Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 459

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар байрны 1 дүгээр орц, 6 тоотод оршин суух, Бэсүүд овгийн Доржийн Эрдэнэ-Очир /РД:ЦБ64083071/-ын                                            

Хариуцагч: “Эс Эм Эс” ХХК /РД:2604434/

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 8-58 тоотод оршин суух Ахмад овгийн Чулууны Хулан /РД:УД71111361/

Хариуцагч: Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 14-2 тоотод оршин суух Сартуул овгийн Гэрэлчулууны Мөнхсүлд /РД:УР85031802/

Хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, Нарлагийн 21-3 тоотод оршин суух Шарнууд овгийн Сосорбарамын Батцэнгэл /РД:УД92061215/ нарт холбогдох

Налайх дүүргийн 2 дугаар хорооны 66 дугаар байрны 06 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгож, Налайх дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг даалгах, Эс Эм Эс” ХХК Г.Мөнхсүлд нарын хооронд байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаартай “Захиалагч нартай хийх орон сууцны гэрээ”, мөн хариуцагч Гэрэлчулууны Мөнхсүлд, Сосорбарамын Батцэнгэл нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, Сосорбарамын Батцэнгэлийн Голомт банктай байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Ипотекийн гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Давхарбаяр, хариуцагч Г.Мөнхсүлдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сосорбарам, хариуцагч Ч.Хулангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваацэрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр  нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2006 оны 8 дугаар сард иргэн Ч.Хулантай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, Налайх дүүргийн 2 дугаар хороо, 6 дугаар байрны 06 тоот 3 өрөө орон сууцыг худалдан авсан. Гэрээ байгуулан худалдан авахаасаа өмнө Ч.Хуланг уг байрыг худалдах эрх бүхий этгээд мөн эсэх талаар тодруулж байсан. Тухайн үед Ч.Хулан “Эс Эм Эс” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байсан. Уг хэлцэлд 65 дугаар байрыг хамтран засварласан учраас Ч.Хуланд 66 дугаар байрны 1 дүгээр орцыг бусдад худалдах эрхийг олгосон байсан. 2006 оны 6 дугаар сард байртайгаа танилцсан ба мөн оны 8 дугаар сард цонх гэх мэт зүйлсийг нь хийсэн байсан. Би 66 дугаар байрны 1 дүгээр орцны 6 тоотыг сонгож аваад уг байрандаа иж бүрэн засвар хийгээд орсон. Би 9 дүгээр сард тухайн байранд орохдоо өөрийн хөрөнгөөр засвар хийсэн. Яагаад засвар хийсэн бэ гэхээр байр бэлэн болоход дутуу зүйлс байсан. Том өрөөний хоёр хаалга, жорлонгийн суултуур, угаалтуур зэргийг хийгээгүй байсан. Энэ тухай Ч.Хуланд хэлэхэд та голоод байдаг болохоор чинь хийгээгүй. Маргааш та Ганбаатартай яваад наад зүйлсээ аваад хийлгэ гэсэн. Түүнийх нь дагуу би тэдгээрийг өөрийн мөнгөөр худалдан авч байрлуулсан. Би байрандаа орсныхоо дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хэзээ гарах талаар асуухад удахгүй гарна. 1 дүгээр орцыг бүхэлд нь ашиглалтад оруулаад, улсын комисст хүлээлгэж өгөөд тэгээд гэрчилгээ нь нийтдээ гарна гэж Ч.