангуулах гэсэн нөхцөлийг авч үзэлгүй, зээлийн гэрээний харилцааг дүгнэлгүй орхигдуулсан.
5.4. Хариуцагчаас фидуцийн зүйлийг бусдад шилжүүлж, худалдан борлуулсан, төлбөрийг шаардаж нэхэмжлэл гаргасан байгаа гэх тайлбарыг шүүхэд гаргасан байтал энэ нөхцөлийг огт тодорхойлоогүй, нэхэмжлэгч талаас автомашины бодит байдал ямар байгаа, эвдрэл гэмтэлтэй эсэх, автомашины үнэлгээ буурсан эсэхийг ч мэдэх нөхцөлгүй, энэ нөхцөлийг хариуцагч хангасан үүргээ биелүүлээгүй, автомашины эзэмшлийг бусдад шилжүүлснийг харгалзан үзээгүй. Фидуцийн зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авсан, мөн бодитоор шилжүүлэх талаар маргаагүй гэж үйл баримтыг өөрөөр тайлбарлаж, зөрүүтэй байдлаар дүгнэсэн.
5.5. Мөн талуудын байгуулсан автомашины зээлийн гэрээнд ******* нь хамтран зээлдэгчээр орсон бөгөөд нэхэмжлэгч талаас ******* болон ******* нарыг хариуцагчаар татаж, нэхэмжлэлийг шаардсан байхад хамтран хариуцагч *******гийн хариуцах үүргийн хэмжээг зөвхөн фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамжийг гаргуулах гэж тусгасан нь ойлгомжгүй. Хамтран хариуцагчийн хүлээх үүргийг тодорхойлоогүй, хэрэгт хамааралгүй мэтээр орхигдуулсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 54,033,398.01 төгрөг, нотариатын зардалд 30,000 төгрөг нийт 54,063,398.01 төгрөг гаргуулж, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх талуудын маргааны үйл баримт тодорхой бус байхад тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
3.1. ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 13,822,533 төгрөгийн төлөлт хийсэн боловч үүнээс хойш огт төлөлт хийгээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчсөн тул гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэг болон хохиролд нийт 54,063,398.01 төгрөгийг гаргуулж, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж,
хариуцагч ******* нь ...зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон хохирол шаардсан хэсгийг хүлээн зөвшөөрнө, харин фидуцийн зүйлийн эзэмшлийг гуравдагч этгээдэд худалдсан, төлбөрийг гаргуулахаар шүүхэд хандсан гэж тус тус тайлбарласан.
3.2. Энэ тохиолдолд анхан шатны шүүх фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчийн бодит эзэмшилд шилжүүлэх талаар хариуцагч нар маргаагүй гэх тайлбарыг шийдвэрийн үндэслэл болгож фидуцийн гэрээний зүйл болох автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Учир нь, фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн эзэмшилд бодитоор шилжүүлээгүй байх ба автомашиныг муутгаж гэмтээснээс үнэ буурсан, эсхүл устаж үгүй болсон тохиолдолд фидуциэр үүргийг хангуулж үндсэн гэрээний үүргийг дуусгавар болгох боломжгүй бөгөөд үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ, фидуцийн зүйлийн үнэ ач холбогдолтой, улмаар үндсэн гэрээний үүрэг, фидуцийн зүйлийн үнийн зөрүү байж болох эсэх талаар шүүх дүгнэлт өгөх учиртай.
4. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тодруулаагүйгээс үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/03138 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатын шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428,267 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Б.АЗБАЯР