| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/04146/И |
| Дугаар | 210/МА2025/01471 |
| Огноо | 2025-09-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01471
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/02922 дугаар шийдвэртэй,
ХХК-ийн нэхэмжлэлтэй
******* ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон хохиролд 486,952,476 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,
Алданги 305,760,556.95 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, *******нд байрлах, *******, үйлчилгээтэй орон сууцны барилгын төмөр бетон каркас угсралтын ажлыг барилгын норм, дүрэм, стандартад заасан шаардлагыг бүрэн хангасан байдлаар мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэн ******* ХХК-д хүлээлгэн өгөх, захиалагч ажлын гүйцэтгэлийг хүлээн авч гэрээнд заасан хөлсийг төлөхөөр тохиролцсон.
1.2. ******* ХХК нь гэрээний 5 дугаар бүлэгт заасны дагуу барилгын ажлыг Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу, стандартад нийцсэн байдлаар, зохих ёсоор хийж гүйцэтгэсэн бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр барилгыг улсын комисс хүлээн авсан.
1.3. Барилга угсралтын ажил гүйцэтгэлийн гэрээг дуусгавар болгож, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрээг дүгнэн тооцоо нийлсэн актаар ******* ХХК нь 341,783,260 төгрөгийн өглөгтэй байсан, үүнээс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тус 20,000,000 төгрөгийг төлснөөс хойш дахин огт мөнгө төлөөгүй.
1.4. Талууд гэрээний 11.1-д төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги тооцно гэсний дагуу 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 455 хоногийн алдангид 155,169,216 төгрөг, үндсэн төлбөрт 321,783,260 төгрөг, хохиролд 10,000,000 төгрөг, нийт 486,952,476 төгрөгийг гаргуулж өгнө үү.
1.5. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Алданги нь үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүсэх бөгөөд үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилго агуулдаг, үндсэн үүргээс хамааралтай үүсдэг шаардлага байтал гэрээний үүргийг дүгнэж тооцоо нийлсэн акт үйлдэж үндсэн үүрэг дуусгавар болсны дараа алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
1.6. Нөгөө талаас хариуцагчийн алданги шаардах үндэслэл болгож буй гэрээний үүргийг дээрх хугацаанд гүйцэтгэж чадаагүй нөхцөл байдалд энэ гэрээний захиалагч тал болох ******* ХХК-ийн буруутай үйл ажиллагаа /материал хугацаанд нь нийлүүлээгүй, чанарын шаардлага хангагдаагүй материал нийлүүлснээс болж гарсан хохирол, хоцрогдол, мөн гаргаж өгсөн графикт хугацаанаас өмнө захиалагч тал ажлыг зогсоож байсан. Захиалагч талын хариуцан хийж гүйцэтгэх ёстой суурь ухалтын ажлыг цаг хугацаандаа хийж гүйцэтгээгүй/ зохих ёсоор нөлөөлсөн.
Мөн Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөрийг үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж заасан үр дагавар үүссэн тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. ******* ХХК-тай 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хавсралтаар талууд ажил гүйцэтгэх хуваарийг тухайлан тохирч баталсан бөгөөд гэрээний 3.8 болон 3.15-д зааснаар ажлын гүйцэтгэлээр санхүүжилтийг олгож, 3.9-д зааснаар шилжүүлсэн ажлын санхүүжилт төлбөрт НӨАТ дүн орохоор харилцан тохиролцсон.
2.2. Барилгын ажлыг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр улсын комисс хүлээж авсан ба талууд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр болон 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус бүр тооцоо нийлсэн.
2.3. Сүүлд тооцоо нийлсэн актаар ******* ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 22,366,135 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд ажил гүйцэтгэлийн үнийн дүнд /НӨАТ/ 288,294,750 төгрөг болон мөн гэрээний дагуу баталгаа төлбөр болох 144,783,260 төгрөгийг нэмж гаргасан. Үүнээс өмнөх буюу талуудын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн тооцоо нийлсэн баримтад мөн НӨАТ-ын дүн 288,649,777 төгрөгийг нэмж гаргасан.