Хулан хэлсэн. Тэгсэн болохоор нь би шавдуулалгүй орхисон. Би 2007 онд Энэтхэг улсад ажиллахаар 3 жилийн хугацаатай томилогдсон. Энэ хооронд Ч.Хулантай эв зүйгээ олох гэж оролдсон. Утасаар ярих гээд залгахаар утас нь холбогддоггүй байсан. Би 2010 оны 8 дугаар сард томилолт дуусаад ирсэн. Ирчихээд Ч.Хулантай уулзаж чадалгүй байсаар 2011 оны 9 дүгээр сард Ч.Хуланг олж уулзсан. Тухайн үед энэ асуудалтай холбоотойгоор Ш.Сосорбарам гэдэг хүн хэл ам гаргаад явж байгаа гэж надад хэлж байсан. 2012 онд намайг ажил дээрээ байхад Ч.Хулан ирээд төлбөр, тооцооноосоо 500.000 төгрөг өгчих, шүүх дээр асуудалтай байгаад байна гээд надтай тооцоо, тохиролцоо хийгээд явсан. Тэгээд 2012 онд 7, 8 айл материалаа бүрдүүлээд Улсын бүртгэлийн газар материалаа өгөхөд гэрчилгээ 5 хоногийн дараа гарна гэж байсан. Улсын бүртгэлийн газрын Налайх дүүргийг хариуцсан байцаагч Чимэд гэх хүнтэй 5 хоногийн дараа уулзахад тухайн үед минийхээс бусад айлын гэрчилгээ гарсан байсан. Би яагаад ингэсэн талаар асуухад намайг төлбөр тооцооны асуудалтай, Сосорбарам гэдэг хүн хэл, ам хийгээд яваад байгаа гэж хэлсэн. Тэгээд 2012 оны 8 дугаар сард би энэ асуудлаа цэгцэлж чадалгүй Тайланд улс руу суралцахаар явсан. 2014 оны 8 дугаар сард Тайландаас ирээд Гадаад харилцааны яаманд ажилд орсон. Энэ үед манай байрны нөхдүүд “Сосорбарам гэдэг хүнтэй шүүхээр заргалдаад байрны гэрчилгээгээ эхнээсээ авчихсан. Та энэ асуудлаа яаралтай хөөцөлдөөрэй” гэж хэлсэн. Би Тайланд явахаасаа өмнө хүүхдүүддээ Ч.Хуланг олж уулзаж асуудлаа шийдээрэй гэж захиад үлдээсэн. Гэтэл Ч.Хулан олдоогүй юм байна лээ. Би 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед нэхэмжлэл буцаагдаж байсан. Гэтэл Хулан 2013 оны 8 дугаар сард Ган-хатад ХХК-ийг хариуцагчаар татаж надад худалдсан байрыг бэлэглэлийн гэрээг үндэслэж өмчлөгчөөр тогтоолгохыг хүсч нэхэмжлэл гаргасан байна. Ган-хатад ХХК-ийн захирал Ганбаатар түүнийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 230 дугаар шүүгчийн захирамж гаргасан байдаг. Уг захирамжийг албадан биелүүлэх хүсэлтийг 2015 оны 3 дугаар сард гаргасныг шүүгч З.Түвшинтөгс хүлээн авч хянаад 230 дугаар шүүгчийн захирамж гаргахдаа алдаа гаргасан, Хулан Ган-хатад ХХК-ийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ ИХШХШТ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-г зөрчиж гуравдагч этгээдийн хуулийн хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн нь илэрсэн үндэслэлээр 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 456 дугаар шүүгчийн захирамжаар 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 230 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Энэ үеэс хойш би энэ асуудлыг хөөцөлдсөн. