Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2025/01682

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/03136 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 208,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Манай компани хариуцагчтай харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн 59 ширхэг машин, техник, бараа материалыг ******* аймгийн *******тийн уурхайгаас ******* аймгийн ийн нүүрсний уурхай руу тээвэрлүүлэхээр 520,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тээвэрлэлтийн гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу хариуцагч компанид 40 хувийн урьдчилгаа төлбөр 208,000,000 төгрөгийг төлсөн. Гэтэл тээвэрлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ачааг хүлээн авахаар очсон боловч манай ачаа байсан уурхайн Teifes компанийн зүгээс уурхайн талбайд нэвтрэх зөвшөөрлийг өгөөгүйгээс тээвэрлэлт хийгээгүй. Бид уг компанитай тохиролцож ачаагаа авах хэлцлийг хийж байх хооронд хариуцагч тал 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр тээвэрлэлт хийх үүргээ биелүүлээгүй орхин явсан. Үүний дараа манай компани ачааг ачиж явах боломжтой болмогц энэ талаар хариуцагчид мэдэгдсэн боловч гэрээнд заасан хугацаанд тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгээгүй, тээвэрлэлт хийхээс татгалзсан тул өөр тээврийн компаниар ачааг тээвэрлүүлсэн. Хариуцагч нь тээвэрлэлтийн гэрээний 5.1.2-д тээвэрлүүлэгчтэй тохиролцсон хугацаанд заасан байршилд хүлээлгэн өгөх үүргээ зөрчин хохирол учруулаад байна. Иймд, хариуцагчаас 208,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Манай компани нэхэмжлэгчтэй байгуулсан тээвэрлэлтийн гэрээний дагуу ******* аймгийн сумын ийн уурхайгаас ******* аймгийн сумын нүүрсний уурхай руу 59 ширхэг тоног төхөөрөмж тээвэрлэхээр тоног төхөөрөмжүүдийг задалж угсрах 2 бригад, мөн тээвэрлэх машинуудыг жолооч нарын хамт 21 хүний бүрэлдэхүүнтэй очсон хэдий ч тоног төхөөрөмжийн өмчийн талаар маргаантай байна гэсэн шалтгаанаар биднийг дотогш нэвтрүүлээгүй. Тухайн үед нэхэмжлэгч нь биднийг Улаанбаатар хотоос гараад очих хүртэл энэ талаар ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд өмчийн маргаан хэзээ шийдвэрлэгдэх нь тодорхойгүй байсан, бид нэхэмжлэгчид одоо яах вэ, хүлээж байх юм уу гэж тодруулахад ...байгууллагын хятадууд удахгүй болчих байх... гэсээр удсан. Нэхэмжлэгч нь бэлэн болсон үедээ хэлье гэхэд нь манай компани өөр аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, машин механизм болоод мэргэжилтнүүд хөлслөн авсан байсан тул зардлын талаар дахин ярилцахаар тохироод буцсан. Ингээд буцаж ирээд нэхэмжлэгчээс өмчлөлийн маргаан шийдвэрлэгдсэн эсэхийг тодруулахад өнөө маргаашдаа болчих байх, бэлэн байж байгаараа гэсэн, энэ хооронд бид туслан гүйцэтгэгч байгууллага болоод хөлсөөр ажиллах мэргэжилтнүүдээ өөр ажилд явуулахгүйгээр хүлээлгэж байсан боловч сүүлдээ бүр худлаа болж санхүүжилт ч мөн хүрэхгүй болсон, энэ тухай ч нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн үл ойлголцол, хариуцлагагүй байдлын улмаас тохиролцсон тээвэрлэлтийн ажилд саад учирсан.

