Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1214

 

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Э.Намуун, хохирогч /шүүгдэгч/ Н.Б, Г.А, Т.О, шүүгдэгч М.О, Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ч М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Т О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт Н Б, Х овогт Г А, Т овогт М О нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03255 1449 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

   1. Монгол Улсын иргэн,

2. Монгол Улсын иргэн,

3. Монгол Улсын иргэн,

4. Монгол Улсын иргэн,

5. Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Ч.М нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Алтанжолоо" группын гадаа байсан иргэн Н.Б ийн эзэмшлийн 20-64 УНМ улсын дугаартай Тоёота гранд марк-2 маркийн автомашины хагархай цонхоор гараа оруулан хаалгыг онгойлгон дотор нь байсан Ай-Фоне Икс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          - яллагдагч Т.О нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Алтанжолоо" группын гадаа иргэн Г.А гийн баруун гар луу нь хөлөөрөө дэвсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

          - яллагдагч Н.Б, Г.А, М.О нар нь бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Камел" баарны ойролцоо иргэн Т.О ын нүүр лүү пивоны шилээр цохиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт тус тус холбогджээ.     

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ммэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А мэдүүлэхдээ: “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б мэдүүлэхдээ: “...Би гар утсаа буцаагаад авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.О мэдүүлэхдээ: “...Би хохирол төлбөрт 2.110.000 төгрөг авсан. Одоо миний бие зүгээр байгаа. Надад хохирол төлбөр, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

             Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 12/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 13-14/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 21-28/, мөрдөн шалгах ажиллгаанд хохирогчоор Т.О аас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-36/, мөрдөн шалгах ажиллгаанд хохирогчоор Н.Б ээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 39-43/, мөрдөн шалгах ажиллгаанд хохирогчоор Г.А гаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 46-49/, мөрдөн шалгах ажиллгаанд гэрчээр Б.М өгсөн мэдүүлэг /хх-н 50-51/, мөрдөн шалгах ажиллгаанд гэрчээр Т.О өгсөн мэдүүлэг /хх-н 52-53/, мөрдөн шалгах ажиллгаанд гэрчээр Д.Э өгсөн мэдүүлэг /хх-н 58-59/, мөрдөн шалгах ажиллгаанд гэрчээр Б.Н өгсөн мэдүүлэг /хх-н 60-61/, мөрдөн шалгах ажиллгаанд гэрчээр Ж.Н өгсөн мэдүүлэг /хх-н 62-63/, мөрдөн шалгах ажиллгаанд гэрчээр Ц.М өгсөн мэдүүлэг /хх-н 64-65/, мөрдөн шалгах ажиллгаанд гэрчээр Э.Н өгсөн мэдүүлэг /хх-н 66-67/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6687 дугаартай дүгнэлт /хх-н 71/, мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Д мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 72/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 6714 дугаартай дүгнэлт /хх-н 78/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 82-83/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 103-105/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 108-110/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Б ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 113-115/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.А гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 117-119/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.О ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 121-123/, Ч.М иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 124, 127, 129/, Т.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 130, 137/, Н.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 138, 142, 143/,  Г.А гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 146, 150, 151/, М.О ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 155, 157, 158/, хохирлын баримтууд /хх-н 195-197/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас шүүгдэгч Ч.М нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Алтанжолоо" группын гадаа байсан иргэн Н.Б ийн эзэмшлийн 20-64 УНМ улсын дугаартай Тоёота гранд марк-2 маркийн автомашины хагархай цонхоор гараа оруулан хаалгыг онгойлгон дотор нь байсан Ай-Фоне Икс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

          - яллагдагч Т.О нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр "Алтанжолоо" группын гадаа иргэн Г.А гийн баруун гар луу нь хөлөөрөө дэвсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

          - яллагдагч Н.Б, Г.А, М.О нар нь бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Камел" баарны ойролцоо иргэн Т.О ын нүүр лүү пивоны шилээр цохиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

    

            1. Шүүхээс шүүгдэгч Ч.М 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө иргэн Н.Б ийн эзэмшлийн Ай-Фоне Икс маркийн гар утсыг түүний эзэмшлийн автомашины хагархай цонхоор авсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Б ийн өгсөн: “...намайг Сансарын тунель дээр очиход манай найз нэг эрэгтэй хүнтэй муудалцаад зогсож байсан. Тэгтэл сансарын тунель дээр байдаг баарнаас хэдэн залуучууд гарч ирэхээр нь манай найз А, М бид гурав зугтаагаад манай найз А миний машин руу орж суусан. М бид хоёр Алтанжолоогоос доошоо уруудаад гүйсэн. Манай найз Амарсанааг миний машинд сууж байхад баруун талын хойд талын цонхыг нь хагалж, баруун урд талын толь хугалж, машин дотор байсан Ай-фоне икс загварын гар утас алга болсон байсан." гэх мэдүүлэг /хх-н 39-41/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ч.Мягмардагвын өгсөн: "..би өөрийн хамгаалдаг объектоо тойрч шалгаад буцаад урд талын үүдэн дээр ирсэн. Би нөгөө Гранд марк 2 маркийн машин руу хараад машины баруун талаар явахад машин дотор талдаа урд талын салон дээр гар утас тогтоогч дээр гар утас харагдсан. Тэгэхээр нь би машины араар нь тойрч хагарсан цонхоор гараа оруулаад хаалгыг онгойлгож, гар утсыг аваад халаасандаа хийгээд хаалгыг хаагаад өрөө рүү орсон." гэх мэдүүлэг /хх-н 103-105/,

          Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 27/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

          2. Шүүгдэгч Т.О 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө иргэн Г.А гийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл  учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:    