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний худалдаж авсан байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өөр хүний нэр дээр гарсан талаар мэдсэн. Ингээд Саранчимэгтэй уулзаад “намайг өмчлөлийн асуудлаа шийдүүлж ир, шүүхэд энэ талаар маргаан байгаа гэдгийг мэдсээр байж яагаад өөр хүнд гэрчилгээ гаргаж өгсөн талаар” асууж лавлахад тодорхой хариу өгөөгүй. Мөн Улсын бүртгэлийн газраас лавлаж холбогдох мэдээлэлтэй танилцахад  2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Мөнхсүлд гэж хүн материал өгсөн. Тэр өдөр нь гэрчилгээ гарсан байдаг. Сосорбарам гэдэг хүн над руу залгаад гэрчилгээ миний нэр дээр гарсан. Эд хөрөнгөө авахгүй бол гудамжид гаргаж хаяна гэж дарамталсан. Энэ орон сууцанд 2006 оны 9 дүгээр сараас хойш амьдарч байгаа бөгөөд орон сууцтай холбоотой төлбөр тооцоог төлж байгаа тухай баримтаа шүүхэд өгсөн. Иймд намайг энэ байрны өмчлөгчөөр тогтоож бүртгэл хийхийг зохих байгууллагад даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч нарын төлөөлөгч гээд байгаа Сосорбарам хариуцагч Хулантай байрны өмчлөлийн талаар маргаантай байдаг юм шиг байгаа юм. Уг байрнаас гэрчилгээ гараагүй ганц байр үлдсэн нь миний байр. Энэ байдлыг энэ нөхдүүд овжноор ашиглаж Мөнхсүлд гэж хүнтэй худлаа гэрээ хийж  түүний нэр дээр гэрчилгээ гаргасан. Мөн Мөнхсүлдээс Сосорбарамын хүү Батцэнгэл худалдах худалдан авах гэрээ хийж өөрийн нэр дээр гэрчилгээ гаргаж улмаар Голомт банкнаас зээл авч миний байрыг зээлийн барьцаанд тавьсан. Ийм учраас эдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Хулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2006 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Д.Эрдэнэ-Очирт маргаж буй орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгуулж худалдсан.  2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 15 айлын үл хөдлөхийн гэрчилгээ гаргасан. Энэ үед Д.Эрдэнэ-Очир төлбөрийн үлдэгдэлтэй байсан учраас гэрчилгээг нь гаргаж өгөөгүй. Удалгүй Ш.Сосорбарам 11 айлын өмчлөлийн талаар маргаан гаргаж шүүхээр шийдвэрлэгдсэн. Д.Эрдэнэ-Очир үл хөдлөхийн гэрчилгээг одоо хүртэл аваагүй. Энэ байрыг Д.Эрдэнэ-Очир өмчлөх эрхтэй. Ш.Сосорбарам уг байрны үл хөдлөхийг хүүгийнхээ нэр дээр гаргуулсан нь хууль бус. Д.Эрдэнэ-Очир байрны төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Ч.Хулангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваацэрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  2006 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Д.Эрдэнэ-Очиртой Ч.Хулан орон сууц худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан. Тухайн үедээ Д.Эрдэнэ-Очир төлбөр тооцоогоо бүрэн хийгээгүй байсан учраас өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр гаргаж өгөөгүй. Энэ олон жил гэрчилгээгээ гаргуулж аваагүй нь Д.Эрдэнэ-Очирыг өөрийнх нь буруу байгаа. Эцэст нь Ш.Сосорбарам гэрчилгээ гаргаагүйг овжноор ашиглаж дүр үзүүлсэн гэрээ хийж өмчлөх эрхийн гэрчилгээг хүүгийнхээ нэрээр авч улмаар банкнаас зээл авч маргаж буй байрыг зээлийн барьцаанд тавьж Эрдэнэ-Очирыгг хохироож байна. Ш.Сосорбарам болон “Эс Эм Эс” ХХК уг байрыг өмчлөх эрхгүй этгээдүүд. Энэ асуудлыг ч шүүх шийдвэрлэсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Тухайн үед Ч.Хуланд маргаж буй орон сууцыг бусдад худалдах эрх байсан. Энэ ч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй гэв.