...Иймээс гэрээний 4.1.1 дэх хэсэгт заасан үүргээ тээвэрлүүлэгч тал биелүүлээгүйгээс болж бид түлш, тээврийн даамлын зардал, жолоочийн цалин, туслах жолоочийн цалин, сул зогсолтын зардал, талбайн зохицуулагч ба механикуудын зардал, татвар гэх мэт зардлууд гарсан. Иймд, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 6,204,810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 201,795,190 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,197,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 114,227 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарны давж заалдах гомдлын агуулга:

...1. Гэрээнд тээвэрлэгч нь тээвэрлэлтийн үйл ажиллагааг 25 хоногийн дотор гүйцэтгэх буюу ачааг эцсийн цэг хүргэх үүрэгтэй. Нэхэмжлэгчээс дээрх хугацаанд багтаан ачааг тээвэрлэх нөхцөлийг хангахаар ажиллаж байсан боловч хариуцагч ачаа байгаа газрыг өөрийн санаачилгаар орхин явсан нь гэрээний үүргийн зөрчил болж, гэрээнд заасан хугацаанд багтаан ачааг тээвэрлэх боломжгүй нөхцөлийг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бий болсныг тайлбарласан байтал шүүх буруу дүгнэлт хийсэн.

Улмаар гэрээнд заасан хугацаа өнгөрсөн хэдий ч хариуцагчид дахин хугацаа олгож, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тээвэрлэлтийг хийхийг мэдэгдсэн байхад үүнээс хойш 1 сарын хугацаанд хариуцагчаас үүргээ гүйцэтгэх хугацааг олгосон боловч үүргээ гүйцэтгээгүй тул Тээвэрлэлтийн гэрээг цуцлах мэдэгдлийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр албан бичгээр мэдэгдэж гэрээнээс татгалзсан баримт хэрэгт авагдсан нь нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээний үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэдэгт шууд хамаарах бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзах эрх үүссэн нь тогтоогдож байхад шүүх буруу дүгнэлт хийсэн.

2. Шүүх хариуцагчаас гаргаж өгсөн зардлын баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлгээгүй. Хариуцагчийн гаргасан хэргийн 119-120-д авагдсан Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкны дансны хуулганд нийт 120,760,000 төгрөгийн шилжүүлэг тэмдэглэгдсэнээс, Хаан банкны дансны хуулганд тэмдэглэгдсэн 20,000,000+12,000,000 төгрөгийн гүйлгээг талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу зарцуулсан гэдгийг нотлох үйл баримт тогтоогдоогүй. Мөн хариуцагчийн тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл/-аар " ХХК-аас 10 ачааны машин, 3 суудлын автомашин түрээсээр ашигласан гэх боловч дээрх 2 банкны дансны хуулганд тэмдэглэгдсэн шилжүүлгүүд нь ХХК-д олгогдоогүй болохыг шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас тайлбарласан /шүүх хуралдааны тэмдэглэл/-ыг шүүхээс үнэлж дүгнээгүй байна.

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 205.3-ийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүйгээр 201,795,190 төгрөгийг хассан.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1 дэх заалтын агуулга нь үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх өгөх боломжгүй нөхцөлд мөнгөөр нөхөн төлөх зохицуулалт байхад үүнийг эсрэгээр нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчид хамаатуулж хуулийг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаас 201,795,190 төгрөгийг хасаж, үүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.6-д ...хариуцагчийн хариу шаардлага болох... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Xэрэв Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.3 дахь хэсгийг үндэслэж хариуцагч гэрээ ёсоор хариу ямар нэгэн үүрэг гүйцэтгэсэн гэж шүүх үзсэн бол энэ үүргийг хэрхэн гүйцэтгэсэн тухай үндэслэл бүхий дүгнэлтийг нотлох баримтад үндэслэн дүгнэж, шүүхийн шийдвэрт тусгах ёстой байтал энэ талаар дүгнэлтийг хийгээгүй байна.

Дээр дурдагдсан нотлох баримт. үндэслэлүүдээс үзэхэд анхан шатны шүүх хэт нэг талыг буюу хариуцагчид ашигтай байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 201,795,190 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3-т заасанд нийцэхгүй, үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Иймд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо хариуцагч тал 10 дугаар сарын 13-ны өдөр тухайн талбайг орхиж явсан гэж дурдсан. Тухайн үед ******* ХХК-ийн зүгээс тээвэрлэлтийн гэрээний дагуу 10 дугаар сарын 10-ны өдөр тухайн газар очиход нэхэмжлэгч компани нь гуравдагч компанитай эд хөрөнгийн эрхийн маргаантай байсан учраас ******* ХХК нь нэвтрэн орох нөхцөл байдал бүрдээгүй. ...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгч байгууллага гэрээнээс татгалзах эрхгүй. Нэхэмжлэгч компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас хариуцагч тухайн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон.