2.4. Гэрээний 3.8-д заасны дагуу ******* ХХК-ийн зүгээс ажил хүлээн авсан тухай бүрт санхүүжилт төлбөрийг нэхэмжлэгчид төлж, нийт ажлын төлбөрт 2,762,286,890 төгрөгийг ******* ХХК-д шилжүүлж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бөгөөд гэрээний дээрх нөхцөлийг зөрчиж санхүүжилт төлбөрийг хоцроосон гэх нөхцөл байдал байхгүй.
2.5. Хэрэв ******* ХХК нь барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай төлбөрийг гэрээнд заасан дээрх нөхцөл, хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд ******* ХХК-д гэрээний 11.1-д заасан шаардах эрх үүсэж болох бөгөөд ийм нөхцөл үүсээгүйн дээр талуудын тооцоо нийлсэн баримтыг үндэслэн алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй юм.
2.6. 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тооцоо нийлсэн баримтаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 22,366,135 төгрөг гэж үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 155,169,216 төгрөгийн алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасанд нийцэхгүй. Талуудын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тооцоогоор нэмж гаргасан нэмэгдсэн өртгийн албан татварын 288,694,777 төгрөгийн дүнгээс гэрээний үүрэг зөрчсөн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хоног тутамд 0,1 хувийн алданги тооцож байгаа нь үндэслэлгүй.
2.7. Өмгөөлөгчид төлсөн төлбөр буюу эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардлыг хоёр талын гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн хариуцлагад тооцох үндэслэлгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.8. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д зааснаар А блок барилгын В1 давхраас 9 дүгээр давхар дуусталх болон О блок барилгын В1 давхрын барилга угсралтын ажлыг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд, А блок барилгын 10 дугаар давхраас 19 дүгээр давхрын болон техникийн давхар, В, С блок барилга угсралтын ажлыг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хооронд тус тус гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.
2.9. Гэрээний хавсралтаар ажил гүйцэтгэх хуваарийг тухайлан тохирч баталсан бөгөөд 3.8 болон 3.15-д зааснаар ажлын гүйцэтгэлээр төлбөрийг төлөх, мөн ажил гүйцэтгэлийн үе шатны хуваарь, санхүүжилт төлбөр зэргийг тухайлан баталсан. Тус компани нь гэрээгээр баталсан ажлын хуваарийг зөрчиж, ажлын хугацаа хэтрүүлж гүйцэтгэснийг ажил тус бүрээр хэтэрсэн хугацаа, тус бүрийн алдангийн үнийн дүнг сөрөг нэхэмжлэлийн хавсралт 1-д тооцож оруулсан бөгөөд нэхэмжлэгч нь ажлын үе шатны гүйцэтгэлийг гэрээгээр баталсан хугацааг 2,928 хоногоор хэтрүүлж, уг хугацаа хэтрүүлсэн хоног тутмын 0,1 хувиар тооцоход нийт 305,760,556.95 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 331,436,758 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 145,515,718 төгрөг гаргуулах болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,751,900 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,686,755 төгрөгийг тус тус улсын улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,815,133 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид татвар гэх/-аас бүрдэнэ, 7.2.3 нэмэгдсэн өртгийн албан татвар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 1.1 "Энэ хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид "албан татвар" гэх/-ыг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино", 7 дугаар зүйлийн 7.1 "Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:", 7.1.1 "Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ" гэж тус бүр заасан.
Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын 321,783,260 төгрөгийн дүнгээс 288,294,750 төгрөгт холбогдох хэсэг нь нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ дүн болох нь хэрэгт авагдсан 2023 оны 7 дугаар сарын 21, 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн талуудын тооцоо нийлсэн баримтаар нотлогдсон бөгөөд зохигч талууд нэхэмжлэлийн энэ дүнд холбогдох хэсэг нь татварын төлбөр эсэхэд маргаагүй.