Хариуцагч “Эс Эм Эс” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани Нийслэлийн Засаг даргын 2001 оны 263 дугаар захирамжаар Налайх дүүрэг 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дуусаагүй 65, 66 дугаар байрыг гүйцээж барьж ашиглалтанд оруулах эрхийг авч Нийслэлийн өмчийн харилцаан газартай дуусаагүй барилгыг гүйцээж барих 01 тоот гэрээ, Хот байгуулалт нийтийн аж ахуйн газрын 2002 оны БУ-20-252/02 дугаар бүхий тусгай зөвшөөрөл зэргийг үндэслэн 2002 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлж дуусаагүй барилгын Ү-2207000369 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Улмаар 65 дугаар байрыг гүйцээн барьж ашиглалтанд оруулж түүнээс 3 өрөө 2 ширхэг, 2 өрөө 4 ширхэг байрыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт гэрээний дагуу хүлээлгэн өгч 66 дугаар байрны дуусаагүй барилгын төлбөрийг төлж өмчлөх эрхээ баталгаажуулсан. Энэ нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ дүгнэсэн тухай 2004 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын протокол, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 80 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 544 тоот захирамж зэрэг баримтуудаар нотлогдоно. Мөн 66 дугаар байрны дуусаагүй барилгын өмчлөгч нь “Эс Эм Эс” ХХК мөн болохыг Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 160 тоот магадлалаар тогтоож өгсөн бөгөөд дахин өмчлөлөөр тогтоох шаардлагагүй гэж зааж өгсөн. Үүнээс гадна Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1116 тоот магадлалөөр Б.Отгонбаяр нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ магадлалыг Улсын дээд шүүх 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хянаад 62 тоот тогтоолоор хэвээр үлдээсэн.