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.А гийн өгсөн: “...би өөрийнхөө суусан талын хаалгыг түгжсэн. Тэгтэл уг машины дэргэд 2-3 машин ирж дэргэд зогсоод дотроос нь 5-6 залуу гарч ирсэн. Нэг залуу нь клугер маркийн машинаас 17 түлхүүрийг аваад хойд талын цонхны гурвалжин цонхыг цохисоор байгаад хагалаад гараа оруулж, хаалгыг онгойлгосон. Тэр залуу шууд миний хөлнөөс татаж, чирж буулгасан. Би газар уначихсан чинь миний пивоны шилээр цохисон залуу миний баруун гар руу 1 удаа дэвссэн. Баруун гарын эрхий хурууны үе нь мултраад гараад ирчихсэн байсан" гэх мэдүүлэг /хх-н 46-47/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын
4-ний өдрийн 6714 дугаартай:

1. Г.Агийн биед хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт,
зулгаралт, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн элийн няцрал, цээж, хүзүүнд
хуучин цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу бусадтай тэмцэлдэх үед үүсэх боломжтой.

3. Г.А гийн биед учирсан хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, баруун сарвуунд цус хуралт, зөөлөн элийн няцрал гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Цээж, хүзүүнд учирсан цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. Г.А гийн биед учирсан баруун сарвууны цус хуралт, зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Харин бусад гэмтлүүд нь дангаараа болон нийлээд эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 78/,

хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 27 /, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

3. Шүүгдэгч Н.Б, Г.А, М.О нар нь бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 30-ны шөнө иргэн Т.О н нүүр рүү пивоны шилээр цохиж, өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:       

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.О  хохирогчоор өгсөн: “...би М юм яриад зогсож байхад нөгөө залуу ирээд миний зүүн талын хацар руу пивоны шилээр нэг удаа цохисон. Би нүүрээ дартал мөн танихгүй залуу хүрч ирээд миний нүүр рүү өшиглөсөн. Яг хэдэн удаа өшиглөсөн гэдгийг нь мэдэхгүй байна. Миний нүүр рүү өшиглөж байсан залуугийн хажуугаар мөн өөр танихгүй залуу орж ирээд намайг цохиж, нүүр рүү өшиглөсөн." гэх мэдүүлэг /хх-н 35-36/,

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 6687 дугаартай:

              1. Т.О биед хамар ясны зүүн хажуу ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчын мурийлт, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

              2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

              3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

              4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-н 71/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.М өгсөн: "..нөгөө хоёр залуутай М хамт яваад юм ярилцаад зогсож байхад нь А очоод М дагуулаад бид нар руу ирж харагдсан. Араас нь нөгөө хоёр залуу юм хэлэх шиг болсон. Тэгтэл А эргэж хараад наад талд байсан залуугийн толгой руу нь пивоны шилээр нэг удаа цохисон. Мөн цаад талаас нь Б гүйж ирээд нөгөө пивоны шилээр цохиулсан залууг тонгойлгоод гэдэс, нүүр рүү нь өшиглөж харагдсан. Дэргэд нь О зогсож байсан" гэх мэдүүлэг /хх-н 50-51/,

              Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Б ийн өгсөн: "..би Алтанжолоо группын байрыг тойроод Камел рүү чиглээд очиход Амарсанаа нэг залуутай муудалцаад пивоны шилээр зүүн талын хацар руу цохиж харагдсан. Би тухайн үедээ муудалцаад Амарсанааг зодуулж байна гэж бодоод гүйж очоод пивоны шилээр цохиулсан залууг нь куртикнээс нь татаад баруун хөлөөрөө гуя хэсэг рүү нь нэг удаа, доош тонгойсон байсан болохоор 2 удаа нүүр рүү нь өшиглөсөн. Хажуу талаас Очирмөнх ирчихсэн тэр залуугийн баруун мөр хэсэг рүү нь цохиод намайг тэр залуугаас холдох гэхэд нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн" гэх мэдүүлэг /хх-н 114-115/,

              Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.А гийн өгсөн: "..нөгөө хоёр залуугийн нэг нь "та нарыг явуулахгүй, хаана ирснээ мэдэхгүй байна, наанаа байж бай ямар овоо юм бэ" гэж хэлээд муудалцахаар нь би тэр залууг гартаа барьж байсан пивоны шилээр зүүн талын хацар руу нь цохиход нөгөө залуу нүүрээ дараад унасан. Би нөгөө залуу руу нь дайраад цохиод, өшиглөсөн боловч тэр залуу цааш зугтаагаад надад цохигдож чадаагүй" гэх мэдүүлэг /хх-н 118-119/,

              Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.О ийн өгсөн:." гэх мэдүүлэг /хх-н 122-123/,              шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ч.М бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

- шүүгдэгч Т.О г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

- шүүгдэгч Н.Б, Г.А, М.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв. 

Хохирогч Н.Бт 41.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэнийг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М төлж барагдуулна” гэж хохирлоо төлөхөө илэрхийлсэнээр шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Ч.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв. 

Шүүхээс шүүгдэгч Ч.М, Т.О, Н.Б, Г.А, М.О нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрч, учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.     

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Ч М бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Б овогт Т О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- А овогт Н Б, Х овогт Г А, Т овогт М О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.       

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Г.А, М.О нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ч.М нь оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Н.Б, Г.А, М.О  нарт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Г.А, М.О, Т.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.М 41.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо 21-6156 тоотод оршин суух Н.Б т олгосугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал нь хэрэгт хавсаргасугай.

8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.    

9. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Г.А, М.О, Ч.М, Т.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.