Гэтэл анхан шатны шүүх улсын төсөвт төвлөрөх татварын дүнгээс алданги тооцож нэхэмжлэгч байгууллагад олгуулахаар шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14 "нөхөн ногдуулалтын акт" гэж татварын албанаас тодорхойлсон алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгийг", 52 дугаар зүйлийн 52.1 "Татварын өрийг доор дурдсан дарааллаар барагдуулна:", 52.1.2 "алданги", 73 дугаар зүйлийн 73.1 "Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт... тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно" гэж тус тус заасантай нийцээгүй байна.
Тухайлбал, нэмэгдсэн өртгийн албан татварт алданги тооцож нэхэмжлэх эрх нь нэхэмжлэгч "******* ХХК-д байхгүй юм. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч байгууллагад НӨАТ суутган төлөгчийн хувиар, эсхүл НӨАТ төлөгчийн хувиар НӨАТ-ын татварыг хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр холбогдох Татварын газар алданги, торгууль нэхэмжилж ногдуулаагүй, энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч тайлбар гаргадаг ч үүнийгээ баримтаар нотлоогүй. Иймд хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурдсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтыг анхан шатны шүүх хэрэглэлгүй, мөн уг хуульд нийцээгүй шийдвэр гаргаж, татвараас алданги тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.
4.2. Гэрээгээр хариуцагч нь барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай төлбөрийг нэхэмжлэгчид гэрээнд заасан нөхцөл, хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гэрээний 11.1 дэх заалтад заасан хувиар алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүснэ гэж үзнэ. Гэтэл гэрээ хэрэгжих явцад ажлын төлбөр төлөгдөөгүй гэх эсхүл хугацаа хоцорч төлөгдсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд мөн энэ талаар нэхэмжлэгч нотолж маргаагүй. Өөрөөр хэлбэл, гэрээний 3.8-д зааснаар нэхэмжлэгч нь барилгын ажлыг үе шаттай гүйцэтгэх, хариуцагчаас ажлыг актаар хүлээн авсан өдрөөс хойш 2 хоногийн дотор зохих төлбөрийг нэхэмжлэгчид шилжүүлж байхаар талууд тохиролцсон бөгөөд хариуцагчийг гэрээний энэ үүргээ зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Мөн нэхэмжлэгч нь ажлыг хариуцагчид актаар хүлээлгэн өгснөөс хойш ажлын төлбөр хугацаа хэтэрч төлөгдсөн талаар маргаагүй юм.
Хэрэгт авагдсан 2023 оны 07 дугаар сарын 21-ний болон 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн баримтад талууд гэрээгээ дуусгавар болгож дүгнэх зорилгоор үйлдсэн гэж үзэх бөгөөд үүнээс хойших гэрээний хариуцлага буюу тооцоо нийлсэн дээрх өдрөөс хойших тохиолдлыг гэрээний хугацаа хэтрүүлсэнтэй адилтаж үзэх үндэслэлгүй байна.
4.3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Талуудын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тооцоо нийлсэн баримтад 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч ******* ХХК-д төлөх барилга угсралтын ажлын үндсэн төлбөрийн үлдэгдэл 22,366,135 төгрөг болох нь тогтоогддог. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 67 дахь талд байгаа төлбөрийн баримтад нэмэгдсэн өртгийн албан татвар 282,188,195 төгрөг гэж тусгасан байгаа нь нэхэмжлэлийн үндэслэлд болгосон 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн тооцооны баримтад бичигдсэн НӨАТ-ын 288,649,777 төгрөгөөс 6,461,582 төгрөгийн зөрүүтэй байгаа шүүх дүгнээгүй. Мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан энэ баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй байхад уг баримтыг шүүхээс хэрхэн дүгнэлт өгсөн нь тодорхойгүй байна.
4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Гэрээний талууд ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийг баталгаажуулахдаа алдангийн хэмжээг тохиролцоогүй буюу гэрээний хариуцлага тооцоогүй тул 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил үүсээгүй гэж үзлээ" хэмээн дүгнэсэн нь хэрэгт авагдсан хугацааны хувьд өөр боловч ижил агуулгатай хоёр баримтыг зөрүүтэй дүгнэсэн гэж үзэхээр байна.
