Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 501

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Өвөршандын 10-1 тоотод оршин суух, Жамц овгийн Базарын Гэрэлтуяа /РД: СФ61011305/-гийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Гэрэлтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Гэрэлтуяа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Бэрхийн хорооны 10 жилийн дунд сургуульд лаборантын ажилд ороод 1993 оны 02 дугаар сар хүртэл ажиллаж байсан. Ингээд тэтгэвэр тогтоолгох болоход миний ажиллаж байсан тухай орсон, гаргасан тушаал, холбогдох баримт нь олдохгүй байна. Иймд шүүхэд бүрдүүлж өгсөн баримтуудыг үндэслэн намайг 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн хорооны Ерөнхий боловсролын дунд сургуульд лаборантаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу, энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Гэрэлтуяа нь 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн хорооны Ерөнхий боловсролын дунд сургуульд лаборантаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

Б.Гэрэлтуяа нь 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн хорооны Ерөнхий боловсролын дунд сургуульд лаборантаар ажиллаж байсан нь түүний хөдөлмөрийн дэвтрийн  хуулбар /хх-7/, Хэнтий аймгийн Бэрх сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1982 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаар, 1983 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаар тушаалуудын хуулбар /хх-8-9/, Хэнтий аймгийн Бэрхийн хорооны 10 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаар тушаалын хуулбар /хх-10/, 1988 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаар тушаал, тушаалын хавсралтын хуулбар /хх-11-12/, 1989 оны 07 дугаар сарын  17-ны өдрийн 25 дугаар тушаалын хуулбар /хх-13/, Хэнтий аймгийн Бэрхийн хорооны Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1990 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 22 дугаар тушаалын хуулбар /хх-14/, 1992 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаар тушаал, тушаалын хавсралтын хуулбар /хх-15-17/, 1993 оны 01 дүгээр сарын  07-ны өдрийн 01 дугаар тушаал, тушаалын хавсралтын хуулбар /хх-18-19/, Хэнтий аймгийн Бэрхийн хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны даргын 1979 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 98 дугаар, 1980 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар, 1981 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 53 дугаар захирамжуудын хуулбар /хх-20-24/, 1984 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн  8 дугаар, 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дугаар захирамжууд, захирамжийн хавсралтуудын хуулбар /хх-25-28/, Хэнтий аймгийн Бэрхийн хорооны Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 40 дугаар тушаалын хуулбар /хх-29/, Б.Гэрэлтуяагийн 1979, 1992 онуудад хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг /хх-30/, гэрч С.Долгорсүрэнгийн “... Б.Гэрэлтуяа 1979 оны 09 сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 сарыг дуустал Хэнтий аймгийн Бэрх тосгоны сургуульд физик математикийн кабинетад лаборантаар ажиллаж байсан. 1993 оны 02 сард Улаанбаатар хотын Налайх дүүрэг рүү шилжсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-44/, гэрч А.Цэрэндэжидийн “... Б.Гэрэлтуяа 1979 оны 09 сарын 01-ний өдрөөс 1993 оныг хүртэл Хэнтий аймгийн Бэрх тосгоны сургуульд физик математикийн кабинетад лаборантаар ажиллаж байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-46/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч нь өндөр настны тэтгэвэр тогтоолгохын тулд ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход хамаарах эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн байна гэж дүгнэв. Түүний Хэнтий аймгийн Бэрхийн хорооны Ерөнхий боловсролын дунд сургуульд лаборантаар ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдоогүйгээс шүүхэд ханджээ.

Б.Гэрэлтуяагийн өөрийн хүсэлтээ нотолж ирүүлсэн дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж  өгсөн,  тухайн  хэрэгт  хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв нотлох баримтууд байх ба шүүх тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иймд түүний гаргасан хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар  зүйлийн 135.2.6-д зааснаар Жамц овгийн Базарын Гэрэлтуяаг 1979 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Бэрхийн хорооны Ерөнхий боловсролын дунд сургуульд лаборантаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Б.Гэрэлтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар  шийдвэрийг   танилцуулан  сонсогмогц  хүчинтэй  болох  бөгөөд  зохигч  7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.НАРМАНДАХ