Нэхэмжлэгчийн зүгээс биднийг 25 хоног бай гэсэн гэх агуулгыг давж заалдах гомдолд дурддаг. Уг агуулга нь 25 хоногийн дотор тухайн ажлыг хийж гүйцэтгэнэ гэж тохирсон. Үүнийг уурхайн талбайд 25 хоног байх агуулгаар тайлбарлаж болохгүй. ...Хаан банк ХК-ийн дансны хуулганд тэмдэглэгдсэн 20,000,000, 12,000,000 төгрөг нь тээвэрлэлтийн үйл ажиллагаанд огт холбогдолгүй гэх агуулгаар маргадаг. Анхан шатны шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх хүртэл маш их хугацаа зарцуулсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч компани дээрх мөнгөн дүнтэй холбоотойгоор маргаагүй. ...Нэхэмжлэгч компанийн захирлаас 20,000,000, 12,000,000 төгрөгийг ХХК-ийн захирал н.Алтансүх гэх хүний данс руу шилжүүлсэн. Нэхэмжлэгч компани болон ХХК нь хүн, хүч, тээвэрлэлтийн талыг сайжруулж өргөжүүлэхийн тулд гэрээ байгуулсан. Дээрх мөнгөн дүн нь тээвэрлэлтийн үйл ажиллагаатай шууд холбоотой.

...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уурхайн талбайд очоод ирэхэд ямар хэмжээний зардал гарахыг мэргэжлийн шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан боловч нөгөө тал шаардлагагүй гэх тайлбарыг гаргасан. Гэвч төлбөрийн талаар маргадаг. Анхан шатны шүүхээс гарсан зардалтай холбогдуулан санхүүгийн анхан шатны баримтыг хэрэгт хавсаргасан. Уурхайн талбайд очиход ямар хэмжээний зардал гарсан талаар тооцоолол хийж мэдэгдэл хүргүүлсэн. Маргаан үүсэхээс өмнө цаг хугацаанд бий болсон мэдэгдэлд дурдагдсан үйл баримт, үүнтэй холбогдуулан няцаасан агуулгатай баримт авагдаагүй тул шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдолтой, хамааралтай гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн. ...Дараагийн асуудал нь, үүрэг гүйцэтгүүлэхээр мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоосон боловч үүргээ гүйцэтгээгүй гэж тайлбарладаг. Өмнө нь очиж ирсэн зардлыг хэн хариуцах вэ, дахиад очвол тухайн зардал гарна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг мэдэгдэл өгсөн. Өмнө нь гарсан зардлыг шийдвэрлэсэн бол үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжтой байсан. Энэ талаар хариу өгөөгүй байж шүүхэд хандсан асуудал гарсан. Нэмэлт хугацаа тогтоосон боловч үүргээ гүйцэтгээгүй гэх гомдол үндэслэлгүй. Иймд, шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээнээс татгалзсаны үр дагаварт 208,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. Талууд 2023 оны 10 дугаар сард тээвэрлэлтийн гэрээ байгуулж, уг гэрээгээр тээвэрлэгч буюу хариуцагч ******* ХХК нь 59 ширхэг машин, техник, бараа материалыг ******* аймгийн *******тийн уурхайгаас хүлээн авч ******* аймгийн Шинжинстийн нүүрсний уурхай хүртэл тээвэрлэх, тээвэрлүүлэгч болох нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний үүрэгт 520,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /х.х-ийн 5-8/

 

3.2. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр урьдчилгаа төлбөрт 208,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн талаар зохигч хэн аль нь тайлбарласан. /х.х-ийн 11/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.

 

4. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн захиалгаар 59 ширхэг машин, техник, бараа материалыг нэрлэн заасан газарт хүлээн авч улмаар өөр газарт тээвэрлэн хүргэх үүргийг хүлээнэ.