4.5. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч гэрээний хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн гэснийг хариуцагч баримтаар нотлоогүй байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ ажил хүлээлцсэн акт, төлбөр шилжүүлсэн баримт болон алдангийн тооцооллыг тодорхой гаргасан холбогдох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт өгсөн бөгөөд эдгээр баримтад анхан шатны шүүхээс огт үнэлэлт, дүгнэлт өгөөгүй гэж үзэхээр байна.
4.6. Анхан шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлтийг шийдвэрийн 15 дахь талд хийхдээ талууд тооцоо нийлсэн хоёр баримтуудыг үйлдэх үед ажил гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой хохирол, алдангийг шаардаж байгаагүй гэсэн агуулгаар дүгнэсэн нь дээр дурдсанаар хоёр ижил агуулга бүхий баримтуудыг өөрөөр дүгнэж нэхэмжлэгч, хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагад ялгамжтайгаар үнэлж, дүгнэсэн гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох алдангийн 9,653,497 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Талуудын хооронд байгуулагдсан барилга угсралтын ажил гүйцэтгэлийн гэрээний 1.4-т талуудын хооронд байгуулагдсан 3,000,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэлийн гэрээний үнийн дүнд нэмэгдсэн өртгийн албан татварын үнэ орж тооцогдоно,5.2-т энэхүү гэрээтэй холбоотой хууль тогтоомжийн дагуу төлөх татварыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэж тодорхой заасан. Нэхэмжлэгч талын зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13, 4.1.14-д заасны дагуу тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийн таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа ажил үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан нэмэгдсэн өртгийн албан татварын үнийг төлсөн баримтыг хэрэгт өгсөн.
5.2. Талуудын хооронд тооцоо нийлсэн 2 акт байдаг бөгөөд хариуцагч компанийн зүгээс 341,783,260 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч компанид төлөх болох нь тухайн гэрээний үүрэг дуусгавар болоогүйг нотолж байгаа юм. Түүнчлэн хариуцагч тал нь дээрх үлдэгдэл төлбөрөөс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөгийг төлсөн боловч үүнээс хойших хугацаанд өөр төлбөр төлөөгүй учир нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 11.1-т заасны дагуу алданги нэхэмжилсэн. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т үүрэг гүйцэтгэгч нь зохих ёсоор үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд үүргийг дуусгавар болсон гэж үзнэ гэж заасан. Хариуцагч талын зүгээс гэрээ дууссан байхад алданги нэхэмжилж байна гэх зүйлийг ярьдаг боловч нэхэмжлэгч талын зүгээс барилга угсралтын ажлаа гэрээний дагуу бүрэн хүлээлгэж өгснөөр улсын комисс уг барилгыг хүлээж авсан.
Гэтэл нэхэмжлэгч компани нь хариуцагч ******* ХХК-аас ажлын хөлс болох 321,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл аваагүй байгаа. Иймд гэрээг дуусгасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Маргааны гол зүйл нь гэрээний үүрэг гүйцэтгэгч тал болох ******* ХХК нь үүргээ бүрэн гүйцэтгэсэн байхад үүрэг гүйцэтгүүлэгч тал болох ******* ХХК нь төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байгаа буюу гэрээний үүргийг гүйцэтгээгүй байгаа нь ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болох үндэслэл болохгүй. Нэхэмжлэгч компанийн хувьд гэрээгээр гүйцэтгээгүй үлдэгдэл төлбөр болон алдангийг шаардах эрхтэй.
