| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/00118/И |
| Дугаар | 210/МА2025/01683 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01683
*******гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******гийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс 12,000,000 төгрөг гаргуулах, 2023 оны 03 дугаар сараас 2025 оны 03 дугаар сар хүртэл эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Би, 2019 онд ******* ХХК-д ажилд орж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ХАБЭАБО-ийн ахлах мэргэжилтэн албан тушаалд 4,000,000 төгрөгийн үндсэн цалинтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийсэн. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Б23/153 дугаар захирлын тушаалаар намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Би, шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/00561 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, намайг ажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор хариуцагчийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан. Шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болж 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б24/0924 тушаалаар намайг ахлах мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн авах тушаал гарсан боловч одоог хүртэл ажиллах нөхцөлөөр хангаагүй, ажлын байр гаргаж өгөөгүй, миний бие ажилгүй, цалингүй хохирч байна.
1.2. Миний хөдөлмөрийн гэрээ ******* ХК-тай ******* ХХК ажиллаж байх хугацаанд үргэлжлэх нөхцөлтэй байхад хариуцагч талаас намайг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Гэтэл хариуцагч тал одоо ч ******* ХК-тай үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Уг гэрээ нь 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зурагдсан ба намайг ажилд томилох тушаал 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гарсан. 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрээ сунгагдаж үргэлжлүүлэн хийгдэх акт зурагдсан ба намайг ажлаас халах тушаал 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гарсан. Миний ажиллаж байсан албан тушаал ХАБЭАБО ахлах мэргэжилтэн. Үүнийг ХАБЭАБО ерөнхий инженер болгож, үндсэн цалин 4,000,000 төгрөг байсныг 4,250,000 төгрөг болгож өөрчилсөн байгаа. Тиймээс энэ албан тушаал, цалин дээр гэрээг шинэчлэн хийх шаардлагатай. 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ажилд томилогдох тушаал гарах үед цалин болон нэршил дээр өөрчлөлт орсон байсан бөгөөд гэрээг шинэчлэн хийхийг хүссэн и-мэйл бичиж, биечлэн уулзсан боловч хүлээж аваагүй. Хуучин гэрээгээр үргэлжлүүлнэ гэж хэлээд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн хийгээгүй буюу дээд шүүхийн тогтоолыг биелүүлээгүй гэж үзэж байна. Ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан боловч ажил үүрэг биечилж нэг ч гүйцэтгүүлээгүй, хөдөлмөрлөх нөхцөлөөр хангаагүй, ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй гэдгээ и-мэйлээр бичиж миний ажиллаж байсан албан тушаалын нэр, цалинг өөрчилж өөр хүн авч ажиллуулсан. Иймд, хариуцагчид холбогдуулан ажилд эгүүлэн томилох, ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б24/1695 тушаалыг хүчингүй болгох, Хөдөлмөрийн гэрээг одоо байгаа албан тушаалын нэр, цалингийн хэмжээгээр шинэчлэн хийх, Бодитоор биетээр ажиллах хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин 12,000,000 төгрөг гаргуулах, 2023 оны 03 дугаар сараас 2025 оны 03 дугаар сар хүртэл эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ...Ажил олгогчоос гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б24/0924 дугаартай тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны цалин болон тушаал гарах өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг мөн олгосон. Энэ талаараа нийгмийн даатгалын байгууллагад холбогдох тайланг хүргүүлсэн.
...******* ХК-тай байгуулсан ЭТТ-2021/705 дугаартай гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор ажил олгогч 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болгох талаар бичгээр, цахимаар мэдэгдсэн. Иймд, ажил олгогчоос нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг гэрээнд заасны дагуу хугацаа нь дуусгавар болж, түүнийг ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон учир түүний 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 12,000,000 төгрөгийг олгох боломжгүй, ямар үндэслэлээр энэ мөнгөн дүнг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.
2.3 ...2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээд ажилд томилсон ба Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ сэргэсэн гэж үзээд, өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжилсэн. Нэхэмжлэгчтэй нөхцөл байдлын талаар тохиролцох гээд тодорхой тохиролцоонд хүрэхгүй явсаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдэл хүргүүлж, улмаар 12 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон.