 

4.1. Зохигчийн байгуулсан тээвэрлэлтийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т Тээвэрлүүлэгчийн хүлээх үүрэг гээд 4.1.1-т Тээвэрлүүлэгч нь тээвэрлэгч талд ачааг хэвийн хүлээн авах, ачих буулгах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байх үүрэгтэй гэж заасан.

 

Хавтаст хэргийн 115 дугаар талд авагдсан баримт болох хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгч ******* ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн 23/20 тоот албан бичигт дурдсанаар хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ачааг авах газар буюу ******* аймгийн сумын *******тийн уурхайд очсон боловч ачааг хүлээж авах боломжгүй байсан тул тээвэрлэлтийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан үүргээ биелүүлж 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөрт багтаан үүссэн асуудлыг шийдвэрлэж чадахгүй нөхцөлд талбайг орхиж буцах талаар мэдэгдэж байжээ. /х.х-ийн 115/

 

Тодруулбал, хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ачааг хүлээн авах газарт очсон хэдий ч тухайн тоног төхөөрөмжүүдийг эзэмшиж байсан гуравдагч этгээдийн зүгээс тээвэрлэх зөвшөөрөл олгоогүй болох нь дээрх албан бичгээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан ... хариуцагч нь ачааг хүлээн авах талбай дээр 3 хоног байсан гэдгийг зөвшөөрч байгаа, бид өөрийн өмч байгаа учраас ямар ч саад бэрхшээлгүйгээр уурхайгаас ачаад явна гэдэг бүрэн ойлголттой, итгэл үнэмшилтэйгээр тээвэрлэгчийг дуудсан, гэвч уурхайгаас харуул хамгаалалтаа чангатгаад манай компанийн ажилчдыг нэвтрүүлэхгүй байсан ... гэх тайлбараар тогтоогдож байна.

 

4.2. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч буюу тээвэрлүүлэгч этгээд тээвэрлэлтийн гэрээний зүйлийг тээвэрлэгч болох хариуцагчид хүлээлгэн өгөх боломж, нөхцөлийг бүрдүүлээгүйгээс хугацаа хэтэрсэн тохиолдолд үүсэн гарах хариуцлагыг тээвэрлүүлэгч тал хүлээнэ.

 

Хариуцагч ******* ХХК нь Иргэний хуулийн 207 дугаар зүйлийн 207.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүрэг гүйцэтгэх газрыг дараахь байдлаар тодорхойлно гээд 207.1.2-т эд хөрөнгө тээвэрлэх үүргийг уул эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр анхны тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн газар гэж зааснаар үүрэг гүйцэтгэх газарт очжээ.

 

Гэвч нэхэмжлэгч ******* ХХК нь тээвэрлүүлэхээр тохирсон 59 ширхэг машин, техник, бараа материалын өмчийн талаар гуравдагч этгээдтэй маргаантай байгаа талаар хариуцагч ******* ХХК-д мэдэгдээгүй, тус маргааны улмаас хариуцагч нь ачааг тээвэрлэх боломжгүй байсан, тийнхүү тус компани 3 хоног хүлээгээд буцсан байх тул хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүрэг гүйцэтгэх газрыг орхин явсан гэж дүгнэх боломжгүй юм.

 

Тиймээс нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж зааснаар тээврийн гэрээний зүйлийг бусдаас авч хариуцагч ******* ХХК-д хүлээлгэн өгөөгүйтэй холбоотой хариуцлага хүлээнэ.

 

4.3. Түүнчлэн зохигчийн байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д Тээвэрлэлтийн хугацаа: Тээвэрлүүлэгчийн шаардлагын дагуу 25 хоногийн дотор ачааг заасан уурхайд хүлээлгэн өгнө гэсэн зохицуулалт нь хариуцагч нь үүрэг гүйцэтгэх газарт 25 хоног хүлээх бус, мөн энэ хугацааны дотор Улаанбаатараас ******* аймгийн сух руу хэд, хэдэн удаа ирж, очих үүрэг хүлээгээгүй бөгөөд харин уг хугацааны дотор тээврийг гүйцэтгэх /гэрээнд хүлээх хугацаа, тус хугацаанд гарах зардлын талаар тохироогүй/-ээр тохирсон байх тул хариуцагч компанийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