5.3. Хариуцагч талын зүгээс 300,000,000 гаруй төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Ажил гүйцэтгэлийн гэрээг хүлээлгэж өгсний дараа тухайн барилга болон ажил гүйцэтгэлийн гэрээ алдаа дутагдалтай байсан гэх тохиолдолд хариуцагч компани нь 1 жилийн хугацаанд захиалагч компанид холбогдуулж нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байхад уг нэхэмжлэлийг гаргаагүй. Мөн шүүхийн шийдвэрийн 15-д хариуцагч тал нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр болон 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр дүгнэсэн актаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил нь хугацаа хэтэрсэнтэй холбоотойгоор хохирол, алданги шаардаагүй байхаас гадна гүйцэтгэлийн баталгаанд 81,000,000 төгрөгийг суутган авсан байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэх талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 476,952,476 төгрөг, хохиролд 10,000,000 төгрөг, нийт 586,952,476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч алдангид 305,760,556.95 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Зохигч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй. Үүнд:
3.1. “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “*******” ХХК нь Хан-Уул дүүрэг, *******нд байрлах, *******, үйлчилгээ орон сууцны барилгын төмөр бетон каркас угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр, “*******” ХХК нь ажлын хөлсөнд НӨАТ орсон дүнгээр 3,197,939,100 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон. Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
3.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/011 дугаар дүгнэлтээр барилгыг улсын комисс хүлээн авснаар гүйцэтгэгч “*******” ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн барилгын төмөр бетон каркас угсралтын ажлыг хийж гүйцэтгэх үүргээ гүйцэтгэжээ.
4.1. Талууд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн актаар “*******” ХХК нь 91,264,809 төгрөгийн илүү төлөлттэйг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тооцоо нийлсэн актаар “*******” ХХК нь 116,548,627 төгрөгийн өртэйг тус тус баталгаажуулсан. Уг үнийн дүнд НӨАТ ороогүй байна.
4.2. Улмаар талууд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “*******” ХХК-ийн 2019 оноос 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд НӨАТ /288,649,777/ орсон дүнгээр 3,185,070,150 төгрөгийн ажил хийснээс “*******” ХХК-ийн олгосон санхүүжилт болох 2,762,286,890 төгрөг болон гүйцэтгэлийн баталгаанд суутгасан 81,000,000 төгрөгийг тус тус хасаж, “*******” ХХК-ийн төлөх ёстой өрийг 341,783,260 төгрөгийн хэмжээгээр баталж, үүнээс “*******” ХХК 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 20,000,000 төгрөгийг төлсөн байна.
4.3. Талууд 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дахин тооцоо нийлж, уг тооцоо нийлсэн баримтад “*******” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг 3,185,412,193.36 төгрөг, уг үнийн дүнгээс НӨАТ, угсралтын баталгааны 5 хувийг суутгасан байх ба “*******” ХХК нь олгох ёстой байсан 2,752,653,027.45 төгрөгийн санхүүжилтээс 2,730,286,892.45 төгрөгийн санхүүжилтийг олгож, 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 321,783,260 төгрөгийн өртэй болохыг баталгаажуулсан.
4.4. Талууд гэрээний 3.8-д “...захиалагчийн санхүүгийн алба нь баталгаажуулсан гүйцэтгэлийг хянаад баталгаажуулан 2 хоногийн дотор багтаан санхүүжилт олгоно”, 3.9-д “3.2-т заасан үнийн дүнд НӨАТ орсон бөгөөд гүйцэтгэгч төлбөр авсан сардаа багтаан хүлээн авсан НӨАТ-ын баримтыг захиалагч талд өгнө. Хэрэв НӨАТ-ын баримтыг тухайн сардаа өгөөгүй тохиолдолд татварыг суутган авах бөгөөд дараагийн ажлын санхүүжилтийг олгохгүй болно” гэж тус тус тохиролцсон боловч “*******” ХХК-иас НӨАТ ороогүй дүнгээр санхүүжилтийг олгож байсан, улмаар өртэй гарч байсан нөхцөл байдал талуудын тооцоо нийлсэн акт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
4.5. Иймд хариуцагч “*******” ХХК-ийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзнэ.
5. Талууд гэрээний 11.1-д “Захиалагч нь барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай төлбөрийг гэрээнд заасан нөхцөл, хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувь хүртэл хувьтай тэнцүү хэмжээний алдангийг ерөнхий гүйцэтгэгчид төлнө” гэсэн талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй.