Маргаж буй 66 дугаар байрны 6 тоот 3 өрөө орон сууц нь 2002 оноос хойш хэний ч өмчлөлд салган бүртгэгдээгүй “Эс Эм Эс” ХХК-ийн дуусаагүй барилгын Ү-2207000369 тоот өмчлөх эрхийн гэрчилгээнд бүртгэлтэй хэвээр байсаар 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Г.Мөнхсүлдийн өмчлөлд манай компаниас салгагдан бүртгэгдсэн.

Энэ орон сууц Д.Эрдэнэ-Очирын өмчлөлд байсан гэх ямар ч эрх зүйн акт байхгүй. Мөн “Ган хатад” ХХК-ийн  өмч гэж тогтоосон ямар нэг шийдвэр байхгүй.

Манай компани Д.Эрдэнэ-Очиртой ямар нэг гэрээ хийгээгүй, энэ хүнээс манай компани төлбөр гэж нэг ч төгрөг аваагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Г.Мөнхсүлд шүүхэд гаргасан тайлбартаа: Маргаж буй орон сууцыг 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Эс Эм Эс” ХХК-тай 07 тоот гэрээ байгуулж өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Би 2004-2006 оны хооронд “Эс Эм Эс” ХХК-д барилгын засал чимэглэлийн ажил хийж байх хугацаандаа 65 дугаар байрыг гүйцээж ашиглалтанд оруулахад бүхи йл ажилд нь оролцож ажилласнаас гадна тухайн үед миний ажлын хөлсөнд дуусаагүй 1 өрөө байрыг 66 дугаар байрнаас өгөхөөр тохиролцсон. Гэтэл “Эс Эм Эс” ХХК иргэн Ч.Хулан нарын хооронд 66 дугаар байрны өмчлөлийн маргаан 2006 оноос хойш захиргааны болон иргэний шүүхээр шийдвэрлэгдэн үргэлжилсээр 2015 онд дууссан. Энэ хугацаанд захирал байсан Ш.Сосорбарам надад “Ах нь маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа байраа өгнө. Миний  дүү хүлээж байгаарай гэж хэлэхэд нь би Ш.Сосорбарам ахын хүнд байдлыг ойлгоод хүлээж байсан. Тэгээд 2016 оны 03 дугаар сард Ш.Сосорбарам ах надад ахад нь шүүхээр явсаар байгаад ганц л 6 тоот байр үлдлээ. Миний дүү үүнийг ав олон жил хүлээчихлээ уучлаарай. Гэхдээ энэ байр 3 өрөө. Их удаасан учраас 20.000.000 төгрөг нэмээд өгчих гэсэн. Би 20.000.000 төгрөг өгч чадахгүй, надад мөнгө байхгүй, харин энэ байрыг зараад танд мөнгийг чинь нэмж өгөе гэсэн. 5-6 хоногийн дараа Ш.Сосорбарамын хүү С.Батцэнгэл би худалдаад авая гээд Голомт банкны лизингээр 62.000.000 төгрөгөөр авсан. Би Сосорбарам ахад 20.000.000 төгрөг өгсөн. Надад хууль зөрчсөн асуудал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Г.Мөнхсүлдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сосорбарам шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Мөнхсүлд манай компанид няраваар ажиллаж байсан. Барилгын заслын ажлыг ч хийсэн. Би ажлын хөлсөнд 1 өрөө байр өгнө гэж тохирсон. Гэтэл Хулан 66 дугаар байрны өмчлөлийн талаар маргаан үүсгэснээс Г.Мөнхсүлдэд ажлын хөлсийг өгч чадаагүй. 2016 оны 03 сард Г.Мөнхсүлдийг ажлын хөлсөнд 3 өрөө байр ав гэхдээ надад 20.000.000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Тэрээр зөвшөөрсөн. Гэрээ хийсэн. Г.Мөнхсүлд бэлэн мөнгө байхгүй байсан учраас намайг зараад өг гэсэн. Хүү Ш.Батцэнгэл худалдаж авая гэсэн болохоор тэр хоёрын хооронд гэрээ байгуулж нэрийг шилжүүлсэн. Хүү маань Голомт банкнаас зээл авсан. Байртай холбоотой 2016 оны 3 сарын 30-ны мөн С.Батцэнгэлтэй, Голомт банктай хийсэн гэрээнүүдэд хууль зөрчсөн асуудал байхгүй. Хүчингүй болгох үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Голомт банк, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:....Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.7-д зааснаар Голомт банк маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн шудрага эзэмшигч нь мөн юм. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т зааснаар маргаж буй эд хөрөнгийн өмчлөгч нь хэн ч болсон Голомт банктай байгуулсан барьцааны гэрээ хүчинтэй буюу барьцааг шаардах эрх хүчинтэй бөгөөд тухайн эд хөрөнгө эзэмшигчид барьцаагаар хангагдах үүрэг нь шилжинэ. Иймд манай банктай холбоотой Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй гэв.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очир хариуцагч “Эс Эм Эс” ХХК, хариуцагч Ч.Хулан нарт холбогдуулан Налайх дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байрны 06 тоот 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, Налайх дүүргийн Бүртгэлийн хэлтэст гэрчилгээ гаргахыг даалгахыг  шаардсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Г.Мөнхсүлд, С.Батцэнгэл нарыг хамтран хариуцагчаар татаж “Эс Эм Эс” ХХК,  Г.Мөнхсүлд нарын хооронд байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаартай “Захиалагч нартай хийх орон сууцны гэрээ”, мөн хариуцагч Гэрэлчулууны Мөнхсүлд, Сосорбарамын Батцэнгэл нарын хооронд байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”, Сосорбарамын Батцэнгэлийн Голомт банктай байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн “Ипотекийн гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг шаардсан. Энэ шаардлагатайгаа холбогдуулан Голомт банкийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Мөн тэрээр анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “Эс Эм Эс” ХХК-ийн захирлыг Ш.Сосорбарам гэж тодорхойлсон бөгөөд энэ дагуу шүүх Ш.Сосорбарамыг хариуцагчаар дуудаж нэхэмжлэлийн хувийг гардуулж хариу тайлбар авсан. Гэтэл уг компаний захирал нь С.Алтангэрэл болох нь Налайх дүүргийн Улсын бүртгэл, Статистикийн хэлтсээс ирүүлсэн маргаж буй орон сууцны хувийн хэрэгт авагдсан компаний Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон учраас шүүх уг алдааг засаж “Эс Эм Эс” ХХК-ийн захирал С.Алтангэрэлийг дуудан ирүүлж нэхэмжлэлийн хувийг гардуулж хариу тайлбар авсан.

Хариуцагч нараас хариуцагч Ч.Хулан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар  нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтад маргаагүй.