******* ХК нь төрийн өмчит компани бөгөөд хуульд зааснаар тендер зарлаад, шалгарсан компанитай гэрээ байгуулдаг. Энэ гэрээний дагуу манай компани гүйцэтгэгчээр ажилласан. 1171 дугаар гэрээг 2024 онд сонгон шалгаруулалтад орж шалгараад байгуулсан. ******* ХК-иас 2024 оны 05 дугаар сард хуульд заасны дагуу тендерт шалгарсан учир гэрээ байгуулсан боловч 10 дугаар сард 705 дугаар гэрээний хугацаа дуусах болж байгаа тул 12 дугаар сард шинэ гэрээ эхлэх талаар мэдэгдсэн. Тендерт заасан ажил хийж гүйцэтгэхийн тулд тодорхой бүтэц орон тоотойгоор ажиллана. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 61.2-т зааснаар сэргэсэн байгаа бол гэрээний 3.1.1-д заасан хугацаа мөн сэргэсэн гэсэн үг ба гэрээний хугацаа 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд бид нийгмийн даатгалын байгууллагад хүсэлт гаргасан, баталгаажсан гэж бодож байсан. Баталгаажаагүй байгааг нь мэдээд шууд дахин албан бичиг хүргүүлсэн. 2025 оны 03 дугаар сарын 25-нд дахиад албан бичиг хүргүүлсэн. Ажил олгогчийн зүгээс шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн. Нөхөн бичилтийг баталгаажуулах эрх манай компанид байхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 42 дугаар зүйлийн 42.1.2, 43 дугаар зүйлийн 43.2.3, 43.2.6 дахь хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн томилох, гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б24/1695 дугаар тушаалыг хүчингүй болгох, хөдөлмөрийн гэрээг одоо байгаа албан тушаалын нэр, цалингийн хэмжээгээр шинэчлэн хийх, бодитоор биетээр ажиллах хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахыг даалгах, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 12,000,000 төгрөг гаргуулах, 2023 оны 03 дугаар сараас 2025 оны 03 дугаар сар хүртэл хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгч ******* Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
... 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 50.4 дүгээр зүйлд зааснаар хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулсанд тооцно.
Миний хөдөлмөрийн гэрээ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдаж, 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хүчинтэй байсан. Иймд, миний хөдөлмөрийн гэрээ хугацаагүй гэрээ болсон байтал ажил олгогч гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1 дүгээр зүйлд зааснаар ажилд эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл,
2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилсон тушаал гарснаас хойш би ажил олгогчид 13 удаа и-мэйл бичиж, ажил үүргээр хангаж өгөх, хөдөлмөрийн гэрээ шинэчлэх, албан тушаалын шинэчлэгдсэн нэршил болон шинэчлэгдсэн цалингийн нөхцөлөөр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хүссэн боловч, ажил олгогч ямар ч арга хэмжээ аваагүй, ажил гүйцэтгүүлээгүй. Хуучин хөдөлмөрийн харилцаа, гэрээ сэргэсэн боловч тухайн албан тушаал болон цалин өөрчлөгдсөн байсныг шүүх авч хэлэлцээгүй. Шүүхийн шийдвэрийг санаатайгаар үл биелүүлсэн үйлдэл юм.
Мөн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр гарсан гүйцэтгэх захирлын тушаалын 4 дэх заалтад заасанчлан миний хувийн мэдээлэл, бичиг баримт, холбогдох материалыг шинэчлэх үүрэг хүлээсэн ч өнөөг хүртэл биелүүлээгүй.
Түүнчлэн компанийн Хүний нөөцийн ажилтан н.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр и-мэйлээр, компанийн зүгээс дээд шүүхийн тогтоолыг үгүйсгэж дотооддоо дүгнэлт хийсэн талаар мэдэгдсэн. Шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлж байна гэж анхан шатны шүүхийн дүгнэсэнтэй санал нийлж,шүүхийн хэрэгжилтийг хангуулахыг хүсэж шүүхэд гомдол гаргасан болно.
3. 2024 оны 08 дугаар сараас 2024 оны 12 дугаар cap хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй. Компани нотлох баримтаар 2024 оны 08 дугаар cap хүртэлх Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт төлсөн баримт гаргаж өгсөн боловч 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ажлаас халсан өдөр хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийгээгүй. Гүйцэтгэх захирлын тушаал гарсан хугацаанаас ажлаас халагдах хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байхад шүүх энийг авч хэлэлцээгүй. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтыг зөрчсөн.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар анхан шатны шүүх хэрвээ ажлаас халагдах үндэслэлтэй гэж үзсэн бол энэ заалтыг хангах байсан боловч хангаагүй.