 

Энэ тохиолдолд хариуцагч ******* ХХК нь Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно гэж зааснаар дээрх нөхцөл байдал арилтал үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

 

Иймд, нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан ачааг хүлээн авах, ачих, буулгах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

5. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

Гэвч уг маргааны хувьд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, нэхэмжлэгч нь өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул дээрх хуульд заасны дагуу гэрээнээс татгалзах эрх нэхэмжлэгчид үүссэн гэх гомдлыг хүлээн авахгүй.

 

Энэ талаар дээр дурдсан хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т Дараахь тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гээд 225.4.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай гэж заасан.

 

6. Харин нэхэмжлэгчийн гаргасан шүүх хариуцагчаас гаргаж өгсөн зардлын баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй гэх гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа хариуцагчид мэдэгдсэн, хариуцагч нь гэрээнээс татгалзаж байгааг үгүйсгээгүй байна. /х.х-ийн 95/

 

Тийнхүү гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд зохигч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүрэг хүлээнэ.

 

Гэвч хариуцагч нь тээвэрлэлтийн гэрээний үүргийг гүйцэтгэхээр нэрлэн заасан газарт очсонтой холбоотойгоор тодорхой хэмжээний зардал гаргасан байх тул урьдчилгаа төлбөрт авсан 208,000,000 төгрөгөөс Улаанбаатар хотоос ******* аймгийн сумын *******тийн уурхайд очиход гарсан зардлыг хасаж, зөрүүг олгохоор шийдвэрлэнэ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч ******* ХХК нь энэхүү магадлалын 4 дүгээр зүйлийн 4.2-т дурдсанаар үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн учир Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1-т Энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч ******* ХХК-аас гарсан зардлыг хариуцах ёстой.

 

7. Хэрэгт авагдсан баримт болох хариуцагч ******* ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23/23 тоот албан бичгээр нэхэмжлэгч ******* ХХК-д тээвэрлэлтийн гэрээний дагуу ачааг хүлээж авах, ачих буулгах нөхцөл боломжийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас гарсан хохирлын хэмжээ 201,795,190 төгрөг болсон талаар мэдэгдэл хүргүүлсэн боловч тийм хэмжээний зардал гарсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна. /х.х-ийн 118-119/

 

Харин Худалдаа хөгжлийн банк ХК дахь хариуцагч ******* ХХК-ийн тоот дансны хуулгаас үзвэл 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,260,000 төгрөг ******* ХХК рд машин түрээс урьдчилгаа гэх утгаар, 4,000,000 төгрөг ******* ХХК рд бензин хоол буудал бригад зам зардал гэх утгаар, 7,500,000 төгрөг ******* ХХК рд 4 экска угсрах бригад урьдчилгаа гэх утгаар, 76,000,000 төгрөг ******* ХХК рд тээврийн төлбөр гэх утгаар,

 

2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан -н Хаан банк ХК дахь тоот данснаас ******* ХХК гэх утгаар 32,000,000 төгрөг /20,000,000 + 12,000,000/-ийн зарлага гарсан болох баримтаар тогтоогдож байх тул тээвэрлэлтийн гэрээний дагуу нийт 120,760,000 төгрөгийн зардал гарсан гэж үзэж үүнийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж, үлдэх 87,240,000 төгрөг /208,000,000-120,760,000/-ийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23/23 тоот албан бичигт дурдсан 201,795,190 төгрөгийн зардлыг бодитоор гарсан эсэхийг тогтоохгүйгээр ийм хэмжээний зардал гарсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

8. Нэхэмжлэгч нь тээвэрлэлтийн гэрээнээс татгалзсаны үр дагаварт урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөрийг хариуцагчаас шаардсан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс үүгээр залруулна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/03136 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 205 дугаар зүйлийн 205.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 87,240,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 120,760,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтад ... 114,227 ... гэснийг 594,150 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,166,926 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

Б.МАНДАЛБАЯР