Хариуцагч С.Батцэнгэл хэрэг хэлэлцэх ажиллагаанд Ж.Бадамхандыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр итгэмжлэл олгосон байсныг үндэслэн шүүх түүнд 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар энэ оны 07 дугаар сарын 06-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлээ холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлан танилцуулсан. Тэрээр энэ үүргээ биелүүлээгүй, 2016 оны 07 дугаар сарын 18, 07 дугаар сарын 22-ны өдөр товлон зарлагдсан хуралдаануудад ирсэн атлаа мөн бичгээр тайлбар өгөөгүй, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр товлон зарласан хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Мөн хариуцагч С.Батцэнгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд “Эс Эм Эс” ХХК-ийн өмгөөлөгчөөр хэрэг хэлэлцэх ажиллагаанд оролцож хэргийн материалтай танилцаж байсан боловч түүнийг компаний захирал С.Алтангэрэл хэрэг хэлэлцэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулахаас 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр татгалзаж 32 тоот албан бичгийг ирүүлсэн.

Хариуцагч Г.Мөнхсүлд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сосорбарам, “Эс Эм Эс” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очир 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Ч.Хулантай “Орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж Налайх дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байрны 06 тоот 38 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 8.000.000 төгрөгөөр үнэ тохирч худалдан авч хөрөнгийг хүлээн авч өнөөдрийг хүртэл уг орон сууцыг эзэмшиж байгаа нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн баримт, Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын “Д.Эрдэнэ-Очир дээр дурьдсан хаягт бүртгэлтэй, 2006 оноос хойш оршин суудаг тухай тодорхойлолт, Иргэний үнэмлэхний хуулбар, Орон сууцны ашиглалттай холбоотой төлбөр тооцооны баримтуудаар тогтоогдсон. Эдгээр баримтууд нь Д.Эрдэнэ-Очирын маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоох шаардлагыг нотолсон, нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдолтой баримтууд гэж шүүх дүгнэсэн.

Нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очир Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2. дахь хэсгээр үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой зөрчигдсөн эрхийг  сэргээлгэхээр шаардах эрхтэй. Мөн тэрээр хариуцагч Ч.Хулантай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-г анхлан байгуулсан, түүнчлэн Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1.-д зааснаар “...уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, ....эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй бол түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ авах давуу эрхтэй” гэж заасан заалтын дагуу маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг шаардах эрхтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очир 2006 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ч.Хулантай Орон сууц худалдах, худалдан авах гэрээг анх байгуулсан худалдан авагч гэдэг нь дээрх баримтууд, зохигчдын тайлбараар тогтоогдсон. Мөн энэ орон сууц ашиглалтанд орсноос хойш нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очироос өөр этгээд уг орон сууцыг эзэмшиж, ашиглаагүй. Хариуцагч Г.Мөнхсүлд, С.Батцэнгэл нар худалдан авсан гэх боловч уг орон сууцанд орж амьдраагүй талаар хариуцагч Г.Мөнхсүлд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сосорбарам нар хүлээн мэдүүлсэн. Иймд Д.Эрдэнэ-Очирыг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоож, бүртгэлийн ажиллагаа хийхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзсэн.

Нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очир өмчлөх эрхээ сэргээлгэж байгаатай холбогдуулан хариуцагч Г.Мөнхсүлд, “Эс Эм Эс” ХХК, С.Батцэнгэл, Голомт банктай байгуулсан гэрээ /Ипотекийн гэрээ/-нүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн. 

Хариуцагч “Эс Эм Эс” ХХК, Г.Мөнхсүлд, түүний төлөөлөгч Ш.Сосорбарам нар дээрх шаардлагыг зөвшөөрөхгүй маргана.

Хариуцагч “Эс Эм Эс” ХХК  хариуцагч Г.Мөнхсүлдэд өөрийн эзэмшилд аваагүй бусдын эзэмшилд байгаа орон сууцыг мэдсээр байж Г.Мөнхсүлдэд ажлын хөлс төлсөн үндэслэлээр 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 07 тоот “Захиалагч нартай хийх орон сууцны гэрээ” байгуулсан. Мөн хариуцагч Г.Мөнхсүлд нэмж мөнгө өгч чадахгүй үндэслэлээр орон сууцыг бусдад худалдах саналыг өөрийн төлөөлөгч Ш.Сосорбарамд тавьж түүний хүү С.Батцэнгэл 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулж 62.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон Нийслэлийн Улсын бүртгэлийн газар бүртгүүлж 000462794 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрилгээг авч улмаар Голомт банктай байгуулсан Орон сууц зээлийн гэрээний барьцаанд тавьж Ипотекийн гэрээг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан байна.