Иймд, дээрх нөхцөлийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Манай манай компани нь ******* ХК-ийн зарласан сонгон шалгаруулалт /тендер/-д шалгарснаар 2021 онд ******* ХК-тай 2021705 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажиллаж байсан. Үүний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчтэй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний 3.1.1-д Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д зааснаар ******* ХК-тай байгуулсан 2021705 тоот гэрээний хугацаагаар тантай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж байна гэж талууд харилцан тохиролцож, тухайн хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Учир нь, ажил олгогчийн гүйцэтгэж байгаа ажил нь санхүүжилт болон хийгдэх ажлын цар хүрээгээр хязгаарлагддаг учир ажилтантай дээрх хуулийн зүйл, заалтад заасны дагуу хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өөр аргагүй байсан. ...Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилсноос хойш биечлэн ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй гэж нэхэмжлэгч хэлдэг. Гэвч нэхэмжлэгчийг яагаад ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй талаарх талуудын хооронд харилцан бичилцсэн и-мэйлүүд хэргийн материалд авагдсан.
Ийнхүү талууд харилцаж байх хооронд ******* ХК-ийн зүгээс тантай байгуулсан 2021705 тоот гэрээний хугацаа дуусаж байна, өмнөх сонгон шалгаруулалт /тендер/-д шалгарсан гэрээний ажлыг эхлүүлж, ******* ХК-ийн 35 сая тонн нүүрс олборлолтын шинэ гэрээний бэлтгэл ажлыг хангаж ажиллана уу гэх агуулгатай мэдэгдэл ирүүлсэн. Иймд, захиалагчаас ирсэн мэдэгдлийг үндэслэж, энэ талаар бүх ажилтнууддаа мэдэгдэж, хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажилчдын хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон. ...Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилох хүртэлх хугацааны болон ажилд нь эгүүлэн томилсноос хойших хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 197 дугаар зүйлийн 197.1 дэх хэсэгт заасны дагуу олгосон. Нэхэмжлэгч энэ талаар анхан шатны шүүх хуралдааны явцад огт маргаагүй, харин нийгмийн даатгалын шимтгэлийн бичилт хийлгээгүй байна гэж хэлдэг. Хариуцагч компани Нийгмийн даатгалын байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасны дагуу ажилтнуудтай зайлшгүй хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах нь ажил олгогчийн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээгээр тодорхойлогдох учир тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг үгүйсгэх боломжгүй юм. ...Хариуцагч компани нь 2021705 тоот гэрээний ажлыг гүйцэтгэж байх явцдаа өөр сонгон шалгаруулалт /тендер/-д оролцож, 20241171 тоот гэрээг байгуулснаар уг гэрээний дагуу 2021705 тоот гэрээ дууссан, 20241171 тоот гэрээг эхлүүлсэн гэх акт үйлдсэн. Манай компани одоо 20241171 тоот гэрээний үүргийг ******* ХК-ийн өмнө хүлээж, ажил гүйцэтгэдэг. Гэтэл нэхэмжлэгч нэгэнт хугацаа нь дууссан гэрээний үүрэг одоо үргэлжилж байгаа мэтээр тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 12,000,000 төгрөг гаргуулах, 2023 оны 03 дугаар сараас 2025 оны 03 дугаар сар хүртэл эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг одоо байгаа албан тушаал, цалингийн хэмжээгээр шинэчлэн байгуулах, хөдөлмөрлөх нөхцөлөөр хангахыг даалгах тухай шаардлага гаргасан боловч энэ нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн хүрээнд шийдвэрлэгдэх үр дагавар байх тул бие даасан шаардлага гэж үзэхгүй.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. ******* нь ******* ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ахлах ажилтан албан тушаалд томилогдон ажиллаж байхад нь түүнийг хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б23/153 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/00561 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00782 дугаар магадлалаар ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 59,384,639 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ. /х.х-ийн 9-28, 175-181/
3.2. Улмаар хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б24/0924 дугаартай тушаалаар нэхэмжлэгч *******г хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчны хэлтэст ахлах мэргэжилтнээр томилсон байна. /х.х-ийн 8/
Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч ******* ХХК нь бодитоор биелүүлээгүй буюу түүнийг ажилд эгүүлэн тогтоосон тушаал шийдвэр гаргасан боловч ажил хийлгээгүй, ажиллах нөхцөлөөр хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Тодруулбал, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрийн дагуу зөвхөн ажил, албан тушаалд нь буцаан томилох тухай тушаал гаргасан нь шүүхийн шийдвэрийг бодитоор биелүүлсэнд тооцохгүй ба энэ тохиолдолд ажил олгогч байгууллага ажилтныг ажил хөдөлмөрөөр хангах, ажил хийх буюу ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг хүлээх учиртай. /х.х-ийн 142-165/
4. Гэвч энэ нь нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй. Учир нь,
4.1. Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б24/1695 дугаар тушаалаар нэхэмжлэгч *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн үндэслэлээр мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /х.х-ийн 69/
Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно гээд 78.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж заасан.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч болон ажилтан нар энэ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан тодорхой үндэслэл, шаардлагаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд хэрэв гэрээгээр тохирсон хугацаа дуусгавар болсон тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгана.