5.1. Нэхэмжлэгч нь тооцоо нийлсэн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс хойш нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд 115,169,216 төгрөгийн алдангийг шаардсаныг анхан шатны шүүх талуудын дахин тооцоо нийлсэн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд алдангийг тооцож, хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 321,783,260 төгрөгийг 0,1 хувиар тооцож, 9,653,497 төгрөгийг “*******” ХХК-иас гаргуулж шийдвэрлэснийг буруутгахгүй. Энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд талуудын зарчимд нийцүүлэн уг шийдлийг хэвээр үлдээнэ.
5.2. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй дүнгээр тооцсон байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг дүгнэх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.
6. Хариуцагчийн “анхан шатны шүүх улсын төсөвт төвлөрөх татварын дүнгээс алданги тооцож нэхэмжлэгч байгууллагад олгуулахаар шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14, 52 дугаар зүйлийн 52.1.2, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй. Учир нь:
6.1. Талууд гэрээнд заасан ажлын нийт үнийн дүнд нэмэгдсэн өртгийн албан татварыг багтааж, ажлын нийт хөлсний хэмжээг 3,197,939,100 төгрөг байхаар тохиролцсон байх ба талуудын удаа дараа тооцоо нийлсэн актад 282,188,195.4 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татвар гэж тусгасан байна.
Иймд уг үнийн дүнг нэмэгдсэн өртгийн албан татвар гэж үзэхгүй бөгөөд гэрээний үндсэн үүрэгт оруулан тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
7. Нэхэмжлэгч шүүхэд 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 2,821,881,954.55 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татварт 282,188,195.4 төгрөг төлсөн баримтыг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн байна. Талууд 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, бараа ажил үйлчилгээний дүнг 2,896,420,373 төгрөгөөр тооцож, энэ дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварт 288,649,777 төгрөг тооцсон байх тул 6,461,582 төгрөгийн зөрүүтэй байдлыг шүүх анзаараагүй гэх гомдол үндэслэлгүй.
8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хариуцагч “*******” ХХК-иас 331,436,758 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэснийг хэвээр үлдээнэ.
9. Хариуцагч сөрөг нэхэмжлэлээр нэхэмжлэгчээс гэрээний хавсралт 1-д байх ажил гүйцэтгэх хуваарьт хугацааг хэтрүүлсэн гэж гэрээний 11.4-т тохиролцсон алдангид нийт 305,760,556.95 төгрөг гаргуулахаар шаардсан.
9.1. Хариуцагч “*******” ХХК-ийн барилга угсралтын ажлыг нэхэмжлэгч хугацаандаа хийж гүйцэтгээгүй болохыг тооцоо нийлэх акт үйлдэх үед хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчилд тооцоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Тооцоо нийлж акт үйлдсэн баримтыг шүүх хоёр өөрөөр тайлбарлаж, зөрүүтэй дүгнэсэн агуулга илэрхийлээгүй байна.
9.2. “*******” төслийн барилгын угсралтын ажлын санхүүжилтийн графикт хуваарьт ажлыг нэхэмжлэгч тал хийж гүйцэтгэхэд хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас бараа материал хугацаанд нь нийлүүлээгүй, чанарын шаардлага хангаагүй материал нийлүүлснээс болж хоцрогдол гарсан талаарх тайлбарыг хариуцагч нотлох баримтаар үгүйсгээгүй.
9.3. Гэрээний хугацаанд “Ковид-19” цар тахал гарсантай холбоотой хугацаа хойшилсон болохыг хариуцагч зөвшөөрч маргаагүй. Түүнчлэн хариуцагч тал 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 61/21 тоот албан бичгээр ажил гүйцэтгэлийн хуваарьт хугацаа хэтрүүлсэн зөрчилд хариуцлага тооцохгүйгээр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч байгааг илэрхийлжээ.
9.4. Иймд хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
10. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 192/ШШ2025/02922 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,735,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.АЗБАЯР