Хариуцагч Г.Мөнхсүлд, С.Батцэнгэл нар маргаж буй орон сууцыг худалдан авсан гэх боловч түүнийг хүлээн авсныг гэрчлэн баримт байхгүй. Худалдан авсан орон сууцаа хүлээн авсан үйлдэл огт хийгээгүй нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй. Энэ үйлдлийг хариуцагч Г.Мөнхсүлд, С.Батцэнгэл нар огт хийгээгүй учраас тэднийг маргаж буй орон сууцыг худалдаж авсан, өмчлөгч этгээд гэж үзэхэд учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл “Эс Эм Эс” ХХК  Г.Мөнхсүлдэд ажлын хөлс төлөх ёстой байсан, Г.Мөнхсүлд С.Батцэнгэлд өөрийн өмчлөлийн орон сууцаа худалдсан, С.Батцэнгэл Г.Мөнхсүлдэд орон сууцны үнэнд 18.600.000 төгрөгийг төлсөн үйл баримтыг нотлосон баримт хэрэгт байхгүй, хариуцагч нар дээрх үйл баримтыг баримтаар нотлож чадаагүй.

“Эс Эм Эс” ХХК,  Г.Мөнхсүлд нарын хооронд байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Захиалагч нартай хийх орон сууцны гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан дээрх дурьдсан баримтуудаар тогтоогдсон.

“Эс Эм Эс” ХХК,  Г.Мөнхсүлд нарын хооронд байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Захиалагч нартай хийх орон сууцны гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл учраас Г.Мөнхсүлд, С.Батцэнгэл нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10.-т заасан “дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл”-д орох учраас мөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн. Иймд нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очирын эдгээр гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзсэн.

Харин С.Батцэнгэл Голомт банк хоёрын хооронд байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1.-д үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн ч уг хөрөнгийн өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй учраас уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.-т зааснаар эд хөрөнгийн өмчлөгч солигдсон ч Голомт банктай байгуулсан Ипотекийг гэрээ хүчинтэй хэвээр байна.

Нэхэмжлэгч дээрх шаардлагуудад улсын тэмдэгтийн хураамжид 1.160.350 төгрөг төлөх ёстой. Үүнээс 785.400 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн. Үлдэх 374.950 төлөөгүй байсныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нөхөн төлүүлэхээр, хариуцагч нараас нэхэмжлэлийн хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангасантай холбогдуулан хариуцагч нараас 726.350  төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118, 100 дугаар зүйлийн 100.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2., 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар Доржийн Эрдэнэ-Очирийг Налайх дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байр 06 тоот 38 м.кв талбай бүхий 3 /гурав/ өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.10. дахь хэсэгт зааснаар “Эс Эм Эс”  ХХК Г.Мөнхсүлд нарын хооронд байгуулсан 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаартай “Захиалагч нартай хийх орон сууцны гэрээ”, мөн хариуцагч Гэрэлчулууны Мөнхсүлд, Сосорбарамын Батцэнгэл нарын хооронд байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10., 169 дүгээр зүйлийн 169.1.-д зааснаар нэхэмжлэгч Эрдэнэ-Очирийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Сосорбарамын Батцэнгэлийн Голомт банктай байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Ипотекийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1.-д зааснаар нэхэмжлэгч Доржийн Эрдэнэ-Очирийг Налайх дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байрны 06 тоот  38 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Налайх дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэст даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очироос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 785.400 /долоон зуун наян таван мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод оруулж, дутуу төлөгдсөн 374.950 /гурван зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очироор нөхөн төлүүлж улсын орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 726.350 төгрөгийг хариуцагч Ч.Хулан, “Эс-Эм-Эс” ХХК, Г.Мөнхсүлд, С.Батцэнгэл нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очирт олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

                                     ДАРГАЛАГЧ                                        Л.ЭНХБИЛЭГ