4.2. Хэрэгт авагдсан баримтаар ******* ХК болон Ти Эн Түншлэл нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ЭТТ-2021/705 дугаартай Тавантолгой ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-г 36 сарын хугацаагаар байгуулж, уг ажил гүйцэтгэх гэрээнд хариуцагч ******* ХХК нь ажил гүйцэтгэгчээр оролцсон бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр акт үйлдэж ажлыг зогсоосон байна. /х.х-ийн 45-67, 127-128/
Үүний дараа ******* ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 01/883 дугаартай албан бичгээр хамгийн сайн тендер ирүүлсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасныг үндэслэн ******* ХХК болон ******* ХХК-ийн түншлэлд гэрээ байгуулах эрх олгосны дагуу хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 2024/1171 дугаартай Цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүр олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр уг гэрээнд заасан ажил эхэлжээ. /х.х-ийн 97-118/
4.3. Зохигчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д Талууд хөдөлмөрийн гэрээний төрөл, түүний дагуу ажлын байрны онцлогт нийцүүлэн энэхүү гэрээний хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасны дагуу тохиролцон байгуулав гэж, 3.1.1-д ...Ажил олгогч болон ******* ХХК нарын хооронд 2021 оны 11 дүгээр сард байгуулагдсан Тавантолгойн ордын цанхийн зүүн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээ-ний хугацаа дуусгавар болох хүртэл гэж тус тус заажээ. /х.х-ийн 77-82/
Үүнээс үзвэл талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь ажил олгогч байгууллагын гуравдагч этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 36 сарын хугацаагаар тодорхойлогдож /хязгаарлагдаж/ байна.
Түүнчлэн тус хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч байгууллагын гуравдагч этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа цаашид сунгагдах, аль эсхүл шинэ гэрээ, хэлэлцээр байгуулах тохиолдолд хөдөлмөрийн харилцаа үргэлжлэх талаар тухайлан тохироогүй.
Тиймээс ******* ХХК болон Эрдэнэс таван толгой ХХК нарын хооронд 2021 оны 11 дүгээр сард байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хугацаа сунгагдаагүй, харин хариуцагч нь шинэ тендерт оролцож ийнхүү шалгарч шинээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх тул нэхэмжлэгч *******гийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дахин 36 сараар сунгагдсан гэж үзэхгүй.
4.4. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 Энэ хуулийн 58.1.3, 139.1-д зааснаас бусад тохиолдолд хугацаатай байгуулсан гэрээний анх байгуулсан болон сунгасан хугацааны нийлбэр хоёр жилээс дээш бол уг гэрээг хугацаагүй байгуулагдсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд хугацаагүй хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж маргасан.
Өөрөөр хэлбэл, зохигчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь анхнаасаа 36 сар буюу 2 жилээс илүү байсан учир хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэхийг тогтоох шаардлага үүсжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Хөдөлмөрийн гэрээг доор дурдсанаас бусад тохиолдолд хугацаагүй байгуулна гээд 50.1.6-д санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотой цаг хугацаагаар хязгаарлагдсан ажил үүрэг гүйцэтгүүлэх гэж заасан.
Энэхүү зохицуулалтын зорилгыг авч үзвэл санхүүжилт, хийгдэх ажлын цар хүрээтэй холбоотойгоор тодорхой цаг хугацаагаар тодорхойлогдсон ажил үүрэг гүйцэтгүүлэх тохиолдолд талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болох ба тийнхүү хөдөлмөрийн гэрээ байгуулах бо гэрээний хугацааг 2 жилээс хэтэрч болохгүй гэх байдлаар хуульд хязгаарлаагүй байна.
4.5. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д Хөдөлмөрийн гэрээний хугацааг хуанлийн жил, сар, өдрөөр, эсхүл энэ хуулийн 50.1.3, 50.1.4, 50.1.5, 50.1.6-д заасан ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах хугацаа, зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлно гэж заажээ.
Тодруулбал, дээр дурдсан хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.6-д заасан үндэслэлээр хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах тохиолдолд эхлэх болон дуусах хугацааг гэрээнд тодорхой заах, аль эсхүл тухайн ажил үүргийг хийж гүйцэтгэж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацааг тодорхойлж болохоос гадна зайлшгүй бий болох үйл явдлаар хугацааг тохирч болно.
Энэхүү магадлалын 4 дүгээр зүйлийн 4.3-т дүгнэснээр талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа нь ажил олгогч байгууллагын гуравдагч этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 36 сарын хугацаагаар тодорхойлогдоно.
Нэгэнт хариуцагч ******* ХХК болон ******* ХК нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 36 сарын хугацаагаар байгуулсан хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөр дуусгавар болгосон учир нэхэмжлэгч *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ мөн адил дуусгавар болно.
Иймд, хугацаагүй хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргах боломжгүй.
5. Талууд нэхэмжлэгч *******д Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/00561 дугаар шийдвэр гарах өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 59,384,639 төгрөг, мөн уг өдрөөс хойш түүнийг ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл, уг өдрөөс ажлаас чөлөөлсөн 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлсөнд 52,083,406 төгрөгийг тус тус олгосон үйл баримтын талаар маргаагүй. /х.х-ийн 132, 172-173/
Мөн хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 24/551 тоот, 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 25/061 тоот, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 25/190 тоот албан бичгүүдээр *******гийн 2023 оноос 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хэмжээгээр суутган шимтгэл төлсөн болохыг баталгаажуулахаар Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газарт хүсэлт хүргүүлж байжээ. /х.х-ийн 171-174/
Нэхэмжлэгчийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн байдлаарх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 2023 оны 02 дугаар сараас хойших нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байх бөгөөд хариуцагч байгууллага нь хамгийн сүүлд 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар руу албан бичиг хүргүүлсэн байна. /х.х-ийн 125/
Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхээр 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар руу албан бичиг хүргүүлснээс хойших хугацаанд түүний даатгалын шимтгэл төлөгдсөн эсэх тодорхойгүй байх бөгөөд тэрээр нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нотлоогүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно гэж тус тус заажээ.
Тодруулбал, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтны хөдөлмөрийн гэрээ өмчлөгч нь өөрчлөгдсөн гэсэн үндэслэлээр цуцлагдсан, мөн аж ахуйн нэгж байгууллага, салбар нэгж татан буугдсан, орон тоо цөөрсөн, хасагдсан болон ажилтан мэргэжил, ур чадварын хувьд шаардлага хангахгүй, мөн эрүүл мэндийн хувьд ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болсон зэрэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд дээрх тэтгэмжийг олгох бөгөөд, харин хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон ажилтан /нэхэмжлэгч/-д уг тэтгэмжийг олгохгүй.
7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна. Учир нь,
Нэхэмжлэгчийг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгох тухай шаардлага нь бие даасан шаардлага бус, нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон үндэслэл бөгөөд тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралгүй хуулийн заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2, 42 дугаар зүйлийн 42.1.3, 43 дугаар зүйлийн 43.2.3, 43.2.6 дахь хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь буруу байх тул үүнийг засна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/02958 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс 12,000,000 төгрөг гаргуулах, 2023 оны 03 дугаар сараас 2025 оны 03 дугаар сар хүртэл эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Б.МАНДАЛБАЯР